💊 K-Эмийн түрэлт

ТУЗ-ийн зардал өссөөр | Зээлийн үлдэгдэл ₮11.4 их наяд | $2.5 тэрбумын Биткойн ХО

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Огцрохын оронд УИХ-аас итгэл хүлээлгээч хэмээн хүсэлтээ өгсөн Ерөнхий сайд УИХ-ын шийдвэрийн дараа хэвлэлд ярилцлага өгөхөө мэдэгдлээ. Юу ч болоод байгаа юм. Мэдэх юм алга! 😓

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 6 сарын 1-2-ны өдрүүдэд Монголд айлчилна.

U.S.: Америкчуудын эдийн засагтаа итгэх итгэл 5 сарын дараа эргэн сэргэж, хэрэглэгчийн итгэлийн индекс 12.3 нэгж хувь өсөж 98-д хүрчээ.

TUR: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (TIKA) сүүлийн 30 гаруй жилд Монголд нийт $50 саяын өртөг бүхий 870 гаруй, төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

📈 ТУЗ-ийн зардал өссөөр

Хувьцаа эзэмшигчдийг төлөөлдөг ТУЗ жилд хэдий хэмжээний зардалтай ажилладаг вэ? ТОП-20 дундаас ТУЗ-ийн төсөв зардлаа нээлттэй хуваалцсан 16 компанийн нэг компанид ногдох ТУЗ-ийн төсөв 2024 онд ₮1.2 тэрбум байсан бол энэ онд 17.3% нэмэгдэж, ₮1.4 тэрбумд хүрчээ.

🗺️ Төсөв 2025

Топ компаниудын 2025 оны ТУЗ-ийн төсөв мөн үеэс дунджаар 19.7% өсөж нийт төсөв ₮23.1 тэрбумд хүрэв. Өмнөх онд компаниудын ТУЗ-ийн төсвийн гүйцэтгэл 89.2%-тай биелсэн бөгөөд хэрэв энэ жил өмнөх жилийнхтэй адил гүйцэтгэлтэй байвал зардал ₮20.6 тэрбум болох аж. Мөн эдгээр 16 компанийн ТУЗ нийт 154 гишүүдтэй ба нэг ТУЗ-ийн гишүүнд ногдох зардал 2024 оноос 24.4% нэмэгдэж ₮150.2 саяд хүрээд байна. 

🏠 Өсөж, буурсан айлууд

Хамгийн өндөр хувиар ТУЗ-ийн зардал өссөн нь Мандал Даатгал (MNDL) бөгөөд энэ жилийн ТУЗ-ийн зардал нь мөн үеэс 211% өсөж ₮560 сая болжээ. Харин зардлын дүнгээр харвал Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны ТУЗ-ийн зардал өмнөх оноос ₮1 тэрбумаар нэмэгдэж ₮6 тэрбумд хүрэх аж. Нөгөө талаар энэ онд ТУЗ-ийн төсвөө танаж, хэмнэлтийн горимд шилжсэн компаниудын тухайд Инвескор ББСБ (INV) 21% бууруулж ₮161.6 саяд, Ард кредит ББСБ (ADB) 15% багасгаж ₮193.2 сая байхаар тус тус төлөвлөв. $INV-н хувьд томилолтын зардлаа хассан байна.

🔎  Үлгэр жишээ

Нэг үеэ бодвол компаниуд ТУЗ-ийн төсвөө нээлттэй хуваалцах болсон нь сайн хэрэг. 2024 оны СЗХ-ны засаглалын кодексийн үнэлгээний тайлангаас харахад ₮100 тэрбумаас дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудын засаглалын кодексийн үнэлгээ 93.9% ба ТУЗ-ийн төсвөө хуваалцсан 16 компанийн засаглал дунджаар 95.3%-тай үнэлэгдсэн аж. Гэвч одоо ч зарим том компаниуд ТУЗ-ийн жилийн ажлын гүйцэтгэлээ үнэлэхгүй байгаа үзэгдэл ажиглагдаж байна. 

