- Lemon Press
- Posts
- ✈️ Дотоодын нислэг хямдарлаа
✈️ Дотоодын нислэг хямдарлаа
LVMH-н хувьцааны уналт болон орон нутгийн нислэгийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Ирэх сарын 1-4-ний өдрүүдэд “Power Expo & Festival" наадмын үеэр The HU хамтлагийн анхны бүрэн хэмжээний тоглолт болох гэнэ шүү. 🤘
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Өнгөрсөн сарын байдлаар нийт ипотекийн зээлийн үлдэгдэл ₮6.7 их наяд байгаагийн 27.8% нь банкны эх үүсвэр, 57.2% нь МИК-ийн эх үүсвэр аж.
GOV: Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг олон нийт сонгодог болно.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮1 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
✈️ 1,760 км = ₮800 мянга
ЗГ-аас орон нутгийн чиглэлийн нислэгийн үнийг 50%-70% хүртэл бууруулахын сацуу МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхлэх талаар мэдээлэв. Тэгвэл агаарын тээврийн салбар ойрд хэр байна?
Хүртээмжгүй
Одоогоор Монголд агаарын тээвэрлэгч 11 авиа компани үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн Хүннү Эйр болон Аэро Монголиа орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй. Харин нислэгийн үнийн хувьд орон нутгийн нислэгийн хамгийн хол буюу Баян-Өлгий чиглэлд 2 талын нислэг нь ₮1.6 саяын үнэтэй. Харж байгаачлан орон нутгийн чиглэлийн нислэг хүртээмж багатайн дээр өндөр үнэтэй байгаа нь эрэлтэд ихээхэн нөлөөлдөг. Аргагүй дээ, Баян-Өлгийн нислэг Сөүл, Токио руу явах нислэгийн үнэтэй зэрэгцэх шахаад байхад…
Шинэчлэл
ЗГ-аас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор олон жил ярьсан агаарын тээврийн шинэчлэлд одоо л нэг алхам хийв. Тэгвэл ЗГ-ийн уг шийдвэр хэрхэн нөлөөлөх бол?
Хөөрөх цэг: Цар тахлын жилүүдэд хүндхэн байсан тус салбар сүүлийн 2 жилд харьцангуй сэргэж байгаа. Тухайлбал, энэ оны I улиралд агаарын тээврээр зорчсон хүний тоо өмнөх оноос 2.4 дахин өсөж 318.4 мянгад хүрээд буй. Тэгэхээр аялал жуулчлал идэвхэждэг зуны улиралд нислэгийн үнийг бууруулах нь дотоодын аялал жуулчлалыг хөөрхөн өргөх нь лавтай.
Бодлого: Өнгөрсөн жил ЗГ нислэгийн үнэ өндөр байгаа нь онгоцны шатахууны өндөр үнээс ихээхэн шалтгаалж буй тул шатахууны үнийг хямдруулах, авиа компаниудад татаас олгох замаар орон нутгийн нислэгийг сэргээнэ гэж ярьж байсан. Онгоцны шатахууны талаар дурдаагүй ч татаас бол олгохоор болов.
Хэнд? Улмаар хүртээмжийг нэмэгдүүлэхээр МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлдэхээр болсон аж. Ингэхийн тулд тэдэнд ЗГ-аас 1 удаа дэмжлэг үзүүлэх гэнэ.
Эцэст нь… Агаарын тээврийн салбар дахь шинэчлэл хоосон амлалт биш үйлдэл болж эхэлж байгаа нь яамай даа.
🚀 Галзуу хурдаар…
NVDA: Nvidia-н хувьцааны үнэ 24.1% өсөв. Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ $200 тэрбумаар нэмэгдэж, тэд дэлхийн хамгийн үнэ цэнтэй чип үйлдвэрлэгч гэх өргөмжлөлийг хүртлээ. Учир нь тэдний ээлжит улирлын тайлангийн үр дүн хүлээлтийг бут ниргэсэн юм. Тодруулбал, нийт орлого нь 18.9% өсөж $7.2 тэрбум, ашиг нь 26.3% нэмэгдэн $2 тэрбум болжээ.
Дижитал бүтээгдэхүүнтэй хэн бүхэнд
Procraft-с зарлагдсан UX/UI дизайны мастерклассын бүртгэл хаагдахад 3 хоног үлдлээ. Тэд UX-н суурь ойлголт, туршилтын загвар боловсруулах, 7 хоног бүр ментортой ажиллах гээд олон боломжийг хөтөлбөртөө тусгаад буй.
Түүнчлэн сургалт авсан байгууллага бүрд “Богино хугацаанд бүтээмжтэй воркшоп хийх” хичээлийг бэлэг болгон нэмэлтээр өгч байгаа гэнэ. Түүнчлэн хамрах хүрээний хувьд тус мастерклассд,
Front-End Developers
Product Managers
Хурд бүтээмжтэй ажиллах шаардлагатай шинэхэн UX/UI дизайнер хамрагдах боломжтой.
Бүртгэл: 5 сарын 29 хүртэл үргэлжилнэ.
💎 Тансаг үдэшлэг дууслаа
Дөнгөж сарын өмнө Европын анхны $500 тэрбумын үнэлгээтэй компани болоод байсан LVMH (MC.PA)-н хувьцааны үнэ энэ 7 хоногт 7.5% уналаа.
Яагаад?
Louis Vuitton, Tiffany & Co, Moët & Chandon, Christian Dior зэрэг тансаг брэндүүдийг эзэмшдэг Францын магнат LVMH-н бизнес цэцэглэж байсан нь саяхан. Өнгөрсөн сарын 24-ны байдлаар компанийн хувьцааны үнэ он гарсаар 30% өсөж, тэд дэлхийн хамгийн том 10 компанийн жагсаалтад багтаад байсан. Гэтэл Америкийн эдийн засгийн удаашрал нь өндөр зэрэглэлийн барааны эрэлтийг бууруулсан юм. Тиймээс л тэдний хувьцааны үнэ унасан хэрэг.
Улмаар: Компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Бернард Арногийн хөрөнгө ганцхан өдрийн дотор $11 тэрбумаар унасан юм. Цаашлаад, Европын тансаг зэрэглэлийн салбараас $30 тэрбум арчигдсан аж.
Титэм шилжих үү? Даваа гарагт Бернард Арно болон Илон Маскийн хөрөнгийн зөрүү $21 тэрбум байсан бол одоо $12 тэрбум болж багасаад буй. Тэгэхээр LVMH-н хувьцааны үнэ үргэлжлэн буурах эсвэл Tesla (TSLA)-н хувьцааны үнэ өсвөл Илон Маск манай гаргийн хамгийн баян хүн гэх цолоо эргүүлж авах нь.
Францын акулын бизнесийн амжилт
Үргэлжлүүлээд LVMH-н бизнесийг сонирхоцгооё. Компани 75 нэр хүндтэй брэнд, 60 орчим охин компанийг хянадаг бөгөөд дэлхий даяар нийт 5,600 гаруй дэлгүүртэй аж. Маш том гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Цаашлаад,
Орлого: Компанийн энэ оны I улирлын орлого жилийн өмнөхөөсөө 16.8% өсөж €21 тэрбумд хүрсэн байна. Нийт орлогын 51%-ийг хувцас загварын орлого бүрдүүлсэн бол дараагийн томоохон хэсэг буюу 18.8%-ийг сонгомол жижиглэнгийн худалдааны орлого бүрдүүлэв.
Зах зээл: Тэд энэ оны эхний улирлын борлуулалтынхаа 23%-ийг Америкаас, 36%-ийг Японоос бусад Азийн ЗЗ-ээс хийсэн байна. Түүнчлэн, Burberry брэндийн нийт борлуулалтын 40%-ийг Хятадын борлуулалт дангаараа эзэлдэг аж.
Эцэст нь… LVMH мэтийн тансаг брэндүүд ирээдүйгээ аврахын тулд Хятад болон Азийн ЗЗ-ийн үйл ажиллагаагаа тэлэх шаардлагатай болж таарч байна уу даа.
Хариултаа олох зам тань сонирхолтой байсан гэж найдъя. Та ч бас үүнийг эргэн тойрны хүмүүстэйгээ хуваалцаж хэсэг хугацааг ч гэсэн хөгжилтэй өнгөрүүлээрэй. Have fun! 😉
“Буурах хүүтэй” бизнесийн зээл
Танд бизнесийн зээл хэрэгтэй юу? Тийм бол Очир Ундраа ОМЗ ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн аян эхлүүлснийг дуулгая.
Тодруулбал, тэд “буурах хүүтэй”, урт хугацаатай бизнесийн зээлийг олгож эхэлсэн байна. Тус зээл нь 48 сарын хугацаатай, ₮500,000,000-ийн зээл ба та бусад санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй зээлтэй бол түүхээ үзүүлээд бага хүүгээр авч болох аж.
Сануулахад, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын бүх салбарууд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах ба бүх төрлийн зээлийг 8 цагт багтаан гаргах гэнэ шүү.
За тэгэхээр, зээл хэрэгтэй бизнес эрхлэгчид минь хаана хандахаа ойлгосон биз дээ?
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж болон 7575-1818 утсаар аваарай.
🔹ТОП банкнуудын IPO-д нийт 60,350 захиалга ирэв. Үүнээс, ХААН Банк (KHAN)-д нийт 29,345 захиалга ирж нийт захиалгын 48.6%-ийг дангаар бүрдүүлэв. Харин ХХБ-ны IPO-д 2,418 захиалга ирсэн нь ХААН Банкныхаас 12.1 дахин бага тоо юм.
🔹Энэ оны I улирлын байдлаар виртуал ХЗЗ-ийн үнэлгээ өнгөрсөн оноос 18% өсөж ₮384.3 тэрбумд хүрчээ. Түүнчлэн Монголд бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ) компани байдаг бөгөөд нийт харилцагчдын тоо нь 832.8 мянгад хүрээд буй. Сонирхуулахад, ВХҮҮ-ийн өдрийн дундаж арилжаа нь ₮411 сая байдаг.
🔹Үнэт цаасны компаниуд он гарсаар ₮143.9 тэрбумын бондын анхдагч зах зээлийн арилжаа хийжээ. Үүний дийлэнх буюу 52.6%-ийг Голомт Капитал ҮЦК-ийн арилжаа бүрдүүлэв. Тодруулбал, тэд нийт ₮75.7 тэрбумын бондын арилжаа хийсэн нь Таван Богд Капитал ҮЦК-ийнхаас л гэхэд 4 дахин их аж.
🔹E-Mongolia 3.0 систем нээлтээ хийлээ. Тус системийн анхны хувилбар 3 жилийн өмнө хэрэглээнд нэвтэрснээр иргэдийн ₮254 тэрбум, 14 сая цаг, 28 сая хуудас цаасыг хэмнэжээ. Ийнхүү тус систем шинэчлэгдсэнээр ашиглахад илүү хялбар болж, урьдчилсан мэдэгдэл авах боломжтой болов.
Одон медалиудад жилдээ хэр их мөнгө үрдгийг, ямар хүн яагаад нийлүүлдгийг нийтэд ил болгох нь зөв бх. Ялгаагүй л татвар төлөгчдийн мөнгө.
— SimplenomicS (@Tumen_Tsengel)
10:47 AM • May 25, 2023
Уул уурхайн салбар ба ТОП-100 ААН
Өнгөрсөн оны ТОП-100 ААН-ийг салбараар нь харвал уул уурхай, компаниар нь харвал “Оюу толгой” ХХК манлайллаа.Түүнчлэн энэ жилийн ТОП-100 ААН-д анх удаа төрийн өмчит ААН-үүдийг оруулаалалгүй зөвхөн хувийн хэвшлийн компаниудаас шилдэг 100 компанийг шалгаруулсан нь онцлог байв.
“Оюу толгой” ХХК хэрхэн №1 болсон бэ?
“Оюу толгой” ХХК-ийн хувьд орлого, татварын хэмжээ, ажиллагсдын тоо болон хөрөнгийн хэмжээ гэх 4 үзүүлэлтээр тэргүүлж, хувийн сектор дундаа манлайлагч болжээ. Жагсаалтад уул уурхайн салбарын 15 компани багтсан ба эдгээр компаниуд ₮1.4 их наядын татвар төлж, улсын татварын орлогын 9%, ТОП-100 ААН-н төлсөн татварын 33%-ийг бүрдүүлж, бусад салбарыг хол хаясан юм. Харин зөвхөн “Оюу толгой” ХХК-н хувьд 2022 онд татвар хураамжид ₮980 тэрбумыг төлсөн байна.
“Оюу толгой” ХХК ба ханган нийлүүлэгчид
Мөн 2022 оны ТОП-100 ААН-н 31 нь “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч байсан нь онцлох үзүүлэлт байлаа. Эдгээр компаниуд дунд үүрэн холбоо, худалдаа, үл хөдлөх, эрүүл мэнд, шатахуун импортлогч компаниуд багтжээ. Түүнчлэн “Оюу Толгой” ХХК 2022 онд нийт 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, худалдан авалтад ₮2.7 тэрбумыг зарцуулсан байна.
Яагаад? Парацетамолыг яагаад ингэж нэрлэсэн гэж бодож байна? (HealthcareBrew)
Мэд: Netflix-н хаягаа хуваалцаж үздэг хүмүүс ч баларлаа даа. (CNBC)
Сонирх: Ажилтнууд CEO-гоо нийгэм, ЭЗ асуудал дээр манлайлаасай гэж хүсдэг. (BusinessPlus)
Үз: Илон Маскийн улс төрийн дэмжлэг. (MSNBC)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply