• Lemon Press
  • Posts
  • 🔎 Хэн, хэн нэр дэвшихээр болов?

🔎 Хэн, хэн нэр дэвшихээр болов?

Банкны тухай хуулийн эргэн тойронд | MCH-н засаглалын үнэлгээ | Зэсийн үнэ өслөө

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр Монголын хамгийн том алт худалдан авагч улс болох Швейцартай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. 🤝

*Нэг өдрийн өөрчлөлт

CUS: Монгол, Хятадын хилийн боомтуудын хорио цээрийн хяналтад шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх, мэдээллийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

MET: БОАЖЯ-наас ОУ-ын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж барих 67 байршлыг тогтоожээ

MNG: Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэх сонсгол 5 сарын 29, 30-нд боох гэж байна.  

📝 УИХ-ын сонгуулийн өрсөлдөөний талбарт…

Домгийн шувуу үргээж 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Танилцах уу даа?

Тойрогт 78, жагсаалтад 48

Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намаас тус бүр 78 эрхмийг тойрогдуулж, 48 эрхмийг намын жагсаалтаар дэвшүүлээд буй. Товчхондоо ТОП-3 намаас тус бүр 126 нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болж байна. Гэснээс одоогийн УИХ-ын гишүүдээс 54 буюу өнөө л хэд маань өнөө л тойрогтоо өрсөлдөхөөр болсон шүү. Үргэлжлүүлээд сонгуулийн тулаанд цус сэлбэн орж ирж буй салбар салбарын төлөөллүүдийг харцгаая. 


Салбар салбараас

  • Боловсролын салбараас - Шинэ Монгол сургуулийн захирал Ж.Галбадрах, ШУА-ийн Ерөнхийлөгч асан Д.Рэгдэн, 

  • Технологийн салбараас - ОНДО ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат, 

  • Бизнесийн салбараас - М банкны захирал Л.Соронзонболд, Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Т.Сайнжаргал, Тахько (TAH) ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Энхнасан, МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Jet Sharing Mongolia ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням

  • Олны танилуудаас - комедиан Н.Амаржин, комедиан Д.Амартүвшин, модель Билгүүн, балетчин Д.Алтанхуяг,

  • Сэтгүүл зүйн салбараас - Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу,

  • Харвардынхан - Б.Дөлгөөн, Б.Уянга, О.Батнайрамдал, Б.Солонгоо нар тус тус сонгуульд өрсөлдөхөөр боллоо. 

Шинэчлэлт ороогүй тойрог

Энэ жил олон сонирхолтой шинэ нэр дэвшигчид тодорч, бүр тойргуудыг шинэчилсэн ч Баянгол дүүргийн тойрогт л гэхэд дэвшдэг хэд нь л дэвшсэн байх

Эцэст нь… Энэ жилийн нэр дэвшигчид дунд сонирхолтой хүмүүс их байна даа. Нэлээн хэдэн яамны дэд сайд, их сургуулийн багш, судлаач нар, ХК-иудын захирлууд, банкны салбарынхан нэр дэвшиж байгаа нь сонгуулийн өрсөлдөөнийг улам л сонирхолтой болгох шиг. Харин нөгөө талд одоогийн УИХ дахь МАН-ын гишүүдээс 41 хүн, АН-аас УИХ-д суудалтай бүх гишүүд буюу 12 хүн тус тус ахин нэр дэвшиж байна. 

🚀 Дэлхийн тавцанд гаргах хөтөлбөр

Монгол дахь стартапын өсөлт хөгжил, инновацыг дэмжих зорилготой MonJa хурдасгуур хөтөлбөр 4 дэх ээлжийн бүртгэл 5 сарын 24 хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрт хамрагдах стартапууд 3 сарын туршид оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, стратегийн түншлэл, олон улсын харилцаа зэрэг цогц сургалтыг авах юм. Нэмээд хөтөлбөрийн стартапууд $5,000-ын буцалтгүй тусламж авах боломжтой гэнэ лээ шүү. 

🅰️ 98.7%

MCH: Монголын цахилгаан холбоо ХК засаглалын үнэлгээгээр 71 оноо авч 98.7%-тай үнэлэгджээ. Эрсдэлийн үнэлгээний тайлангаа хараахан гаргаагүй байгаа нь оноог хойш татахад нөлөөлсөн байна. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 9.3% буурч ₮480 болоод буй.

🏦 Банкны хуулийн эргэн тойронд

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор аливаа банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалт орсныг санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ заалтын хэрэгжилт, нөлөө юу болж байна вэ?

Хэрэгжилт ➡️ “0”

Уг заалт нь бүх арилжааны банкнуудад хамаатай. Улмаар 12 банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөх хэрэгтэй болсон гэсэн үг. Уг нь бол тус заалтыг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хангахгүй банкны хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхүүдийг түдгэлзүүлэхээр тусгасан. Гэтэл одоо ч бүх банканд 20%-иас дээш хувийг эзэмшигч бий. 

  • Яагаад? Банкнуудын хувьцаа эзэмшилд өөрчлөлт орно гэдэг бол 1 жилийн дотор шийдэх асуудал биш. Зах зээлийн эрэлт, хөрвөх чадвар, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдын сонирхол зэрэг олон хүчин зүйлүүд үүнд хамаатай. 

  • Тооцоолол хийе: ХААН Банк (KHAN)-ны 40.99%-ийг HS Holdings (8699.T) эзэмшдэг. Тэгэхээр энэ эзэмшлийг 20% болгож бууруулна гэвэл өчигдрийн ханшаар ₮415 тэрбумын үнийн дүн бүхий хувьцааг арилжих хэрэгтэй болно. Ийм хэмжээний хувьцааг шууд өөр компани, хөрөнгө оруулагчдад арилжиж, өөрчилнө гэдэг бэрх байгаа биз? 

Хохирол = $1.3 тэрбум

Монголын Банкны Холбооны уулзалтаар томоохон банкнуудын төлөөллүүд банкнууд хугацаандаа хувь эзэмшлээ задлах заалтыг биелүүлээгүй тул $1.3 тэрбумын зээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл байдал үүсээд байгааг дурдсан. 

  • Тиймээс: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж уг заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж 2026 он болгохоор тусгаад буй. Уг өөрчлөлт одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна.  

Шийдэл нь юу байх вэ? 

Банкнууд уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд гаднын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжаалах сонголт үлдэж байна. Гэхдээ Лондон, Сингапур, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлье гэвэл наанадаж 3-4 жилийн бэлтгэл ажил шаардлагатай. Иймдээ ч Capital Markets Mongolia компани “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног: Нью-Йорк” арга хэмжээг зохион байгуулж Монголын банкнууд тус бирж дээр IPO хийх боломжийн талаар санал солилцсон

Эцэст нь… Одоо сонгууль ч дөхлөө. Энэ хуулийн өөрчлөлтийн асуудал юу болдог бол доо? 

Seeking Alpha

🍋 Зэсийн үнэ сүүлийн 56 жилийн дээд түвшинд буюу тн нь $11.4 мянгад хүрсэн байна. Энэ нь он гарснаас хойш 35% орчим өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн хэдэн 7 хоногт хамгийн хурдацтай өссөн юм. Гэснээс Goldman Sachs (GS) зэсийн одоогийн үнийг ойрын 3 жилд тогтвортой хадгалагдана гэж үзжээ. 

🍋 Швейцарын хөгжлийн агентлаг Бундан ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд ахин санхүүжилт олгоно. Тодруулбал, талууд тус хамтын ажиллагааг 2024-2026 онд үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зураад буй. Сонирхуулахад, төслийн баг 2020 оны 7-р сараас хойш Монгол, Тува, Киргиз, Афганистаны нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулж 1,139 хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн аж. 

🍋 Худалдаа Хөгжлийн Банк (TDB) ХК Дижитал кредит ХХК-тай хамтран ажиллахаар болжээ. Дижитал кредит ХХК нь ОУСК-ын дэмжлэгтэйгээр “CashMe” Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ”-ыг хөгжүүлж, нэвтрүүлсэн бөгөөд тус хамтын ажиллагааны үр дүнд ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмж нэмэгдэх гэнэ. 

🍋 Монгол энэ оны эхний 4 сард 10 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ ньөмнөх оны мөн үеэс 80% орчим буурсан үзүүлэлт юм. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60%-ийг хангаж байна. Сонирхуулахад, 1 хүний өндөгний жилийн хэрэглээ 180-200 ширхэг байгаа нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Алдааг ол. 🔎

A. Зэсийн үнэ сүүлийн 56 жилийн дээд түвшинд буюу тн нь $11.4 мянгад хүрлээ. 
B. Одоогийн УИХ-д суудалтай Ардчилсан намын бүх гишүүд энэ удаагийн сонгуульд ахин нэр дэвшинэ.
C. Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны үнэ он гарснаас хойш 9.3% өсөж ₮480 болжээ.

  • Танилц: Microsoft AI-д суурилсан шинэ төрлийн Copilot+ PC-г танилцуулсан шүү. (9to5google)

  • Зочил: Улаанбаатар Травэл Экспо 2024 удахгүй болох нь ээ. (Ulaanbaatar)

  • Мэд: Яагаад сонгуульд оролцож санал өгөх хэрэгтэй вэ? (LeadAlumni)

  • Хөөх: Neuralink 2 дахь өвчтөндөө чип суулгах нь дээ. (Reuters)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны үнэ он гарснаас хойш 9.3% өссөн биш буурч ₮480 болсон нь шүү.

Reply

or to participate.