- Lemon Press
- Posts
- 🥊 Инфлүнсэрүүд ба сонгууль
🥊 Инфлүнсэрүүд ба сонгууль
Хөгжлийн банк ба эрчим хүчний салбар | LEND-н хувьцааны үнэ | Монголын газрын ховор элемент
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Энэ онд Улаанбаатарын 99 байршилд 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн гэсэн дээ? Одоогоор 398 мянга гаруй цэцэг тарьсан гэнэ ээ. Өвлийн турш саарал байдаг хот маань ядаж зундаа өнгөлөг байвал яамай даа. 🌻
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Ашид Капитал ББСБ ХХК-ийн гаргаж буй Simple III бондын анхдагч зах зээлийн арилжааны явц 52.43%-д хүрээд байна.
MIN: Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны баяжмалыг арилжихаар болсноос хойш анх удаа “Монголросцветмет” ТӨҮГ-ын 4,355 тн хайлуур жоншны баяжмалыг ₮5.3 тэрбумаар арилжжээ.
FED: Холбооны Нөөцийн Сан Лхагва гарагт бодлогын хүүгийн шийдвэрээ зарлахдаа одоогийн 5.25%-5.5%-ийн түвшинд тогтвортой байлгах төлөвтэй байна.
🎙️ Хөрөнгийн зах зээлийн хөгжил ба бодлого
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргалын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн бодлогын талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Дараагийн 4 жилд, 10 жилд хаана хүрэх вэ?
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, арилжааны хэмжээ, арилжаанд оролцогчдын тоо, зах зээлийн үнэлгээ нэмэгдэж байна. Мэргэжлийн оролцогчдын хувьд маш завгүй, ихийг хийж бүтээсэн он жилүүд өнгөрсөөр. Хөрөнгийн зах зээл өсөлтийн дараагийн шатандаа гарахад нэг л зүйл дутагдаж байгаа нь хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээл, даатгал, татварыг уялдуулсан макро эдийн засгийн алсын хараатай “Цогц бодлого”.
🏦 Хөгжлийн банк эрчим хүчний төслүүдийг хэрхэн дэмжиж байна вэ?
Өнгөрсөн 7 хоногт Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн нээлт боллоо. Уг төслийг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Ер нь Хөгжлийн банк эрчим хүчний салбарт ямар төслүүдийг санхүүжүүлж байна вэ?
Эрчим хүчний салбар дахь хувь нэмэр
Хөгжлийн банк нь томоохон төсөл хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгох замаар шинээр хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийг дэмжиж ирсэн. Дорнод аймаг дахь Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төсөл л гэхэд нийт $81.9 саяын өртгөөр боссон аж.
73.3%: Уг төслийн нийт өртгийн 73.3%-ийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк $60 сая буюу ¥420 саяын санхүүжилтийг Хятадын Хөгжлийн банкны эх үүсвэрээр босгосон байна. Энэ төсөл нь Монголын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжсэн онцлох төслүүдийн нэг аж.
Ач холбогдол: Түүнчлэн Чойбалсангийн ДЦС-ыг 50МВт-аар өргөтгөснөөр тус бүсийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй ААН болон уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг эрчим хүчээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ. Нэмээд Чойбалсан хотын 800 гаруй ААН, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангах аж.
Олон олон төсөл
Манай эрчим хүчний салбарт хэрэгцээтэй санхүүжилтүүд их бий. Сүүлд л гэхэд нийслэлийн хэмжээнд эрчим хүчинд ₮6.6 их наяд, сэргээгдэх эрчим хүчинд ₮720 тэрбум, дулаан хангамжид ₮1.4 их наяд зэргээр нийт ₮110.7 их наядын санхүүжилт шаардлагатай гэх тооцоолол гарсан. Энэ ч утгаараа Хөгжлийн банк өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хэд хэдэн төслийг санхүүжүүлж иржээ. Тодруулбал,
+212.0 МВт: ДЦС-4 ТӨХК-ийн 123.0 МВт-н өргөтгөл, Турбоагрегат №1-4 шинэчлэл төсөл амжилттай хэрэгжжээ. ДЦС-4-ийн өргөтгөлд $59.7 саяын санхүүжилт олгосон бол Турбоагрегатынхд €77.5 саяыг зарцуулсан аж. Улмаар эрчим хүчний үйлдвэрлэл нийт 212.0 МВт-аар нэмэгдэж буй.
$75.9 сая = 1 станц: 2013-2015 онд $75.9 саяар Амгалан дулааны станц барих төслийг хэрэгжүүлсэн. Улмаар Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатарын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9%-ийг хангажээ. Харин 2023 онд ₮42.7 тэрбум, 2024 онд ₮3.2 тэрбумын санхүүжилтээр уг станцыг 116 МВт-аар нэмж өргөтгөсөн аж.
Эцэст нь… Хөгжлийн банкны зарим санхүүжилт зөв салбартаа зарцуулагдаж ажил хэрэг болж буй нь сайшаалтай. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг ч санхүүжүүлээд дорвитой үр дүн гаргавал ч…
🖼️ Дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Италийн сэргэн мандалтын төлөөлөгч, алдарт зураач Караважжогийн “Магдалэний наминчлал” эх зургийг Монголд анх удаа дэлгэж, олон нийтэд 2 сарын хугацаанд танилцуулж байна. Энэхүү үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музей Италиас Монголд суугаа Элчин сайдын яам, Brera Holdings-н дэмжлэгтэй хамтран хүргэж буй юм. Сонирхуулахад, Brera Holdings-н эзэмшдэг Brera Ilch баг монголын хөлбөмбөгийн дээд лигт тоглодог аж.
📍 Хаана: Чингис хаан Үндэсний музейн 9 давхарт
⏱️ Хэзээ: 5 сарын 3-наас 6 сарын 30 хүртэл
🆙 LEND: IPO үнэ х 3.7
LEND: ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үнэ IPO-н үнээсээ 3.7 дахин өсөж ₮91.7-т хүрээд байна. Улмаар тэдний зах зээлийн үнэлгээ ₮67.8 тэрбумд хүрчээ. Тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 4 сарын 29-нд түүхэн дээд үнэ болох ₮96.34-т хүрээд авсан. Компани анх IPO хийхдээ 25%-иа санал болгож ₮5 тэрбумыг босгож байсан бол одоо тэдний 25% нь ₮17 тэрбум болсон хэрэг. IPO-н үнээсээ суга өссөн компаниудын хувьцааг ажиглах ч сайхан шүү.
🥊 Инфлүнсэр импакт
Бөмбөрцөгийн сонгууль гэх тодотголтой 2024 оны сонгуулийн жилийн дийлэнх сонгуулиуд ид дундаа өрнөж, эхнээсээ хариу нь гарч уйлах нь уйлж, дуулах нь дуулж байна. Тэгвэл тэдгээр сонгуульд инфлүнсэрүүдийн нөлөө хэр байв?
Дэмжинэ би!
Саяхан болж өнгөрсөн Энэтхэгийн Лок Сабхагийн сонгуулийн үр дүнд Нарендра Моди 3 дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болоод буй. Түүний сонгуулийн ажилд л гэхэд YouTube дээр 7.3 сая захиалагчтай YouTuber BeerBiceps, 3.3 сая захиалагчтай Curly Tales-с эхлээд улсдаа ТОП л гэгдэх инфлүнсэрүүд оролцсон юм. Хамгийн сонирхолтой нь Энэтхэгийн ЗГ-аас өнгөрсөн 3-р сард анх удаа улсынхаа шилдэг контент бүтээгчдийг алдаршуулан шагнасан бөгөөд шагнуулсан инфлүнсэрүүдийн 60% нь Наренда Модигийн Бхаратия Жаната намыг дэмжиж явсан гэдэг.
Судалгаа: Үргэлжлүүлээд нэгэн сонирхолтой судалгааг хуваалцахад, TechGlobal Institute-с 2023 оны 2-р сараас эхлээд өнгөрсөн 2 сарын 29 хүртэл Энэтхэг, Филиппин, Кени тэргүүтэй 5 улсын том, жижиг 46 инфлүнсэрийн 1,121 гаруй контентын хандалтыг судалсан аж. Үр дүнд нь тэдгээр инфлүнсэрийн улс төрийн холбогдолтой контент нь бусад контентынхоос 50% гаруй илүү үзэлттэй байжээ.
Хмм: Гэхдээ бот гэж нэг аймар зүйл байдаг болохоор хүмүүс инфлүнсэрүүдийг яг улс төр ярихаар л илүү үзээд байна гэж бодох нь учир дутагдалтай мэт.
Цаашлаад, Жо Байден, Дональд Трамп ч залуу сонгогчдод аятайхан харагдах гээд фронтын шугам дээр инфлүнсэрүүдийг дайчилж буй.
А.К.А үзэл бодлоо илэрхийлэх арга
Үргэлжлүүлээд УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед энд, тэнд үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй инфлүнсэрүүд ч эхнээсээ гарч ирж байгаа. Товчхондоо дагадаг шүтдэг хүмүүсийн маань ихэнх нь сонгуулийн сурталчилгаанд оролцоод эхэллээ. Харин бидэнд ямар хүч байна вэ гэвэл сонгуулийн сурталчилгааны үлдсэн 15 хоногт хаанаас, хэний, ямар агуулгатай мэдээлэл, контент гарч байгаад шүүмжлэлтэй хандаж, өөрийн саруул ухаанаар шүүн тунгааж сонголтоо хийх юм.
Эцэст нь… Ганц Монголд л инфлүнсэрүүд нь сонгуультай хутгалдаад байгаа юу гэвэл үгүй. Гол ялгаа нь сонгогчид инфлүнсэрүүдэд хөтлүүлээд сонголтоо хийж байна уу, үгүй юу гэдэгт оршино. Тэгэхээр өөрийн үнэ цэнтэй саналаа хэнд өгөхөө өнгөрсөн хугацаанд юу хийсэн хүн болох, ирээдүйд юу хийх, улс төрийн ямар үзэлтэй зэргээр одоо л ясыг нь цайтал шүүмжлэлтэй хандах цаг даа. Ай, зарим нэр дэвшигчид маань ч баруун, зүүн зүг гэж мэдэхээс ҮЗЭЛ гэж ялгаж мэдэхгүй хүмүүс байгаа шүү дээ. 🥲
Чухал хурал, илтгэлд цахимаар орж байхдаа ярих зүйлсээ мартсан тохиолдол гарч байсан уу? Тэгвэл энэ удаад хуралд орж байхдаа ч MacOS дээр Notes дээрх тэмдэглэлээ хэрхэн харж болох зальтай арга зааж өгье.
Notes апп-аа нээсний дараа Window -> Keep on Top командыг сонгоод л болоо. Ийм л амархан. 😉
TheJapanNews
🍋 Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх 8-р сард Монголд айлчлахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус улс хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар Хойд Солонгосын талтай мухардалд ороод буй яриа хэлэлцээг урагшлуулах зорилгоор тус айлчлалыг төлөвлөж буй. Японы зүгээс уг асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтийг Монголд хэд хэдэн удаа тавьжээ.
🍋 Монложистикс Холдинг ХК (MLG) хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа сайжруулах зорилгоор мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани болох СММ-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай харилцах суваг, календарь боловсруулах, хөрөнгө оруулалтын түүх, тэдэнд зориулсан танилцуулга, стратеги боловсруулах зэрэг цогц ажлууд хийгдэх аж.
🍋 Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулав. Энэ удаагийн сонгуульд тойрогт 19 нам, 2 эвсэл, бие даан нэр дэвшигчдийг оролцуулан 996 нэр дэвшигч, жагсаалтаар 15 нам, 2 эвслээс 370 буюу нийт 1,336 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа 6 сарын 10-26-ний хооронд явагдана.
🍋 Go Mongolia үндэсний брэндингийг Английн Премьер лигийн FULHAM F.C-тэй хамтран сурталчлахаар болжээ. Тус клуб нь дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй бөгөөд Go Mongolia брэндингийг бүтэн жилийн турш сурталчлах аж. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар тус клубийн хаалгач асан Марк Шварцер Монголд иржээ.
🍋 Монгол никель, лити зэрэг газрын ховор элементийн хайгуул (ГХЭ)-ыг эрчимжүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар Nikkei Asia-д өгсөн ярилцлагадаа дэлхий даяар компаниуд ханган нийлүүлэлтийн тасалдлыг бууруулахын тулд нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийг зорьж буй нь ГХЭ-ийн шинэ ордуудыг илрүүлэхэд түлхэц болж буйг онцлов.
🔎 Европын парламентын сонгуулийн үр дүн
Европын Холбооны парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн Пүрэв гарагт эхэлж 4 хоног үргэлжилсний эцэст Ням гарагт өндөрлөв. Тус сонгуулиар Европын Холбооны 27 орны иргэд парламентын 720 гишүүнийг сонгосон юм. Гэснээс сонгуулийн эргэн тойронд юу болов?
Хэт барууныхан: Санал тооллогын урьдчилсан дүнгээр Хэт барууны үзэлтэй намууд (FRP) парламентад хамгийн олон суудлыг авсан байна. Тодруулбал, баруун төвийн үзэл баримтлалтай Европын Ардын Намын бүлэг (EPP) 185 суудлыг авчээ.
Түүхэн ялагдал: Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны нам 15.2%-ийн санал авч сөрөг хүчин болох Үндэсний чуулган (NR) намд ялагдлаа. Улмаар Эммануэл Макрон парламентын доод танхимаа тарааж сонгуулийн эхний тойргийг 6 сарын 30-нд явуулахаар зарлав. Нөгөөтээгүүр, Германы Канцлер Олаф Шольцын нам ч мөн тус сонгуульд түүхэндээ хамгийн бага буюу 14%-ийн санал авч ялагджээ.
Хүлээлт: Дотроо хагаралтай хэт барууны үзэлтэй намууд парламентад олонх болсноор нэгдмэл байдлын төлөөх Брусселийн хүчин чармайлтыг сааруулах эрсдэлтэй болов.
Эцэст нь… Дэлхийн 2 дахь том ардчилсан сонгууль ийнхүү өндөрлөлөө. Монголд ч парламентын сонгууль болох дөхсөөр байна. Энэ удаагийн сонгуулиар бид 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ тун онцлог. Тиймээс бид нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг сайтар судлах шаардлагатай. Үүнд туслах зорилгоор Тэнгэр ТВ нэр дэвшигчдийг оролцуулсан бодлогын мэтгэлцээнийг 6 сарын 10-26-ний хооронд өрнүүлэхээр болсон байна шүү.
Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)
Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Унш: Сонгууль дөхсөнтэй зэрэгцээд мартаж болохгүй авлигын хэргүүд. (TheDiplomat)
Анхаар: Монгол дахь Америкийн Худалдааны Танхим Засгийн газарт хандан мэдэгдэл гаргав. (AmCham)
Аял: Хүннү Эйр ХХК Хятадын Далянь хот руу 8-р сар хүртэл жуулчдад зориулан тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэнэ ээ. (ChinaDaily)
Танилц: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж бүртгэлийн хорооны гишүүн сонгон шалгаруулж байна. (LemonPress)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply