• Lemon Press
  • Posts
  • 😎 Жак Ма эргэн ирлээ!

😎 Жак Ма эргэн ирлээ!

Тогтвортой хөгжлийн зорилтууд болон банкны салбарын 2022 оныг тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр дэлхийн төгөлдөр хуурын өдөр гэнэ шүү. Энэ өдрийг төгөлдөр хуурын товчлуурын тоотой адилтгаж жил бүрийн 88 дахь өдөр тэмдэглэдэг аж. Заа тэгээд төгөлдөр хуурч найз нартаа мэнд дамжуулаарай. 🎹

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: УУХҮЯ-ны дэд сайд Башкортостанын төлөөлөгчдийг хүлээн авч газрын тосны бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

BTC: Биткойн олборлоход шаардагдах тооцооллын хэмжүүр (Hashrate) түүхэн дээд хэмжээ буюу 400 EH/s-д хүрэв. Уг хэмжүүр нэмэгдэх нь Биткойны аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.

G7: Их 7-гийн орнууд бизнесийн ил тод байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч, дэлхийн крипто арилжааны зохицуулалтыг чангатгах аж.

ЗАЛРУУЛГА: Өчигдөр буюу Мягмар гарагийн дугаарт "Газар шим" ХХК-ийн IPO-н талаарх "ТОП-20 дахь хүнсний салбарын компаниудын P/B харьцаа дунджаар 2.7 (3 сарын 27-ны хаалтын ханш) байсан бол Газар шимийн үнэ дансны харьцаа 0.44 байв." хэмээн ТАШАА мэдээ оруулсныг залруулж байна.

Энд тэдний гаргаж буй хувьцааны тоог буруу оруулж тооцооны алдаа гаргажээ.

Залруулбал, Газар шимийн үнэ дансны харьцаа (P/B) 2.7 байна.

Залруулсан нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу. Бид алдаатай мэдээлэл хүргэсэндээ хүлцэл өчиж байна. 🙇🏻‍♂️

Банкны зээл олголт юу болов?

Монголын Банкны Холбоо (MBA)-ноос банкны салбарын 2022 оны тоймыг танилцууллаа. Тэгвэл банкнуудын санхүүгийн үзүүлэлт хэр өөрчлөгдсөнийг харцгаая.

Зээл юу болж байна?

Өнгөрсөн оны эцсийн байдлаар банкны зээлийн үлдэгдлийн өсөлт саарсан буюу өмнөх улирлаасаа 8 нэгж хувиар багасаж 6% л өссөн байна. Мэдээж үүнд бодлогын хүүгийн өсөлт нөлөөлсөн хэрэг. Цаашлаад илүү нарийн харвал,

  • Иргэдийн зээл: Банкнуудын иргэдэд олгосон зээл 40% өсөж ₮10.3 их наядад хүрчээ. Үүнд хэрэглээний зээл буюу хадгаламж барьцаалсан зээл олголт 46.1%, цалин тэтгэврийн зээл олголт 51.4% тус тус өссөн нь нөлөөлөв. Харин автомашин болон картын зээл буурсан аж. Тэгэхээр ЗЗ уналттай үед иргэдэд амьжиргаагаа залгуулах нь л чухал байсан бололтой.

  • Бизнесийн зээл: Харин зээл олголтыг бизнесийн салбараар нь харвал худалдааны салбараас бусад салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан байна. Тэр дундаа уул уурхайн зээл олголт 30.3%, боловсруулах салбарынх 19.8% тус тус багасав.

Чанаргүй зээл

Банкны салбарын хэмжээнд 10 зээл тутмын 1 нь чанаргүй байгаа юм. Харин дотор нь задлаад харвал уул уурхайн салбарт олгосон 3 зээл тутмын 1 нь чанаргүй байна. Тоогүй, тоогүй…

  • Түүнчлэн: Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн чанаргүйдэл 4.4% байхад нийт автомашины зээлийн чанаргүйдэл 15.5% байна. Тэгэхээр иргэдийн төлбөрийн чадвар буурсан байгаа юм.

Эцэст нь… Заа юутай ч иргэдэд олгосон зээлийн хэмжээ өссөн ч чанаргүй зээлийн үзүүлэлт нэлээд муудаж байгаа харагдаж байна даа. Гэснээс танд гэж захихад системийн банкнуудын өгөөж хадгаламжийн хүүгийн өгөөжөөс өндөр буюу дунджаар 20% байгаа юм. Энэ нь системийн банканд ₮1-ийн ХО хийлээ гэхэд 20%-ийн ашиг хүртэнэ гэсэн үг. Тэгэхээр удахгүй болох банкнуудын IPO-д чих тавин л байх юм шүү.

Жак Ма олны өмнө

BABA: Alibaba-н дижитал технологийн хэлтэс болох Alibaba Cloud ирэх сард Японд блокчэйн лаборатори ашиглалтад оруулж буйгаа мэдэгдэв. Уг лаборатори нь Японы тоглоом хөгжүүлэгчдэд Web3 эрин үетэй хөл нийлүүлэхэд туслах аж. Мөн тус компанийн үүсгэн байгуулагч Жак Ма олон сарын дараа боловсролын салбарт AI ашиглах тухай уулзалт хийн олны өмнө гарч ирлээ.

Тогтвортой хөгжил рүү яст мэлхийн хурдаар

European Comission

2022 онд Ази, Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын ахиц дөнгөж 14.4%-д хүрчээ. Ийм хурдаар бол тус бүс нутаг зорилгодоо хүрэхэд дахин 42 жил шаардлагатай аж. Гэтэл тус хөтөлбөр дуусахад 7 жил л үлдээд байдаг. 😬

  • SDG 2030: НҮБ-аас Тогтвортой хөгжил 2030 хэмээх урт хугацааны хөтөлбөрөөр нийгэм, ЭЗ, хүрээлэн буй орчин гэсэн 3 тулгуурт суурилсан 17 зорилтыг дэвшүүлсэн билээ.

Ази, Номхон далайн бүс

2022 онд Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд хүртээмжтэй цэвэр эрчим хүч болон дэд бүтэц, инновацыг хөгжүүлэх зэрэг зорилтуудад хамгийн их ахиц гаргажээ. Харин уур амьсгалын үр нөлөөг бууруулах зорилтод бараг ямар ч ахиц гарсангүй.

Харин Монгол

Монгол 2021 онд ТХЗ-ын индексэд 63.5 оноо авч 163 орноос 106-д эрэмбэлэгдэж байсан. Түүнчлэн Монголын ТХЗ-ын индексийн оноо өнгөрсөн 21 жилд 3.6 оноогоор буюу жилд ердөө 0.17-оор л нэмэгджээ. Задалъя,

  • Сайн: Монголд чанартай боловсролыг дэмжих зорилт хангагдсан буюу тус индексээс гялайж гялтайх ганц сайн үзүүлэлт нь байв. Гэхдээ үүнийг үнэлэхдээ боловсролын чанар гэхээсээ илүү бичиг үсэг тайлагдалт, хүртээмжийг онцолсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Ахицтай: Цаашлаад ахиц үзүүлж байгаа зорилтуудад ядуурлыг устгах, ТХЗ-уудын төлөөх түншлэл зэрэг багтав.

  • Муу: Харин инновац болон дэд бүтцийн хөгжил, ээлтэй хот болон иргэдийн оролцоог дэмжих, өлсгөлөнг зогсоох зэрэг зорилтууд хамгийн асуудалтай нь. Дээрх хэд ч яах вэ асуудалтай ч засахаар ажиллаж байгаа зорилтууд шүү. Тэгтэл уг 17 зорилтоос муугийн мууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт тодров. Энэ нь мэдээж нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой. 🤔

Дэлхийд…

Цар тахал дайн гээд л ер нь улс орнуудын ТХЗ-уудын ахиц сүүлийн 2 жилд дараалан буурсаар 2021 онд 66.8 оноонд хүрсэн. Үүнд буурай болон эмзэг орнуудын нөхцөл байдал улам хэцүүдсэн + баян орнууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт дээр ахиц гаргахгүй байгаа нь дундаж оноог зулгаасан юм.

Эцэст нь… Ар араасаа гарч ирж буй глобал асуудлууд улс орнуудад ТХЗ-уудыг хугацаандаа буюу 2030 он гэхэд биелүүлж амжихгүй тал даа л болчхов уу даа?

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / Богд Банк: Банк санхүү, бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэгтэй, банкны салбарт 3 жилээс дээш туршлагатай бол энд ажиллах боломжтой. 👉 (Link)

  • Борлуулалтын ахлах менежер / Витафит милк: Үндэсний ууган компанийн борлуулалтыг базаж чадах худалдаа, борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай залууст ₮2.5 саяын цалинг санал болгож байгаа гэнэ шүү. 👉 (Link)

  • Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн / Нэкст Групп: Хэрвээ та дүн шинжилгээ хийх, хувийн зохион байгуулалттай, эерэг сэтгэлгээтэй бол тэдэнтэй холбогдоорой. 👉 (Link)

Тансаг зэрэглэлийн тав тух

Хотын төвөөс холгүй цэвэр агаарт байгалийн сайхныг мэдэрч, ая тухтай амармаар байна уу? Тэгвэл тун удахгүй тансаг зэрэглэлийн Ayan Zalaat Hotel & Resort үйл ажиллагаагаа эхлэх байгаа гэнэ шүү.

Уг ресорт нь

  • Анхны 7 одтой үйлчилгээний стандарт

  • Зочлох үйлчилгээний олон улсын менежмент

  • Шинэ өнгө төрхийг Монголдоо нэвтрүүлж буй.

Мөн олон улсын зочлох үйлчилгээний салбарт 30 жилийн туршлагатай ерөнхий менежертэй хамтран ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ.

За тэгээд, энэ салбарын мундгууд сонирхоод үзнэ биз ээ. 🤓

🔗 Нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

Fintel

🔹MicroStrategy (MSTR) $150 саяын үнэлгээ бүхий Биткойн нэмж худалдаж авав. Ингэснээр Биткойны хамгийн том эзэмшигчдийн нэг тэд сүүлийн 1.5 сарын хугацаанд 6,455 Биткойн худалдан авчээ. Тэдний эзэмшиж буй нийт Биткойн үнэлгээ $4.1 тэрбумд хүрээд байгаа ба дунджаар $29,817-ын үнэтэй аж.

🔹Disney (DIS) 7,000 ажилтнаа цомхотгоно. Дэлхий дахинд 220,000 хүний нөөцтэй тэд нийт ажилчдын 3%-ийг цомхотгосноор зардлаа тэрбум тэрбумаар бууруулах боломжтой аж. 3 үе шаттай хийгдэх цомхотголын эхнийх нь энэ 7 хоногт эхэлж байгаа ба зунаас өмнө бүрэн цомхотгож дуусгах гэнэ.

🔹Цахим хурлын платформ Zoom (ZM) АI-р сайжирлаа. Тэд OpenAI-тай хамтран өөрсдийн платформыг дараагийн түвшинд гаргаж байгаа мэдэгдэв. Тус хамтралын хүрээнд цахим хуралд оролцох боломжгүй үедээ хурлын тэмдэглэл хөтлүүлэх боломжтойгоос гадна бусад нэмэлт функцүүд бий.

🔹Өмнөд Солонгос ирэх оноос чип үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаараа Хятадаас илүү гарна. Дэлхийн хагас дамжуулагчийн холбоо SEMI-н таамгаар Өмнөд Солонгос 2024 онд чип үйлдвэрлэлийн зардлаа 41.5% өсгөж $21 тэрбумд хүргэх бол Хятад ердөө 2% өсгөж $16.6 тэрбумд хүргэх бололтой.

!!! ЗОГС

За товхимлоо хэр анхааралтай уншдагаа шалгана шүү. Зөвийг нь олоорой. 🤓 

A. G-20-н орнууд крипто арилжааны зохицуулалтаа чангатгахаар ярилцаж байна.

B. Ирэх онд Өмнөд Солонгос чипний үйлдвэрлэлээ $21 тэрбумд хүргэнэ.

C. MicroStrategy $190 саяын үнэлгээ бүхий Биткойн нэмж авлаа.

  • Танилц: iOS 16.4-н функцүүд. (MacRumors)

  • Мэд: Японы өв соёлоо сурталчлах шинэ арга. (FastCompany)

  • Унш: Америкийн хоригийн эсрэг Хятадын хариу арга хэмжээ Тайванийг эрсдэлд унагав. (NikkeiAsia)

  • Анхаар: Хаврын цагт дархлаагаа дэмжих арга. (equa)

Зөв хариулт B. Ирэх онд Өмнөд Солонгос чипний үйлдвэрлэлээ $21 тэрбумд хүргэнэ.

Reply

or to participate.