• Lemon Press
  • Posts
  • 🗞️ Шинэ оны шинэхэн мэдээнүүд

🗞️ Шинэ оны шинэхэн мэдээнүүд

Энэ жилийн чилээх асуудал | ХЗЗ-ийн үнэлгээ ₮13.9 их наяд | $PINS-д дурлах OpenAI

POWERED BY

2026 оны мэнд ээ! Энэ оны анхны товхимол бэлэн боллоо. 2026 он хэн бүхний хувьд зорьсон зорилт бүрээ биелүүлсэн, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, шинэ боломжууд нээгдсэн он байх болтугай. Бүгдэд нь амжилт. ✨💪

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Өнгөрсөн Баасан гарагт ТОП-20 индекс 0.45% өсөж 54,723.9 нэгж болсноор нийт зах зээлийн үнэлгээ ₮13.9 их наяд буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

POM: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн батлав.

FTSE: FTSE 100 (^FTSE) индекс оны эхний арилжааны өдөр анх удаа 10,000-ыг давж жилийн өмнөхөөсөө 21% өсөв

🗞️ Шинэ оны шинэхэн мэдээнүүд

Шинэ жилийн амралтын үеэр улс орон болон дэлхий нийтийн анхаарлыг татсан ямар үйл явдлууд болж өнгөрснийг тоогоор сонордуулъя.

🇲🇳 Улс оронд

  • 1.8 сая иргэн: Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталж, Бортээг болон Олон-Овоот ордын хуримтлалаас ₮1 саяыг 1.8 сая иргэнд олгохоо мэдэгдэв. Гэвч тус мэдээ гараад удалгүй ЗГ-аас мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй хэмээн залруулжээ.

  • ₮80 мянга: ЗГ-ын 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар НДС-аас олгох тэтгэврийн хэмжээг 2026 оноос эхлэн ₮80 мянгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

  • 5%: 2025 онд нийт 846.1 мянган жуулчин Монгол Улсын хилийн дээсээр алхсан нь 2024 оны мөн үеэс 5% өссөн үзүүлэлт болжээ.

  • 4 анги: Netflix (NFLX)-н 4 ангит “Physical: Welcome to Mongolia” өнгөрсөн долоо хоногт олон улсад нээлтээ хийсэн. Уг контент нь үзэлтээрээ Netflix платформ дотор толгой зохиж яваа аж.

🗺️ Дэлхий нийтэд

  • 303 тэрбум: Нэг жилд 303 тэрбум баррель буюу дэлхийн газрын тосны 17%-ийг нийлүүлэгч Венесуэлд Америк цэргийн тусгай ажиллагаа явуулж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилжээ.  

  • Нэг жаран: Өнгөрсөн оны сүүлээр бизнесийн ертөнцийн аваргуудын нэг Berkshire Hathaway (BRK-B)-н Гүйцэтгэх захирлаар нэг жарны хугацаанд ажилласан Уоррен Баффет ажлаа хүлээлгэн өглөө

  • 7.7%: Хятадын EV үйлдвэрлэгч BYD (1211.HK)-н борлуулалт өнгөрсөн онд 2024 оны мөн үеэс 7.7% өсөж 4.6 саяд хүрснээр цахилгаанаар ажилладаг автомашины дэлхийн хамгийн том борлуулагч болжээ.

  • $2: XRP (XRP-USD)-н үнэ 12-р сарын дунд үеэс анх удаа $2 давсанд ETF арилжаа тогтмол өсөж, нийт арилжааны хэмжээ $1.18 тэрбумд хүрсэн нь томоохон нөлөө үзүүлэв.

