• Lemon Press
  • Posts
  • 🚀 Галзуу өсөлттэй IT компани

🚀 Галзуу өсөлттэй IT компани

Түгжрэлийн хууль яасан гэнэ ээ? | GOV-н зээлийн гэрээ өөрчлөгдлөө | Галзуу өсөлттэй IT компани

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Явган хүний зам таглаад машин зогсчихсон байхаар нэг л дургүй хүрээд байдаг даа. Тэгвэл ингэж зогссон машины зургийг "Цахим замын цагдаа", "Paparazzi+traffic Mongolia" гэсэн FB групп руу илгээхэд болох юм байна шүү. Ядаж зургийг нь явуулчихвал стресс арай буурах биз ээ. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ХААН Банк ХК (KHAN)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 1 сарын дараа буюу 4 сарын 23-нд болно

JPN: Японы Төв банк 17 жилийн дараа анх удаа бодлогын хүүгээ өсгөж -0.1% байсныг 0%-0.1%-д хүргэлээ

GOV: Ногоон автобусны нээлттэй сонсголыг 4-р сард багтааж зохион байгуулна.

🚗 Түгжрэл буурна гэнэ дээ, хө

Зээ Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацаа энэ оны 12 сарын 15. Энэ ер нь яадаг хууль вэ? 

6 ➡️ 27

Уг хуулийг өнгөрсөн оны 12-р сард 6 бүлэг, 27 зүйлтэйгээр баталсан байдаг. Үүнийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор боловсруулсан аж. Яг ямар асуудлыг шийдэх хэрэгцээтэй байна вэ гэхээр,

  • Нөхцөл байдал: Нийслэлийн 20+ насны 3 хүн тутмын 2 нь тээврийн хэрэгсэлтэй. Үүнээс үүдэх түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн том шийдэл нь дугаарын хязгаарлалт. Ингэснээр Даваа гарагт л гэхэд нийт тээврийн хэрэгслийн 82.6% нь хөдөлгөөнд оролцож, 83.2 мянга нь хасагддаг. Гэсэн хэдий ч түгжирсээр л… 

  • Нэмэгдсээр: Нөгөө талд байгаа гэр хорооллын асуудлыг харвал, нийслэлд 91.2 мянган өрх гэрт амьдарч байгаа аж. Энэ нь 2010 оны дүнгээс 4.2% өссөн үзүүлэлт. Гэр хорооллын хүлэмжийн хийг бууруулахын тулд шахмал түлш, утаагүй зуух зэрэг шийдэл боловсруулсан ч Улаанбаатар маань утаатай хэвээр… 

Тэгвэл шинэ хуулийн шинэ шийдэл нь юу вэ? 

Түгжрэлийн хувьд: Авто замын зорчих хэсгийн дагуу хөдөлгөөнд саад учруулж олон цагаар үнэ төлбөргүй автомашинаа байршуулах явдлыг цэгцлэхийн тулд авто зогсоолын нэгдсэн системийг бий болгох гэнэ. Үүн дээр нэмж хийгдэх ажил нь автомашины дугаар олголтыг хязгаарлах явдал. 

  • Тодруулбал, Улаанбаатарт олгох улсын бүртгэлийн дугаарыг хязгаартайгаар олгох юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, түгжрэлийг зохицуулах аж. Дээрээс нь нэмээд такси үйлчилгээ эрхлэх бол ₮3-₮10 саяыг төлж зөвшөөрөл авахаар болж байгаа. 

Гэр хорооллын хувьд: Хамгийн түрүүнд хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд заасан гэр хорооллыг орон сууцжуулах аж. Ингэхдээ ямар нэгэн орон сууцны төсөл хэрэгжихийн өмнө газар чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж, тухайн хэсгийн газар өмчлөгч хуулийн этгээдийн 70%-иас доошгүй дэмжлэгийг авсан байх ёстой гэнэ. Мөн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлэх нь. 

Эцэст нь, танд энэ хууль содон сонин санагдаж байна уу? Пөөх бас ийм байж болох нь ээ, хүүе ээ энэ чинь нээрээ шийдэл юм биш үү гэж бодогдохоор зүйл лав байсангүй. Ядахад хуулийн танилцуулга дээр нь яаж хэрэгжүүлэх яг тодорхой зүйл ч алга. Ай даа тэгээд үр дүн гардаг байгаа?

💸 Зээлийн нэмэлт өөрчлөлт

GOV: Говь ХК болон түүнтэй холбогдох ХХК-иудын Голомт банк (GLMT)-тай байгуулсан зээлийн багц бүтээгдэхүүний гэрээнд нэмэлт өөрчлөлт орлоо. Тодруулбал, зээлийн гэрээг 24 сараар сунгаж, эрхийн хэмжээг ₮70 тэрбумаас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлж, төгрөгийн зээлийн хүүг 15.6% болгон өөрчилсөн аж. Сонирхуулахад, Говь ХК-ийн нийт өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны байдлаар ₮309.6 тэрбум байна.

🌍 Дэлхийн мөнгөний 7 хоног 2024

Дэлхийн мөнгөний 7 хоног 2024 аяны нээлт өнөөдөр буюу 3 сарын 20-нд болно. Энэ жилийн хувьд “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор 4 сарын 10 хүртэл Монгол орон даяар хэрэгжих юм.

Түүнчлэн уг аяныг Монголбанк манлайлан хэрэгжүүлж байгаа ба иргэд олон нийт, тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион байгуулж буй.

🤩 SMCI: Галзуу өсөлттэй IT компани

S&P 500 индекс (^GSPC)-ийн сагсанд өсөх ирээдүйтэй гэгдэх IT компани Supermicro (SMCI) нэмэгдлээ. Supermicro бол ХЗЗ-н хамгийн халуухан компанийн эрдэнэсийн авдар. Үргэлжлүүлж уншихын өмнө тус компанийг таагаарай. 🔎

Галзуу хурдаар өсөв

Хариулт нь мэдээж Nvidia (NVDA). AI-н халуурлыг Supermicro Nvidia-гаас дутуугүй ашиглаж хувьцааны үнэ нь өнгөрсөн жилийн өдийд $108 байсан бол жилийн дотор 10 нугарч хамгийн дээд цэгтээ буюу $1,204-т ч хүрч байв. Энэ оны хамгийн өндөр өсөлттэй яваа Nvidia-н хувьцааны үнэ гэхэд жилийн дотор 3 нугарч $884-т хүрсэн гэхээр тоосоороо булсан байгаа биз? 

Тэгвэл Supermicro S&P 500 индексэд багтах шалгуураа хэрхэн хангасныг харах уу? 

  • Зах зээлийн үнэлгээ: SPX-н компаниудын дор хаяхад $8.2 тэрбумаас дээш үнэлгээтэй байх ёстой байдаг бөгөөд SMCI-нх гэхэд $52 тэрбум байгаа юм. 

  • Хувьцаа эзэмшлийн бүтэц: Тус компанийн нийт хувьцааны 62.47%-ийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, 4.44%-ийг нээлттэй компаниуд болон жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна

  • Мэдээж ашиг: Тэд индексийн ашгийн үзүүлэлтийг ч хангаж ашиг нь өнгөрсөн онд 37% өсөж $7 тэрбумд хүрчээ.

Бизнесийн шинжье!

Supermicro бол AI, үүлэн тооцоолол, зүйлсийн интернэт (IoT), 5G зэрэг технологиудын техник болон программ хангамжийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани хоёрхон хоногийн өмнө Nvidia-н дараагийн загварын чипт зориулсан SuperCluster гэх 8U болон 1U агаарын хөргөлттэй системүүд, 4U шингэн хөргөлттэй системүүдийг танилцуулаад буй

  • Товчхондоо тэдний серверийн найдвартай байдал болон хөргүүрийн систем нь AI-н ирээдүйд зайлшгүй байх бүрэлдэхүүн гэгдэж байгаа.

Эцэст нь… Тус компанийн хувьцааны үнэ S&P 500 индексэд багтсан эхний өдрөө 6% унаж одоо $1,000 болоодхов. Юутай ч тус компани хөргүүрийн системээсээ гадна ногоон IT-г хөгжүүлэхээр мөс хагалж яваа гэдгээрээ бусдаас онцгой. Овоо хараандаа авах гоё компанитай боллоо. Цаашид хэрхэхийг нь харж сууя даа. 

🏠 Хаус борлуулалтын уралдаан

Үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн борлуулалтын агентууддаа дуулгах сайхан мэдээтэй.

Улаанбаатар хотын хаус, тансаг зэрэглэлийн орон сууцны төслүүдийг танилцуулахаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй House Expo 2024 үзэсгэлэн, арга хэмжээний үеэр зохион байгуулагдах “Хаус борлуулалтын уралдаан”-д оролцохыг урьж байна.

Тодруулбал, 3 өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнд оролцож буй төслүүдээс амжилттай борлуулалт хийж гэрээгээ баталгаажуулбал түүнийхээ 5%-ийг авах төдийгүй мөнгөн шагналын эзэн болох гэнэ шүү.

Түүнчлэн бүх худалдан авагчид ₮50-₮100 саяын бодит хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

📅 Хэзээ: 3 сарын 22-24
📍 Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхим

Financial News London

🔹Deloitte бүтцийн өөрчлөлт хийж бизнесийн үндсэн чиглэлээ 4 болгон таналаа. Тодруулбал, тэд 2014 оноос хойш 5 чиглэлд ажиллаж байсан бол зардлаа танахын тулд аудит, татвар ба хууль эрх зүй, технологи, эрсдэлийн удирдлага гэсэн 4 чиглэлээр ажиллах аж. Сонирхуулахад, тус компани 2022 онд Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоож байжээ.

🔹Nvidia (NVDA) болон Johnson & Johnson (JNJ) хамтран мэс заслын хиймэл оюун ухаант (AI) апп хөгжүүлнэ. Тус AI апп нь мэс заслын өмнөх болон дараах үйл ажиллагааг хянах, бичиг баримт цэгцлэх, тоон мэдээлэл дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх аж. Цаашлаад, мэс заслын өрөөн дэх дуу болон дүрсэд ч анализ хийх гэнэ.  

🔹Xiaomi (1810.HK)-н IV улирлын орлого 11% өсөж $10 тэрбумд хүрчээ. Улмаар ашиг нь 236% өсөж $680 саяд хүрээд буй. Өнгөрсөн онд тэд дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 12.8%-ийг эзэлж 3 жил дараалан ТОП-3 борлуулагчдын эгнээнд багтаад буй.

🔹Өмнөд Солонгос Монгол дахь элчин сайдаа 15 сарын дараа эргүүлэн татав. Одоогийн элчин сайд Ким Чен Гугийг Вьетнамын дайнд оролцсон дайчдын хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутгаад буй. Түүний оронд Америкт Солонгосын элчин сайдын яамны зөвлөх хийж байсан Чой Жин Воныг шинэ элчин сайдаар томилжээ.

Ном, дэвтрээ хураагаарай. Цонхон талаасаа А вариант… 

Зиа шалгалтын цаг хүүхдүүдээ. Зөвхөн буруу агуулгатай мэдээг олно шүү. ❌ 

А. SMCI-н хувьцааны үнэ жилийн дотор 10 нугарчээ. 📈
B. Xiaomi-н IV улирлын орлого 11% өсөж $10 тэрбумд хүрчээ. 🤑
С. ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал 2 сарын дараа болно. 🤝

  • Хэрэгтэй: Зэсийн баяжмал худалдан авагчдад зориулсан сургалт. (MSE)

  • Гоё тоонууд: ҮСХ-ны вэбсайтаас 1990 оноос өмнөх статистик мэдээллийг харах боломжтой боллоо. (NSO)

  • Тоглоё: LinkedIn тоглоомын цэстэй болно гэнэ ээ. (TC)

  • Доналд Трамп: Сонгуулийн ажилд минь туслаач! Найз аа. (CNBC)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь С буюу ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2 сарын дараа биш 1 сарын дараа болно шүү.