🤯 K-pop: 50 сая цомог

2.5 дахин өссөн арилжаа | Бахдам гүйцэтгэлтэй $0975.HK | Шигшээ багуудын амжилт

POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Амралтын өдрүүдэд Монголын волейбол болон сагсан бөмбөгийн шигшээ багийнхныхаа тоглолтыг бахархаж үзсэн хүмүүс байна уу? Манай волейболын шигшээ баг түүхэндээ анх улаа Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ээс хүрэл медаль хүртэж, сагсны шигшээ баг маань Японы багийг сүүлийн хэдэн секундэд буулгаж авлаа. Бахархам сайхан байлаа даа. 🔥🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт.

MMHI: Нэг автомашинд олгох шатахууны хэмжээг ₮100 мянга болгож нэмэх асуудлыг Оростой  хийх татан авалтын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулж, одоогийн ₮50 мянгын хязгаарлалт хэвээр үргэлжлэхээр болов.

MSE: Өнгөрсөн Баасан гаргийн арилжаагаар 49 ХК-ийн ₮357.5 саяын үнийн дүн бүхий 691.4 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны үнэ өсөж, Силикат ХК (SIL) 15%, БиДиСек ҮЦК ХК (BDS) 9.9%, Багануур ХК (BAN) 7.5% зэрэг компаниуд өсөлтөөрөө тэргүүллээ.

NSO: Энэ оны эхний хагас жилд Монгол Улс 43.1 мянган ширхэг суудлын автомашин, 10.4 мянган ширхэг ачааны автомашин, 615 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгслийг тус тус импортолжээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮123.7 тэрбумын болон $1.8 саяын арилжаа явагдав. Нийт арилжааны дийлэнх хэсгийг хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.

🆙 2.5 дахин өссөн арилжаа

Монгол Улс Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болоод 3 жил гармын хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ талбар хэр урагштай байна вэ? 

🔝 Хэмжээ ч, дүн ч өсөв

Товчхондоо Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн цахим арилжаа 2025-аас 2026 онд түүхэн том үсрэлт хийжээ. 2025 оны эхний хагас жилд нийт 5.3 сая тн бүтээгдэхүүнийг ₮1.4 их наядаар арилжаалж байсан бол энэ оны мөн үед 17.7 сая тн бүтээгдэхүүнийг ₮5.9 их наядаар арилжаалж, борлуулалтын дүн 4.2 дахин өссөн байна.

  • 🏍️ Сэргэлтийн гол мотор = Нүүрс: 2025 оны эхний хагаст 2.34 сая тн нүүрсийг ₮610.19 тэрбумаар арилжсан бол 2026 оны эхний хагаст биет хэмжээ 6.2 дахин, үнийн дүн 7.9 дахин өссөн аж. 

  • 📈 Нэмэлт ашиг х 86: Өнгөрсөн оны мөн үед нүүрсний дундаж үнэ 6.5% өсөж, ₮4.7 тэрбумын нэмэлт орлого олж байсан бол энэ удаад дундаж өсөлт 9.5%-д хүрч, ₮403.4 тэрбумын нэмэлт ашиг олжээ.

🏭 Нүүрсний хамаарал
Харж байгаачлан, арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл, нүүрс голлох жинг дарсан хэвээр. Энэ оны эхний хагаст арилжаалагдсан нийт биет хэмжээний 82.5%, борлуулалтын үнийн дүнгийн 81.4% нь нүүрс. 

  • ⛏️ Төмөр & Зэс: Удаах байранд төмрийн хүдэр болон баяжмал орж байгаа буюу нийт ₮688.9 тэрбумын борлуулалт хийсэн нь үнийн дүнгийн 11.7%-ийг бүрдүүлсэн байна. Харин зэсийн баяжмалын хувьд ердөө 5 удаагийн арилжаа амжилттай явагдсан. Улмаар нийт биет хэмжээний 0.2%-ийг л бүрдүүлсэн ч өндөр үнэтэй бүтээгдэхүүн тул ₮409.5 тэрбум буюу нийт үнийн дүнгийн 6.9%-ийг эзэлжээ.

Эцэст нь… Өнгөрсөн онд УУББ-ийн журамд үнийг зах зээлтэй уялдуулж индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох өөрчлөлт оруулсан. Үүний нөлөө ч энэ тэлэлтэд байсан болов уу. Харин цаашид нүүрснээс бусад бүтээгдэхүүний арилжааг нэмэгдүүлэх, энэ талбарт илүү олон боломжийг нээхэд анхаарах үлджээ. 

  • 🤔 Сошиал медиаг хязгаарлах нь хүүхэд хамгаалах бодлого уу, үг хэлэх эрхийг хаах оролдлого уу? (gogo)

  • 🔎 60 жилийн дата ба манлайллын замнал дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа. (HBR)

  • 🫳🏻 Утааг бууруулахад Чингис хаан баялгийн сан нэгдэл тусална. (news.mn)

  • 🎮 Энэ сарын сүүлээр GTA 6 тоглоомын дэлгэрэнгүй танилцуулга цацагдана. (Variety)

💪 Бахдам гүйцэтгэлтэй $0975.HK

0975.HK: Энэ оны эхний хагас жилийн байдлаар Mongolian Mining Corporation 2.7 сая тн угаасан коксжих нүүрс борлуулжээ. Үүний үр дүнд компанийн цэвэр ашиг $100-$110 саяд хүрсэн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийн $19.9 саяын алдагдалтай харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт болж байна. Тус өсөлтөд нүүрсний борлуулалтын хэмжээ, дундаж үнэ болон орлого өссөн нь голлон нөлөөлсөн аж. Энэхүү мэдээний дараа өнгөрсөн Баасан гарагт компанийн хувьцааны үнэ даруй 16.9% өсөж HK$8.7 дээр хаагдав.

💥 K-pop тэсрэлт

BTS-н фэнүүд байна уу? Тэдний “Arirang” цомог 4.7 сая ширхэг борлуулагдаж цойлсон байна. Улмаар K-pop цомгийн энэ оны эхний хагас жилийн экспорт түүхэн дээд амжилтаа шинэчилсэн гэнэ дээ. 

🤯 50 сая цомог

Өмнөд Солонгосын K-pop цомгийн экспорт 2026 оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 125% өсөж $257.5 саяд хүрч тэсэрсэн нь салбарын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болов. Тус хугацаанд дэлхий даяар нийт 50 гаруй сая физик цомог борлуулагдсан хэрэг.

🇺🇸 Америк №1

Борлуулалтыг задлан харвал, K-pop-н түүхэнд Америк анх удаа физик цомгийн хамгийн том импортлогч орон болсон аж. Америкийн импорт $72.1 саяд хүрсэн бол Хятадынх $61.2 сая, Японых $45.6 саяыг давжээ. CD тоглуулагчгүй ч тусгай фотокарт, ховор дизайн бүхий цомгийг цуглуулах өрнөдийн залуусын шинэ зан төлөв энэ өсөлтийн гол хөдөлгүүр болж байна.

🎤✨ BTS-н эргэн ирэлт ба шинэ үеийн супер рекордууд

Цаашлаад, 3 жил гаруйн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирсэн BTS хамтлагийн ARIRANG цомог хагас жилийн дотор 4.7 сая гаруй хувь борлогдож, жагсаалтыг өнгөлөв. Харин дебүтээ хийгээд удаагүй CORTIS хамтлаг 2.8 сая хувь цомог борлуулан шинэ залуу хамтлагуудын бүх цаг үеийн рекордыг шинэчилсэн нь энэ хагасын хамгийн том шуугиан байв.

🤖😲 Виртуал айдол ба ирээдүйн төлөв

Сонирхолтой нь бодит бус виртуал гишүүдээс бүрдсэн PLAVE хамтлаг 1.2 саяас дээш цомог борлуулж, технологи ба хөгжмийн шинэ эрин үеийг зарлалаа. Том зургаараа энэ жилийн II хагаст BIGBANG-н 20 жилийн ойн тоглолт, Stray Kids-н шинэ цомгууд төлөвлөгдөж буй тул 2026 оны жилийн эцсийн экспорт анх удаа $500 сая давах өндөр хүлээлттэй байгаа гэнэ дээ. 

Арлын Япон оронд зохиогдож буй “NIPPON LIFE CUP 2026” тэмцээний хүрээнд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өнгөрсөн Ням гарагт эхний тоглолтоо эзэн орны багтай хийж, 67-65 харьцаатай ялалт байгууллаа. Тэгвэл тус тэмцээнд оролцож буй шигшээ багийн хамгийн өндөр 5 тамирчныг харцгаая.

  • 1️⃣ С. Ган-Эрдэнэ: 213 см

  • 2️⃣ Ш.Энхийн-Од: 206 см

  • 3️⃣ С. Биндэръяа: 204 см

  • 4️⃣ Х.Оргил: 203 см

  • 5️⃣ Г. Одбаяр: 203 см

Шигшээ багийн маань хувьд өнөөдөр 17 цагаас дахин Японы багтай тоглох бол энэ сарын 28-31-ний өдрүүдэд 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Тайланд, Вьетнам, Фижигийн багуудтай учраа таарна. Шигшээ багтаа амжилт хүсье. 🏀🙌🏻

Barron’s

🍋 Berkshire Hathaway (BRK-B)-н ашиг энэ оны II улиралд $13 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 16% өслөө. Компани сүүлийн 14 улирал дараалан эзэмшиж буй бусад компанийн хувьцааг зарж байсан стратегиа зогсоож, өнгөрсөн улиралд зах зээлээс $20 тэрбумаар илүү хувьцаа худалдан авчээ. Түүнчлэн өөрийн хувьцаагаа $4.5 тэрбумаар эргүүлэн авч, Google (GOOG)-д $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн нь хувьцааны үнэ түүхэн дээд цэг буюу $522-т хүрэхэд нөлөөлсөн байна.

🍋 ЗГ-ын дэмжлэгээр Шунхлай, Мөнгөн сав тоног, Сан Петролиум зэрэг компаниуд шатахууны шинэ агуулахуудыг барьж байна. Энэ сарын 20-нд ашиглалтад орох 24,000 метр куб багтаамжтай агуулах нь Улаанбаатар хотын АИ-92 шатахууны 12-13 хоногийн хэрэглээг дангаараа хангах хүчин чадалтай. Ингэснээр улсын хэмжээнд шатахууны нийт нөөцлөх хүчин чадал нэмэгдэх ба ирэх оны улсын төсвөөс ААН-үүдийг дэмжиж, шатахуун хадгалах бодлогыг үргэлжлүүлэх аж.

🍋 Өнгөрсөн сард Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) 1.2% буурч сүүлийн 3 сарын доод түвшинд хүрчээ. Үүнтэй холбоотой тус улсын хэрэглээний үнийн индекс (CPI) эрэлт суларснаас үүдэн 0.1% хүртэл саараад байна. Уг үзүүлэлт нь эдийн засагт дотоодын эрэлт сул, дефляцийн дарамт байсаар байгааг харуулж, Бээжингээс нэмэлт дэмжлэг шаардаж болзошгүйг харууллаа. Мөн түүхий газрын тосны үнийн уналтыг даган Хятадын дотоодын шатахууны үнэ нэг сарын дотор 16% огцом буурчээ.

🍋 COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана. Улаанбаатар хотод зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлахыг НЗДТГ-аас мэдээллээ. Энэхүү олон улсын бага хурлын үйл ажиллагаанд дэлхийн 196 орны 5,000 орчим зочин, төлөөлөгч оролцох хүлээлттэй байна.

  • Даваа: $SBM-н 2026 оны II улирлын Earnings call зохион байгуулагдана.  

  • Мягмар: $HSBC, $TM, $MCD, $SPOT нарын тайлантай танилцана.

  • Лхагва: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ Улаанбаатар хотод эхэлнэ.

  • Пүрэв: Гаднын хөрөнгө оруулагчид Японы ХЗЗ-д хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэв?

  • Баасан: Олон улсын шар айргийн өдөр тохионо

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.