Эцэст нь… Шинэ жилээр болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэлээ. Энэ жил лимонууд маань товхимлоо өглөө болгон уншиж, шинэ соргог мэдээллээс хоцрохгүй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна. 😜

  • 🗣️ Хууль байна, хариуцлага алга. (MineProTV)

  • 🪪 Энэ оныг дуустал Монголд визгүй зорчих орнууд. (ГИХГ)

  • ✍️ Microsoft-н Гүйцэтгэх захирлын анхны влог. (SNScratchpad)

  • 🌐 Энэ оны ДЭЗФ-д оролцох лидерүүд. (McKinsey)

🌠 Pinterest-д дурлах OpenAI

PINS: Энэ онд AI-н аварга OpenAI өвөрмөц сошиал платформуудын нэг Pinterest-г худалдан авах магадлал өндөр байна. Үүний улмаас компанийн нэгж хувьцааны үнэ 2.6% өсөж $26.6-т хүрчээ. Хэрэв тус хэлцэл амжилттай болбол OpenAI $PINS-н зураг, дүрсний дата болон дижитал функцүүдийг ашиглан өрсөлдөөний давуу талаа нэмэгдүүлэх боломжтой аж.

💀 Чилээх асуудлууд

Агуу Монголоо дахин агуутгах 2025 он дууслаа. Агуу ч болсонгүй, асуудлаа ч шийдсэнгүй. Ирэх онд ч илүү олон шийдэх асуудлууд байна. 

🤕 Бид юунд санаа зовох вэ? 

Хүчин мөхөс байдал. Монгол Улсын бодлогын хүү сүүлийн 35 сарын турш инфляцаас өндөр байгаа буюу мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа  ч инфляцын түвшин хязгаарлагдахгүй хэвээр. Учир нь төрд байгаа мөнгө, төсвийн хэмжээ данайж, импортын үнэ нэмэгдэж, ₮-ийн чанар суларч, нүүрсний үнэ унаж Монголд орж ирэх валютын хэмжээ буурсаар. Энэ онд бид хүчин мөхөс байдлаа яаж сэргээх вэ, үр дүн нь үл үзэгдэх төсөл хөтөлбөрт хөнгөлөлттэй зээл цутгасаар байх уу?

  • 📈 Олон янзын нэмэгдэл: Үүн дээр нэмээд эмч, багш нарын цалинг оны эхэнд 30%-50% тус тус нэмэгдүүлж, оны сүүлээр дахин нэмэх шийдвэр гаргасан. Мөн ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Үүнээс үүдэх төсвийн ачаалал, хуваарилалт, таналт, хэрэгжүүлэх үе шат, үр дүнгийн хэмжилт зэрэг цаад асуудлууд нь харанхуй хэвээр. 

🔖 Түм буман реформууд

Реформ гэдэг сүртэй үгний цаана ажил явахаа болиод удлаа. Энэ онд эрчим хүчний салбарын асуудалд ултай суурьтайгаар хандах хэрэгтэй байна. Төсөв нь Соёлын яамнаас давдаггүй, үйлдвэрлэл нь импортын хурдаа гүйцдэггүй, тариф нэмж олсон ₮550 тэрбумаа хаана зарцуулсан нь тодорхойгүй, ашигтай ажилладаг компанигүй энэ салбарыг засаж тордохгүй бол хөлдөлт ойрхон байна. 

  • 🔍 ТӨХК-иудыг яах вэ: Өнгөрсөн 8-р сард төрийн өмчит 20 компанийг олон нийтэд нээлттэй ХК болгож ₮3.7 их наядыг орлого олох боломжтой гэж ярьж байсан. Одоо нэр, тоонууд нь өөрчлөгдсөн ч энэ онд ахиад л энэ сэдвийг ярина. Гэхдээ зах зээлийн багтаамж, хөрвөх чадвар, үнэхээр ХК байх шаардлагыг биелүүлж чадах эсэх гээд хяналт болон орчны зохицуулалт ихээхэн шаардлагатай байна. 

‼️ Урагшлах уу, ухрах уу?

Өнгөрсөн онд Халзан бүрэгтэй болон Оюу толгойн ордтой холбоотой 2 том сонсгол боллоо. Уул уурхайгаар л эдийн засгаа хөдөлгөж байгаа хэр нь уул уурхайгаа үзэн яддаг бидний хувьд энэ жил хамгийн боломжтой, өгөөжтэй хэлэлцээрүүдийг хийхээс гадна газрын ховор элементтэй холбоотой бодлогоо тодорхойлох сорилттой тулгарч байна. 

Эцэст нь... Харж байгаачлан энэ онд анхаарах асуудал өмнөх жилээс нэг их өөрчлөгдөөгүй. Өнөө л хэдэн том гэх үү жижиг гэх үү асуудлууд үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гол нь өнгөрсөн жилүүдээс илүү олон оновчтой шийдэл эрж хайж, хэрэгжүүлж, том төрийн юу хийх гээд байгаад сайн анхаарч нүдээ нээх чухал байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жил гэдгийг санах хэрэгтэй.

Өнгөрсөн онд Гайхамшигт 7 компанийн хувьцаа дунджаар 25%-ийн өсөлттэй S&P 500-г өнгөлжээ. Тэгвэл тэдгээрийн хувьцаа хэр өссөн бол? 

  • Цойлогсод: Тэдний 2 нь хамгийн их өссөн буюу Google-н хувьцааны үнэ 66% өссөн бол Nvidia-нх 38.9% өссөн байна. Харин тэдний араас S&P 500 индекс 17.7%-ийн өсөлттэй жагсаж байна.

  • Даруухан амжилттай: Цааш харвал, Microsoft-нх 15.6%, Meta-нх 13.1%, Tesla-нх 11.4% өсжээ. 

  • Баян ходоод: Тэгвэл Apple-н хувьцааны үнэ 9.1%, харин Amazon-нх 5.2% өсөлттэй сүүл мушгиж дээ. 

Giphy 

🍋 Технологийн тэрбумтнууд хувьцааны өсөлтийг ашиглан өнгөрсөн онд нийт $16 тэрбумыг бэлэн мөнгө болгожээ. Жагсаалтыг Жефф Безос тэргүүлсэн бөгөөд тэрээр хуримаа хийж байх үедээ буюу 6, 7-р саруудад Amazon (AMZN)-н 25 сая ширхэг хувьцаагаа $5.7 тэрбумаар зарсан байна. Түүний араас Oracle (ORCL)-н Гүйцэтгэх захирал асан Сафра Кац $2.5 тэрбум, Dell Technologies (DELL)-н Гүйцэтгэх захирал Майкл Делл $2.2 тэрбумын хувьцаагаа зарж удаалжээ.

🍋 Монгол Улс ₮2.02 тэрбумаар эд нийцлийн лабораторитой болно. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд тустай аж. Мөн Улсын II эмнэлэг энэ онд элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийдэг боломж бүрдэх нь. 

🍋 “Avatar: Fire And Ash”-н дэлхий даяарх орлого $1 тэрбумыг давлаа. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн Hollywood-н 3 кино л $1 тэрбум давсан орлого олсон бөгөөд үүнд Avatar 3-с гадна Lilo & Stitch $1.038 тэрбум, Zootopia 2 $1.51 тэрбумын орлоготой багтаж байна. Ийнхүү Avatar 3 нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон 4 киноны 3-ыг найруулсан Жеймс Камероны ээлжит амжилттай бүтээл болох төлөвтэй байна даа.

🍋 Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн хяналтын талбайд буув. Төслийн хүрээнд сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн 6 ширхэг даацын ган татлага ашиглах бөгөөд тэдгээр нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай гэнэ. Одоогоор ган татлагуудын гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын хяналт, шалгалтын ажиллагааг хийж буй. 

  • Даваа: Японы ЗГ-ын 10 жилийн хугацаатай үнэт цаасны дуудлага худалдаа болно

  • Мягмар: Шинэ Зеландын экспортын 29%-ийг эзэлдэг сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй танилцъя

  • Лхагва: Оросын зул сарын баяр тохиож байна

  • Пүрэв: Өнгөрсөн сард инфляц хэр байв

  • Баасан: ХАА-н бүтээгдэхүүний үнэ хэр өсөв

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.