- Lemon Press
- Posts
- 📄 Мэдсэн үү? Үнэт цаасны хууль өөрчлөгдлөө
📄 Мэдсэн үү? Үнэт цаасны хууль өөрчлөгдлөө
Lexus GX 550 Монголд | Reddit OpenAI-н хамтрал | Хөдөлмөрийн бүтээмж
POWERED BY
Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлэв үү? Өнгөрсөн улиралд бид бүгдийн хөдөлмөрийн бүтээмж жилийн өмнөхөөсөө 5.1% өссөн байна шүү. Шинэ 7 хоног эхэлж байна даа, улам их бүтээмжтэй ажиллахын төлөө. 💪
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: “Эм Жи Эл Акуа” ХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжааны явц 90.22%-д хүрлээ.
NSO: ДНБ энэ оны эхний улиралд 7.8% өсөж ₮16.5 их наядад хүрэв.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮19.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.
📄 Үнэт цаасны хууль
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гарагт эцэслэн баталсан. Ямар өөрчлөлт гарах билээ?
Онцлог
Манайд хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдаад 33 жилийн нүүрийг үзэж буй. Тэгэхээр бидний хувьд үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөгжил юу юунаас илүү чухал билээ. Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тус зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог аж.
Цөм бүрэн: Тодруулбал, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж (MSE), МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүссэнээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.
Шинэ бүтээгдэхүүний хувьд
Цаашлаад хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах, ОУ-ын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан байна. Нэг ёсондоо өмнө нь үнэт цаасны зах зээлд асуултын тэмдэг байсан зүйлс зохицуулалттай болж байгаа хэрэг.
Нөлөө нь юу байх вэ?
Шинэ өөрчлөлтүүд нь үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг илүү бат бөх болгож буй. Хуулийн хүрээнд шинэ бүтээгдэхүүнүүдийн зохицуулалт орж ирж байгаа нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, түүний бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж, орчин үеийн зах зээлийн дэд бүтцийг бий болгосноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, илүү олон хөрөнгө оруулалтын сонголтуудыг бий болгож, зах зээлийн идэвхжил, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Эцэст нь… Бид тун удахгүй уг хуулийн заалт болон банкны хуулийн эргэн тойрны талаар дэлгэрэнгүй тоймлоно. Иймэрхүү хуулийн заалт, өөрчлөлтүүд хөрөнгө оруулагч бидний хувьд анхаарч байх ёстой чухал зүйл билээ. Stay tuned! 🔥
👀 INV: ББСБ-ын салбарын 13.9%
INV: Өнгөрсөн онд Инвескор ББСБ ХК салбарынхаа нийт зээлийн багцын 13.9%-ийг эзэлжээ. СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан 529 ББСБ байдаг бөгөөд тэдний зээлийн багц тус онд ₮7.1 их наядад хүрсэн байдаг. Цаашлаад Инвескор ББСБ ХК-ийн тухайд зээлийн багц нь өнгөрсөн онд 2022 оноос 79% өсөж ₮504 тэрбум, нийт харилцагчийн тоо нь 27% өсөж ₮231 мянгад тус тус хүрээд буй. Сонирхуулахад, компанийн зээлийн багцын хамгийн их буюу 59%-ийг бизнесийн зээл эзэлжээ.
🚗 Бартаат замын мангас
Lexus брэндийн автомашинуудыг тансаг зэрэглэлийн, тав тухтай гэдгээр нь л олон хүн таашаадаг даа. Тэгвэл тус компани 14 жилийн дараа бартаат замд зориулагдсан загвар болох Lexus GX 550-г шинэчлэн зах зээлд гаргаад буй. Юу нь шинэлэг байв?
14 жилийн дараах шинэчлэлт
Тодруулбал, тус автомашин үйлдвэрлэгчид 2002 оноос эхлээд бараат зам, уул хаданд өлхөн явчих чадалтай Lexus GX загварыг Хойд Америкийн зах зээлд худалдаанд гаргаж байв. Улмаар өнгөрсөн оны сүүлээр Lexus GX-н 3 дахь үе болох Lexus GX 550-г олон нийтэд танилцуулсан юм.
Гол үзүүлэлт
Хөдөлгүүр: Тус загвар нь 349 морины хүчтэй, 650 ньютен метр эргүүлэх хүчтэй, V6 хос турбо хөдөлгүүртэй аж. Энэ нь компанийн GX-д суурилуулсан хамгийн хүчирхэг хөдөлгүүр гэнэ лээ шүү.
Хамгийн том дугуйтай: Цаашлаад, бартаат замд зориулагдсан загвар гэх утгаараа Lexus тус автомашинд брэндийнхээ түүхэн дэх хамгийн том дугуй буюу 33 инчийн All-Terrain дугуйгаар тоноглоод буй.
Харин технологийн хувьд бартаат замын жолоодлогын үед хөдөлгүүрийн эргэлт болон 4 дугуйнд ирэх мушгих хүчний хуваарилалтыг автоматаар жолоодох Crawl control, автомат тэнцвэржилтийн систем E-KDSS-тэй бөгөөд мэдээж Lexus-н бэлгэ тэмдэг болсон замын нөхцөлийг хянах 360 хяналтын камераа ч мартаагүй аж.
Гэснээс, Lexus GX 550 автомашины Монгол дахь нээлт 5 сарын 25-нд болох бөгөөд үүнтэй холбоотойгоор тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрьбютер Lexus Mongolia “Experience Space” үзүүлэнгийн байгууламжийг босгож байгаа гэсэн аж. Арга хэмжээний талаар нэгэн нууц задлахад, тус байгууламж проктер ашиглан бүтээсэн “Immersive room” буюу интерактив виртуал өрөөтэй байх бөгөөд 14 хоногийн турш буюу 6 сарын 7-ийг дуустал зохион байгуулагдах аж.
Нэг үеэ бодоход Монголд ч автомашины нээлтийн арга хэмжээ гаднын орнууд шиг сонирхолтой зохион байгуулагддаг болсон нь авууштай юм даа.
Энэ оны эхний улиралд өрхийн сарын дундаж орлого өмнөх оноосоо 28% өсөж ₮2.4 сая болжээ. Харин бодит орлого 19.8% өсөж ₮1.7 сая болсон байна. Тэгвэл өнгөрсөн 3 жилийн өдийд хэд байсныг нь харцгаая.
2021 он: Дундаж орлого ₮1.4 сая, бодит орлого ₮1.4 сая
2022 он: Дундаж орлого ₮1.8 сая, бодит орлого ₮1.5 сая
2023 он: Дундаж орлого ₮1.9 сая, бодит орлого ₮1.4 сая
Жич: Бодит орлогын дүнг тооцохдоо үнийн нөлөөллийг арилган 2020 оны үнэтэй зэрэгцүүлсэн үнээр тооцсон аж.
MediaPost
🍋 Reddit (RDDT) Open AI-тай хамтарч ChatGPT-д контентоо нийлүүлнэ. Тус мэдэгдлийн араас Reddit-н хувьцааны үнэ арилжаа хаагдсаны дараа Баасан гарагт 13% өсөж $64.5-д хүрчээ. Тэдний хамтралын ачаар Reddit орлогын эх үүсвэрээ солонгоруулах төдийгүй OpenAI-д сурталчилгааны шинэ түнштэй болох боломжтой юм.
🍋 ХушХан Брэнд Монголд анх удаа Епропын Холбооны Органик стандартыг ханган гэрчилгээжсэн хүнсний салбарын анхдагч брэнд боллоо. Уг стандарт нь түүхий эдийг бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эко системд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад олгогддог баталгаажуулалт юм.
🍋 ХААН Банк (KHAN) Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас $20 саяын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд тус бүр $10 саяыг зарцуулах аж. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлд санхүүжилтийн $5 саяыг зарцуулахаар төлөвлөжээ.
🍋 Өнгөрсөн улиралд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин өмнөх улирлаасаа 0.7 нэгж хувиар өсөж 8.4% болжээ. Харин 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая буюу 59.4% нь ажиллах хүч, 933.3 мянга буюу 40.6% нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байсан аж. Сонирхуулахад, тус хугацаанд ажилгүйдлийн түвшин өмнөх оноосоо 0.5 нэгж хувиар буураад буй.
Аялал: 114 жилийн түүхт хөл бөмбөгийн клубийн тоглолтыг үзэхээр Монголоос 14,000 км гаруй дугуйн аялал хийсэн Монгол залуу. (X)
Мэтгэлцээн: Жо Байден болон Дональд Трампийн мэтгэлцээн 6-р сард болно. (TheWashingtonPost)
Мэдэгдэл: Нам, эвслүүд сонгуульд нэр дэвшүүлэх эрх олгохдоо мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авах хориотой. (GEC)
Зуршил: Ургуулан бодох урлагт гүн орсон уншигч нартаа. (Forbes)
Даваа: УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл хаагдана.
Мягмар: Монголбанк өнгөрсөн 4-р сарын ипотекийн тайланг танилцуулна шүү.
Лхагва: Үргэлжлүүлээд Өмнөд Солонгосын төв банкнаас бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.
Пүрэв: Америкийн нөөцийн банкнуудын нөөцийн үлдэгдэл гарна.
Баасан: Гадаадын хөрөнгө оруулалтын позицын тайлан гарах юм байна даа.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply