- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монголчуудын 27.1% нь ядуу!
🇲🇳 Монголчуудын 27.1% нь ядуу!
Биет нэгжийн карт хаачив? | Даатгал нь сонирхлын зөрчилтэй | Ядуурлын судалгаа
POWERED BY
Hey! Монголын үндэсний музейд цагаан сараар хэрэглэдэг эд зүйлсийн утга учрыг таниулах үзэсгэлэн нээсэн байна шүү. 🐲


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр албан ёсны уулзалт хийхээр ирлээ.
CUS: Өнгөрсөн сард гадаад худалдааны тэнцэл $388.9 саяын ашигтай гарлаа.
NSO: Улаанбаатар хотод зарим гол нэрийн хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.6% өсжээ.

🇲🇳 914.2 мянган хүн ядуу

Монголд 914.2 мянган хүн ядуурлыг шугамаас доогуур хэрэглээтэй байна. Улмаар ядуурлын түвшин 27.1% байгаа юм.
Судалгаа: Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн банк 2 жил тутамд ядуурлын суурь шугамыг тогтоодог. Өмнө нь ядуурлын шугамыг тогтоохдоо 2010 оны суурь үнийг ашигладаг байсан бол энэ удаад 2022 оны үнээр тооцжээ.
Ядуурлын шугам = 1 сарын ₮418 мянга
Ядуурлын шугам гэдэг нь хүний эрүүл идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй, хоол шаардлагатай бараа үйлчилгээний хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардал. Шинэ ядуурлын шугамаар насанд хүрсэн хүн өдөрт ₮13.7 мянгаас бага хэрэглээтэй бол ядууд тооцогдох нь. Тэгэхээр сарын наад захын хэрэглээний зардал нь ₮418 мянгаас бага бол ядуурлын шугамын доор орно гэсэн үг. Гишүүдийн яриагаар бол улных болно. 😞
₮13.7 мянга = ₮5,604 (хүнсний хэрэглээ) + ₮8,141 (хүнсний бус хэрэглээ): Үүнийг шинэчлэн тооцохдоо насанд хүрсэн 1 хүнд ногдох хэрэглээг багаас нь их рүү эрэмбэлээд хамгийн бага хэрэглээтэй 10%-40%-ийг жишиг бүлэг болгон авчээ. Өдрийн ₮13.7 мянгаас бага хэрэглээтэй 914.2 мянган хүн байна гэхээр… 😞
Ам бүлээрээ: Харин 2 том хүн 2 хүүхэдтэй өрхийн сарын наад захын хэрэглээ ₮1.1 саяас бага бол ядуу өрхийн тоонд орох нь.
Сайжраад байна уу, муудаад байна уу?
2020 оны нийт ядуу хүн амын тоо 2 жилийн өмнөхөөсөө 1.5 мянгаар буурч 903.4 мянга болж байв. Харин энэ удаад ядуу хүн амын тоо 10.8 мянгаар нэмэгдлээ. Нэмээд хүн амын 10% нь ядууралд өртөх эрсдэлтэй гэж байгаа.
Баруун, зүүнээрээ: Түүнчлэн ядуурлын түвшнийг бүс нутгаар нь харвал баруун бүсийнх хамгийн өндөр буюу 36.5% байгаа бол Улаанбаатарынх хамгийн бага буюу 21.6% байна. Аа харин хүн амын тархалтаар нь харвал нийт ядуу хүмүүсийн дийлэнх буюу 37% нь Улаанбаатарт амьдарч буй.
Ядуу, ядуу бусаараа: Цаашлаад 1 хүнд ногдох сарын дундаж хэрэглээг ядуу ба ядуу бусаар харвал нэлээд ялгаатай. 1 ядуу хүний сарын дундаж хэрэглээ ₮318 мянга буюу ядуу бусаас 2.5 дахин бага. Түүнчлэн тэд энэ хэрэглээнийхээ 41%-ийг хүнсэнд зарцуулдаг бол ядуу бус хүмүүс 28%-ийг л хүнсэнд зарцуулдаг аж.
Эцэст нь… Иргэд нь ийм байдалтай байхад хэчнээн ногдол ашиг тараагаад хэчнээн хөгжил яриад наалдахгүй байх нь аргагүй биз ээ.

🤔 Даатгал нь сонирхлын зөрчилтэй…
UID: Номин даатгал ХХК Улсын их дэлгүүрийг ₮32 тэрбумаар даатгалаа. Улсын их дэлгүүрийн төлөх даатгалын хураамж нь ₮179.2 сая бөгөөд нийт 26,858 м.кв талбайгаа даатгуулав. Мөн тэд 2021 оны Бизнесийн үнэлгээгээ Итгэлт эстимэйт ХХК-иар хийлгүүлсэн байна. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ 2023 онд 27.5% унаж ₮3,009 дээр хаагджээ.

📄 Цаасны хэрэглээ улиг болсоор

Цагаан сарын бэлгэнд оймс, нэгжийн карт бэлэглэдэг байсан үеийг санаж байна уу? Цагаан сарын домогт бэлгүүд байсан сан. Хэрвээ тэдгээрийг санаж байгаа бол танд ахмадын баярын мэнд хүргэе. За наргих ч яах вэ! Гол асуудал руугаа оръё.
Нээрээ хаачив?
Нэг л мэдэхэд алга болчихсон юм шиг санагдах улаан контик, нэгжийн карт зэрэг бидний амьдралд хамгийн ойрхон байсан зүйлс цаг үетэйгээ хөл нийлүүлэх гээд өнгө төрхөө өөрчилсөөр. Тухайлбал, нэгжийн карт л гэхэд дижиталжиж утаснаасаа хэд товшоод л авах боломжтой болж.
1 тн цаас = 24 мод
Хог хаягдлын менежмент, минималист амьдралын хэв маяг трэнд болж, хүн бүр байгальд ээлтэй амьдрахыг хичээх болсон энэ цаг үед дижиталаар шийдэж болох хэрэглээнд яагаад цаас ашиглана гэж? Үүнтэй холбоотойгоор Юнител группийн хэрэгжүүлсэн туршлагыг сонирхуулъя.
9 тн цаас = 216 мод: Юнител групп өнгөрсөн 3 жилийн хугацаанд ойролцоогоор 28 орчим тн цэнэглэгч картыг захиалжээ. Харин биет картыг дижитал болгосноор компани жилд дунджаар 9 тн цаас хэмнэж, 216 модыг тайрагдахаас сэргийлж байна.
Дижитал карт! Тус групп БОНЗ-ын хүрээнд сүүлийн жилүүдэд цэнэглэгч картын захиалгыг шат дараалалтайгаар бууруулсаар ирсэн бөгөөд энэ оноос 100% дижитал болгосон аж. Цахим үндэстэн байна даа! Дижитал картаар золгоно байгаа.
Ухаалаг хэрэглээ
Бидний өдөр тутамдаа хэрэглээд дадчихсан цаасан хэрэглэлүүдийг дижитал хэлбэрээр шийдэх бүрэн боломжтой. Үүний томоохон жишээ бол нэгжийн карт болон И-Баримтыг заавал цаасаар авахын оронд апп-ийн тусламжтайгаар авч болоод л байгаа явдал. Цаашлаад хүмүүс ч нэг удаагийн хүнсний гялгар тор ашиглахаас татгалзаж даавуун тор хэрэглэх болсон гээд өдөр тутмын хэрэглээгээ жаахан л ухаалаг болгоход байгаль дэлхийд ямар тустай байна гээч. 🏡🌍

$225.4 сая
2023 онд Монгол Германы гадаад худалдааны нийт эргэлт 8% өсөж $225.4 саяд хүрчээ.
0.5%
2023 оны III улирлын байдлаар Германы хөрөнгө оруулалтын үлдэгдэл $140.7 сая байгаа нь нийт хөрөнгө оруулалтын 0.5%-ийг эзэлж байна.
9,532
2023 онд Монголын хилээр нэвтэрсэн герман иргэдийн тоо 2.3 дахин өсөж 9,532-т хүрэв.


Reuters
🔹Hyundai (005380.KS) Энэтхэг дэх охин компаниа олон нийтэд нээлттэй болгон $2.5 тэрбумыг татан төвлөрүүлж магадгүй. Тус мэдээний араас Hyundai-н нийлүүлэгч компаниудын хувьцааны үнэ өссөн байна. Сонирхуулахад, Hyundai-н 2023 оны борлуулалтын 13%-иа Энэтхэгийн зах зээлээс олжээ.
🔹2023 онд санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь 3.1 нэгж хувиар нэмэгдэж 26.3% болжээ. Тус өсөлтөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 69.1% өсөж ₮11.7 их наяд, ББСБ-ын нийт хөрөнгө 32.5% өсөж ₮4.7 их наядад хүрсэн нь нөлөөлөв. Харин даатгалын зах зээл 15.8% өсөн ₮550.2 тэрбумд хүрээд байна.
🔹Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) ХК-ийн ашиг 2023 онд 68% буурч ₮666 саяд хүрэв. Үүнд тэдний стратегийн хөрөнгө оруулалтын үнэлгээ 16% буурч ₮77 тэрбумд, ногдол ашгийн орлого 96% бууран ₮45 саяд хүрсэн нь нөлөөлжээ. Ийнхүү тэдний өөрийн хөрөнгийн өгөөж 0.8%, P/B 1.1, P/E 150.6 болоод буй.
🔹Монгол Шуудан (MNP) ХК-ийн ашиг 2023 онд 4.4 дахин өсөж ₮2 тэрбумд хүрсэн байна. Тус өсөлтөд тэдний гадаад валютын ханшийн зөрүүнээс ₮5.4 тэрбумыг олсон нь нөлөөлөв. Харин тэдний нийт хөрөнгө 11.8% буурч ₮38.4 тэрбумд хүрсэн аж. Улмаар өөрийн хөрөнгийн өгөөж 7.7%, P/B 3.2, P/E 42.9 болжээ.

Санхүүгийн аудитор / Монголын Алт групп: Тэд мэргэшсэн нягтлан бодогч, эсвэл олон улсын аудиторын эрхтэй, аудит, хяналт шалгалтын чиглэлээр +3 жил ажилласан хүн хайж байна. 👉 (Link)
Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)
Хуульч / APIP: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллах хүсэлтэй, +3 жилийн ажлын туршлагатай хуульчдад ажлын байр байна шүү. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сонирх: Эмэгтэй эрдэмтдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. (UNESCO)
Унш: Яагаад хорт хавдар залуучуудын дунд ихсээд байна вэ? (VeryWellHealth)
Мэд: Хятадын милленниал үеийнхэн цагаан сараас халшрах болов. (BBC)
Юу? Дүүжин тээврээр 4.2 км замыг 1.1 минутад туулна. (Ulaanbaatar)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply