• Lemon Press
  • Posts
  • 🔊 Ногдол ашгаа аваарай!

🔊 Ногдол ашгаа аваарай!

Чухал ашигт малтмал | Компаниудын санхүүгийн тайлан | Монложистикс ХК-ийн IV-н тайлан

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Сар шинэ сайхан уу? Хэдэн бууз идэв ээ? Биднийг цагаан сар гээд завгүй байх зуур нэлээд олон компани тайлан балансаа танилцуулжээ. Мэдээж бид үүнийг нь тоймлож бэлдлээ. Товхимлоо анхааралтай уншаарай. 🥟📃

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Ремикон ХК (RMC) ногдол ашиг хуваарилахгүй

UID: Улсын их дэлгүүр ХК (UID) өнгөрсөн оны III улиралд ₮422.7 саяын ашигтай ажиллажээ

CHN: Өнгөрсөн сард Хятадын банкнууд ¥4.92 их наядын шинэ зээл олгосон нь дээд амжилт тогтоов.

🚆 1 сая тн ачааг эздэд нь

Монложистикс Холдинг (MLG) ХК-ийн тээвэрлэсэн ачаа 2023 онд 163% өсөж 1 сая тн-д хүрлээ. Тээврийн салбараас даруй 93 нэгж хувиар илүү хурдан хөгжиж буй тэдний 2023 оны үйл ажиллагаатай танилцъя.

Зорилгодоо улам ойртсоор

Тэдний 2023 онд тээвэрлэсэн экспортын ачаа тээврийн хэмжээ 130% өсөж 157.3 мянган тн-д хүрснээр экспортын тээвэрт байр сууриа томруулах зорилгодоо улам ойртож байна. Цааш задалж харвал,

  • Импортын тээвэр 12% буурч 98 мянган тн-д хүрсэн бол гадаад улс доторх ачаа тээврийн хэмжээ 44% өсөж 19 мянган тн-д хүрээд байна.

  • Транзит тээвэр 278% өсөж 768 мянган тн-д хүрснээр нийт транзит ачаа тээврийн 15.1%-ийг эзлээд байна.

Салбараа сайн мэднэ

Тээвэр логистикийн салбар дараа төлбөрөө төлөх арга барилаар явагддаг тул Монложистикс богино хугацаат өр төлбөр болон эргэлтийн хөрөнгөдөө илүү анхаарах ёстой. Тэд үүнийгээ ч сайн мөрдөж буй. Тодруулбал,

  • Дарамтаа багасгая: 2022 онд богино хугацаат өр төлбөрийн 16.7%-ийг эзэлж байсан богино хугацаат зээлийн үлдэгдэл 2023 онд 99.2% буурч ₮20 саяд хүрсэн бол дансны өглөгө нь 8.6% буурч ₮8.9 тэрбум болжээ.

  • Илүү хурдтай: Тэд 2022 онд авлагаа цуглуулахдаа дунджаар 38 хоног зарцуулсан бол 2023 онд 28 хоног зарцуулжээ. Хэдий дансны авлагын дүн 9% нэмэгдэж ₮17.3 тэрбумд хүрсэн ч ийнхүү авлагаа хурдан цуглуулаад байвал борлуулалт өсөх боломжтой билээ.

Тэгвэл ашиг яагаад буурав?

Тэдний борлуулалтын өртөг 63.2% өсөж ₮195.1 тэрбумд, үйл ажиллагааны зардал 34% нэмэгдэж ₮8.7 тэрбумд хүрснээр цэвэр ашиг 2023 онд 8.6% буурч ₮8.7 тэрбум болжээ. Харин Монложистикс Холдингийн хувьцааны хувьд P/B харьцаа 1.6, P/E 8.2-т, эздийн өмчийн өгөөж 25.3%-д хүрээд байна.

