- Lemon Press
- Posts
- 🚀 Монгол стартапууд дэлхийд
🚀 Монгол стартапууд дэлхийд
Зээлтэйгээ мартав | Хууль бус хөрөнгийг хураана | $ADB ашиг ₮164.2 сая
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Та босоо жагсагч уу, суугаа жагсагч уу? Жагсаалынхаа зорилгыг ч ойлгоогүй баахан хүмүүс босоогоор цугласнаа “бид олуулаа байгаа учраас үнэн, сууж байгаа хэд цөөхөн байгаа учраас худлаа” ч гэх шиг. Монголд чөлөөтэй жагсах боломж байгаа ч логик сэтгэлгээ, нэгдмэл байдал, шударга ёс үнэхээр дутагдаж байна.


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: ХЗДХЯ-ны боловсруулсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өргөн барив.
GOV: Одоогоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн 5 нь хэрэгжиж эхлээд байна.
AUS: Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-нд Монголд анх удаа айлчилна.

🚀 Монгол стартапуудын дэлхийн эрэмбэ
Монголын стартап экосистем хөгжлөөрөө дэлхийд 80-р байранд, Зүүн Өмнөд Азидаа 5-рт бичигдэж байна.
📃 Энэ удаад стартап судалгааны компани StartupBlink-н 2017 оноос хойш жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн стартапын экосистем” индексийн 2025 оны тайланг тоймлон хүргэж байна. Индексэд 100 орны стартапуудыг хотын, улсын, бүсийн, дэлхийн хэмжээнд гэхчлэн жагсаажээ.
🙃 80/100
Монгол Улс дэлхийн хэмжээнд 1 байр ахиж 80-р байранд жагссан мэт боловч бодит байдал дээр манай улсын стартапын экосистем тус онд 5% буурсан. Харин Зүүн Азид нэлээн дээгүүр буюу 5-р байранд байгаа ч бүс нутагтаа бууралттай цор ганц улс болжээ. Товчоор Монгол Улсын 1 байр ахисан шалтгаан нь үе тэнгийн үхэр, хонь жилтэнгүүдийн үзүүлэлт биднийхээс дор байсантай л холбоотой.
🚀 Өсөж явна, Улаанбаатар: Цаашлаад, хотын хэмжээнд Улаанбаатар 5 байр ахиж 436-рт бичигдэв. Энэ нь дийлэнх стартапууд маань Улаанбаатар хотод төвлөрсөнтэй шууд холбоотой буюу Америкийн 10 хот, Хятадын мөн 10 хот тус тусдаа байранд жагсаж байгаа.
🗣️ Гялс хураангуйлав: Дэлхийн хамгийн лаг стартап экосистемтэй улсаар Америк 4 дэх жилдээ тэргүүлж араас нь Их Британи, Израиль, Сингапур жагсжээ.
😋 Өөдрөг амьдарна аа…
Тайлангийн хараа булаасан хэсэг нь ирэх 7 жилд $1 тэрбумын үнэлгээтэй 5 юникорн төрүүлэх зорилт байлаа. Тус ажлыг Засгийн газар урт хугацааны алсын харааныхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд нь Цахиурын хөндий дэх Торгоны зам инновацын төв гүүр болох юм гэнэ.
Монголын технологийн компаниуд нэг үеэ бодоход гадна, дотноос санхүүжилт авч, зах зээлээ тэлэхээр эрчимтэй хөдөлж байгаа. Саяхан EguneAI Голомт банк (GLMT) ХК-иас $3.5 саяын санхүүжилт татсан бол ONDO Spcae Их Британийн 15 дахь удаагийн Seraphim Space-н хурдасгуур хөтөлбөрт шалгарсан анхны Монгол компани болсон.
Эцэст нь… Хэдий Монголын стартап экосистем харьцангуй залуу буюу стартапуудын бараг 63% нь сүүлийн 4 жилд үйл ажиллагаа явуулж байгаа стартапууд ч Төв Ази, Зүүн Өмнөд Ази руу эхнээсээ гарч байна. Монгол юникорнтой болох мөрөөдөл тийм ч хийсвэр мөрөөдөл биш шүү. Гол нь өөдрөг.

🏆 Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын аваргаар Хасын Хүлэгүүд тодорлоо. (TheLeagueMongolia)
💸 Instagram хэрэглэгчийн тоогоо тэлэхээр $20 мянгыг энд тэндгүй цацаж байна. (Entrepreneur)
🏴 Энэ ч ичээндээ байгаа баавгайг сэрээх шинжтэй шүү. (EuropeanCommision)
📲 Апп хөгжүүлэгчид Apple Intelligence-г ашигладаг болох цаг айсуй. (TheVerge)

📊 $ADB ашиг ₮164.2 сая
ADB: Энэ оны I улиралд Ард Кредит ББСБ ₮5.1 тэрбумын хүүгийн орлоготой ажиллаж, тайлант үеийн цэвэр ашгийн хэмжээ нь ₮164.2 саяд хүрчээ. Ингэснээр компанийн нийт ашгийн хувь 38.8%-д хүрсэн бол цэвэр ашгийн хувь 3.2% болсон аж. Харин Ард Кредит ББСБ-ын нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 8.8% унаж ₮99.48 дээр хаагдаад байна.

🇺🇸 Одоо аваад дараа төлөхөө мартав

Төлбөрийн уян хатан нөхцөлийн одоо аваад, дараа төлөх (BNPL) үйлчилгээ нэлээд трэнд болоод байгаа. Америкт 5 хүн тутмын 1 нь BNPL-г ашигладаг ба өнгөрсөн онд 1 хэрэглэгч дунджаар $2,085-ын худалдан авалтыг тус үйлчилгээгээр дамжуулж хийсэн байна. Гэвч хүмүүс нөгөө талаар эргэн төлж байгаа юу гэдэг сонирхолтой…
⚠️ Klarna I улирал
BNPL-н томчуудын нэг Шведийн Klarna-н 2025 оны I улирлын алдагдлын хэмжээ 2 дахин нэмэгдэж $99 саяд хүрсэн нь зах зээлийг цочроов. Учир нь эргэн төлөлттэй холбоотойгоор хэрэглээний зээлийн алдагдал 17% нэмэгдэж $136 саяд хүрч, эргэн төлөлтийн алдагдлын түвшин 0.03 нэгж хувиар өсөж 0.54% болсон аж. Товчхон дүгнэхэд хүмүүс одоо авчхаад дараа төлөхөө мартаад эхэлжээ. Уг нь бол орлого нь 15% өсөж $701 саяд хүрч, идэвхтэй хэрэглэгчид 19% ихсэж 100 сая болсон байжээ.
🫣 Анхаарах тоо: Өдөр тутмын бараа бүтээгдэхүүний худалдан авалтад BNPL хэрэглээ 2024 оны I улирлаас 14% нэмэгдэв. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил хүмүүсийн 34% нь BNPL-н эргэн төлөлтийг хийхэд хүндрэлтэй гэж хариулж байсан бол одоо энэ тоо 41%-д хүрээд байна.
🔮 Хувь заяа
Том зургаар Klarna энэ онд хоол хүргэлтийн Doordash (DASH) болон Walmart (WMT)-тай хамтран ажиллахаа зарласан. Энэ нь тэдний хувьд хэрэглэгчийн тоо, орлогоо нэмэх алтан боломж хэдий ч одоогийн тулгамдаад буй эргэн төлөлтийн түвшин сайжрах эсэх нь эргэлзээтэй. Мөн компанийн зүгээс IPO хийх төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийдсэн. Уг нь амжилттай IPO хийсэн бол зах зээлийн үнэлгээ нь $15 тэрбумд хүрэх төлөвтэй байлаа гэж.
⚖️ Хуулийн зохицуулалт
Klarna нь 26 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус мэдээний дараахан Их Британийн ЗГ-аас BNPL-тэй холбоотой дүрэм, журам боловсруулахаа зарлалаа. Тухайлбал, BNPL үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчийн төлбөрийн чадварыг шалгах, төлбөрийн буцаалтыг хялбаршуулах үүрэг хүлээх аж. Харин Америкийн хувьд BNPL дээр өмнө нь баталсан кредит картын зохицуулалттай адил дүрмийг цуцлах шийдвэр гаргасан нь BNPL-тэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлэх талтайг шинжээчид онцолсон аж.
Эцэст нь… Гадаадад BNPL-н нөхцөл байдал ороо бусгаа, хуулийн зохицуулалт шалдар булдар байх нь. Санхүүгийн сахилга баттай байх нь хариуцлагын томоохон хэлбэр билээ. Монгол дахь энэ төрлийн бизнесүүд ч анхаарах нь зүй. Манай лимонууд хэр BNPL ашиглаж байна даа?

