• Lemon Press
  • Posts
  • 💸 Роберт Фрийдланд юу гэв?

💸 Роберт Фрийдланд юу гэв?

Lead with Orchlon | HSBC ба Хятад

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр “Дэлхийн сансрын 7 хоног 2023” арга хэмжээний сүүлийн өдөр. Тиймээс одон орны зөөврийн үзвэрийг амжиж үзээрэй. 👨‍🚀

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанк энэ оны эхний 9 сард 13.2 тн үнэт металл худалдаж авсан нь жилийн өмнөхөөс 11.8% буурлаа.

NSO: Инфляц 9-р сард 10.1%-тай гарлаа.

CTM: Нийт экспорт өнгөрсөн сарын байдлаар $11.3 тэрбум буюу дээд хэмжээнд хүрснээр гадаад худалдааны ашиг $4.5 тэрбум боллоо.

Э.Орчлон: Хүн чаддаггүй зүйлээ хүлээн зөвшөөрч, өөртөө үнэнч хандвал сайн баг бүрдүүлж чаддаг

Lemon Press-н Lead W/ булангийн анхны дугаарт дэлхийд анх удаа нүүрстөрөгчийн кредитийг өрхийн түвшинд тооцож баталгаажуулдаг платформ бүтээж буй URECA компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Орчлон оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.

Түүний хувьд карьерынхаа ихэнх үеийг сэргээгдэх эрчим хүчний салбарт өнгөрүүлж, дэлхийд хамгийн богино хугацаанд хэрэгжсэн салхин цахилгаан станцын төслийг удирдсан туршлагатай энтрепренер. Харин өдгөө тэр Сингапурт төвтэй байгальд ялгаруулаагүй нүүрстөрөгчөө хэмжиж, үүнийгээ худалдах технологийн шийдэл бүхий гарааны компанийг үүсгэн байгуулалцаж, хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй гол асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн бизнесээ гардан чиглүүлж байна.

🤔 Автомашинаа хэрхэн сонгох вэ?

Тансаг зэрэглэлийн дунд оврын жийп худалдан авахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай!

🔍 Автомашинаа сонгохоосоо өмнө…

Автомашин худалдан авах нь зүгээр нэг талх авахаас хэд дахин илүүтэй толгой гашилгасан асуудал. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийн найдвартай байдал, засвар үйлчилгээний түүх, үйлдвэрлэгчийн баталгаа, жолооны нөхцөл зэргийг харгалзан 5 жилийн дараа засвар хийх магадлал, дахин борлуулах үнэ зэргийг тооцоолж худалдан авалт хийх нь чухал. Мэдээж үүнийг гар аргаар тооны машиндах боломжгүй.

  • CarEdge: Edmunds, KBB зэрэг автомашины судалгаа гаргагчид бий. Эдгээрээс CarEdge нь автомашины элэгдэл, засвар, даатгалын зардал зэргийг багтаасан үлэмж мэдээллийн сан үүсгэжээ. Тэгэхээр тус сайтаас 4 сая гаруй төрлийн автомашины шатахууны зарцуулалт, засвар үйлчилгээний зардал гэх мэт жуман мэдээлэл авч болох нь.

Ямар автомашин авах уу?

Юутай ч автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг авч болдог юм байж. Тэгвэл одоо таны сонголтод тусалж топ 5 тансаг зэрэглэлийн дунд оврын жийпийг харьцуулж үзье.

  • Luxury Midsize SUV? Тансаг дунд оврын жийп гэдэгт тав тух, дээд зэргийн дууны систем, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэрэг функцуудаар тоноглогдсон автомашинууд орох юм.

  • ₮345.5 сая: Уг ангиллын автомашинууд Монголд дунджаар ₮345.5 саяар борлуулагдаж буй. Та уг ангиллын автомашиныг сонговол худалдан авсан эхний 5 жилд засвар хийх магадлал нь дунджаар 22.2% байх аж. Мөн тус хугацааны засвар үйлчилгээний зардал нь дунджаар $4,158 болох юм.

Тэр дундаа: Харин дунд оврын жийп дундаа Lexus RX350 загвар нь зах зээлд үнэ цэнээ хамгийн сайн хадгалж буй. Учир нь уг загварыг өрсөлдөгчидтэй нь харьцуулахад худалдан авснаас 5 жилийн дараа их хэмжээний засвар үйлчилгээ хийх магадлал болон зардал хамгийн бага. Мөн зах зээлд RX350 машины эрэлт өндөр тул бусад загварын автомашинуудын үнэ 5 жилийн дараа дунджаар 43.8% буурах бол Lexus RX350-нх үүнээс 1.6 дахин бага буюу ердөө 28% аж.

Заа тэгээд, автомашин сонгохдоо зах зээлийн үнийн болон тухайн автомашины ангиллын машинуудын үзүүлэлтийг харьцуулж судлах нь ухаалаг хөрөнгө оруулалт болох юм шүү. Мөн манай сошиал хуудсаас жижиг оврын жийп машинуудын үзүүлэлтийг харах боломжтой. Гэснээс энэхүү нийтлэлийн тоо баримт нь дундаж үзүүлэлт бөгөөд бодит байдал дээр өөр байж болно гэдгийг санаарай.

💸 Банкнууд Хятадыг онилсоор л

HSBA.L: Лондоны хөрөнгө оруулалтын банк HSBC нь Citigroup (C)-н Хятад дахь салбарын $3.6 тэрбумын хөрөнгийг худалдаж авна. Тус хэлцэлд 11 том хотын үйлчлүүлэгчдийн хөрөнгө, хадгаламж багтах бөгөөд уг хэлцэл ирэх оны эхний хагаст дуусах юм. Түүнчлэн HSBC-н CEO Хятад дахь хөрөнгийн удирдлагаа нэмснээр Ази руу тэлэх зорилготой байгаагаа илэрхийлжээ.

💸 Роберт Фрийдланд Монголд ирээд юу гэв?

Оюу толгойн ордыг анх нээн илрүүлж, дэлхийн зах зээлд гаргаж, Рио Тинтог Монголд оруулж ирсэн алдарт Роберт Фрийдланд өчигдөр “Уул уурхайн 7 хоног”-ийн эхний өдөр илтгэл тавилаа. Тэр юу гэв?

Дэлхий хурдан эргэж байна

Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Японы суман галт тэрэг үүсээд 58 жил болсон байна шүү дээ? Дэлхий хөгжиж, дэлхий дулаарахын хэрээр дэлхийн эрчим хүчний системийн хоцрогдол хүчтэй мэдрэгдэж байна. Хүмүүс бид өнөөг хүртэл 700 сая тонн зэс олборлосон. Тэгвэл ирэх 22-хон жил үүнтэй дүйцэх хэмжээний зэс олборлох шаардлагатай байгаа. Түүнчлэн, 2035 он гэхэд зэсийн эрэлт 82% нэмэгдэхээр байна. Энэ их эрэлтийг хангахад дэлхийд Оюу толгой шиг 20 уурхай хэрэгтэй.

Монголын Говьд их юм бий

Зэс нь Монголд, зэс хэрэглэдэг нь дэлхийгээр нэг байгаа энэ үед Говьд хайгуул хийхгүй байна гэдэг тэнэглэл. Монголчууд эрдэс баялгийнхаа ердөө мянганы нэгийг л илрүүлээд байгаа. Говийг өргөн хүрээнд, нухацтай судлах хэрэгтэй. Одоо хайгуулаа эхэллээ гэхэд 5-10 жилийн дараа ордоо нээж, үр шимийг нь үр хүүхэд, ач, зээ нар тань 20 жилийн дараагаас хүртэх болно. Тийм ээ, уурхай барихад, ашиг шимийг нь хүртэхэд их хугацаа, хөрөнгө шаардлагатай. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалт маш чухал юм.

Дараагийн гадаад хөрөнгө оруулагчаа хайрлаарай!

Монголд гадаадын хөрөнгө оруулалтаа яаж зохицуулах вэ гээд 10 жил хэлэлцэх хооронд бид залхаад Африкт зэсийн уурхайтай болсон шүү. Оюу толгой 10 жилээр хурдан явахаар байлаа. Энэ бол алдагдсан 10 жил, Монголын хувьд. Одоо, Африкт зэсийн шинэ өрсөлдөгч гарч ирсэн шүү, Монголчууд аа.

Тэгэхээр, гадаадын хөрөнгө оруулагчдадаа тогтвортой орчныг үүсгэж ээлтэй ханд, тэд Монгол Улсыг дараагийн Кувейт шиг баян улс болгоно. Рио Тинто шиг компаниудын оруулж ирж буй технологи, ур чадварыг мөнгөөр үнэлшгүй шүү, Монголчууд аа.

Түүний 1 цагийн илтгэлээс голыг нь базаж бичихийг хичээлээ. Сайн тунгаагаарай, мэргэн ард түмэн мину.

INDEX болон MATCH формулаг ашиглан хайж байгаа зүйлсээ хялбар олоорой. Бас F4 товч дарснаар хүснэгтээ автоматаар түгжиж болдог шүү.

🚀 Mon-X инновацын хөтөлбөр

БШУЯ-наас нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг олон нийтийн оролцоотойгоор шийдэх зорилготой Mon-X инновацын хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа. Тус хөтөлбөр нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

  • Бүс, нийслэл болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг инновацын санаачилгаар шийдэх хүсэлтэй бүх насны иргэд, хуулийн этгээд оролцох боломжтой.

Хөтөлбөрт бүртгүүлсэн төслүүдийг 4 үе шаттайгаар шалгаруулах ба инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн 9 төслийг шалгаруулж, тус бүр грант буюу 1 удаагийн санхүүжилт болох ₮20 саяыг олгох нь.

⏲️ Хэзээ: 10 сарын 16
🔗 Хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД дараарай.

TMK Energy

🔹TMK Energy (TMK.AX) Гурвантэс XXXV төслийнхөө Terra хайгуулын талбайд 45 метр зузаан хийн нүүрс илрүүлсэн байна. Түүнчлэн Terra сүүлийн тайландаа хайгуулын талбайн өрөмдөх цооногийг 4 болгон нэмэхээ дурджээ. Мөн компанийн Гүйцэтгэх захирал “Бидний гол ажил бол 3 цооногийг 100% хүртэл ажиллуулах” гэв.

🔹Хятадаас Монголд суух шинэ элчин сайдаар Шэнь Миньжуань томилогдов. Элчин сайд энэ 9-р сараас ажлаа хүлээн авч, 4 хоногийн өмнө итгэмжит жуух бичгээ өргөн бариад буй. Тэрбээр ЭЗ-ийн магистр зэрэгтэй, Хятадын ГХЯ-ны Азийн хэрэг эрхлэх хэлтсийн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

🔹Оросын Бразил руу экспортолсон түүхий нефтийн экспорт 13 жилийн түүхэн дээд түвшинд хүрлээ. 2 орны нефтийн худалдаа 2 жил гаран зогсонги байсан ч энэ 9-р сараас Орос Бразил руу нефть экспортолж эхэлсэн юм. Улмаар зөвхөн тус сард л гэхэд 84,000 тн түүхий нефть экспортолж дээд түвшин тогтоов.

🔹2024 оны төсвийн төсөлд Төрийн ордны засварт ₮12 тэрбумыг зарцуулахаар тусгажээ. Энэ нь УИХ 126 гишүүнтэй болсонтой холбоотой бөгөөд нэмээд хуучирсан цахим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа аж.

  • Мэд: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл эхэллээ. (Parliament)

  • Унш: Номын сангаа шинэчилсэн үү? (Vulture)

  • Үз: Энэ сард үзэх 5 аймшгийн кино. (DigitalTrends)

  • Сонирх: 2 минут үнэгүй ярих боломжтой “Итгэлтэй утас”. (LemonPress)

Reply

or to participate.