😞 Өргүй бол баян

Төрийн албаны шалгалт | $ERDN: Молибден-зэсийн нууц эрдэнэ | Японы ЕС

POWERED BY

Өглөөний мэнд! 2025 он дуусахад ажлын 59, амралтын 24, бүх нийтийн амралтын 3 өдөр үлдээд байна. Манай лимончууд үлдсэн хугацаанд ажил төрлөө утгаар нь умалзуулаад өгөөрэй. 💪🏼    

*Нэг өдрийн өөрчлөлт.

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны 9-р сард 3.2 сая тн нүүрсийг Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон нь бүх цагийн үеийн түүхэн рекорд болов

JP: Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд Санае Такаичи ялалт байгуулснаар тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болоход нэг алхам ойртлоо.

BTC: Биткойн (BTC)-ы үнэ өчигдрийн арилжаагаар $125,449.8-т хүрснээр бүх цаг үеийн дээд үнээ шинэчилжээ.

MSE: Энэ оны III улиралд Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ээр ₮2.8 их наядын уул, уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсанаар 2023 оноос хойших хамгийн өндөр гүйцэтгэлтэй улирал болжээ.

✋🏻 Төрийн албыг 5 үгээр

Эртний Грекийн агуу сэтгэгчдийн нэг Платон “Ухаантай хүмүүс төрийн хэрэгт оролцохоос татгалзвал хамгийн муу хүмүүсээр төрийг удирдуулах шийтгэл хүртдэг” хэмээн хэлжээ. Энэ үгээр одоогийн Монголын төрийг нэг ажаад үзье. 

😖 Хүндхэн шалгалт

2023 оноос эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 4 удаа авч эхэлсэн. Нийт 70 минутын хугацаатай тус шалгалт нь ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн 3 хэсгээс бүрддэг аж. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор төрийн албаны шалгалтад 44.6 мянган хүн бүртгүүлснээс ойролцоогоор 75% нь шалгалтдаа оролцож, 12.5 мянга нь тэнцсэн байна. 

  • ✍🏻 Муу улирал: 2024 оны I улирал сүүлийн 2 жилийн хамгийн муу улирал байсан буюу нийт 4.2 мянган хүн шалгалтад бүртгүүлснээс 462 нь шалгалтад тэнцжээ. 

🔢 Албан хаагчид

Энэ жил ЗГ-аас төрийн албыг цомхон байлгах талаар анхаарал хандуулж холбогдох арга хэмжээг авч эхэллээ. Тухайлбал, энэ онд төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-гаар бууруулж, ₮11.5 тэрбумыг хэмнэсэн аж. Ер нь төрийн албатай холбоотой тоог тоймлоод харвал:

  • 226.9 мянга: Өнгөрсөн оны байдлаар төрийн 4,276 байгууллагад 226.9 мянган төрийн албан хаагч ажиллаж байв. 

  • 82.9%: Нийт албан хаагчдын 82.9% буюу 188.1 мянган албан хаагч ЗГ-ын харьяа 2,897 байгууллагад ажилласан аж.

  • 10 жил: Төрийн албан хаагчдын 56.2% нь 10 хүртэлх жилийн ажлын туршлагатай бөгөөд тэдгээрийн 66.4% нь 5 хүртэлх жил төрд ажиллажээ.

  • 9.2 мянга: Нийт албан хаагчдын 35.7%-ийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бол удирдах ажилтнуудын дунд 54% буюу 9.2 мянга нь эрэгтэйчүүд аж.

Эцэст нь… Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчийн тоог 9% буюу 12.8 мянгаар бууруулна гэж тусгасан бол 2026 оны төсвийн төсөлд төрийн албаны удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, шаардлагагүй орон тоог нэмэхгүй байхаар оруулжээ. Ерөнхийдөө төрийг албыг цомхон байлгах талаас нь ажиллах бололтой шүү. 🤔

  • 🫗 Бид $9.1 тэрбумыг айлаас зээлсэн ч энэ чинээгээр өөдөлсөнгүй… (Ikon)

  • 🌟 Telegram Астанад AI лабораторитой болжээ. (AstanaTimes)

  • 🗣️ Санаа зоволтгүй дээ, Instagram яриаг тань сонсдоггүй. (TechCrunch)

  • 🌐 Цоо шинэ вэб хөтөч мэндэлж. (CNBC)

⛏️ $ERDN: Молибден-зэсийн нууц эрдэнэ

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Зуун мод төслийн молибденийн баттай болон бодит нөөц 22% ихсэж 333 сая фунт, боломжит нөөц 95% нэмэгдэж 300 сая фунтэд хүрснийг мэдэгджээ. Мөн зэсийн баттай болон бодит нөөц 16% өсөж 384 сая фунт, боломжит нөөц 75% ихсэж 350 сая фунтэд болсон аж. Тус мэдээллийн дараа компанийн нэгж хувьцааны үнэ 6.3% нэмэгдэж ₮24,520-т хүрчээ.

😞 Өргүй бол баян

Эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал дундрахгүй юм даа. Сангийн алдагдал, өр шир, цалин гээд л. Яг одоо ямар үйл явц өрнөж байна вэ? 

🫣 Сүүлийн үеийн хов

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулаад буй. Нэмээд 8-р сард ЭМДС-д үүссэн ₮240 тэрбумын өрийн шалтгаан нөхцөлийг судлах ажлын хэсэг ч байгуулагдсан. Асуудал болгон дээр ажлын хэсэг байгуулдаг ч яаж ажиллаж байгаа нь ойлгомжгүй. 

  • ‼️ Аятайхан байгаарай: Улмаар энэ асуудлуудын хүрээнд Эрүүл мэндийн сайдаас эмч нарын цалингийн нэмэлтийг хөндөхөд “Аятайхан байгаарай” гэж сүрдүүлсэн гэх шуум газар авсан. Үүний дараа тэрбээр ЭМДС-д үүссэн өрийг ирэх онд төлөхгүй гэвэл эмчийн цалинг 10% нэмэх боломжтойг дурдсан юм. 

🧐 Хаана ямар өр байна аа? 

ЭМДС 2020 онд ₮59.7 тэрбумын ашигтай ажилласан. Энэ санд сар бүр таны болон танай ААН-ийн 2%-ийн шимтгэл төвлөрч буй. Гэтэл уг сан 2021 оноос эхлэн тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа. 2022 оны эхний улиралд зардал нь талийтлаа нэмэгдэж орлогоосоо 2.1 дахин их болсон байдаг. Энэ алдагдал дээр нэмээд 2021 оноос хойш ₮1 их наядын өр бүртгэгджээ. Уг өрийг жил дамнан төлж явсаар одоогоор ₮140 тэрбумын өртэй байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэхээр байгаа гэнэ. 

  • 🔍 Өрийн бүрдэл: Жишээ нь, 2024 оны ₮316.8 тэрбумын өрийн 58.3% нь төрийн өмчийн эмнэлэгт өгөх, 15.4% нь сумын ЭМТ-д өгөх, 14.7% нь хувийн эмнэлэгт өгөх өр зэргээр задарч байна. Хоржоонтой нь өнгөрсөн 5-р сард ЭМЕГ энэ өрийг барагдуулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтрахаар болсон.

Эцэст нь… Юутай ч ЭМДС 2026 оноос он дамнаж өр дарж явдгаа болино гээд байгаа. НДС болон ЭМДС олон жил шинэчлэл хүлээж байна. Асуудал гарлаа ажлын хэсэг байгуулна, алдагдал хүлээлээ, өр нэмэгдлээ гэж явсаар хаа хаанаа туйлдаж байна даа. 

Монголын тариаланчид жилд нийт 10 гаруй мянган тн тосны ургамал хураан авах боломжтой бөгөөд одоогоор үүний 21%-ийг бүрдүүлээд байгаа аж

  • Тодруулбал, энэ онд 54 аж ахуйн нэгж 17 мянган га талбайд “Чинза” сортын рапс тариалсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2,100 тн ургац хураан авчээ. 

Тэгвэл тус сорт нь га-гаас дунджаар 45 центнер хүртэл ургац өгөх боломжтой сорт бөгөөд Хятадын рапсын хэрэгцээний 85%-ийг дангаар бүрдүүлдэг гэнэ.

💖 Найзтайгаа BlackPink-н тоглолт үзэх үү?

Ховорхон боломж шүү… Юу вэ гэж үү? SocialPay-н “Найзаа урья” аян BlackPink-н тасалбартай эргэн иржээ. 📢

Тус аяны хүрээнд 3 хүнийг BlackPink-н “Deadline” тоглолт үзэх эрхээр урамшуулах гэж буй. Аянд хэрхэн хамрагдах вэ?

  • 📲 Энэ нь их амархан, SocialPay апп-аа ашиглан бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз тань амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд аль аль нь тоглолтын 1,1 сугалаатай болох юм.

  • 💸 Бас болоогүй, апп-д шинээр найзаа урих болгондоо ₮1,000-₮60 мянга хүртэлх мөнгөн урамшуулал авах боломжтой гэсэн шүү. Урилгаар амжилттай бүртгүүлсэн найзад ч мөн 1 удаа ₮1,000-ийн мөнгөн урамшуулал олгоно.

Ингээд 10 сарын 15-нд SocialPay хэрэглэгчдээс 2 азтан, SocialPay Junior хэрэглэгчдээс 1 азтан тус тус тодруулах нь ээ. Golomt Bank болон SocialPay-тэй ойр байгаарай. Biggest Luck!

The Motley Fool

🍋 Intel (INTC)-н хувьцааны үнэ 9-р сард 50% өсөж сүүлийн 18 сарын хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Эргэн санавал, компанийн хувьцааны үнэ өнгөрсөн онд 60% буурч улмаар 12-р сард Гүйцэтгэх захирал Пат Гэлсингер албан тушаалаасаа огцорч байв. Өдгөө компани Nvidia (NVDA)-тай хамтран чип хөгжүүлэх $5 тэрбумын хөрөнгө оруулалтаас гадна AMD (AMD)-тэй ч мөн энэ төрлийн хамтрал эхлүүлэхээр хэлэлцэж буй. 

🍋 ХХБ (TDB) Туркийн Aktif Bank-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд ХХБ харилцагч нартаа Турк, Армени, Азербайжан, Казакстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан болон Узбекистан зэрэг улсууд руу аккредитив нээх, баталгаа гаргах болон худалдааны санхүүжилтийн зээл олгох боломж нээж өгч байгаа аж. 

🍋 Тайвань энэ онд Оросоос нийт $1.3 тэрбумын “нафта” газрын тосны бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус бүтээгдэхүүн нь Тайванийн ЭЗ-ийн гол тулгуур болсон электроникийн эд анги, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн гол түүхий материалыг гаргаж авахад зайлшгүй шаардлагатай юм. Ийнхүү Тайван 2022 оноос хойш Оросоос нийт $4.9 тэрбумын үнэтэй нафта худалдан аваад байна. 

🍋 Ханын материалыг орон сууцжуулах төслийн хүрээнд 20.7 га талбайд 3,000 айлын орон сууц барина. Төслийн гүйцэтгэгчээр Материалимпэкс ХК (MIE), Материалимпэкс Констракшн ХХК болон Конконсалтинг ХХК-ийн түншлэл шалгарсан бол төслийн гүйцэтгэлд Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК хяналт тавин ажиллах нь. 

  • Даваа: Шөнөдөө -9 хэм хүрч хүйтрэх 7 хоног эхэлж байна.

  • Мягмар: Америкийн гадаад худалдаа алдагдалтай гарах уу?

  • Лхагва: “Thomson Reuters IPSOS PCSI” индекс гарч эхлэх өдөр.

  • Пүрэв: Хятадын гадаад валютын нөөцтэй танилцана.

  • Баасан: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэтэй танилцах нь ээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.