Эцэст нь, тэд 2023 оны цэвэр ашгийн 35% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд буй. Тодруулбал, нэгж хувьцаанд ₮7.58-ийг 6 сарын 28-ны дотор тараах юм. Ийнхүү тэдний эхний ногдол ашгийн өгөөж 4.2%-тай гарав, дажгүй шүү.

🔥 IPO-н дараа нийт хөрөнгө х2.9

QPAY: Инновэйшн Инвестмент ХК-ийн орлого 2023 онд 116% өсөж ₮13 тэрбумд хүрлээ. Улмаар ашиг нь 63% өсөж ₮5.7 тэрбумд хүрээд буй. Тэд өнгөрсөн оны сүүлээр нээлттэй компани болж олон нийтээс ₮8.3 тэрбумыг татан төвлөрүүлж байсан билээ. Сонирхуулахад, тэдний хөрөнгө IPO хийхээс өмнө ₮6.8 тэрбум байсан өдгөө ₮19.5 тэрбумд хүрээд байна.

ЗАЛРУУЛГА

2 сарын 6-ны Мягмар гаргийн товхимолд “Хувьцаат компаниудын засаглалын кодекс”-ийн үнэлгээний талаарх мэдээллийн график дээр Богд Банк (BOGD) ХК-ийн үнэлгээг 90.6% хэмээн алдсан байна. 2023 онд Богд Банкны засаглалын кодексийн үнэлгээ 80.6%-тай гарсан билээ. Алдаа гарган буруу мэдээлэл түгээсэнд хүлцэл өчье. 🙏

⚒ Чухалд төвлөрөх нь

Чухал ашигт малтмал гэж урд, хожид дуулж байв уу? Ер нь чухал ашигт малтмал болон Монголын уул уурхайн хөгжил хоорондоо хамааралтай юу? 

Чухал гэсний учир

Улс орон бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, шаардлагад тулгуурлан чухал ашигт малтмалыг янз бүрээр тодорхойлдог. Ингэхдээ эдийн засгийн ач холбогдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэл, орлуулах боломж гэх мэтийг харгалзан үзнэ. Америк л гэхэд эдийн засаг, үндэсний батлан хамгаалахад чухал ач холбогдолтой ашигт малтмал гэж 35 чухал ашигт малтмалын жагсаалтыг хөтөлдөг бол Европын Холбоо 20 чухал түүхий эдийг, Хятад 15-ыг тодорхойлжээ.  

  • Хэрэглээ: Тэдний тодорхойлсон чухал ашигт малтмал нь ухаалаг гар утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний технологи, эмнэлгийн хэрэгсэл зэрэг өргөн хүрээний бараа, үйлчилгээ үйлдвэрлэхэд амин чухал гэсэн үг.

Чамайг сонголоо: Зэс

Хамгийн их нэрлэгдсэн чухал ашигт малтмалд цахилгаан машин, электроникийн батарейнд ашигладаг лити, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг орно. Харин Америк, Чили, Канад, Хятад, Япон, Энэтхэг зэрэг улсууд зэсийг чухал ашигт малтмалд тооцож буй. Тэгэхээр нэг юм бодогдохгүй байна уу? 

  • Монголд ирэх боломж: Аль болох олон орон зэсийг чухалчилж моодонд оруулах тусам бидэнд ашигтай. Ирэх жилүүдэд Оюу толгой бүрэн чадлаараа ажиллах үед Монголын зэсийн зах зээл дэх цар хүрээ тэлж бусад түүхий эдийн үнэ унах, нүүрсний зах зээл хумигдах зэрэг сөрөг шокийн нөлөөг бууруулах юм. Мэдээж зэсийн экспортын өсөлтийг дагаад эдийн засаг ч тэлнэ. 

  • Биднийг сонирхоод эхэлсэн: Түүнчлэн өнгөрсөн сард Эрдэнэс Монгол ХХК Өмнөд Солонгосын Кум Яанг ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Тэгэхээр бид зөвхөн Хятад гэхгүй бусад улс оронд ч чухал ашигт малтмалын экспорт хийх боломжтой. Хэдий чинээ олон улстай л найзархаг байна төдий чинээ хүчирхэгжих билээ.  

Өөр өнгө

Уг нь бол чухал ашигт малтмал Монголын уул уурхайн салбарт шинэ өнгө нэмэхээр байна. Бүх улс орон эрчим хүчний шилжилт хийж нүүрснээс татгалзах болсон энэ үед бид арай өөр аргаар хоолоо олж идэх шаардлагатай болно. Харин нөгөө талд бэлээхэн зэс, газрын ховор элементийн нөөц нь ч байна, зах зээл нь ч байна. Тэгэхээр энэ цаг үеийг сайн ашиглаж уул уурхайн салбарт эргэлт хийх хэрэгтэй байна даа. 

Paste Special хэсгээс их олон зүйлс олдоно оо. Энэ удаад skip blanks-р өгөгдөл нэгтгэх аргыг хуваалцаж байна. 🍋 

ASUG

🔹Сүү (SUU) ХК-ийн орлого өнгөрсөн жил 35.9% өсөж ₮147.8 тэрбумд хүрлээ. Улмаар ашиг нь 87.6% пуужиндаж ₮15.6 тэрбумд хүрээд буй. Уг өсөлтөд компанийн борлуулалтаас олсон нийт ашиг 51.5% өсөн ₮45.2 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ. 

🔹ХасБанк (XAC) ХК ногдол ашиг хуваариллаа. Тус банк 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ₮15.5 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮14.8 тараагаад байна. Тэгэхээр тэдний ногдол ашгийн өгөөж өнгөрсөн 7 хоногийн хаалтын ханшаар 2.1% байна.

🔹Мандал Даатгал (MNDL) ХК 2023 онд ₮5.8 тэрбумын ашигтай ажиллажээ. Ашгийн өсөлтөд даатгалын хураамжийн орлого нь тус жилд 57.7% өсөж ₮109.9 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлөв. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жил ₮12 тэрбумыг даатгалын нөхөн төлбөрт зарцуулсан байна. 

🔹Жуулчин Дюти Фрий (SLN) ХК-ийн орлого өнгөрсөн жил 4 дахин өсөж ₮1.6 тэрбумд хүрсэн байна. Ингэснээр компани 2023 онд ₮411 саяын ашигтай ажиллажээ. Сонирхуулахад, энэ оны эхээр тус компанийн үнэт цаасыг МХБ (MSE) ХК-ийн үнэт цаасны бүртгэлд сэргээн бүртгэсэн байдаг.

  • Олон нийттэй харилцах болон арга хэмжээний менежер / EuroChamber Mongolia: Европ Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын цахим хуудас болон арга хэмжээг зохион байгуулж ажиллах хүсэлтэй 3+ жил ажилласан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)

  • Нягтлан бодогч / KPMG Audit: Голлон НӨАТ-ын буцаан олголт дээр ажиллах хүнийг хайж байна. Тус чиглэлээр суралцаж буй төгсөх түвшний оюутан байж болно гэнэ шүү. 👉 (Link)

  • Дотоод аудитор / Ариг Банк: Мэргэжлээрээ 5+ жил ажилласан туршлагатай санхүүгийн салбарын мэргэжилтнийг хайж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Юу ярив? Fox News-с хөөгдсөн хөтлөгч Такер Карлсон Владимир Путинтай ярилцлага хийв. (kremlin)

  • Доналд Трамп: Америк дайнтай байгаа улсуудад тусламж өгөх ёсгүй. Мөнгө өгөх бол тэр нь зээл л байх ёстой. (CNN)

  • Тусална: $198 саяын төсөвтэй Eternal Mongolia төсөл энэ оноос хэрэгжиж эхэлнэ. (Nature)

  • Юу болов? Super Bowl 2024. (ReviveMusic)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.