- Lemon Press
- Posts
- 🫣 Авлига: ₮674.7 тэрбумын хохирол
🫣 Авлига: ₮674.7 тэрбумын хохирол
Зээлийн хүү: Илүү өндөр | $AARD-н захирал | INV: ₮210-ийн өсөлт
POWERED BY
Hey! Өчигдөр нийслэлчүүдийн хувьд ээлжилж харанхуйлсан өдөр байлаа. Дарга нар маань хэдэн станцаа тойглохгүй бол болохгүй гэдгийг ухаарсан болов уу? Өнөө Эрчим хүчний сайд маань юу боддог бол доо. 🥲


*Нэг өдрийн өөрчлөлт
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Г.Уянгыг томилов.
MNG: Өнгөрсөн онд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуур үйлдвэрлэгчдэд ₮52 тэрбумын зээл олгосноор ээрэх хүчин чадал нь 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн-д хүрсэн аж.
GLMT: Голомт банк ХК Энэтхэгийн томоохон арилжааны банк болох HDFC банктай хамтын ажиллагаагаа эхлүүлж, тус банканд $-ын данстай боллоо.

🧐 Хүүгийн дамжлага

Сошиалд тэтгэврийн зээлийн хүү өндөр байна, хадгаламжийн хүү өсөж байна эсвэл өсөхгүй байна гэх мэт сэтгэгдлүүд их. Тэгвэл зээл болон хадгаламжийн хүүгийн динамик сүүлийн жилүүдэд ямар байв?
📌 Анхаар: Энэ тоймыг бэлтгэхдээ сар бүр шинээр олгосон ₮-ийн зээлийн жигнэсэн дундаж (ЖД) хүү, сар бүр шинээр татсан энгийн ₮-ийн 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү дээр анализ хийсэн гэдгийг санаарай.
🫣 Зээлийн хүү: Илүү өндөр
2020 оноос хойш зээлийн хүү бодлогын хүүгээс 3-6 нэгж хувиар өндөр байна. Энэ нь хэрэглэгчдийн дунд “зээлийн хүү буурахгүй байна” гэсэн сэтгэгдлийг бий болгож буй. Ихэнх хөгжингүй зах зээлд энэ зөрүү харьцангуй бага аж. Европын төв банкны бодлогын хүү болон зээлийн хүү 1-2 нэгжийн зөрүүтэй байх жишээний. Харин Монголд сүүлийн 6 жилд дунджаар 5.4 нэгжийн зөрүүтэй байгаа нь зах зээл харьцангуй жижиг, төвлөрсөн байгааг илтгэнэ.
🔍 Удаан дагалт: 2020-2021 онд бодлогын хүү 11%-иас 6% болж буурч байх хугацаанд зээлийн ЖДХ 15% орчимд тогтмол өндөр байв. Үүнээс зээлийн хүү бодлогын хүүгийн өөрчлөлтийг удаан дагах “sticky” шинжтэй буюу бууралт удаан, өсөлт хурдан байгааг харж болно.
👀 Шалтгаан: Өндөр зээлийн хүү нь банкнуудын эрсдэлийн үнэлгээ, эх үүсвэрийн өртөг, урт хугацааны зээлийн бүтэц зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байгаа.
📍 Дундаж 15%: 2020 оны 1-р сараас хойш 2025 оны 11-р сар хүртэл сар бүр шинээр олгосон ₮-ийн зээлийн ЖДХ 15.6% байж. Харин тэтгэврийн зээлийн ЖДХ үүнээс харьцангуй бага буюу 12.7% байсан бол автомашины зээлийн ЖДХ хамгийн өндөр буюу 18.1% байжээ.
🪂 Хадгаламжийн хүү яав?
Нөгөө талд хадгаламжийн хүү нь бодлогын хүүгийн өсөлтийг хурдан дагадаг шинж ажиглагдаж байна. Тодруулбал, бодлогын хүү 6% байхад хадгаламжийн хүү дунджаар 8%-9% байсан бол бодлогын хүү 12% болж нэмэгдэх үед 14% хүрч өсөв. Харин бодлогын хүү буурахад хадгаламжийн хүү удаан буурч, зарим үед бодлогын хүүгээс илт өндөр хэвээр хадгалагджээ.
Эцэст нь… Иргэдийн хувьд бодлогын хүү буурлаа гээд зээлийн хүү маргааш буурна гэж хүлээх биш зээлийн хугацаа, төрөл, санхүүжилтийн боломжоо бодитоор тооцох, бодлого тодорхойлогчдын хувьд бодлогын хүүгийн зохицуулалтаас гадна хүүгийн дамжлагыг сайжруулах бүтцийн шинэчлэлд анхаарах хэрэгтэй байна даа.

🏓 A24: Амжилтын буухиаг үргэлжлүүлж буй ээлжит бүтээл. (Variety)
🗑️ Хайран чиг. Дээд зэрэглэлийн брэндүүдийн зарагдаагүй бүтээгдэхүүнүүд хаачдаг вэ? (Darveys)
🪀 Meta-н хэдэн арван тэрбум $-ын үнэтэй бүтэлгүйтэл. (TechCrunch)
👗 Загварын салбарын загалмайлсан эцгийн үлдээсэн мөр. (Vogue)

🌷 ₮210-ийн өсөлт
INV: Өчигдрийн арилжаагаар Инвескор ББСБ-ын хувьцааны үнэ I ангиллын компани дундаа хамгийн өндөр буюу ₮210-өөр өслөө. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ ₮718.1 тэрбум болжээ. Өнгөрсөн оны 2 сарын 28-нд $INV-н үнэ хамгийн дээд түвшинд буюу ₮9.7 мянгад хүрч байв. Энэ оны мөн үед дээд амжилтаа шинэчлэх үү, үгүй юу гэдэг сонирхолтой.

🔎 АТГ-ын 2025 оны ажлын тайлан

Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас ₮674.7 тэрбумын хохирол учирчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 61.7% буюу ₮257.5 тэрбумаар өссөн дүн юм.
😖 Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгалтаар хохирлын ₮163.1 тэрбумыг буцаан төлүүлж, ₮84.7 тэрбум дүн бүхий хөрөнгийн битүүмжилсэн. Гэсэн ч нийт хохирлын 63% буюу ₮426.9 тэрбум нь нөхөн төлөгдөөгүй байна.
🚨 Хяналт, шалгалт
Тус онд АТГ нийт 1,322 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 48.3%-д нь хэрэг нээж, 44.9%-д нь хэрэг нээхээс татгалзжээ. Цаашлаад, эрүүгийн 1,911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 367 хэргийг шүүхэд шилжүүлэн, 543 хэргийг хааж, хэрэгсэхгүй болгов.
🧩 Төрөл: Мөрдөн шалгасан хэргүүдээс хамгийн их буюу 62.8% нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг байсан бол 10.5% нь хахууль авах, 7.6% нь хахууль өгөх тэргүүтэй хэргүүд эзэлжээ.
😐 Үргэлжлүүлэн шалгаж буй хэргүүд дотор 2023 онд олон нийтийн анхааралд орсон албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн Боловсролын зээлийн сангийн хэрэг, нүүрсний 36 хэрэг багтаж буй.
Хамгийн сонирхолтой нь АТГ тус онд гэмт хэргийн улмаас бий болсон криптовалютыг илрүүлж Binance дахь дансанд гүйлгээний хязгаарлалт тогтоосон байгаа юм. Улмаар тус криптовалютыг улсын төсөвт төвлөрүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
🤝 Гадаад харилцаа
2025 онд АТГ-ын гадаад хамтын ажиллагаа өргөжиж, Малайз, Тайландын авлигатай тэмцэх байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад амжсан. Үүний сацуу Узбекстантай мөн хамтран ажиллах бэлтгэл ажлаа хангасан гэснээс харахад талууд энэ онд хамтран ажиллах санамж бичиг байгуулах магадлалтай байгаа. Олон улсын хамтын ажиллагаа сайжрах нь гадагш гарсан хөрөнгийг мөрдөх, буцаах, битүүмжлэх гэхчлэн арга хэмжээ авахад дэмтэй байх нь лавтай.
Эцэст нь… Хаанаасаа хаалгач нь Хатнаасаа аягач нь гэдэг шиг улс төрийн, тусгай, үйлчилгээний гэх зэрэг төрийн албаны бүхий л түвшинд ажиллаж буй хүмүүс хэрэгт холбогдож шалгагдах нь уламжлал болов. Саяхан гэхэд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөхийнхөө хамаарал бүхий компанид давуу байдал олгож, Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байх магадлалтай болоод явчихсан. Эрчим хүчний салбар, ЭМДС гэхчлэн тартагтаа тулчихсан газруудад ч мөлжиж, цөлмөх боломж байгаа нь харамсалтай.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэЭнэ сарын 1-нээс эхлэн AI-р замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож буй иргэд түргэний машинд ч зам тавьж өгөхөө болсон гэнэ дээ. Энэ тал дээр таны байр суурь? |


Agoda
🍋 Өнгөрсөн онд Япон аялал жуулчлалын салбараас ¥9.5 их наядын орлого олжээ. Угаас сүүлийн 2 жилд Япон руу аялах жуулчдын хөл хөдөлгөөн огцом нэмэгдэж жуулчдын тоо өнгөрсөн онд анх удаа 40 саяын босгыг давсан билээ. Цаашид ч энэ хандлага өсөх магадлалтай байгаа ч Хятадтай хурцадмал харилцаатай байгаагаас шалтгаалан тус улсаас Японд ирэх жуулчдын тоо бага зэрэг буурах төлөвтэй.
🍋 ЗГ энэ онд ₮40 тэрбумыг навигацийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулна. Иймд тоног төхөөрөмж импортлохоор ОУ-ын технологийн компаниудыг судалж буй бөгөөд энэ хүрээнд Испанийн “Indra” технологийн компанитай санал солилцжээ. Тус компанийн хувьд Монгол Улсад 2009 оноос эхлэн нийт 7 ширхэг нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем нийлүүлснээс өдгөө тэдний 5 нь хэвийн ажиллаж буй гэнэ.
🍋 Илон Маск OpenAI болон Microsoft (MSFT)-с нийт $134 тэрбумыг нэхэмжиллээ. Тэрээр OpenAI-г ашгийн бус хэлбэрээр хамтран үүсгэн байгуулсан ч компани одоо уг зорилгоосоо хазайж, Microsoft-н ашиг сонирхолд үйлчилж байна хэмээн үзжээ. Мөн Илон Маскийн OpenAI-н эхэн үед оруулсан хувь нэмрийг түүний санхүүгийн эдийн засагч харилцаа холбоо, мэргэжлийн туршлагын хувь нэмрийг тооцолгүйгээр $38 сая гэж тооцжээ.
🍋 Тээврийн прокурорын газар зам тээврийн ослын улмаас ЭМДС-д учирсан ₮779 саяын хохирлыг нөхөн төлүүлэв. Энэ нь 2024 оноос 1.6 дахин өссөн дүн бөгөөд шийдвэрлүүлсэн хэргийн тоо 41.3% өсөж 652 болсон аж. Тэгвэл нийт хэргийн 48% нь хүндэвтэр, 13% нь хүнд хохирлын зэрэгтэй байгаа бол 3% нь хүний амь нас хохироосон хэрэг байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply