• Lemon Press
  • Posts
  • 🤏 Үнэн, худлын хоорондох бяцхан зураас

🤏 Үнэн, худлын хоорондох бяцхан зураас

ҮЦК-иудын ашиг | Сонгууль ба хиймэл оюун ухаан | LP санал асуулга

POWERED BY

Morning! Өнөөдрөөс эхлээд бүх автобусанд зорчиж буй хүний толгойг тоолдог системийг суурилуулах нь. Энэ нь картаа уншуулсан хүн болон автобусанд байгаа хүмүүсийн тоог тэнцэж байна уу, үгүй юу гэдгийг шалгах зорилготой. Монголчуудын туулайчлах сэтгэлгээ төр засгийг ингэтэл нь зовоох гэж. 😂 

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

MSE: Сүү ХК (SUU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 24-нд болох бол Ард Даатгал ХК (AIC)-ийнх 4 сарын 23-нд болно

UB: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-н блок 2024 оны 10-р сард ашиглалтад орох төлөвтэй байна.

🤑 ТОП-10 ҮЦК-ийн ашиг = ₮19.8 тэрбум

Таны харилцдаг ҮЦК хэдэн төгрөгийн ашигтай ажилладаг гэдгийг мэдэх үү? МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК байдгаас 38 компани 2023 оны тайлангаа гаргажээ. Тэдний ашгийг жагсаан харвал ТОП-10 ҮЦК нийт ₮19.8 тэрбумыг олсон байна. Сайн гэсэн үг үү, муу юу? 

ТОП-10-н чансаа: -13.2%

2022 онд ашгаараа тэргүүлсэн ТОП-10 ҮЦК-ийн нийт ашгийн хэмжээ ₮22.8 тэрбум байсан бол өнгөрсөн оны ТОП-10-н ашиг уг дүнгээс 13.2% буурсан байгаа юм. Уг жагсаалтын өөрчлөлтийг харахад 3 компани хасагдаж, 3 компани нэмэгдсэн байна. Тэднээс онцлоход,  

  • Хэн хасагдав? Ашгаараа тэргүүлэгч ТОП-10 ҮЦК-ийн жагсаалтаас Инвескор Капитал хасагдав. Тэдний ашиг жилийн өмнөхөөсөө 87.3% буурч ₮101.8 сая болсноор ийнхүү арчигдлаа. 

  • Хэн нэмэгдэв? Харин 2022 онд алдагдалтай ажиллаж байсан 3 компани ТОП-уудын эгнээнд нэгджээ. Тодруулбал, ₮809 саяын алдагдалтай ажиллаж байсан Ард Секьюритиз өнгөрсөн онд ₮307.3 саяын ашигтай ажилласнаар жагсаалтад нэмэгдэв. Нэмээд БиДиСЕК ХК (BDS) болон Эм Ай Си Си акулуудын эгнээнд нэгдлээ.

  • Титэм хэнд шилжив? 2022 онд Ти Ди Би Капиталын ашиг галзуу хурдаар нэмэгдэж ₮11.3 тэрбумд хүрснээр ТОП-10 ҮЦК-ийн нийт ашгийн бараг тал буюу 49.5%-ийг бүрдүүлж байв. Харин энэ жилийн хувьд тэргүүлэгчийн титэм Голомт Капиталд шилжлээ. 

Тэд хэр идэвхтэй байв?

Цаашлаад тэдний өнгөрсөн онд хийсэн нийт арилжааны дүнг харвал, өмнөх жилээсээ 25% өсөж ₮1.5 их наядад хүрсэн байна. Угаас өнгөрсөн онд 6 компани IPO хийсэн хойно арга ч үгүй биз ээ. 

  • Ямар нөлөө байна? Энэ бүхнээс бид ҮЦК-иудын өрсөлдөөн эрчимжиж, арилжааны идэвх нэмэгдсэнийг харлаа. Энэ нь шимтгэл, хураамж буурах, шинэ үйлчилгээ нэвтрэх, үйлчилгээний чанар сайжрах зэрэгт нөлөөлж буй. 

  • Үр ашиг 🆙: Түүнчлэн ҮЦК-иудын арилжааны идэвхжил нэмэгдсэнээр үнийн саналын зөрүүг багасгах, үнийн хэлбэлзлийг бууруулах зэргээр зах зээлийн хөрвөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.

Эцэст нь, нэг цаг үеэ бодоход ХЗЗ-ийн хөгжил нэмэгдээд ҮЦК-иудын өрсөлдөөн ч ширүүсээд ирлээ. Заа тэгээд хөрөнгө оруулагч нар ҮЦК-иа сонгохдоо ямар бүтээгдэхүүнд илүү мэргэшсэн, хэр их орлого олдог, хэр найдвартай вэ гэдгийг анхаараарай.

📃 ADB-н эргэн тойронд

ADB: Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүнчлэн компани ногдол ашиг олгох өдрөө 2024 оны 7 сарын 4 байсныг 4 сарын 22-ны өдөр болгон өөрчиллөө. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ он гарсаар 11% унаж ₮106.8 болоод байна.

🥶 Хэрээс хэтэрч буй хиймэл оюун ухаан

Энэ жил 4 тэрбум хүн сонгуульд оролцох бөмбөрцгийн гэх тодотголтой сонгуулийн жил тохиож байгаа. Харин энэ үеэр хиймэл оюун ухаан буюу AI томоохон хэрэг тарих төлөвтэй дэг шүү.

Үнэн, худлын хоорондох бяцхан зураас

Өнгөрсөн онд AI-р бүтээсэн зураг, бичлэг, дуу (Deepfake)-ны тоо дэлхий даяар 10 дахин, Ази, Номхон далайн бүсэд 16.3 дахин өсжээ. Гол асуудал нь хөгжлийнхөө ид үе дээр явж буй AI улс төр, тэр тусмаа сонгуулийн талаар худал мэдээлэл тараагаад эхлэв.

  • Deepfake-р бүтээв: Өнгөрсөн 2-р сард болсон Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэртээ 16 жилийн өмнө тэнгэрт одсон тус улсын удирдагч булшнаасаа босож ирээд намынх нь нэр дэвшигчийг сонгоорой гээд уриалаад сууж байв. Цаашлаад саяхан Жо Байдены Нью-Хэмпшир дахь америкчуудыг анхан шатны сонгуульд оролцох хэрэггүй гэх аудио ч цацагдсан. Мэдээж бүгд Deepfake-н бүтээл.

  • Хамгийн эмзэг: Гол нь Crowd Strike-н хэлж буйгаар Deepfake-р бүтээсэн худал мэдээлэлд Ази, Номхон далайн бүс нутаг хамгийн их өртөхөөр байгаа гэнэ. Учир нь тус бүс дэх улс орнуудын дийлэнхэд нь AI-г зохицуулсан хууль, журам байхгүйн дээр иргэд нь ч тус технологид хууртагдах магадлал өндөр байгаа аж.

Хариуцна

Цаашлаад, өнгөрсөн 3 жилд цахим сүлжээн дэх зар сурталчилгаагаар дамжуулан үйлдэгдсэн залилангийн гэмт хэрг 274% өсөөд буй. Улмаар үүний эсрэг технологийн томчууд хамтран ажиллахгүй бол горьгүй нь гээд хариу арга хэмжээ авахаар болсон. Гэхдээ… 

  • Хэн хариуцлага хүлээх вэ? Өнгөрсөн 2-р сард Microsoft (MSFT), Meta (META), Google (GOOG), TikTok-с эхлээд 20 компани сонгуулийн үеэр AI ашиглан худал мэдээлэл тарааж буй хүмүүстэй тэмцэхээр хамтран ажиллахаар болсон. Улмаар Meta гэхэд FB, IG дээр сонгуультай холбоотой мэдээлэл түгээхийг хориглож бусад нь Deepfake-г платформоосоо устгаад явах бололтой.

Гэхдээ өдөр бүр хэдэн мянгаараа тасралтгүй гарч ирэх Deepfake-н армийн эсрэг хэр үр дүнтэй байх бол?

Монголд ч гэсэн 

Монголд ч AI ашиглаад Ерөнхийлөгчийг хятадаар ус цас ярьж буй бичлэг тараад бөөн юм болсон доо. Нэг талдаа тоглоом шоглоом болгоод өнгөрсөн ч түүнд итгэх хүмүүс хэр олон билээ дээ. Сонгууль дөхөж байгаа тул гадна, дотнын гэлтгүй бүхий л мэдээлэлд шүүлтүүртэй хандахгүй бол AI-д хууртагдаад худал мэдээлэл тараагаад явж байх вий… 

Нэгэнт Deepfake-н талаар ярьсных хэдүүлээ ч өөрсдийгөө сориод үзэх үү? Доор алдарт Эйфелийн цамхагийн зургийг орууллаа. Аль нь жинхэнэ зураг, аль нь AI-р бүтээсэн зураг болохыг ялгаж чадах уу? 🔎 

Таасан бол бидэнд хариултаа илгээж аль нь жинхэнэ зураг гэдгийг мэдээрэй. Ойр хавийн хүмүүсээрээ ч таалгаад үзэхэд гэмгүй шүү.

DNA India

🔹Казакстан болон Азербайжан хамтран $300 саяын хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болов. Уг сан нь талуудын тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна Төв Азийн орнууд руу ч чиглэх аж. Сонирхуулахад, Азербайжанд Казахстаны ХО-тай 200 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. 

🔹Малын арьс ширний 55.6%-ийг гүн боловсруулж, экспортод гаргана. Тодруулбал, нийслэл болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо тус асуудлаар санамж бичиг байгуулж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

🔹Coinbase (COIN) хөрвөх боломжит бонд гаргаж $1 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Тус бондыг 2030 онд төлж дуусгах бөгөөд компанийн гадаад өр, үйл ажиллагаанд зарцуулах аж. Түүнчлэн бондын хугацаа дуусахад хөрөнгө оруулагчид ХО-аа тэдний A ангиллын хувьцаа болгон хувиргаж ч болно гэнэ.

🔹Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 24% өсөж ₮37.6 их наядад хүрлээ. Үүнд төгрөгийн хадгаламж 35.8% өсөж ₮17.6 их наяд, харилцах 53% өсөж ₮8.6 их наядад тус тус хүрсэн нь нөлөөлсөн юм. Харин валютын хадгаламж тус хугацаанд 15.6% буурч ₮4.9 их наяд болжээ.

  • Зөнөөд байна уу даа? В.Путин:Финланд НАТО-д элсэх юм бол цөмийн дайн эхлүүлж чадна!” гэсэн чинь Финланд аль хэдийн НАТО-д элсчихсэн байх үед… (TheSun)

  • Аль сургууль төгслөө? Америкийн улс төрчдийн гаргаж байсан хамгийн тэнэг шийдвэрүүд. (RollingStone)

  • Редакцаас санал болгож байна: Дулаараад сэтгэл санаа ч дагаад гоё байгаа өдрүүдэд сонсох дуу. (JustChillin)

  • Яаж зүрхэлж байна аа! Америкийн сонгуульд гаднаас нөлөөлөгсөд. (Intelligence.senate)

Энэ хүрээд Lemon Press-н 758 дахь дугаар танд хүрлээ. Хамт байсан уншигч нартаа баярлалаа. Баяртай. 👋

За, за тоглосон шүү. Лимонууд нь шинэ юм туршиж үзэх гээд товхимолдоо санал асуулгын булан нэмж байгаа юм.

Өнөөдрийн товхимол хэр байв? Санал хүсэлт байна уу?

Login or Subscribe to participate in polls.

Нэмэлт санал, хүсэлт байвал хүлээж авахад хэзээд нээлттэй шүү. Reply хэсэгт Lemon Press-н товхимлоор юу уншмаар байгаа, юуг засмаар байгаа талаараа бичээрэй. 🤗