• Lemon Press
  • Posts
  • 🫩 Сайдын хоосон мөрөөдөл

🫩 Сайдын хоосон мөрөөдөл

Шинэ үеийн медиа | $ERS: Цэвэр ашиг 35% өсөв | $MSE-н стратеги

POWERED BY

Morning! Кофенд нугасгүй лимонууддаа дуулгах нэг сайн мэдээ байна. Дэлхийн томоохон кофе шоп болох Starbucks-г Бльюмон Групп Монголд оруулж ирж байгаа сурагтай. Сонирхуулахад, олон улсад том хэмжээтэй латте дунджаар $3-$5 орчим үнэтэй байдаг. Хамгийн өндөр үнэтэй нь Швейцарт $7.17-оор зарагддаг бол хамгийн хямд нь Туркт ойролцоогоор $1-оор борлуулагддаг аж. Тэгвэл манайд ямар үнэтэй байх бол? 🤓 

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: 2026 оны 2-р сард шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9% өсөж метр кв нь ₮4.8 саяд, хуучин орон сууцны үнэ мөн үеэс 9.6% өсөж метр кв нь ₮5 саяд тус тус хүрчээ.

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) ХК-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд уул уурхай, дэд бүтэц, банк, санхүү, ногдол ашиг хуваарилдаг компаниудыг багцалсан болон гадаад хувьцааны индексийг дагасан 4 индексийг шинээр бүртгэж, арилжаалах боломжийг бий болгохоор тусгагдав.

MI: Өнгөрсөн сард гадаадын иргэн, харьяатын газар гадаадын 5,856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз болон гадаадын 776 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ.

🫩 Сайдын хоосон мөрөөдөл

Өчигдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам Counter-Strike-н Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг ирэх 12-р сард анх удаа Монголд хүлээж авна хэмээн хээвнэг мэдэгджээ. Гэвч өнөөгийн нөхцөлд энэ нь бодит төлөвлөгөө гэхээсээ илүү хоосон мөрөөдөл юм.

💭 Яг боломжтой юу?

Нэг үгээр Монголд Valve Major тэмцээн зохиогдох бараг л боломжгүй. Учир нь энэ жилийн зуны Major Германд болох бол өвлийн Major Сингапурт зохион байгуулагдана. Major тэмцээн нь CS-н ДАШТ ба зохион байгуулахад интернэтийн хурд, цэнгэлдэхийн багтаамж, шагналын сан, дэд бүтэц гээд олон төрлийн шалгуур бий. Өөр зүйрлэвэл, манайд Major тэмцээн болох нь уралдааны замгүй Formula 1-ийн уралдаантай адил юм.

  • Мэдлэгт дусал: Монголд Esports-н томоохон тэмцээн зохион байгуулахад хамгийн их хүндрэл учруулдаг хүчин зүйл нь интернэтийн дэд бүтэц аж. Яагаад гэвэл манай орны интернэтийн урсгал 2 хөршөөр дамжин өнгөрдөг нь интернэт сүлжээ саатах, тасалдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, өнгөрсөн онд Монголд болсон BLAST Rising Asia 2025 Season 2 тэмцээний финалын үеэр интернэт тасарсны улмаас тоглолт олон цаг хойшилсон тохиолдол бий.

🐪 Өөр нэг гаргалгаа

Сайд магадгүй ДАШТ-ийг Саудын Арабын Esports World Cup-тай андуурсан байх талтай. Гэвч eSport-н 21 төрийг хамарсан энэхүү тэмцээн жил бүр Саудын Арабд зохиогддог. Тэгэхээр бас л Монголд зохиогдох боломжгүй гэсэн үг. Мөн CS-н хамгийн том мэдээллийн сайт HLTV дээрх мэдээллээр 2027 он хүртэл товлогдсон CS-н тэмцээнүүдийн дунд Монголд зохиогдохоор төлөвлөгдсөн арга хэмжээ одоогоор бүртгэгдээгүй байна.

  • Сүүлийн найдвар: Ирэх 11-р сард 24 улсын шигшээ баг хоорондын $1.3 саяын шагналын сантай CS тоглоомын аварга шалгаруулах тэмцээн болохоор товлогдсон. Гэхдээ тус тэмцээн мөн л Саудын Арабд болох хуваарьтай байгаа тул манайд зохиогдох магадлал тун бага.

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд The MongolZ багийн үзүүлж буй амжилтаас шалтгаалж олон хүмүүс CS-г сонирхож эхэлсэн. Харамсалтай нь улс төрчид үүнийг өөрсдийн нэр хүндээ өсгөх арга хэрэгсэл хэмээн харах болоод байна. 💔

  • 🔣 iOS 26.4 дээр 163 шинэ эможи нэмэгджээ. (emojipedia)

  • 🐐 Сүмогийн дээд зиндаанд хамгийн олон барилдсан бөхөөр Монгол сүмо тодорлоо. (Ikon)

  • ♀️ Uber эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ нэвтрүүлэв. (BBC)

  • 🎨 Олон давтамжтай хийдэг ажлаа AI-д даатгах нь бүтээлч байдлыг бууруулдаг. (BusinessInsider)

📈 $ERS: Цэвэр ашиг 35% өсөв

ERS: 2025 онд Монгол Алт ХК ₮256.4 саяын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 35% өссөн үзүүлэлт болжээ. Санхүүг нь задлахад, компанийн борлуулалтын орлого мөн үеэс 7.5 дахин нэмэгдэж ₮6.1 тэрбумд хүрсэн бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг ₮5.1 тэрбумд хүрснээр нийт ашиг ₮1 тэрбумд хүрсэн аж. Мөн ерөнхий ба удирдлагын зардал мөн үеэс 21.8% буурч ₮659.1 саяд хүрсэн нь цэвэр ашгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $ERS-н нэгж хувьцааны үнэ 11.1% өсөж ₮25 мянга дээр хаагдаад байна.

🦾 Шинэ үеийн медиа компани ингэж ажиллана…

Манайхан дунд Стивен Бартлеттын “Dairy of the CEO” (DOAC) подкастыг сонсдог хүн байна уу? Агуулга, чанар, хийцлэл гээд яахын аргагүй шимтэж сонсохоор бенчмарк подкаст даа. 

  • Гол нь DOAC-н продакшн, борлуулалт гээд бүгд AI руу маш амжилттай шилжиж байгаа гэнэ. AI-р хийсэн контент хүний сэтгэлд хүрдэггүй, хөндий хоосон мэдрэмж өгдөг гэх ойлголтыг үлгэрлэн үгүйсгэж яваа амжилттай жишээ юм уу даа. 

❤️‍🔥 $1.2 саяыг хэмнэсэн компани доторх AI уралдаан 

Өнгөрсөн жил Стивен Бартлетт DOAC-н толгой компани болох FlightStory-н ажилтнууд дунд AI агент бүтээх 2 сарын хугацаатай $20,000-ын шагналын сантай уралдаан зохиож, үр дүнд “Pre-Production” баг нь $1.2 саяын хэмнэлт хийх AI хэрэглүүр бүтээсэн гэдэг. 

🧨 Галзуу өсөлт, галзуу бүтээмж

Тэр цагаас хойш FlightStory AI-г үйл ажиллагаандаа далайцтай нэвтрүүлж, өнгөрсөн оны 4-р сард Стивен Бартлеттын дуу хоолойг нь ашиглан AI-р бүтээсэн подкаст гаргаж эхэлснийг мэдэгдэж байв. Үүгээр тогтохгүй одоо хүүхдүүд рүү чиглэсэн "Steven's World" хэмээх AI анимешнийг томоохон стриминг платформуудаар цацахаар хэлцэл хийж байгаа аж. 

  • 😎 Үр дүнд нь өдгөө DOAC 14 хэл дээр подкастаа гаргаж, испани хэл дээрх хувилбар нь гэхэд 20.5 сая үзэлт, $200,000-ын нэмэлт орлого авчирсан гэж байгаа.

  • 🤑 Ухаалаг хэмнэлт: Цаашлаад, байгууллагуудтай хамтран ажиллах санал бэлтгэх болон борлуулалттай холбоотой ажлыг өмнө нь 3 өдөр хийдэг байсан бол одоо AI хэдхэн цагт нугалж, ажилтан тус бүрийн компанид авчрах орлогын хувь нэмэр 60% өссөн байна.

🤔 Яаж хэрэглээд байна? 

Угтаа DOAC-д оролцох зочинг шилж сонгох, судалгаа хийх хэлтэс хүртэл байдгаас харахад тэд аль хэдийнээ хүний хүчээр ажлын ачаалал, төвлөрлийг байж болох маш сайн түвшинд хуваарилсан. Гэсэн ч үүн дээр AI-г нэмснээр FlightSpeakers хэлтэс гэхэд AI-г подкастын зочдын арын судалгааг хийж,  өмнө нь өгч байсан ярилцлага, олон нийтэд таашаагдсан байдлаар нь эрэмбэлж, ярилцлагын цаг тохирох, урьдчилсан асуулт явуулах гэхчлэн маш олон ажилд оролцож байгаа аж. 

  • 👏🏻 Хамгийн гол нь сошиал платформ тус бүрийн онцлогт тохирох контентуудыг өөр, өөр форматаар гаргаж өгдөг гэхээр маш нарийн, төвөгтэй, мэдрэмж шаардсан ажлуудаа асар хялбаршуулж байгаа юм байна даа. 

Гэсэн ч DOAC-н галзуу бүтээмжтэй AI LinkedIn дээр явахгүй байгаа учраас AI пост оруулахаа больжээ. Платформын онцлог гарч байгаа юм даг уу даа. Юутай ч FlightStory өнгөрсөн жил $47 саяын орлого олж одоо 100 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй. Одоохондоо цомхотгол яригдаагүй л байна. Юутай ч DOAC зүгээр ч нэг подкаст бус шинэ үеийн медиа хэрхэн ажиллах зүг чигийг нь зааж өгч байх шиг.

5,856 иргэн
Гадаадын иргэн, харьяатын газар 2-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.3% бага буюу гаднын нийт 5,856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгожээ.
12.1%
Харин мөн хугацаанд гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрөл 12.1%, оршин суух зөвшөөрлийн сунгалт 31.4% өссөн байна.
136 орон 
Тэгвэл Монгол Улсад 136 орны 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байгаа аж.

🛡️ Bybit: Аюулгүй байдал нэн тэргүүнд

Арилжааны хэмжээгээр дэлхийд II бичигддэг криптовалютын бирж Bybit $300 саяыг залилан болон хууль бус мөнгөний урсгалаас хамгаалжээ. 👏

Тодруулбал, өнгөрсөн онд Bybit аюулгүй байдлын системдээ AI ашиглан блокчэйн дэх гүйлгээний мэдээллийг хянах олон давхаргат on-chain хамгаалалтын систем нэвтрүүлсэн байна. Мөн TRM, Elliptic, Chainalysis зэрэг аюулгүй байдлын платформуудаас бодит цагийн мэдээлэл авч залилангийн сүлжээг судлах боломжтой болжээ.

  • 👊 Хохирол учруулахаас өмнө: Bybit-н олон давхаргат хамгаалалтын систем нь залилангийн эрсдэлийг урьдчилан таньж, бага➡️өндөр хүртэл 3 түвшинд эрэмбэлэн хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалдаг аж.

  • 🪨 Халдашгүй систем: Улмаар 350 өндөр эрсдэлтэй залилангийн хаягийг илрүүлэхийн сацуу хакеруудын 3 сая гаруй нууц үг солих оролдлогыг таслан зогсоож, ингэснээр 8 мянга гаруй хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн онд $17 тэрбумын криптовалют залилан, хууль бус арилжаанд алдагдсан гэнэ.

The Hill

🍋 Дональд Трамп SAVE America Act батлагдах хүртэл ямар ч хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдлээ. Тус хууль нь сонгуулын журмыг илүү чангатгаж, сонгогчид санал өгөхдөө Америкийн иргэн гэдгээ паспорт, төрсний гэрчилгээ зэрэг баримтаар нотлох, мөн шуудангаар санал өгөхгүй байх зэрэг шаардлагуудыг тусгажээ. Ардчилсан намын зүгээс SAVE America Act нь гадаадад сурч буй оюутнууд тэргүүтэй бүлэг иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна. 

🍋 МИАТ ТӨХК дайны эрсдэлтэй бүсээс Монгол Улсын 91 иргэнийг авчирчээ. Компанийн зүгээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Ойрх Дорнод руу илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан аж. Тус бүс нутагт Монгол Улсын нийт 469 иргэн бий. 

🍋 Meta (META) AI агентуудад зориулсан сошиал медиа платформ Moltbook-г худалдан авав. Хэлэлцээрийн дүн тодорхойгүй байгаа ч, Moltbook-тэй холбоотой крипто токен MOLT-н зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $7.4 сая аж. Moltbook нь Reddit шиг бүтэцтэй бөгөөд 2.8 сая AI агент бүртгэлтэй, үүнээс ойролцоогоор 200 мянга нь бодит хүний хяналтад ажилладаг гэнэ. 

🍋 “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэнэ. Өнгөрсөн оны 7-р сард ЗГ тус төслийг Өмнөд Солонгосын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд 2 талын бэлтгэл ажлын шатанд яваа аж. Одоогоор тус улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Солонго-1”, “Солонго-2” хорооллын нийт 5,002 айлын орон сууц, мөн Баянголын аманд 2,007 айлын орон сууц барих төслүүд хэрэгжиж буй.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.