- Lemon Press
- Posts
- 🚀 LEND: Ашиг пуужиндав
🚀 LEND: Ашиг пуужиндав
Төрөлт буурав | Хятадын хөгжлийн шинэ философи | Ипотекийн зээл
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдөр “Дэлхийн тархины өдөр” тохиож байна. Энэ өдөр бол тархины эрүүл мэнддээ анхаарах өдөр юм шүү. Хаа сайгүй стресс, ядаргаатай байгаа хойно эрүүл мэндээ хайрлаарай. 🧠
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 23% нэмэгдэж ₮953.8 тэрбум болжээ.
MSE: БиДиСЕК ҮЦК ХК (BDS)-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Лхагвадорж томилогдлоо.
MOE: ЕБС-ийн хичээлийн жилийг 3 улиралтай байхаар, нэмээд сурагчдад зориулсан бие даан суралцах хөтөлбөртэй байхаар баталжээ.
🔽 Төрөлт буурав. Юу болох вэ?
Монголын үрс маш олон болтугай гэдэг дээ. Гэтэл цаана чинь энэ оны хагас жилд төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөсөө 12.6% буурч 28.8 мянга болжээ. Тэгэхээр юу болно гэсэн үг вэ?
👇 Бууралт
Төрсөн хүүхдийн тоо болон амаржсан эхийн тоо буурснаар 1000 хүнд ногдох төрөлт 10 жилийн өмнө 13.6 байсан бол одоо 8.4 болж 5.2-оор буурсан байгаа юм. Харин 1000 хүнд ногдох нас баралтын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд ижил түвшинд буюу 2.5-2.6 орчимд байна.
Өсөлтийн хурд ➡️ 🐢: Нас баралтын түвшин ижил түвшинд байгаа ч жил ирэх тусам төрөлтийн тоо буурч байгаа нь хүн амын цэвэр өсөлтийн хурдыг сааруулж буй. Энэ ч утгаараа 1000 хүнд ногдох цэвэр өсөлт 2015 оны эхний хагас жилийн эцэст 10.9 байсан бол одоо 5.9 болж буурчээ.
❓ Цаашид юу болох вэ?
Одоогийн байдлаар манай нийт хүн амын 38.8%-ийг 0-19 насныхан, 42.9%-ийг 20-49 насныхан, 18.2%-ийг 50+ насныхан бүрдүүлж байгаа. Төрөлт буурч, хүн амын өсөлтийн хурд саарч буй нь урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт оруулж, ахмад настны тоо нэмэгдэх, залуу үеийн тоо буурах нөхцөл байдлыг бүрдүүлснээр өнөө манай өөдөлдөггүй тэтгэврийн системд дарамт учруулах юм. Одоо НДШ төлж буй 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж байгаа бол 2040 он гэхэд 8 хүнийхийг төлдөг болно гээд байгаа.
📝 Бусдын жишиг: Зөвхөн манай улсад ч биш хаа сайгүй төрөлт буурч байгаа. Япон, Герман, Итали зэрэгт байдал хүндэрч хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолын асуудал нь шүдний өвчин болсон. Оросын ЗГ ч мөн төрөлтийн урамшуулал, хүүхдийн тэтгэмж зэрэг бодлого хэрэгжүүлж байна.
💭 Шийдэл нь юу байх вэ?
Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодгийн нэг нь манайх. Мөн төрөлтийг дэмжих цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж буй. Гэхдээ одоогийн нөхцөл байдал энэ олон хөтөлбөрийн үр дүн тийм ч өндөр биш байгааг харуулж байна. Тэгэхээр арай өөр төрлийн бодлого нэмсэн нь дээр болов уу. Гэхдээ УИХ-д хамгийн олон суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрт бол төрөлтийг дэмжих сонин содон зүйл харагдсангүй. Асуудал нь хоолойд тулахаар л шийдэл ярьж эхэлдэг улс даа.
🚀 LEND: Ашиг пуужиндав
LEND: Энэ оны эхний хагас жилийн байдлаар ЛэндМН ББСБ-ын нийт зээлийн багц ₮180.1 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 107.5% өсжээ. Нийт зээлийн багцын ₮30.5 тэрбум нь бизнесийн зээлийн багцаас бүрдэж буй. Улмаар нийт орлого ₮39.7 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 90.4% нэмэгдсэнээр цэвэр ашиг ₮17.1 тэрбумд хүрч мөн үеэс 106% өссөн аж. Мөн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.6% болж буурсан байна.
📖 Хятадын хөгжлийн шинэ философи
Өнгөрсөн 7 хоногт Хятадын Коммунист Нам (ХКН)-ын Төв хорооны III их хурал болж өнгөрлөө.
ХКН–ын Төв хороо эрх барих 5 жилийн хугацаандаа ойролцоогоор 7 удаа их хуралддаг ба үүнээс III их хурал нь эдийн засгийн асуудлыг голчлон хэлэлцдэг тул хамгийн өндөр ач холбогдолтой байдаг.
🔋 Эдийн засаг ба инновац
Тус хурал 4 өдөр үргэлжилсэн бөгөөд хурлаас гарсан мэдэгдэлд Хятад урт хугацаандаа дэвшилтэт технологид эрчимтэй хөрөнгө оруулж иргэдийнхээ аж амьдрал, бүтээмжийг өсгөх аж. Цаашлаад Хятадын хөгжлийн шинэ философи нээлттэй байдалд тулгуурлана хэмээн онцолсон нь анхаарал татахуйц байв. Тэгэхээр ирэх жилүүдэд Хятад эдийн засгаа илүү нээлттэй болгож гадаадын шууд хөрөнгө оруулалттай зохицуулалтыг хөнгөвчлөх бололтой.
🗝️ Боловсрол, ШУ бол бүхний үндэс: Түүнчлэн эрх баригчид эдийн засгийн шинэчлэлийг далайцтай хийхээ мэдэгдсэн бөгөөд ингэхдээ боловсрол, шинжлэх ухаан, технологи, авъяас чадвар нь Хятадын шинэчлэлийн үндсэн ба стратегийн тулгуур болно хэмээн зарлаад буй.
🇨🇳 Хятад онцлогтой социализм: Ингэж шинэчлэлт хийснээр тэд энэ зууны дунд үе гэхэд бүх талаараа орчин үеийн агуу социалист орон болох гэнэ. Тодруулбал, 2035 он гэхэд Хятадын онцлогтой социалист зах зээлийн эдийн засгийг бүх талаар бүтээн байгуулж, төгөлдөржүүлсэн байх болно л гээд байгаа.
🥊 Хариу цохилт
Цар тахлаас хойш Хятад удааширч буй эдийн засгаа аврахаар чип, цахилгаан автомашин (EV) тэргүүтэй барууны хоригт ороод зогсонги болсон технологиудыг дотооддоо хурдацтай хөгжүүлэх болсон. Гэсэн ч Америк, ЕХ гаалийн тарифаа үе шаттай нэмж байгаа нь Хятадыг ахиад л мухардуулж буй.
Эцэст нь… Ши Жиньпин 2 жилийн өмнө 3 дахь удаагаа улиран сонгогдсоноос хойш шинэчлэл, нээлттэй байдлыг дэмжих талаар олонтоо ярих болсон. Гэсэн ч одоогоор Хятад руу орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хумигдаж, эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байгаа. Тус хурлыг ажиглаж суухад тэрбээр улиран сонгогдохдоо ирэх 5 жилд ийм л Хятадыг бүтээнэ гэсэн мөрийн хөтөлбөрөө л ярилаа. Хэзээний л улсынхаа ирээдүйг 5, 5 жилээр төлөвлөж түүнийгээ дагадаг Хятадын хувьд юутай ч өөрсдийн онцлогтой социализмыг төгөлдөржүүлэх нь ирэх жилүүдийн гол зорилт байх нь ээ.
УИХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны 7 сарын 2-9-ний хоорондох ирцийг танилцууллаа.
3 удаа: Тус хугацаанд болсон нийт хуралдааны тоо
4: 126 гишүүнээс хурлаас 1 удаа чөлөө авсан гишүүдийн тоо
2: 126 гишүүнээс хурлаас 1 удаа эмнэлгийн чөлөө авсан гишүүдийн тоо
6: 126 гишүүнээс хурлыг 1 удаа тасалсан гишүүдийн тоо
🛠️ Таны зээлийн оноо хэд вэ?
БүрэнОНОО зээлжих зэрэглэлийн оноо нь зээл болон төлбөр тооцоо, орлого, хувь хүний түүхэн мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн зан төлөвийг илэрхийлэх хэрэгсэл юм.
Жишээлбэл, зээл авахад зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагатай байдаг. Үүнийг Монголбанкнаас жагсаалт хэлбэрээр буюу тухайн иргэн “зээлтэй юу, зээлгүй юу, тэр нь хугацаа нь хэтэрсэн үү, үгүй юу” гэсэн ангиллаар гаргадаг ба зөвхөн зээлийн мэдээлэл дээр нь үндэслэн “сайн” эсвэл “муу” гэж ангилдаг байна.
Харин зээлжих зэрэглэлийн оноо нь хүмүүсийн зээлийн түүхийг сайн, муу гэж ангилахгүйгээр, эрсдэлийн интервалуудад хуваан, тухайн хүний санхүүгийн нөхцөл байдалд илүү бодитой үнэлгээ хийх боломжийг олгож буй.
🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.
AdamBrandon
🍋 Netflix (NFLX)-н дэлхий даяарх төлбөртэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилийнхээс 16.5% өсөж 278 саяд хүрснээр шинжээчдийн таамаглалыг давжээ. Харин зар сурталчилгаанд суурилсан хэрэглэгчдийн тоо II улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34% өссөн аж. Сонирхуулахад, компанийн орлого II улиралд мөн үеэс 17% өсөж $9.5 тэрбумд хүрсэн байна.
🍋 Голомт Банк (GLMT)-ны 2024 оны II улирлын эцсээрх татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өсөж ₮273.1 тэрбумд хүрэв. Банкны нийт актив 33.6% өсөж ₮12.3 их наядад, өөрийн нийт хөрөнгө 34.3% өсөж ₮1.1 их наядад, цэвэр зээл 59.1% өсөж ₮6.4 их наядад, харилцагчийн эх үүсвэр 19.2% өсөж ₮7.2 их наядад хүрээд буй.
🍋 Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь өнгөрсөн онд ашигтай ажилласан байна. Тодруулбал, Зорчигч тээвэр III, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж төв, Хөрөнгө оруулалтын газар, Гэрлэх ёслолын ордон зэрэг багтаж буй. Эдгээр НӨААТҮГ-ын тайлангийн цэвэр ашгаас ₮1.3 тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж.
🍋 Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн Корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5-р сарын эцэст ₮8.3 их наяд болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.4% буюу ₮1.5 их наядаар өссөн үзүүлэлт аж. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7%-ийг хэвийн зээл, 1.3%-ийг анхаарал хандуулах зээл, 1%-ийг чанаргүй зээл эзэлж байна.
🍋 Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүнээр ахин 5 жил ажиллана. Тэрбээр анх 2019 онд Европын Комиссын тэргүүнээр сонгогдож байсан бөгөөд энэ удаад шаардлагатай саналын тооноос 41 санал илүү авч нийт Европын парламентын 401 гишүүний дэмжлэгтэй улиран сонгогдсон юм.
Танилц: ChatGPT-н хямд үнэ, бага хэмжээтэй хувилбар. (QZ)
Унш: Дижитал шилжилтийг Монголд түүчээлж буй эмэгтэй CEO нар. (CEOmagazine)
Мэд: Яагаад Биткойн өнөө цагийн хөрөнгө оруулагчдад чухал гэж? (YahooFinance)
Сонирх: Аль улсын улс төрчид хамгийн өндөр настай вэ? (TheEconomist)
Даваа: Германы жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард хэр байсантай танилцана.
Мягмар: Microsoft, Tesla болон Google-н хагас жилийн санхүүгийн тайлан гарах юм байна даа.
Лхагва: Qualcomm болон IBM-н ээлжит санхүүгийн тайлан танилцуулагдана.
Пүрэв: Араас нь Amazon өнгөрсөн улиралд хэр ажилласнаа тайлагнах нь ээ.
Баасан: Эцэст нь Exxon Mobil-н ээлжит санхүүгийн тайлантай танилцсанаар энэ 7 хоногийг өндөрлүүлж байна.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply