- Lemon Press
- Posts
- 👠 Met Gala: Tech Gala болсон нь
👠 Met Gala: Tech Gala болсон нь
4 дахин их дата | $EBAY-г авах наймаа | Эпштейн & Монголыг хянан шалгана
POWERED BY
Өглөөний мэнд! Ирэх 6-р сард Германы Франкфурт хотод зохиогдох Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил анх удаагаа Монголын баг оролцохоор боллоо. Өнгөрсөн Ням гарагт Монголын багаас М.Алтантүлхүүр, Л.Ганзориг нар ДАШТ-д оролцох эрхээ Сингапур болон Тайландын багийн хамт авсан байна. Баг тамирчдадаа өндөр амжилт хүсье! 🎯🙌🏻


BOM: Өнгөрсөн 4-р сард ГВУН өнгөрсөн жилийн мөн үеэс 43% өсөж, түүхэн дээд буюу $7.3 тэрбумд хүрлээ.
MNG: Дундговь аймагт баригдаж буй ₮8.6 тэрбумын өртөг бүхий хог ангилан боловсруулж, 12.5 МВт дулаан гаргах үйлдвэрийн бүтээн байгуулалт 92%-тай байна.
KR: Өмнөд Солонгос хөрөнгийн зах зээлд гадаад хөрөнгө оруулагчдыг дэмжих дүрмийн шинэчлэл хийсний нөлөөгөөр гадаад хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, Kospi индекс анх удаа 6,900 нэгжийг давав.

📈 4 дахин их дата

Facebook дээр ЖДҮ-ийн хулгай, YouTube дээр The Voice of Mongolia-н I улирал од болж байсан тэртээ 2018 онд Монголчууд сард дунджаар 4.1GB дата хэрэглэдэг байлаа. Тэр үеэс хойш 8 жилийн дараа буюу 2025 онд сарын дундаж дата хэрэглээ 4.1 дахин өсөж 16.7GB-д болжээ. Үүнтэй холбоотой харилцаа холбооны салбарын 2025 оны тайланг сонирхуулъя.
🔮 Салбарын өнгө
2025 онд харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдийн тоо өмнөх оноос 24-өөр нэмэгдэж 778-д хүрчээ. Шинээр байгуулагдсан этгээдүүдийн хамгийн их буюу 16 нь харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулалт, засвар үзүүлэгч байгууллагууд байв. Цаашлаад, салбарын орлого 12.2% өсөж ₮2.7 их наядад, хөрөнгө оруулалт 21.5% нэмэгдэж ₮427.7 тэрбумд тус тус хүрсэн аж.
🌐 Дата ачаалал: Сүүлийн 5 жилд хэрэглэгчдийн дата ачаалал жилд дунджаар 28% өсөж байна. Өнгөрсөн онд нийт дата ачаалал 873,886TB-д хүрсэн бөгөөд үүний 89.6%-ийг 4G/LTE сүлжээ эзэлсэн аж.
🥊 Үүрэн холбооныхон
Өнгөрсөн онд үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 5.1 саяд хүрсэн нь 2024 оноос 2.4% өссөн үзүүлэлт болов. Зах зээлийн 67.9%-ийг Мобиком групп болон Юнител групп бүрдүүлсэн бол 18.4%-ийг Скайтел, 9.6%-ийг Жимобайл групп, 4.1%-ийг Ондо ХХК эзлэсэн аж. Сонирхуулахад, 2022 онд Ондо ХХК байгуулагдах үед тэд зах зээлийн 0.8%-ийг эзэлж байсан бол 3 жилийн дотор байр сууриа 3.3 нэгж хувиар өсгөжээ.
🤑 Дундаж орлого: Оператор компаниуд нэг хэрэглэгчээс дунджаар ₮23.8 мянгыг олж буй нь өмнөх оноос 15.8%, 2021 оноос 78.6% өссөн үзүүлэлт юм. Нийт хэрэглэгчдийн 30.1% нь дараа төлбөрт байсан бол 56.9% нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ ашигладаг аж.
Эцэст нь… Сүүлийн үед дата маань юу ч болоогүй байхад дууслаа гэх гомдол олширсон. 5G нэвтэрч, видео контент давамгайлж буй энэ үед тэр бол гайхах зүйл биш юм. Тэгэхээр үзэж харах юмаа сайн бодож үзээрэй. 😅

😴 Ирэх 5 жилийн ЗГ-ын мөрөөдлийн жагсаалтад ямар ажлууд багтав? (iKon)
👨🏻⚖️ Хятадын шүүхээс ажилчдыг AI орлох боломжгүй гэж шийдвэрлэлээ. (Futurism)
👓 Туулын хурдны замтай холбоотой ₮500 тэрбумын талаарх СЗХ-ны мэдэгдэл. (Ubn)
🤝🏻 Америкт чип үйлдвэрлэх тухай Apple-н хэлэлцээ үргэлжилж байна. (Bloomberg)

💰 $EBAY-г авах наймаа
EBAY: Онлайн худалдааны анхдагчдын нэг eBay-г $55.5 тэрбумаар худалдан авах саналыг видео тоглоом борлуулагч GameStop (GME) санал тавьжээ. Ингэхдээ тус саналд компанийн нэгж хувьцааг $125-оор үнэлсэн бөгөөд хэлцлийн тал дүнг бэлэн мөнгөөр, үлдсэн хэсгийг хувьцаагаар дүйцүүлэхээр тусгасан байна. $EBAY-н хувьд жил бүр хэрэглэгчдийн тоо нь буурсаар байгаа ба одоогоор дэлхий даяар 136 сая хэрэглэгчтэй байгаа нь 2018 оноос 39 саяар буурсан үзүүлэлт юм. Тус хэлцэлтэй холбоотой $EBAY-н нэгж хувьцааны үнэ 5% өсөж $109.3-т хүрчээ.

👠 2026 оны Met Gala: “Tech Gala” болсон нь

Энэ жилийн Met Gala “Загвар бол урлаг” сэдвийн хүрээнд сүр дуулиантай болж өнгөрлөө. Гэвч энэ жилийн арга хэмжээ спонсороосоо болж олны хэл амны бай болж байна.
👉 Юу болов?
Энэ жил Жефф Безос болон түүний гэргий Лорен Санчес Met Gala-д $10 тэрбумын хандив өгч, гол санхүүжүүлэгч буюу арга хэмжээний хамгийн хүндэт цол “Honorary Chairs” болсон. Харин 2 дахь спонсороор Saint Laurent болон Condé Nast оролцсон. Met Gala-н түүхийг сөхөн харвал 2012 онд Amazon (AMZN), 2016 онд Apple (AAPL), 2022 онд Instagram буюу Meta (META), 2024 онд TikTok спонсорлож байв. Гэсэн ч Louis Vuitton, Chanel, Gucci гэхчлэн томоохон брэндүүд гол байр суурийг эзэлдэг байв.
😮 Ахиад л шинэ дээд амжилт
Технологийн титаны нөлөөгөөр энэ жилийн арга хэмжээний хандивын орлого өмнөх жилээсээ 35.5% өсөж $42 саяд хүрээд буй. Тэр тусмаа галад урилгаар оролцох тасалбарын үнэ өмнө жил $75 мянга байсан бол энэ жил $100 мянгад хүрсэн. Харин 1 ширээний үнэ $350,000 өмнөх жилийн үнэ ханшаа хадгалжээ.
😪 Энэ хэмжээний мөнгийг технологийг титанууд л төлж даахуйц байгаа буюу бараг сүүлдээ загварын салбарынхан нь ч өөрсдөө Met Gala-д орж чадахгүйд хүрч байгаа сурагтай.
📊 Зардал ба орлого
Хэдийгээр Met Gala $6-$7 саяын зардалтай зохион байгуулагддаг ч сүүлийн жилүүдэд зардлаа 3-4 нугалсан хандив босгох болсон. Өөрөөр бол өнгөрсөн 10 жилд нийт $166.5 саяын хандив цуглуулаад буй. Уг хандиваар Metropolitan Museum of Art Costume Institute-н үйл ажиллагаа, ажилчдын цалин, тэнд хадгалагдаж буй 33,000 гаруй загварын бүтээлийг харж, хамгаалахад зарцуулдаг.
Эцэст нь… Энэ их мөнгөөр 1 музейг тордоно гэдэг тэнэглэл гэх хүмүүс байхад гол асуудал нь босгосон мөнгөндөө бус загварын салбар өөрийн бэлгэ тэмдэг болсон арга хэмжээнээсээ шахагдаж байна гэх нь ч байна. Улмаар Жефф Безосыг гол спонсор болсныг эсэргүүцсэн хөдөлгөөн Нью-Йорк хотод газар авч, Amazon-н ажилчдын ажлын нөхцөлд анхаарахгүй байж ийм их мөнгийг 1 үдшийн арга хэмжээнд зарцууллаа гэж шүүмжлүүлэх болов. Үүн дээр та юу гэж бодож байна?

💭 Сонсоно, цуглуулна, түгээнУлаанбаатар хотын зам засварын их ажил эхэлж, хаа сайгүй л зам засварын мэдээ явж байна. Жил бүрийн зам засвар хэр үр дүнтэй санагддаг вэ? |


Al Jazeera
🍋 Монгол Улсын Эпштейнтэй холбоотой мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулна! УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ мэдэгдэж, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул өргөтгөсөн байдлаар ажиллана гэв.
🍋 ХХААХҮЯ Хөгжлийн банктай 4 чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг хамтын ажиллагаа нь малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг шинэ шатанд гаргах зорилготой. Улмаар ноос, ноолуур, арьс ширний салбарын ААН-үүдийн хөрөнгө оруулалтын эхний зардлын дарамтыг бууруулах, дунд болон урт хугацааны зээл тэргүүтэй шийдлүүдийг санал болгохоор болов
🍋 BYD (1211.HK)-н EV-н борлуулалт өнгөрсөн 4-р сард өмнөх оноос 15.7%-иар буурч 314,100 ширхэгт хүрэв. Улмаар компанийн борлуулалт 8 сар дараалан буураад буй. Дотооддоо хэцүүдэж байгаа ч BYD-н экспорт 70% өсөж, 135,098-т хүрснээр дээд амжилт тогтоожээ. Гэснээс Хятадад BYD-н оронд Leapmotor, Zeekr тэргүүтэй EV-нүүд моодонд орж байгаа гэнэ шүү.
🍋 Delta Air Lines (DAL) өнгөррсөн Баасан гаргаас хойш ойролцоогоор 500 нислэгээ цуцалжээ. Харин American Airlines болон United Airlines ойролцоогоор 80 орчим нислэгээ цуцлаад байна. Delta-н хувьд нисгэгчийн хуваарь болон хүний нөөцийн доголдлоос үүдэж нислэгээ цуцалж байгаа бөгөөд улмаар нислэгийн ажиллагаатай холбоотой цуцлалт нь огцом нэмэгдэж, нийт цуцлалтын 35%-ийг эзлэх болжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply