- Lemon Press
- Posts
- 🔚 Найр дууслаа
🔚 Найр дууслаа
Богд Банкны IV улирлын тайлан | Өмнөд Солонгосын хар жагсаалтад орсон Монголын далбаатай хөлөг онгоц | Чипийн акулуудын найр дуусав
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Улаанбаатар хотод сэтгэл зүйн асуудлаа бусадтай ярилцаж, мэдрэмжээ хуваалцах боломжтой ярилцлагын төв байдаг гэдгийг мэдэх үү? Уншигчид минь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч байгаарай. 🫂


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
MOFA: Хөдөө аж ахуйн биржээр мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг арилжихаар боллоо.
NSO: Өнгөрсөн онд бүртгэгдсэн авлигын хэргийн тоо 2022 оны мөн үеэс 19.8% өсөж 569 болжээ.

💸 Төсөөлөлдөө хүрээгүй ч сайн

Богд Банкны ашиг 2023 онд 52.7% өсөн ₮29.2 тэрбумд, нийт хөрөнгө 49.6% өсөн ₮713.6 тэрбумд хүрлээ. IPO гаргах үеийн нийт хөрөнгийн төсөөллийнхөө 71.2%-ийг биелүүлсэн тэдний тайлантай танилцах уу?
Банкны үйл ажиллагаа
Тус банк ерөнхий 2 чиглэлд эх үүсвэрээ өсгөхийг зорив. Тодруулбал, хугацаатай хадгаламжийн урамшуулалт аян явуулсны үр дүнд хадгаламжийн хэмжээ 92% өсөн ₮264.5 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн Triple Jump ХОС-гаас $8 саяын дунд хугацааны санхүүжилт татах зэргээр бусад байгууллагаас татсан хөрөнгөө 112.8% өсгөн ₮189.1 тэрбумд хүргэсэн байна. Тэд энэ хөрөнгөө юунд зарцуулав?
Олгохын хэрээр эрсдэлээ хаав: Тус банк зээл олголтоо 50.8% өсгөн ₮313.8 тэрбумд хүргэсэн бол хүүгээс тэр хэрээр буюу ₮81.6 тэрбумыг олов. Улмаар чанаргүй зээл тус онд 1 нэгж хувиар бууран 3.4%-д хүрсэн аж. Сонирхуулахад, нийт банкнуудын чанаргүй зээл 2023 оны эцэст 7.4%-тай гарсан байна.
Гэнэтийн үед бэлэн: Тэдний борлуулах зориулалттай хөрөнгийн хэмжээ 52.3 дахин нэмэгдэж ₮25.8 тэрбумд хүрсэн нь нийт хөрөнгийн 3.6%-ийг бүрдүүлжээ. Сонирхуулахад, тус төрлийн хөрөнгөд 12 сарын дотор заран ашиг олох зорилготой санхүүгийн бус хөрөнгүүд багтдаг юм.
Хувьцаа тэгвэл?
Эргэлтээ сайжруулав: Тэд 2023 оны 3-р сард хувьцаагаа 20 хуваасан билээ. Улмаар IPO хийснээс хувьцаа хуваах хүртэл өдөрт ₮7.5 саяар, хуваасны дараа 2023 он дуустал ₮28.6 саяар арилжаалагдсан юм. Нэг ёсондоо хувьцааны хөрвөх чадвараа сайжруулжээ.
Дунджаас доогуур: Банкны P/B харьцаа 0.9, P/E буюу үнэ ашгийн харьцаа 3.8 гэж гарчээ. Үүнийг одоогоор тайлангаа гаргасан Голомт банк, ХасБанкны дундажтай харьцуулахад 0.1 нэгж хувь, 0.6 нэгж хувиар тус тус доогуур гарав.
Дүгнэхэд, Богд Банк тус онд эрсдэлээ сайн удирдан чанаргүй зээлийн харьцаагаа бууруулж чадав. Үүнээс гадна эздийн өмчийн өгөөж (ROE)-г 7 нэгж хувиар нэмэгдүүлж 23.4%-д хүргэсэн нь Голомт банк болон ХасБанкны дундаж 23.2%-иас илүү гарчээ. Сайн байлаа.

📱 Солонгосчууд iPhone-д хайртай!
AAPL: Apple-н Өмнөд Солонгос дахь үйл ажиллагааны ашиг өнгөрсөн онд 550% өсөж ₩559.9 тэрбумд хүрчээ. Улмаар орлого нь 2022 оноос 2.6% өсөж ₩7.5 их наядад хүрээд буй. Үүнд iPhone 15 тус улсад борлуулагдаж эхэлснээс хойш одоог хүртэл өндөр борлуулалттай байгаа нь голлон нөлөөлсөн гэнэ. Сонирхуулахад, Apple Өмнөд Солонгос өргөжсөөр маргааш 6 дахь нэрийн дэлгүүрээ нээх гэж байна.

⚙️ Чипийн акулууд яав?

Өнгөрсөн онд чип үйлдвэрлэгч томчуудын орлого 11% буурч $533 тэрбум болжээ. Юу болов?
Найр дууслаа
2022 онд AMD (AMD)-н орлого л гэхэд 42.9%, Qualcomm (QCOM)-нх 28.3% өсөж ТОП-10 чип үйлдвэрлэгч нийт зах зээлийн 53.9%-ийг бүрдүүлж байв. Харин өнгөрсөн жилийн тухайд тэдний эзлэхүүн 4.6 нэгж хувиар буурч жижиг компаниудын зах зээлд эзлэх байр суурь давамгайлжээ. Учир нь Samsung Electronics (005930.KS)-н орлого л гэхэд 37.5%, зах зээлд эзлэх хувь нь 3.4 нэгж хувь буурч тэргүүлэгчийн титмээ Intel (INTC)-д алдав.
Яагаад? Энэ нөхцөл байдалд нийлүүлэлтийн сүлжээний доголдол, геополитикийн асуудлаас гадна ухаалаг утас, компьютер, серверүүдийн чипийн эрэлт багассан нь нөлөөлсөн юм. Улмаар санах ойн бүтээгдэхүүний орлого 2023 онд 37% буурсан байна.
Өнгөлөгсөд: ТОП-10-аас 3 компанийн л орлого өссөн аж. Тэр дундаа NVIDIA (NVDA)-н орлого хамгийн ихээр буюу 56.4% нэмэгдэж анх удаа жагсаалтын 5-рт эрэмбэлэгдэв. 2022 оны үзүүлэлтээс 7 байр ахисан хэрэг.
Зах зээлийн өнгө аяс
2023 онд хүндхэн нөхцөлд орсон чипийн зах зээл энэ онд 20% өсөж сэргэхээр байгаа. Учир нь Америкийн хоригийн нөлөөгөөр Хятад үйлдвэрлэлийн хүчин чадлаа идэвхтэй өргөжүүлсээр буй. Ингэснээр чип үйлдвэрлэгчдийн эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа юм.
Бидэнд боломж бий юу?
Чипийн зах зээл тэлнэ гэдэг нь цаад утгаараа түүнд шаардагдах түүхий эдийн үнэ, эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл бид чинь эрдэс баялаг тэр дундаа зэсийн асар их нөөцтэй. Түүнчлэн 3.1 сая тн газрын ховор элементийн нөөцтэй, үүгээрээ дэлхийд эхний 15-д ордог гээд байгаа. Хайгуул болон олборлолтын ажлаа эрчимжүүлчихвэл томоохон нийлүүлэгч болох боломжтой л санагдах юм.




🔹Өнгөрсөн онд УИХ 75 хоног хуралдаж 224 хууль баталжээ. Түүнчлэн 62 тогтоол батлаад буй. Ингэснээр УИХ өнгөрсөн намар хуульд заасан 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах нормоо биелүүллээ. Сануулахад УИХ-ын хаврын чуулганыг ирэх 3 сарын 15-нд нээнэ шүү.
🔹Өнгөрсөн онд Apple (AAPL), Microsoft (MSFT), Tesla (TSLA) тэргүүтэй 7 технологийн компанийн зах зээлийн үнэлгээ хамгийн их өсжээ. Харин нөгөө талд газрын тос болон эм үйлдвэрлэгчийнх хамгийн их буурсан буюу Pfizer (PFE) 41%, Moderna (MRNA) 44.6%, Chevron (CVX) 13.6% тус тус буурсан байна.
🔹Нийслэл дэх бүх авто зогсоолуудыг нэгдсэн системд бүртгэнэ. Ингэснээр иргэд сул зогсоолын мэдээлэл авах цаашлаад зогсоолоор үйлчлүүлэгчдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломжтой болох аж. Гэснээс Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар ярилцаж байна.
🔹Өмнөд Солонгоос Хойд Солонгос руу хууль бусаар газрын тос болон нүүрс тээвэрлэсэн 11 хөлөг онгоцыг хар жагсаалтад орууллаа. Тус жагсаалтад Монголын далбаат 1 хөлөг онгоц багтаад буй. Энэ нь тус улс 2016 оноос хойш анх удаа хөлөг онгоцнуудад бие даасан хориг арга хэмжээ авсаг тохиолдол болов.

Мэдсэн үү? Хятадын ЗГ-ийн магистрын тэтгэлэг зарлагдлаа. (ESIS)
Яаж? Жо Байден уруудаж буй сурагчдын шалгалтын дүнг сайжруулна. (Axios)
Айн? Таргалалт халдварладаг! (TheDiaryofCEO)
Хэзээ? Энэ онд Тайваниас 14 Монгол оюутанд тэтгэлэг олгоно. (TaiwaninMongolia)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply