- Lemon Press
- Posts
- 🤯 Эвгүй баримтууд
🤯 Эвгүй баримтууд
Labubu таны хөрөнгийг хэд нугалах байсан бэ? | Монголын SDG 66.7 | 1 өдрийн дотор 100%
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ойрд манай улсад олон янзын үйл явдал болоод ёстой л залуу улс шиг байна даа. Төв талбай дээр 3x3, айлчлал давхцаад, цаана нь төрийн ордон дотор баахан цомхотгол хийгээд л, гадагшаа MongolZ-р дамжуулж шүтэгдээд л. Одоо дараа 7 хоногоос Playtime тэгээд MEF тэгээд л наадам тэгээд л намар болох нь дээ. Хэсэг ч гэсэн бужигнаантай байгаа нь сайхан байна шүү. 😌


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Омни Ассет II ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж, эхэлсэн өдрөө захиалга нь 100% биеллээ. Уг ХБҮЦ-д 76 захиалга ирсэн байна.
POL: Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д нэгтгэх шийдвэр гаргав.
MNG: Монгол болон Узбекистан албан ёсоор иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа.
GOV: Өчигдөр ЗГ-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаж ₮5.2 тэрбум, 3 жилийн хугацаатай купонтой бондод нийт ₮29.2 тэрбумын захиалга иржээ.

🌱 Монголын SDG = 66.7

Улс орны хөгжлийг илэрхийлэх SDG индексээр Монгол Улс энэ онд 66.7 оноо авч, 167 орноос 100-д бичигдлээ. Энэ нь Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгуудтай харьцуулахад 2.8 нэгжээр бага дүн аж. Бид ер нь ухраад байна уу, урагшлаад байна уу?
🧮 SDG оноо: Тогтвортой хөгжлийн зорилт (SDG) индекс нь нийт 17 зорилго, эдгээрийн хүрээнд 100 гаруй нарийвчилсан үзүүлэлтээр улс орнуудын ахиц дэвшлийг үнэлдэг.
☯️ Сайнтай муутай
Сайн мэдээ нь Монголын нийт амын бичиг үсэг тайлагдалт 99%, интернэт хэрэглээ 83% байгаа нь дээгүүрт орох үзүүлэлт юм. Мөн парламентын гишүүдийн 25.4% эмэгтэй, хүн амын 83.5% эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж буйг онцлох нь зүйтэй. Муу мэдээ нь шинжлэх ухаан зарцуулж буй зардал ДНБ-ий 0.1%, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих хүмүүсийн тоо нийт хүн амын 47.3%, хотын агаарын бохирдол 40μг/м³, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрчүүдээс 22.5% бага гэнэ дээ.
😲 Эвгүй баримтууд
33/100: Авлигын индекс 100-гаас 33 оноо авсан нь нийгмийн шударга ёс, итгэлийг сайжруулах шаардлагатайг харуулжээ.
12.5%: Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 12.5% илүү удаан хугацаанд суралцдаг.
5.8 оноо: Амьдралын сэтгэл ханамжийн үнэлгээ 10-аас 5.8 оноо байна.
13.7 тн: Нэг хүнд ногдох CO₂ ялгаруулалт 13.7 тн байсан нь уур амьсгалын өөрчлөлттэй эрчимтэй тэмцэх хэрэгтэйг нотолж буй.
🚶🏻 Урагшаа тэмүүлнэ
2015-2024 онд Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн SDG индекс дунджаар 6.6 нэгжээр өссөн бол Монголын индекс 7.7 нэгжээр нэмэгдсэн нь бүс нутагтаа 5-д орсон амжилт байлаа. Мөн НҮБ-д суурилсан олон талт хамтын ажиллагааг дэмжих UN-Mi индексээр Монгол 86.3 оноо авч 14-т оржээ. Товчхондоо бол Монгол бусад улс оронтой хамтран сайн ажилладаг аж.
Дүгнэхэд… Ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, дижитал хүртээмжийн тал дээр ахицтай байгаа ч уур амьсгал, инновацад оруулах хөрөнгө оруулалт, хог хаягдал, агаарын бохирдлын тал дээр Монгол Улс хүндрэлтэй хэвээр байна даа.


🇰🇷 Ойрд үзэгдээгүй өсөлт $KEP
KEP: Солонгосын цахилгаан эрчим хүчний салбарын том тоглогчдын нэг Korea Electric Power-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн Лхагва гарагт 21.9% өсөж 2020 оноос хойших хамгийн дээд үнэ болох $12.6-т хүрчээ. Компани III улиралд цахилгааны үнийг одоогийн түвшинд нь хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн нь энэ өсөлтийг үүсгэв. Сонирхуулахад, Korea Electric Power нь төрийн өмчит компани бөгөөд цахилгааны үнийн бодлогод ЗГ-аас оролцдог аж.

🧐 Labubu таны хөрөнгийг хэд нугалах байсан бэ?

Өнөө Labubu-н трэнд чинь өндөрлөх шинжгүй л байна даа. Монголд ч хаа сайгүй зарагдаж байна. Энэ трэнд Pop mart-н хувьцааны үнийг ч пуужиндуулаад байна.
💥 222%-ийн өсөлт
Labubu-г бүтээгч Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart (9992.HK) 2020 оны 12-р сард IPO хийж $676 саяыг босгож байв. IPO гарсан анхны өдөр хувьцааны үнэ нь 79.2% өсөж зах зээлийн үнэлгээ нь $12.5 тэрбумд хүрч байсан түүх бий. Гэвч тэр үеэс хойш Pop Mart-н хувьцааны үнэ тасралтгүй унаж байлаа. 2022 онд нэгж хувьцааны үнэ нь хамгийн доод цэгтээ хүрч IPO-н үнээсээ 3.8 дахин үнэгүйдэж байсан аж.
🔥 Сэргэлтийн цэг: Pop Mart-н зах зээлийн үнэлгээ 2023 онд ч сэргэхгүй шал арчсан ч 2024 оны 2-р сараас хойш эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна. Яг энэ үеэс хойш энэ оны 6 сарын 6 хүртэл бүхэл бүтэн 1,442% өссөнөөр түүхэн дээд үнэ буюу HK$273-т хүрсэн юм.
🤯 Хэдийг олох байсан бэ? Бодъё л доо, Labubu од болно гэдгийг мэдээд Pop Mart-н хувьцааг IPO-нх нь үеэр ₮500 мянгаар авсан бол одоо нийт хөрөнгө маань ойролцоогоор ₮3.2 сая болж өсөөд ₮2.7 саяын цэвэр ашиг олох байж. Хамгийн ёроол үнэ буюу 2022 оны 10-р сард HK$10.2 байхад нь адил дүнгээр хөрөнгө оруулсан бол бүр ₮11.6 саяын цэвэр ашиг олох байжээ гэж.
📈 Pop Mart-н орлого өдрөөс өдөрт…
Цаашлаад, "secret" Labubu-г эрэх хобби Pop Mart-н орлогыг өсгөсөөр. 67:1 буюу 1:72 магадлалтай нууц хувилбарыг хайж цуглуулдаг сонирхогчдын зардал дунджаар $2 мянга байдаг аж. Дээрээс нь нэмээд эрэлт хангалттай их байхад Pop Mart-н онлайн болон биет дэлгүүрт зарагдаж буй барааны нөөц хангалтгүй хэвээр байгаа нь хоёрдогч зах зээлийн үнийг өрдсөөр байна. Энэ ч утгаараа Pop Mart-н 2024 оны орлого 2017 оныхоос 74 дахин, 2023 оныхоос 2 дахин нэмэгдэж $1.8 тэрбумд хүрсэн байдаг.
🧐 Энэ жил хэдийг олох вэ? Компани 2024 оны орлогынхоо 23.3%-ийг Хятадын зах зээлээс гадуурх борлуулалтаас олсон гэж байгаа. Энэ онд бусад улсууд тэр дундаа Америкт Labubu-н эрэлт дийлдэхгүй болсон тул Pop Mart “The Monsters” цувралын хүүхэлдэйгээс гадна жижиг сажиг бусад тоог 2 дахин нэмсэн. Тэгэхээр тэдний энэ жилийн орлого 2024 оныхыг хэд ч нугалж магадгүй байна даа.
Эцэст нь… Сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн хурдтай тэлж өссөн бизнесийн тоонд маргах юмгүйгээр Pop Mart багтахаар байна даа. Монголоос нэг ийм бизнес төрчихвөл ёстой хэнтэй юу ярих вэ дээ. 😅

19.5 сая
2020-2025 оны хооронд иргэд E-Mongolia системээр дамжуулан 19.5 сая удаа Нийгмийн даатгалын үйлчилгээ авчээ.
89%
Нийт авсан үйлчилгээний 89% буюу 17.3 сая нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт аж.
₮13 тэрбум
Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг ийн цахимжуулснаар ₮13 тэрбумыг хэмнэсэн байна.

🌲🏡 Ногоон хөгжлийг цогцлооё
Гялс бүртгүүлэхгүй бол хоцрох нь байна. Юунд вэ гэж үү? Treelings модны бүртгэлийн системээр дамжуулан Playtime Festival-н талбайд 150 мод тарих боломж олгож байгаа гэнэ шүү. 📢
Treelings нь Playtime Festival-тай 2 дахь жилдээ хамтран тогтвортой ногоон хөгжлийг дэмжин ажиллаж буй.
Мод тарья л даа. Гэхдээ яаж?
📲 Эхлээд Treelings апп-ийг татаад хаягаа нээгээрэй.
👆 Нэвтэрснийхээ дараа “Playtime хүрээлэн” төслийг сонгоод бүртгүүлэх товч дээр дараад урьдчилсан бүртгэл хийгдэх нь. За тэгээд Playtime-д очоод өөрийн тарьсан хөөрхөн модтойгоо зургаа даруулах нь байна шүү дээ. 🫶
Гэснээс Treelings нь Playtime хүрээлэнд тариад буй 58 мянган модыг бүртгэж ургалтыг хянахаар ажиллаж байгаа бөгөөд цаашлаад 60 төрөл зүйлийн 1 сая модыг 50 га талбайд тарьж ургуулах зорилт тавьсан ажээ.

Capsdone DC
🍋 DOGE-н Америкийн татварын албанд хийсэн цомхотгол $500 тэрбумын алдагдал үүсгэх төлөвтэй байна. Тус албыг оролцуулаад үр ашиг сайтай, иргэдэд өгөөжтэй хэд хэдэн агентлагийн нийт 50 мянган ажилтан халагдаж, улмаар алба хэлтэс болгоны үйл ажиллагаа ноцтой хэмжээнд доголджээ. Хэмнэлт, таналт хийхдээ учир жанцантай хөдлөх хэрэгтэйн нэг жишээ аж.
🍋 Улаанбурхан өвчинтэй тэмцэх зорилгоор ЗГ-ын нөөц сангаас ₮5 тэрбумыг гаргана. Үүгээр тус өвчний дэгдэлтийг таслан зогсоох, эмчилгээ, оношилгоо, дархлаажуулалт хийх аж. Тодруулбал, ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, 9-р сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулахад зарцуулах нь. Гэснээс наадмын үеэр халдвар 10 дахин нэмэгдэх төлөвтэй гэнэ.
🍋 Одоо аваад, дараа төлөх BNPL зээлийн төлөлтийн мэдээлэл Америкчуудын зээлийн оноонд нөлөөлдөг болно. Тодруулбал, банкнуудын зээл олголтын шийдвэрт нөлөөлдөг гол компани FICO (FICO) энэ намар шинэ төрлийн зээлийн онооны систем гаргаж, тэдгээрт BNPL зээлийн төлөлтийн мэдээллийг багтаадаг болохоо зарлажээ. Өнгөрсөн оны сүүлээр л гэхэд Америкийн насанд хүрсэн нийт хэрэглэгчдийн ⅛ нь BNPL өртэй байж.
🍋 ЗГ-ын 14 мега төслөөс эхний ээлжид 4 төслийг хэрэгжүүлж, 5-ыг нь хойшлуулна. Үлдсэн 5 төсөлд хөрөнгө оруулалт татаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах юм гэнэ. Нэмээд, Улаанбаатарын 24 мега төслийн заримыг хойшлуулах сурагтай. Мөн Нийслэлээс гэнэтхэн Сэлбэ хот нийт төслийн 1-т эрэмбэлэгдэх тул төлөвлөлт, зохион байгуулалтаа хийгээд явж буйгаа тайлагнаж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply