• Lemon Press
  • Posts
  • 🏖️ Дүн өвлөөс далайн эрэг зоригсод

🏖️ Дүн өвлөөс далайн эрэг зоригсод

Хятадын зах зээлд тэсэх арга | $GLMT: Хувиа нэмэв | Эдтекийн аварга хэлцэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! “Physical: Welcome to Mongolia” шоуны тисэр зураг цацагдсаныг харсан уу? Уг нь 12 сарын 24-нд Netflix дээр цацагдана гэж мэдээ явж байсан ч тус өдөр зөвхөн Өмнөд Солонгост цацагдах юм байна. Харин олон улсад 1 сарын 1-нд цацагдана гэнэ ээ. Хол байна даа…😔

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг албан ёсоор томиллоо

GLMT: Голомт Файнэншил Групп ХХК Голомт Банк ХК-ийн эзэмшлээ 2.6%-иар нэмэгдүүлж 79.8%-д хүргэжээ

U.S.: Хятадаас Тайваньд ирж буй заналхийлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Америк Тайваньд $11 тэрбумын зэвсэг худалдахыг зөвшөөрөв.

NSO: Энэ оны эхний 11 сард үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо өнгөрсөн оны мөн үеэс 8.5% өсөж 115,033-д хүрсэн бол үйл ажиллагаа явуулаагүй ААНБ-ынх 13.9% өсөж 164,908-д хүрчээ

✈️ Халуун орон руу аялагсад

Утаатай, түгжрэлтэй дүн өвлийн улиралд халуун орон руу аялах Монголчуудын тоо жилээс жилд огцом хурдаар нэмэгдэх болсон. Тэгвэл өнөөдөр хүмүүсийн хүсэмжит Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын төв болсон улсууд руу хэр их хүн аялж буйг харцгаая.

🔥 Галзуу өсөлт

Тэртээ 2015 онд Вьетнам болон Тайланд руу ердөө 1.4 мянган зорчигч аялж байсан бол өнгөрсөн онд нийт 34.4 мянган хүн эдгээр 2 улс руу зорчжээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 24 дахин өссөн үзүүлэлт юм. Нарийвчлан харвал, сүүлийн 10 жилд Монголоос Вьетнам руу аялсан иргэдийн тоо 108.7 дахин өсөж 20.9 мянгад, Тайланд 10.9 дахин нэмэгдэж 13.4 мянгад хүрсэн. Энэхүү өсөлт нь эдгээр улсуудын аялал жуулчлал салбар огцом хөгжсөнтэй холбоотой.

  • 🇻🇳 Вьетнам хурдалсаар: 2024 онд Вьетнам 17.5 сая жуулчин хүлээж авсан нь мөн үеэс 38.9% өсжээ. Мөн аялал жуулчлалын салбараас $33.2 тэрбум орлого олсон аж. Тус орныг зорих голлох шалтгаан нь аялахад өртөг бага. Жишээлбэл, жуулчдын нэг өдрийн дундаж зардал Тайландаас 10%–20% бага буюу $25-$40 хооронд хэлбэлздэг байна.

  • 🇹🇭 Тайланд томорсоор: Өнгөрсөн онд Тайланд руу зорчсон жуулчдын тоо 35 саяд хүрч, аялал жуулчлалын орлого $48 тэрбум болсон. Сүүлийн жилүүдэд тэд “Amazing Thailand” компанит ажлыг амжилттай хэрэгжүүлж, далайн эрэг, амтат хоол, тодорхой бүс нутгаар хууль ёсоор зөвшөөрөгдсөн каннабис хэрэглээ зэрэг нь жуулчдыг ихээхэн татдаг аж.

Эцэст нь… Зүүн Өмнөд Азийн цаг агаарын хамгийн тааламжтай үе манай өвөлтэй давхацдаг нь Монголчууд эдгээр орнууд руу ихээр зорчих болсны нэг хүчин зүйл байх талтай. Ер нь манай лимонууд гадаад руу аялахдаа юуг харгалзан үзэж байна? 🕶️

  • 📺 Оскарын шагнал гардуулах ёслол 2029 оноос YouTube-н дэлгэцнээ. (Variety)

  • 💰 Хятад материализмыг сурталчилсан романтик цувралуудыг хязгаарлана. (BarelyOpinionated)

  • 🏙️ Амьдрах, ажиллах, хөрөнгө оруулахад нэн таатай хот: Токио. (JapanTimes)

  • 🎤 Дэлхийн хөгжмийн салбарт энэ онд юу болж өнгөрөв? (NPR)

🔻 Уналт үргэлжилсэн Oracle

ORCL: Технологийн салбарын томоохон тоглогч Oracle-н OpenAI-д зориулан барих $10 тэрбумын өртөгтэй дата төвийн бүтээн байгуулалт саатах эрсдэлтэй тулгарлаа. Тодруулбал, тус төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байсан Blue Owl Capital (OWL) хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргасан аж. Энэхүү мэдэгдлийн араас $ORCL төслийн төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу үргэлжилж буйг мэдээлсэн ч компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 5.4% унаж $178.5-т хүрчээ. 

🤺 Хятадын бизнесийн ертөнцийн тулаан

Дэлхийн томоохон брэндүүд Хятад дахь бизнесээ авч үлдэхийн тулд Хятад түншүүд хайж эхэлжээ.

🤧 Тэсэж үлдэх тэмцэл

Тухайлбал, Starbucks (SBUX), Decathlon, Häagen-Dazs, Peet’s Coffee, Costa Coffee, Lawson, GE HealthCare тэргүүтэй брэндүүд Хятад дахь бизнесээ хэсэгчлэн эсвэл бүхэлд нь зарах, аль эсвэл Хятад түншүүд хайх гэхчлэн зах зээл дэх байр сууриа авч үлдэхээр хичээж байна. 

  • ☕ Дэлхийн хамгийн том кофены сүлжээ Starbucks л гэхэд саяхан Хятад дахь бизнесийнхээ 60%-ийг Хонконгод төвтэй Boyu Capital-д худалдахаар тохиролцжээ. Boyu Capital нь Хятадын Ерөнхийлөгч асан Зян Зэминий ач хүү, Зян Жичэнгийн үүсгэн байгуулсан компани юм.

  • 🤑 Ойролцоогоор $4 тэрбумаар 60%-иа худалдсан гэгдэж байгаа бөгөөд хариуд нь Starbucks Хятад дахь борлуулалтынхаа тодорхой хэсгийг лояалти байдлаар авах аж. Мөн ойрын хугацаанд тэд Хятадад байршиж буй 8,000 салбараа 20,000 болгох зорилт тавьжээ.

💥 Их тэсрэлт 

Саяхан Монголд нээлтээ хийсэн Luckin Coffee гэхэд дотоодын зах зээлдээ Starbucks, Peet's, Costa нийлснээс 3 дахин их буюу 26,206 сүлжээ дэлгүүртэйгээр үл ажиллагаа явуулж байна. Ер нь л Хятад компаниуд дотооддоо гэлтгүй гадагш эрчимтэй тэлэх болсон. BYD (1211.HK)-с эхлээд Huawei, Labubu-н үйлдвэрлэгч Pop Mart гэхчлэн олон улсын зах зээл рүү эрчимтэй тэлж буй Хятад компаниуд дэлхийн луугар компаниудтай зах зээлийн хувь булаацалдах хэмжээнд өрсөлдөж байгаа. 

  • 😔 Хятад компаниудын тэсрэлттэй өсөлтөөс үүдэн Шанхай дахь Америкийн худалдааны танхимаас өнгөрсөн 9-р сард явуулсан судалгаагаар, Америк компаниудын Хятад дахь бизнесээ харах өнцөг түүхэн доод хэмжээнд хүрч, гишүүн компаниудынх нь дөнгөж 41% нь л бизнесээ өөдрөгөөр харж байна. 

  • 👀 Тэдний тодорхойлсноор Хятад дахь бизнесийнх нь хамгийн том аюул нь Америк, Хятадын хурцадмал байдал.

Эцэст нь… 2023 онд Америк, Хятадын харилцаа эрс муудах үед дэлхийн томоохон компаниуд Хятадаас гарах талаар хэлэлцэж байсан бол харин одоо дотоодын түнштэй болж, ашиг хүртэх нь илүү дээр гэж харж байна. Хятадын эдийн засаг хямарч, хямралаасаа гарах болоогүй гэгдэж байгаа ч дотоодын компаниуд нь бизнесээ тэлсээр, гадаад зах зээлд эрчтэй үзэлцэж, дэлхийн бизнесийн ертөнцийн өнгө төрхийг бүрдүүлэх болжээ. 

💡 Таавар таацгаая

… нь дэлхий даяар 1.3 сая хүний саналтайгаар дэлхийн хамгийн “хүсэмжит” мэргэжлээр тодорчээ. Энэ ямар мэргэжил вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. ✌️

Жич: Тус мэргэжил тээврийн салбарт хамаарна.

🌟 ShineOn-той шинэ оноо эхлүүл

PayOn-н хэрэглэгчид бэлгээ аваарай! Тэд ₮100 саяын шагналын сантай ShineOn шинэ жилийн урамшуулалт хөтөлбөр зарлажээ. 📢

ShineOn урамшууллын хүрээнд PayOn апп-аар үйлчлүүлэх, судалгаа бөглөх гэхчлэн нийгмийн хариуцлага, санхүүгийн сахилга, эрүүл мэндийн ач холбогдолтой нийт 15 төрлийн даалгавруудаас дурын 3-9 даалгаврыг биелүүлээд бэлгээ авах юм.

  • 🎁 Шат ахих тусам шагнал өснө: Улмаар гүйцэтгэсэн даалгаврын тооноос хамаараад Subway, Michel Amazonka, Pandora тэргүүтэй брэндүүдийн ₮20 мянгаас ₮2 сая хүртэлх эрхийн бичиг, нэмээд AirPods Pro 3, iPhone 17 Pro-н эзэн болох боломжтой.

  • 👑 Супер шагнал: Эцэст нь 9 даалгавар биелүүлсэн оролцогч Geely брэндийн шинэчлэгдсэн Coolray автомашины сугалаанд оролцох эрхтэй болох нь ээ.

Гэснээс ShineOn-д бүртгүүлмэгц L’Occitane, Godiva, NURA, Hankook, Juulchin Terelj Resort зэрэг брэндүүдийн 40% хүртэлх хөнгөлөлтийн эрх өгнө гэсэн шүү.

Tekedia

🍋 Coursera (COUR) болон Udemy (UDMY) нар $2.5 тэрбумын үнэлгээтэй нэгдэх хэлцэл байгуулжээ. Хэлцлийн хүрээнд Coursera нь Udemy-г бүхэлдээ хувьцаагаар худалдан авах бөгөөд Udemy-н хувьцаа эзэмшигч нар тус бүрт Coursera-н 0.8 ширхэг, нийт $930 саяын хувьцаа шилжин очих юм. Ийнхүү 2 талд уналтанд ороод буй онлайн боловсролын салбарын хамгийн том платформууд нэгдэх сургаар хувьцааны үнэ нь Coursera-нх 4%, Udemy-нх 22% өсжээ.  

🍋 Emart Монгол дахь 2,545 м² талбайтай 6 дахь салбараа нээлээ. Шинэ салбар Улаанбаатарын зүүн хэсэгт буюу Тэнгэр авто вокзалд байрлах бөгөөд Солонгос бүтээгдэхүүний нэр төрлийг бусад салбаруудаас 2 дахин нэмэгдүүлснээрээ онцлог аж. Ийнхүү Emart Монголын зах зээлд нэвтэрсэн 9 жилийн хугацаанд борлуулалтаа 14 дахин нэмэгдүүлэхийн сацуу тээврийн зангилаа бүхий худалдааны бүсэд чиглэсэн 2 дахь салбараа нээгээд байна.

🍋 Дэлхий даяарх нүүрсний эрэлт 2030 он гэхэд буурах магадлалтай. Өдгөө нийт нүүрсний хэрэглээний 70% гаруйг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй бөгөөд энэ дүн сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэлээс шалтгаалан буурах аж. Энэ оны хувьд Америкт нүүрсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяарх нүүрсний эрэлт 0.5% өсөж 8.85 тэрбум тн болоод байгаа. 

🍋 Монгол Улс Өвөр Монголоос Цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ үзэглэв. Энэ хүрээнд Өмнөговьд 220 кВ-ын “Зэс Оюу” цахилгаан эрчим хүч хуваарилах байгууламж баригдсанаар Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ горимоор ажиллан Монгол руу эрчим хүч нийлүүлж эхлэх аж. Монгол Улс сүүлийн 50 жилийн турш Оросын эрчим хүчний системээс эрчим хүч импортолж буй. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.