Эцэст нь… Компанийн томоохон шийдвэрт ТУЗ-ийн үүрэг оролцоо ус агаар мэт чухал. Ажил хийж байвал түүндээ тохирсон цалин, хөлс авах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ дорвитой ажил хийлгүй, бусадтай адил цалин аваад байвал хөрөнгө оруулагчдын итгэл алдрах эрсдэл бий…

  • 🪄 Шинэ Harry Potter цувралын гол дүрийг бүтээх жүжигчид тодорчээ. (Independent)

  • 👔 Венийн хөрөнгийн зах зээлийн төлөөллийн зочлолт. (MSE)

  • 🏥 Ахмад настан амралт, сувилалд эрхийн бичгийн хөнгөлөлтөөр үйлчлүүлэх эрхтэй боллоо. (ГБХНХЯ)

  • 🧠 AI ер нь ухамсартай болох болов уу? (BBC)

🇰🇷 Хилийн чанад дахь шинэ суваг

APU: Хүнсний салбарын манлайлагч АПУ ХК-ийн Алтан говь шар айраг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Өмнөд Солонгост 8 мянган салбартай супермаркетын томчуудын нэг emart24-т борлуулагдаж эхэлжээ. Тэдний хувьд Америк, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Польш, Тайланд гэсэн 6 улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Өчигдрийн буюу 5 сарын 28-ны арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ өмнөх өдрөөс 0.04% өссөн бол оны эхнээс 1.5% буурч ₮984.55-т хүрэв.

💊 K-Эмийн түрэлт

Хүнс, косметик, ресторан гэхчлэн Өмнөд Солонгосын бизнесүүд Монголд нэлээн амжилттай явж буй. Эмийн зах зээлд хэр томорч байгааг нь сонордуулъя. 

👀 Зах зээл

Өдгөө Монголд 7,400 эм бүртгэлтэй байгаагаас дотооддоо 2,000 орчмыг үйлдвэрлэж, үлдсэн 5,000 гаруй эмийг импортолж байна. 4 жилийн өмнө Орос, Словени, Герман, Энэтхэг, Унгар тэргүүтэй улсууд нийт импортын эмийн 57%, Өмнөд Солонгос 7% орчмыг бүрдүүлж 6-р байранд жагсдаг байв. Харин 2023 оны байдлаар Өмнөд Солонгос Монгол руу $16.9 саяын дүн бүхий эм экспортолж 2-р байранд жагсах болов.

⚡ Гэрлийн хурдаар тэлэв

Энэ дундаас Daewon Pharmaceutical болон DongKoo Bio & Pharma Монголын эмийн зах зээлд онцгой өсөлттэй ажиллажээ. Тухайлбал, Daewon Pharmaceutical “Coldwon” хэмээх ханиадны сиропыг 2022 онд зах зээлд нэвтрүүлж, тухайн ондоо $390,000-ын борлуулалттай, 2024 онд борлуулалт нь 2.3 дахин $900,000-ын орлого олсон байна. Зөвхөн 1 ханиадны эмийн борлуулалт энэ хэмжээнд байдаг гэхээр хавдрын эмээс олдог дүн бол…  

  • 🏭 Ампул эмийн үйлдвэр: Харин DongKoo Bio & Pharma-н хувьд 2024 онд Мөнхийн Тун ХХК болон Mонгол Эм Импекс Концерн ХХК-тай саяхан нээлтээ хийсэн ампултай эмийн үйлдвэрийн хамтарсан гэрээг үзэглэж байв. 

  • 🤝 Засагтай гэрээлэв: Үүнээс гадна тус ондоо Монголд охин компаниа байгуулж, ЗГ-тай чихрийн шижин, даралт ихсэх, мөөгөнцрийн тэргүүтэй 5 төрлийн эм нийлүүлэх гэрээ байгуулаад авсан. 

🕸️ Эмийн бодлого

Импортод тулгуурласан эмийн зах зээлд тулгамдаж буй асуудал нь эмийн үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас үнэтэй хэр нь үр дүнгүй байгаа явдал. Уг асуудлыг шийдэхээр ЗГ өнгөрсөн онд эм үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авалт хийх журамтай болгож, үр дүнд нь өнгөрсөн 4-р сард Өмнөд Солонгосоос 5 төрлийн хавдрын эм хамт тус улсаас нийт 23 төрлийн эмийг авдаг болжээ.

  • 💪🏻 Чадна аа: Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр ойрын хугацаанд Японоос 8 төрлийн эм оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд оны төгсгөлд зах зээлд байгаа өндөр үнэтэй чанаргүй эмүүдийг шахаж чадна хэмээсэн юм. 

Эцэст нь… Өнгөрсөн оны эмийн сонсголоор зах зээлийн багтаамж ₮500-₮700 тэрбум, импортоор гарал үүсэл нь тодорхойгүй эм их хэмжээгээр орж ирдэг талаар хөндөгдөж байсан. Юутай ч ирэх оны төгсгөл гэхэд энэ асуудлыг засаж чадна гэж салбарын сайд нь ам гарлаа. Санаж явахад гэмгүй биз ээ.

₮11.4 их наяд 
Банкны системийн хэрэглээний зээлийн үлдэгдэл өнгөрсөн онд 2023 оноос 35.5% өсөж ₮11.4 их наяд болжээ.
5.3%
Үүний 23.7%-ийг цалингийн зээл, 5.3% буюу ₮600 тэрбумыг тэтгэврийн зээл бүрдүүлж буй.
345 мянга
Тэгвэл тэтгэвэр авагч нийт 345 мянган иргэн байгаагийн 53.2% нь тэтгэврийн зээлтэйн дээр өр орлогын харьцаа нь дунджаар 84% байгаа аж. 

🏢 Бизнес зэрэглэлийн орон сууц 

Байр хайж буй лимонууддаа гоё мэдээ дуулгая. 📢 Active Garden төсөл 3-р ээлжийн 505, 506-р барилгуудаа товлосон цагтаа ашиглалтад оруулж цөөн үлдсэн бэлэн байрандаа ипотекийн 6%-ийн зээл ажлын 7-14 хоногт гаргаж байгаа шүү.

Active Garden нь олон улсын стандартын дагуу цогцолбор бүтээн байгуулалтыг төлөвлөж шинэ суурьшлын бүсэд шинэ өнгө, төрх бүтээж буй бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм. Тодруулбал,

  • 🏡 Ая тухтай: Төслийн нийт талбайн 70%-ийг ногоон байгууламжаар төгөлжүүлсэн нийтийн эзэмшлийн талбай эзлэх бөгөөд,

  • 🛝 Хүүхдэд ээлтэй: Тоглоомын талбайг нас насны ангиллаар тохижуулсны сацуу хотхондоо Кембриджийн хөтөлбөртэй улсын сургуулийг төлөвлөснөөрөө онцлог юм.

📍 Хаана: ХУД, 8-р хороо, Шинэ суурьшлын бүс
📞 Холбогдох: 7555-5500

ABC News

🍋 Trump Media and Technology Group (DJT) $2.5 тэрбум босгож Биткойнд хөрөнгө оруулна. Энэ хөрөнгийн $1.5 тэрбумыг хаалтын үнээр хувьцаа худалдаж босгох бол үлдсэн $1 тэрбумыг одоогийн хувьцааны үнээс 35% өндөр үнээр хөрвөх бонд гаргаж бүрдүүлэх нь. Сүүлийн үед Трампын хүрээлэл дижитал хөрөнгийг дэмжих бодлого баримтлахын сацуу токены үнийн өсөлтөөс ашиг хүртэх стратеги хэрэгжүүлж байгаа. 

🍋 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулан хувиараа хөдөлмөр эрхлэгчид ₮20 сая хүртэл, харин нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэнд ₮40 сая хүртэл жижиг зээл олгохоор тусгаж. Мөн зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг ХХҮЕГ-т шилжүүлэв. 

🍋 “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н барилгын бүтээн байгуулалтын ажил 50%-тай байна. Тэгвэл ССАЖЗЯ Lord Cultural Resources компанитай тус музейн хөгжлийн стратеги болон үзэсгэлэнгийн төлөвлөлт хийх олон улсын зөвлөх үйлчилгээний гэрээ үзэглэсэн байна. Эргэн санавал, тус музейг ₮400 саяар нурааж байсан ба ₮138 тэрбумаар буурь сэлгэн барьж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ дээ.

🍋 “The Diary of a CEO” подкастын хөтлөгч Стивен Бартлетт “Stan” платформын хамтран эзэмшигч боллоо. Тус платформ контент бүтээгчид нэг холбоосоор бизнесийн бүх үйл ажиллагааг удирдах боломж бүрдүүлсэн нь Бартлеттийн сонирхлыг татжээ. Тэрээр бүтээгдэхүүний стратеги, AI, контент бүтээгчдэд зориулсан онцгой боломжууд бий болгох гэхчлэн энтерпренер төвтэй дэд бүтэц хөгжүүлэхэд хамтран ажиллах юм. 

🍋 БОУАӨЯ Өмнөд Солонгосын технологи, хөрөнгө оруулалтаар Монголын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна. Хариуд нь Өмнөд Солонгос нүүрстөрөгчийн ялгарлын бууралтаас үүсэх карбон кредитийг авч ашиглах юм. Энэ хүрээнд тэд Нарангийн энгэрийн хогийн цэгийн метан хийг ялгах төсөл болон энэ онд багтааж Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад цогц төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.