28.8%
Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харвал, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 17.9%, сум, дүүргийн ИТХ-ын 28.8% нь эмэгтэйчүүд байна.
3%
Үүнийг парламентын үзүүлэлттэй харьцуулбал аймаг, нийслэлийн түвшинд доогуур байгаа ч сум, дүүргийн түвшинд 3% дээгүүр байгаа юм.
3 нь л
Хэдийгээр орон нутгийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдэж буй ч удирдах түвшинд сонгогдсон нь тун цөөн буюу 21 аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга нарын 3 нь л эмэгтэй аж.

👤🆔 Хэрэглэгчээ таних хялбар шийдэл
Финтек компаниуд анхаарлаа нааш. Рүүкий Системс ХХК цахимаар хэрэглэгчээ баталгаажуулах боломж олгох eKYC систем боловсруулжээ. 📢
Энэ систем нь аюулгүй байдлын протоколуудыг сайтар мөрдсөн бөгөөд AI ашиглан хэрэглэгчийн нүүрний өнцөг, өвөрмөц байдлыг харьцуулах замаар танин баталгаажуулдаг.
🔍 Нарийвчлалтай: Ингэхдээ eKYC-г Ази, тэр дундаа Монгол иргэдийн датагаар баяжуулан сургасан тул 99.7%-ийн нарийвчлалтай таних нь ээ.
🛡️ Найдвартай: Мөн гаднын танин баталгаажуулах үйлчилгээг бодвол үнэ өртөг боломжийн байхаас гадна цаашдын засвар үйлчилгээ, нэмэлт функцийг хариуцан гүйцэтгэх боломжтой гэнэ шүү.
Түүнчлэн биометрик дата нь эмзэг мэдээлэлд орох тул дотоод сервер орчинд суурилуулан ажиллуулах боломжтой аж. Одоогоор Tavan Bogd Finance-н PayOn апп дотор нэвтрэн ашиглагдаж буй.

Futuro Prossimo
🍋 Америк $175 тэрбумаар пуужингийн довтолгооноос хамгаалах “Golden Dome” системтэй болно. Энэ дүнг төсөл хэрэгжих магадлалтай эхний 10 жилээр тооцсон бөгөөд хэрэв сунжирвал 5 нугарах ч магадлалтай гэнэ. Тэгвэл төслийг Америкийн Сансрын хүчний генерал Майкл Гетлейн удирдах бол, гардан хэрэгжүүлэх багт Palantir (PLTR), Anduril (ANIN.PVT) цаашлаад SpaceX (SPAX.PVT) ч сонгогдох магадлалтай байгаа.
🍋 АХБ 2028 он хүртэл Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа баталлаа. Түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт, сөрөг үр дагаврыг бууруулах, засаглал болон институтийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах, цаашлаад эмэгтэйчүүд болон охидыг чадавхжуулах гэхчлэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
🍋 ЗГ аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнийг арилжааны банкнууд санхүүжүүлэх бол ЗГ-ын зүгээс зээлийн хүүг 6%-иар тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллах аж. Энэ хүрээнд ирэх 6 сарын 1-нээс 2028 он хүртэл ₮2 их наядыг олгох бөгөөд байрших үйлчилгээ буюу зочид буудал, баазуудыг өвлийн улиралд ажиллуулах бизнесүүдийг голчлон хамруулах юм гэнэ дээ.
🍋 АБГББХ Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. Цаашид УИХ үүнийг хэлэлцэн баталбал, Монгол, Казахстаны иргэд аль аль улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монголын иргэд Казахстанаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply