- Lemon Press
- Posts
- ❤️🩹 Татварын дарамт дуусах уу?
❤️🩹 Татварын дарамт дуусах уу?
Томуугийн эрсдэл | Lead W/ Г.Цэвэгжав | $QUB.AX: Зарагдах сургаар суга өсөв
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр Counter Strike-н энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох алдарт StarLadder Budapest Major 2025 эхэллээ. Тус тэмцээнд The MongolZ-с гадна дотоодоос The Huns баг оролцож байгаа ба тэд эхний тоглолтоо Оросын PARAVISION багтай хийж 13:8-ын харьцаатай ялагдал хүлээлээ. Гэхдээ дуусах болоогүй шүү. LET’S GO. 🔫


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд нэмэлт оруулж нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно.
MPP: Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох санал хүргүүлээд байна.
MSE: Өнөөдөр Засгийн газрын гаргаж буй ₮5 тэрбумын үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдана.

🎙️ Г.Цэвэгжав: Карьертаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг

Lead W/ булангийн шинэ дугаарт ХасБанк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.
Тэрбээр карьерынхаа эхний 7 жил Америкт ажиллаж, түүнээс хойш тасралтгүй Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанк ХК-ийн удирдах түвшинд ажиллаж буй нэгэн юм.

❤️🩹 Татварын дарамт дуусах уу?

Монголд иргэд, компаниудыг хамгийн ихээр халшраадаг зүйл бол татварын дарамт гэдэг дээр олон хүн санал нийлэх биз ээ. Тиймдээ ч сүүлийн 6 жилийн хугацаанд татварын өрийн үлдэгдэл 5.6 дахин өсөж ₮6.5 их наядад хүрээд байна.
🤒 321 мянга нь өртэй
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг татварын системийн шинэчлэл яагаад агаар ус мэт хэрэгтэй байгааг мэдээллээ. Тухайлбал, энэ онд улсын хэмжээнд татварын өртэй яваа 321 мянган иргэн, ААН байгаа бөгөөд нийт татварын өр, хүү, алданги ₮6.5 их наядад хүрснийг онцолжээ. Нэг үгээр бол дурын 2 ААН-ийг сонгоход нэг нь татварын өртэй байгааг харах боломжтой ба өнгөрсөн онд 50 мянган ААН татварын өртэй байсан бол энэ онд 70 мянга болж нэмэгдээд байна.
🔎 Өсөлтийн цаана: Өнгөрсөн жилүүдийн татварын өрийн үлдэгдлийн огцом өсөлтөд Ковидын нөлөө байсныг Үндэсний Аудитын Газраас гаргасан. Жишээлбэл, 2022 онд татварын өрийн үлдэгдэл ₮3.3 их наядад хүрсэн ба энэ нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарсан аж.
🙏🏻 Өршөөл үзүүлнэ
Татварын өр нь бизнесийн үйл ажиллагаанд халгаа болсон тул АН-ын зүгээс татварын өршөөлийн талаар ярилцах цаг болсныг дурджээ. Олон улсад 10 жилийн давтамжтай тус асуудлыг харгалзаж үздэг бөгөөд тэд үүнтэй холбоотой хуулийн тогтоолын төсөл бэлтгэж байгаа аж. Нөгөөтээгүүр, энэхүү шийдвэр нь татварын өрөө цаг тухай бүрт төлөөд явсан иргэд, ААН-үүдэд хохиролтой тул хэн хэнийг нь гомдоохгүй гарц гаргалгааг судлах гэнэ дээ.
🔇 Аажим өсөх нэгэн татвар: Мэдэгдлийн үеэр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлсэн бөгөөд одоогоор нэг хайрцаг янжуур тамхинд Монголд ₮800-ийн онцгой албан татвар төлөгддөг бол ирэх 5 жилд үе шаттайгаар ₮10 мянга болгож өсөхийг сануулав.
Эцэст нь… Татварын дарамт хэзээ бодитой буурах нь зөн билгийн тулаан лугаа адил ойлгомжгүй хэвээр байна. Ямартай ч АН-ын зүгээс нэг удаагийн өршөөл үзүүлээд үзэх үү хэмээх санал гарчээ гэж…

🪙 Ulaanbaatar Blockchain Week 2025

Крипто, блокчэйн сонирхогчдын сонорт: Монголын блокчэйн, крипто коммюнитигийн хамгийн том цугларалт “Ulaanbaatar Blockchain Week” эхэллээ! 📢
Ulaanbaatar Blockchain Week-р салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхийн сацуу нийт 8 байршилд 20 орчим арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Гэснээс бүх арга хэмжээнүүд үнэ төлбөргүй тул урьдчилан бүртгүүлж нэвтрэх эрхээ баталгаажуулаад оролцоорой.
📍 Хаана: Интерном
⌚ Хэзээ: 11 сарын 24-28

📈 $QUB.AX: Зарагдах сургаар суга өсөв
QUB.AX: Австралийн тээвэр логистикийн аваргуудын нэг Qube Holdings-г хөрөнгө оруулалтын Macquarie Asset Management компани $7.5 тэрбумаар авах саналыг тавьжээ. Энэхүү санал нь өнгөрсөн Баасан гаргийн $QUB.AX-н хаалтын үнээр тооцсон зах зээлийн үнэлгээнээс даруй 28% өссөн дүн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 19.4% өсөж AU$4.9-т хүрч хаагдаад байна.

‼️ Томуугийн эрсдэл

Ханиад томууны үе хаяанд иржээ. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй гэж гарсан гэнэ. Ер нь бид энэ аргуу цаг үеийг яаж туулах вэ?
▓ Хэцүүхэн түүх
Одоогоос 16 жилийн өмнө буюу 2009 онд Монголд гахайн томууны H1N1 вирусийн анхны тохиолдол илэрч гол усаар нэг шуурч байв. Энэ вирусийг 99%-ийн халдвартай гэж үздэг. Тухайн үед ч сургуулийн амралт, эмнэлгийн хүртээмжийг асуудал яригдаж байсан бол өнөөдөр ч яг л тэр сэдвүүд дахин сөхөгдөж байна даа. Угаас жил бүрийн 12-р сарын дунд үе томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе байдаг.
📌 Гаргасан шийдэл нь: Өчигдөр ЗГ-аас бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргасан ч Боловсролын яам уг саналыг хүлээж авахаас татгалзсан. Бага насны сурагчдыг амраах гээд байгаа шалтгаан нь томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байгаа аж.
🧐 Ямар асуудал байна вэ?
Нэг талаас томуугийн оргил үед эмнэлгийн хүртээмжийн асуудал улам хурцаддаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10%-ийг эзэлж байна. Цаашид энэ тоо улам л нэмэгдэнэ. Гэтэл улсын дунджаар 263 хүүхдэд ганц л ор ногдож байгаа. Нөгөө талаас Улаанбаатарын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж жилийн 365 хоногийн 339 өдөр нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байдаг.
Эцэст нь… Томуугийн дэгдэлт нэмэгдлээ сургуулиа амраая гэдэг нийтлэг жишигт хэзээ цэг тавих вэ? Үүний шийдлийг харахад наад талд нь эмнэлгийн хүртээмж, утааны асуудал яригдах ч цаад талд нь ЭМДС-гийн ажиллагаа, төсвийн оновчтой хуваарилалт, зарцуулалт, бодлогын зохицуулалт, уялдаа холбоо гээд цогцоор нь шийдэх өчнөөн зүйл байна даа.

📑 Санхүүгийн салбарын инновац, бодлогын чиг хандлагыг нэгтгэсэн судалгаа. (СЗХ)
🖋️ Майкл Бурри хөрөнгө оруулахын оронд блог бичдэг болно. (CassandraUnchained)
🏎️ F1-н багууд NBA-н багуудаас өндрөөр үнэлэгдэх болжээ. (Forbes)
🐙 Мэдээний товхимлын платформоос бүх төрлийн контент бүтээгчдэд зориулсан платформ болох нь. (TechCrunch)

Excel-н хүснэгт дээр хэрэггүй болсон багануудыг хасаж цэгцлэхэд туслах CHOOSECOLS функцтэй танилцъя.
Өөрөөр хэлбэл, тус функц нь хүснэгтээс тодорхой баганыг ялгаж хасаад, шинэ хүснэгт үүсгэдгээрээ онцлог юм.
Жишээ нь, 3 баганатай B5:D13 хүснэгт өгөгдөв. Гол буюу дундах багана болох C баганыг хасахыг хүсвэл, хүснэгтээ идэвхжүүлээд авч үлдэх багануудын байрлалын тоог оруулан =CHOOSECOLS(B5:D13,1,3) гэх байдлаар томьёо бичихэд болох нь.
Үүний үр дүнд шинэ хүснэгтэд B болон D гэх 2 баганатай шинэ хүснэгт үүсэх юм.


Getty
🍋 Meta (META), Microsoft (MSFT) цахилгаан эрчим хүч арилжаалах бизнест хөл тавина. Үүний тулд тэд Америкийн Холбооны Эрчим хүчний зохицуулах комиссоос зөвшөөрөл хүссэн бөгөөд Apple (AAPL) хэдийнээ тус зөвшөөрлийг авсан байна. Уг зөвшөөрлийг авснаар тэд дата төвүүдэд шаардлагатай цахилгааныг урт хугацааны гэрээгээр худалдан авах, эсрэгээрээ илүүдэл цахилгааныг борлуулах эрх зүйн орчин бүрдэх юм.
🍋 ХХААХҮЯ Өмнөд Солонгосын “Wonkwang University”-тэй техник хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв. Энэ хүрээнд талууд шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх замаар Өмнөд Солонгосын хүнсний үйлдвэрлэл, биотехнологийн шийдлүүдийг ХХАА, хүнсний үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх аж. Үүнд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, ESG удирдлага, тогтвортой үйлдвэрлэл чиглэлийн хөтөлбөрүүд багтжээ.
🍋 Дэлхий даяарх хөрөнгө оруулалтын сангуудын нийт хөрөнгө 2030 он гэхэд $200 их наядад хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2024 оноос 43.8% буюу $61 их наядаар өссөн дүн бөгөөд үүний талаас илүү хувийг хувийн хөрөнгө оруулалтын зах зээл бүрдүүлэхээр байгаа аж. Өдгөө тус зах зээлд жижиг хөрөнгө оруулагчид оролцох боломж нэмэгдсэнээр дараагийн 5 жилд $432 тэрбумын орлого төвлөрөх тооцоо гарсан байна.
🍋 ЭМЯ сурагчдын өвлийн амралтын 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүллээ. Тодруулбал, 2018 оноос хойших томуу, томуу төст өвчний хөдлөл зүйгээр ЕБС амралтын хугацааг ийн урагшлуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч байжээ. Тэгвэл тус цар тахлын одоогийн нөхцөл байдалд үндэслэсэн үнэлгээгээр дэгдэлтийн оргил үе нь 51 дэх 7 хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно тохиох магадлалтай байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply