- Lemon Press
- Posts
- 👵🏻 Тэтгэврийн зээл уртсах уу?
👵🏻 Тэтгэврийн зээл уртсах уу?
$SBM-н ногоон өөрчлөлт | 400%-ийн өсөлттэй хувьцаа | $NFLX-н хүчирхэгжих алхам
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! E-Mongolia дээр автомашины эзэмшигчийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтэрчээ. Тоон гарын үсгээ ашиглан тус үйлчилгээг авч болох юм байна. Гол нь гаалиар орж ирсэн биш Монголд явж байсан автомашинуудын эзэмшигчийн шилжүүлгийг л хийх нь байна шүү. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: 2026 онд Нийслэлийн төсөвт ₮4.6 их наядын орлого төвлөрүүлэхээр, төсвийн суурь орлогыг ₮3.5 их наяд, суурь зарлагыг ₮2.6 их наяд байхаар баталлаа.
MNG: Он гарснаас хойш Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлал түүхэн дээд түвшинд хүрэв.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээл дээр нийт 320,996 ширхэг үнэт цаасны ₮159.6 тэрбумын арилжаа явагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд 249,225 ширхэг үнэт цаас ₮101.9 тэрбумаар арилжаалагдсан байна.

👀 $SBM-н ногоон өөрчлөлт

Өнгөрсөн онд Төрийн банк ХК (SBM) ногоон хөгжлийг дэмжигч банк болох стратегийн зорилгоо танилцуулж байсан билээ. 1 жилийн хугацаанд $SBM-н үйл ажиллагаа, зээлийн бүтээгдэхүүн болон багц нь хэр өөрчлөгдсөнтэй танилцацгаая.
💚 Ногоон бүтээгдэхүүнүүд
Нэн түрүүнд банк ногоон зээлийн бүтээгдэхүүнийхээ сагсаа төрөлжүүлж, ногоон бизнесийн болон хэрэглээний зээл, орон сууцны, ногоон төслийн болон бэлтгэн нийлүүлэгчийн зээл гэхчлэн 5 чиглэлд ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй болжээ. Үүний сацуу ногоон харилцах данстай ч болоод амжив. Үр дүнд нь тус банкны ногоон зээлийн багц энэ оны III улиралд 2024 оны эцсээс 2 дахин өсөж ₮104.8 тэрбумд хүрчээ.
🧩 Үүнийг нийт зээлд эзлэх хувиар харвал, ногоон зээл нийт зээлийн багцын 2.7%-ийг бүрдүүлэх болов.
✍️ Онцлох бүтээгдэхүүн
Төрийн банк ХК-ийн нэвтрүүлсэн ногоон зээлүүдээс нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн нь өнгөрсөн 7-р сард нэвтрүүлсэн бизнесийн ногоон зээл. Тус зээлийн бүтээгдэхүүний онцлог нь байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг хамгийн урт хугацаагаар ашиглах боломжтой явдал. Үүний сацуу дан ганц байгальд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, бизнесийн зардлыг бууруулах, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.
💪 Ногоон амжилт
Дотооддоо тус банк ажилчдын автобус, цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр шатахууны зардлаа 33.1% бууруулсны сацуу өдөр бүр Бөхийн өргөөнөөс Баруун 4 замын I эгнээг дүүргэх хэмжээний түгжрэлийн ачааллыг бууруулж, 18.5 тн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулжээ.
⏭️ Цаашлаад ногоон оффисын заавар баталж, дулаан зарцуулалтыг өнгөрсөн оны мөн үеэс 28%, 438 Кв.ц эрчим хүч хэмнээд буй.
Сүүлд бид $SBM-н анхны гадаад бонд болох Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан $200 саяын бондын санхүүжилтийн зарцуулалтын төлөвлөгөөг хуваалцаж байсан. Юутай ч 2030 онд ногоон зээлийн багцаа нийт зээлийнхээ 10%-д хүргэх ажил чамгүй амжилттай явж байна. Үүнийг уншин суугаа Төрийн банк ХК-ийн харилцагчдад бол ногоон санхүүжилт нэмэгдэх дохио юм шүү.

🥊 Монгол Улс MMA-н бантам жингийн дэлхийн аваргатай боллоо. (ONEChampionship)
🗣️ Энэ онд МАН ₮2.8 тэрбумын санхүүжилтийг төрөөс авсан. (iToim)
🪄 Урлагаар дамжуулан хөрөнгө оруулалтыг ойлгох нь… (Finimize)
🌟 2025 онд App Store-г өнгөлсөн апп-ууд. (Apple)

🧨 400%-ийн өсөлттэй хувьцаа
688795.SS: Өнгөрсөн Баасан гарагт Хятадын Nvidia хочит чип үйлдвэрлэгч Moore Threads-н хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа Шанхайн хөрөнгийн бирж дээр явагдаж, компанийн нэгж хувьцааны үнэ анхдагч зах зээлийн үнээс даруй 400% өсөж ¥600.5-д хүрчээ. Одоогоор алдагдалтай ажиллаж буй тус компани IPO-с босгосон санхүүжилтээ AI болон чипийн хөгжүүлэлт зэрэг гол төслүүдээ урагшлуулахад зарцуулах аж.

👵🏻 Тэтгэврийн зээл уртсах уу?

The MongolZ баг Major тэмцээний шөвгийн 8-д шалгарч, залуу тоглогч Mzinho гялалзлаа. Түүний одоогийн амжилтад анхны компьютерыг нь тэтгэврийн зээлээрээ авч өгсөн эмээгийнх ач гавьяа тун их. Үүн шиг кейс Монголчуудын амьдралд түгээмэл бөгөөд саяхан УИХ-ын дарга Монголбанк, арилжааны банкнуудтай тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцов.
📅 36 сар
Сүүлийн үед тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд УИХ-д олноор ирэх болжээ. Төрийн зүгээс Монголбанкны хараат бус байдал болон арилжааны банкнуудад чиглэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн ч 18 сараар авсан тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох, зээлийн ачааллыг бууруулах арга замыг судлахыг санал болгоод байна. Цаашлаад тэтгэврийн зээлийн тоон мэдээллийг харъя.
294.4 мянган иргэн: Улсын хэмжээнд нийт тэтгэвэр авч буй иргэдийн 56.4% буюу 294.4 мянга нь тэтгэврийн зээлтэй бөгөөд 1 иргэнд ногдох зээлийн хэмжээ ₮8.1 сая.
95%: Нийт тэтгэврийн зээлийн 95%-ийг системийн нөлөө бүхий Төрийн банк (SBM) болон ХААН Банк (KHAN) олгодог ба тэтгэврийн зээл дэх чанаргүй зээлийн хувь 0.7%.
₮859 мянга: Нэг сарын тэтгэврийн хэмжээ дунджаар ₮859 мянга байгаа бол зээлд төлж буй сарын төлбөр ₮705 мянгад хүрчээ. Үүнээс гадна тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 82.6%-ийг зээлийн төлбөрт өгдөг байна.
♟️ Эхний алхам
Энэ Пүрэв гарагт Монголбанк Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, одоо 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс урьтаж арилжааны банкнуудаас $SBM хамгийн түрүүнд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл уртасгах шийдвэр гаргаад буй. Зээлийн хүүгийн хувьд 7-36 сар хүртэлх хугацаатай зээл 18% хүүтэй байх аж.
Эцэст нь… Тэтгэврийн зээлийн хүүг уртасгах нь асуудлыг богино хугацаанд л шийдэх талтай. Урт хугацаандаа тэтгэврийн реформ хийх нь Монголд ус агаар шиг хэрэгтэй байна.

Өнгөрсөн Баасан гарагт УИХ-аар дотоодын улаан буудайн хэрэгцээг хангахын тулд 150 мянган тн улаан буудай импортоор авах талаар хэлэлцэв.
Шалтгаан: 2025 онд тариалангийн бүс нутгийн 90% нь гантай байсны улмаас ургац алдагдсан.
1 жилд дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд 120 мянган тн улаан буудай шаардлагатай байдаг аж.
Одоогийн байдлаар гурилын үйлдвэрлэлд 270 мянган тн улаан буудай нийлүүлээд байна.
Улмаар дотоодын үйлдвэрлэлд дутагдаж байгаа болон нийт хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тн хүнсний улаан буудайг импортоор авахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэр гарган, нэр бүхий 12 аж ахуйн нэгжид квот олгожээ.


BleedingCool
🍋 Netflix (NFLX) Warner Bros. Discovery (WBD) болон HBO Max-г нийт $82.7 тэрбумаар худалдан авахаар тохиролцлоо. Энэ нь нийт зах зээлийн үнэлгээг $72 тэрбумаар үнэлсний сацуу өрийн дүнг нэмсэн дүн бөгөөд тодруулбал, $WBD-н нэгж хувьцаа бүрд $23.25-г бэлнээр, тус бүр нь $4.5-н үнэтэй $NFLX-н хувьцаа олгох юм. Тэд $WBD-г худалдан авах өрсөлдөөнд хамгийн түгээмэл M&A арга болох “break-up fee”-г $5.8 тэрбумын дүнтэй амласнаар ялалт байгууллаа.
🍋 ГЕГ энэ оны эхний 11 сард төсөвт төвлөрүүлэх орлогын 80% буюу ₮6.2 их наядыг бүрдүүлээд байна. Иймд ЗГ төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай танилцуулах, гаалийн бүрдүүлэлтийг AI ашиглан 100% цахим болгохыг үүрэгдэв. Мөн ГЕГ сүүлийн 2 жилд 131 ААН-ийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсан гэж урьдчилсан байдлаар тогтоожээ.
🍋 Хятадын чип үйлдвэрлэгч Moore Threads IPO хийсний дараа хувьцааны үнэ нь 425% өсөв. Тодруулбал, компани Шанхайн хөрөнгийн бирж дээр тус бүр нь ¥114.28-н үнэтэй 70 сая ширхэг хувьцаа буюу нийт хувьцааныхаа 14.89%-ийг гаргаж нийт ¥8 тэрбумыг босгосноор ¥305 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болжээ. Учир нь жижиг хөрөнгө оруулагчид санал болгосон хувьцааны хэмжээнээс 2,750 дахин их хүсэлт гаргасан байна.
🍋 ХасБанк (XAC) Нидерландын Хөгжлийн Банкнаас $150 саяын санхүүжилт авах синдикат зээлийн гэрээ байгуулжээ. Санхүүжилтийг бүхэлд нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Тэр дундаа залуу болон эмэгтэй бизнес эрхлэгчид, мөн ХАА-н салбарын бизнесүүдэд түлхүү чиглэхийн сацуу байгаль орчинд ээлтэй, ногоон бизнес, мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдах нь.

Даваа: ХНС ирэх 1 жилийн инфляцын таамгаа танилцуулна.
Мягмар: Өнгөрсөн 10-р сарын гадаад худалдааны нөхцөлийн индекс гарна.
Лхагва: Араас нь 11-р сарын инфляцын түвшин зарлагдана.
Пүрэв: Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулах “Grand Bull Awards 2025” арга хэмжээ болно.
Баасан: Монгол Улсын өрийн статистик эхний 9 сард хэр байсантай танилцах өдөр.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply