- Lemon Press
- Posts
- 🎤 K-pop цомог = $300 сая
🎤 K-pop цомог = $300 сая
ТОП-20: Шинэ дээлийн өнгө | Төр бол эхлэл | Samsung болон OpenAI-н сүжрэл
POWERED BY
Гэгээн тунгалаг өглөөний мэнд ээ! Цаг агаар эрч хүйтэрч, ханиад томуу ч нэмэгджээ. Бүгд дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй. Дулаан явахад мянган лан, зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин даа. 🫂


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгон шинэчлэх шийдвэр гарлаа.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮110.8 тэрбумын болон $78.5 мянгын арилжаа хийгдсэн байна. ₮-ийн арилжааны 72.1%, $-н арилжааны 100% нь хоёрдогч зах зээлийн арилжаа аж.
NSO: Өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулаагүй ААН-үүдийн тоо жилийн өмнөхөөсөө 4.8% буюу 7.4 мянгаар буурч 146.6 мянга болжээ.
ADB: Азийн хөгжлийн банк төр хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулах, чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

🆕 Шинэ сагс

Дотоодын хувьцаа сонирхогчид маань ТОП-20 индекс шинэчлэгдсэнийг мэдсэн үү? Ухаж харах ёстой тоонууд дээр анализ хийе ээ.
👀 Шинэ дээлийн өнгө
Өнгөрсөн онд ТОП-20-н сагснаас 3 компани хасагдаж оронд нь 3 банк, санхүүгийн компани нэмэгдэж байв. Хасагдсан 3-ын 2 нь үйлдвэрлэлийн салбарынх байсан. Харин энэ жилийн хувьд 2 компани хасагдсан нь хоёул Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-тэй холбоотой компаниуд буюу Монгол шуудан (MNP) болон Ард Кредит ББСБ (ADB) байсан. Харин тэдний халааг УИД (UID) болон Эм Жи Эл Акуа (MGLA) компаниуд авлаа. Улмаар ТОП-20 дахь санхүүгийн болон санхүүгийн бус салбарын харьцаа 12:8-аас 11:9 болов.
🐉 Дээлийн мялаалт ₮89 тэрбум: Шинэчлэл хийгдсэний дараах ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээ ₮11.1 их наяд байна. Өөрөөр хэлбэл, 2 компанийг хасаж 2 компанийг нэмсний дараа ТОП-20 гэх сагсны үнэ ₮89 тэрбумаар өсжээ. Нэмэгдсэн 2 компани хасагдсан 2-ынхоосоо арай өндөр үнэлгээтэй байсан хэрэг.
🐢 Хэр идэвхтэй 2 вэ?
Шинэ гишүүд болох $UID болон $MGLA-н хувьцааны идэвх тийм ч анхаарал татахуйц биш. $UID-н өнгөрсөн оны арилжааны өдрийн дундаж гүйлгээ ТОП-20 дотроо хамгийн бага нь буюу ₮2.3 сая байж. Энэ нь хамгийн идэвхтэй арилжаалагддаг $KHAN-н үзүүлэлтээс 53 дахин бага дүн. Харин $MGLA-н өдрийн дундаж арилжаа ТОП-20 компанийн дунджаас 3 дахин бага буюу ₮7.5 сая байжээ.
Эцэст нь… Ногдол ашиг ч дөхөж, сагс ч шинэчлэгдэж дотоодын хувьцаа сонирхогчдын хувьд үзэж харах юм нэмэгдэж байна. Одоогийн байдлаар он гарснаас хойш $CUMN болон $KHAN-н үнэ хамгийн их өсөж $MGLA болон $AARD-н үнэ хамгийн их буурчихсан явж байна даа.

🛰️ Япон, Итали хамтран сансрын хог хаягдлыг цэвэрлэнэ. (NikkeiAsia)
🔤 Google Translate-н өрсөлдөгч айсуй. (Engadget)
🥦 Шүүмжлэл дагуулсан $3-ын эрүүл амьдралын зөвлөмж. (Independent)
🎞️ Танилц: TikTok-н цоо шинэ бүтээгдэхүүн. (TechCrunch)

🤝🏻 Samsung болон OpenAI-н сүжрэл
005930.KS: Samsung Electronics нь OpenAI-н анхны AI “Sweetpea” чихэвчид өөрсдийн чипээ нийлүүлэхэд тун ойртжээ. Тус чихэвч нь гар утаснаас хамааралгүй буюу бие даан ажилладаг төхөөрөмж байх тул бага эрчим хүч зарцуулдаг чип чухал үүрэгтэй аж. Хэрэв гэрээ батлагдвал эхний жилдээ Samsung 40-50 сая ширхэг чип нийлүүлэх бөгөөд энэхүү мэдээнээс улбаалж өнгөрсөн Баасан гаргийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 3.5% өсөж ₩148,900-д хүрчээ.

🇲🇳 Хаа сайгүй хуурмаг мэдээлэл

Технологийн хөгжлийн тусламжтай мэдээллийн урсгал урьд өмнө нь байгаагүй асар хурдтай тархах болсон. Гэвч энэ урсгалд хуурамч мэдээлэл ноцтой хор нөлөө учруулах болсныг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй холбоотой IRIM судалгааны хүрээлэн болон Филиппин дэх INCITEGov төвийн хамтран хийсэн судалгааны үр дүнг толилуулж байна.
🎬 Ихэнх нь худал өгүүлэмж
Хуурамч мэдээлэлд олон төрлийн арга ашиглагддагаас худал өгүүлэмж хамгийн түгээмэл буюу нийт худал мэдээллийн 55.6%-ийг эзэлж байна. Үүнийг сошиал орчинд 2020-2025 оны 9 сар хүртэлх хугацаанд нийтлэгдсэн 1.6 мянган мэдээнд үндэслэн тогтоожээ. Өөр анхаарал татах үр дүнгүүд гэвэл:
Төр бол эхлэл: Төрийн байгууллага болон улс төрчид хуурамч мэдээллийг санаачлах, түгээхэд өндөр нөлөөтэй байна. Жишээлбэл, 2023 онд экс ЕС “Самурай” бондын $200 саяын өрийг төлөхдөө “12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээсээс гарч чадлаа” гэж худал мэдээлсэн ба тухайн үед гадаад өр $33.9 тэрбум байсан нь 12 жилийн өмнөхтэй харьцуулахад $20 орчим тэрбумаар өссөн дүн байсан аж.
Хөршийн нөлөө: Хөрш гүрнүүдээс улс төрийн зорилготой худал мэдээлэл их хэмжээгээр түгээгддэг. Оросыг дэмжсэн агуулгатай худал мэдээллийг илрүүлэхээр Facebook дээрх Оросыг дэмжсэн мэдээлэл түгээдэг, хамгийн идэвхтэй 16 хаягийн 20 мянган пост дээр шинжилгээ хийхэд Оросыг дэмжсэн, Орос-Украины дайнд Оросыг зөвтгөсөн агуулга давамгайлжээ.
Халаасны сайтууд: Тодорхой редакцгүй, нэг хүний толгойгоор ажилладаг мэдээний сайтууд олширсон. Монголд бүртгэлтэй 390 орчим мэдээний сайт байгаагаас 300 нь редакцгүй бөгөөд салбарынхны мэдээлснээр эдгээр сайт нь хуурамч мэдээлэл түгээхэд голчлон оролцож буй.
Тролл сүлжээ: Нөгөөтээгүүр зохион байгуулалттай, улс төрийн болон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээс санхүүждэг хуурамч сошиал хаягийн сүлжээ нь хуурамч мэдээллийг түгээх гол хэрэгсэл аж. ЦЕГ-ын дурдсанаар 2023 онд Монголд 400 мянган хуурамч хаяг нээгдсэн байж болзошгүй гэнэ.
Эцэст нь… Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй буюу хэрсүү хандах нь хуурамч мэдээллээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга билээ. Иймд та бүхэн найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч байхыг зөвлөж байна. 🍋💪🏼

Дуу, хөгжмийн салбарын сүүлийн 20 жилийн үзүүлэлтүүдээс харвал, бүтсэн төсвөө хэдэн мянга дахин нугалсан орлого олж дэлхий даяар хит болсон дуунууд цөөнгүй. Тэдгээрээс онцолбол,
“Somebody That I Used to Know”: Энэ уран бүтээл нь $1,000-р бүтсэн бөгөөд өдгөө YouTube дээр 2.5 тэрбум үзэлттэй болоод буй.
“Old Town Road”-г $30-ын beat дээр суурилан бүтээсэн бөгөөд цацагдсан цагаасаа Billboard Hot 100 чартыг түүхэн дэх хамгийн урт хугацаанд буюу 19 долоо хоног тэргүүлсэн юм.
Харин Лондонгийн жижигхэн хөгжмийн студид $10 мянгын төсвөөр бүтсэн “Seven Nation Army” дэлхий даяар $100 саяын орлого олжээ.

🖥️🛒 IT төхөөрөмжүүдээ нэг дороос

Он удаан жил элэгдэж, хуучирсан IT төхөөрөмжүүдээ шинэчлэхээр төлөвлөж буй байгууллагууд анхаарлаа нааш. ITStore байгууллагуудад зориулсан IT шинэчлэлт урамшуулал зарлажээ. 📢
🎯 Боломжийн үнээр, нэг дороос: Урамшууллын хүрээнд Dell брэндийн оффис хэрэглээний компьютер, принтер гэхчлэн сонгогдсон загварууд 50% хямдраад буй.
🤲 Бөөн бөөн бэлэг: Бусад брэндийн урамшууллуудаас онцолбол, Acer брэндийн Swift Go 14 загварын нөүтбүүкийг хямдралтай үнээр аваад mouse, pad, keyboard болон үүргэвч бэлгэнд авах боломжтой. Мөн 13 инчийн MacBook Air хямдралтай үнээр худалдан аваад Magic Mouse-тай болох нь ээ.
За тэгээд 75-888-555 дугаараар ITStore-н технологийн зөвлөхүүдтэй холбогдоод IT төхөөрөмжүүдээ шинэчлээд аваарай. Гэснээс хямдралтай брэндүүдээс хүссэнээ сонгоод урьдчилгаагүй лизингээр авах боломжтой гэсэн шүү.


KoreaTimes
🍋 Өмнөд Солонгосын K-pop цомгийн экспорт өнгөрсөн онд анх удаа $300 саяыг давжээ. Энэ нь 2024 оноос 3.4% өссөн үзүүлэлт бөгөөд Япон экспортын хамгийн их буюу 27%, араас нь Хятад 23%, Америк 21%-ийг бүрдүүлжээ. Гэсэн ч дотоодын зах зээлд борлуулагдсан цомгийн тоо сүүлийн 2 жилд буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд өнгөрсөн онд K-pop салбар гаднын зах зээлд ийн амжилт үзүүлэхэд “KPop Demon Hunters” цуврал голчлон нөлөөлжээ.
🍋 Чингис хаан нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна. Зочид буудлыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих бөгөөд 3.3 га талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудалтай 350 метр урт хоолойгоор холбогдсон байх аж. Тэгвэл тус зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломжтой гэнэ.
🍋 Казакстаны шинээр бүртгүүлсэн бизнес эрхлэгчдийн тоо өнгөрсөн онд 7 дахин нэмэгджээ. Тодруулбал, тус улсад 2024 онд шинээр 20 мянга гаруй бизнес эрхлэгч бүртгүүлсэн бол өнгөрсөн онд энэ тоо 142 мянгад хүрсэн байна. Гэснээс Казакстан өнгөрсөн онд жижиг дунд бизнесээ дэмжих зорилгоор $3.4 тэрбумыг төсөвлөж байв.
🍋 Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргав. Зарлигаар ЗГ-т тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, AI-д суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг ЗГ-т чиглэл болгожээ. Өдгөө Монголд тус салбарын 80 гаруй эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж буй.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply