- Lemon Press
- Posts
- 🌠 Дижитал зар сурталчилгаа тэлсээр
🌠 Дижитал зар сурталчилгаа тэлсээр
Монголын IPv6 нэвтрэлт болон зар сурталчилгааны зах зээлийн хандлагын талаар тоймлов.
POWERED BY
Hey! Заа манай Lemonade цувралын шинэ дугаар цацагдлаа. Энэ удаагийн дугаарт бид бүхний сайн мэдэх Хандгай комикийн продюсер Э.Тамир оролцсон билээ. Сонирхуулахад, цуврал комик бүтээхэд ₮500 саяас ₮1 тэрбум шаардлагатай гэнэ шүү. Илүү ихийг ЭНДЭЭС. 📽️
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголын банкны системийн нийт актив 2019 оны мөн үеэс 38.5%, жилийн өмнөхөөсөө 16% өсөж ₮46.4 их наяд болов.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮750 саяын репо зээл арилжаалагдлаа.
ADB: Азийн Хөгжлийн Банкны гишүүн орнууддаа олгосон санхүүжилтийн хэмжээ 2022 онд 11.2% буурч $20.5 тэрбум болжээ.
Монголын технологийн хөгжил
Юнител групп өрхийн интернэт хэрэглэгчдийнхээ 50%-д IPv6-г нэвтрүүлээд буй. Тэгвэл уг шинэчлэлтэй холбоотой ямар өөрчлөлт гарав?
IPv6: Компьютер, гар утас зэрэг бүх төхөөрөмж IP буюу интернэт протокол хаягаар дамжин интернэтийн өргөн сүлжээнд нэвтэрдэг. IPv4 гэж нэрлэгддэг анхны IP хаягийн схем нь бидэнд төхөөрөмжүүдээ вебтэй холбох боломжийг олгож буй. Харин IPv6 нь Pv4-ийг нөхөж, орлуулах зорилготой IP хаягийн хамгийн сүүлийн хувилбар юм.
IPv6-н давуу тал
IPv6 нь интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдэд шаардлагатай өвөрмөц IP хаягуудыг өгдгөөрөө IPv4-тэй адил ч 128 битийн урттай IP хаягийг ашигладгаараа ялгаатай. Энэ нь IPv4-н 32 битийн хаягуудаас хамаагүй том орон зайтай гэсэн үг. Тэгэхээр бид олон төхөөрөмжийг интернэтэд холбоход гацах асуудал багасах юм. Түүнчлэн,
Илүү аюулгүй байдал: IPv6 нь шифрлэлт, нэвтрэлт, танилт зэрэг аюулгүй байдлын сайжруулсан функцуудыг хангадаг IPsec протоколын багц дэмжлэгийг агуулдаг тул янз бүрийн хэлбэрийн халдлагаас хамгаалахад тусална.
Өндөр чанар: Түүнчлэн IPv6-г нэвтрүүлснээр видео, онлайн тоглоомын хугацааны хоцрогдол багасаж, дамжуулах чанар сайжрах аж.
Монголын хөгжил
Дэлхий дахинд IPv6 нэвтрүүлэлт 43%-тай үргэлжилж буй. Харин Монголын нийт IPv6 нэвтрүүлэлт жилийн өмнө ердөө 0.2% байв. Тэгвэл Юнивишн өрхийн интернэт хэрэглэгчдэдээ IPv6-г нэвтрүүлснээр энэ үзүүлэлт 27.3% болж Монгол IPv6 нэвтрэлтээрээ технологийн салбарт тэргүүлэгч Өмнөд Солонгос, Сингапур, Итали зэрэг улсуудыг ардаа орхисон юм. Ингэснээр бид IPv6 нэвтрүүлэлтээрээ Азийн ТОП 15 улсад багтаж, өрсөлдөх чадвараа нэмж буй. Заа тэгээд IPv6-н нөлөөг мэдрэх л үлдлээ дээ.
🆙 Meta-н сэргэлт
META: Гурван улирал дараалан буураад байсан Meta-н орлого энэ оны I улиралд жилийн өмнөхөөсөө 3% өсөж $28.6 тэрбумд хүрч шинжээчдийн хүлээлтийг давав. Үүнд тэдний дижитал зар сурталчилгааны бизнес сэргэсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн Meta энэ II улиралд $29.5-$32 тэрбумын орлого олох төлөвтэй байгаа юм. Ийнхүү компанийн тайлангийн араас хувьцааны үнэ нь 11.1% өсөөд буй.
🌠 Дижитал зар сурталчилгаа тэлсээр
Өнгөрсөн онд дэлхийн зар сурталчилгааны ЗЗ-ийн үнэлгээ өссөөр $615.2 тэрбум болов. Гэсэн ч тус ЗЗ дэх телевизийн зар сурталчилгааны эзлэх хувь 8 дахь жилдээ дараалан буурчээ.
Зар сурталчилгааны салбар тэлнэ
Дэлхийн зар сурталчилгааны салбар тэлсээр ирэх онд ЗЗ-ийн үнэлгээ нь $833 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Гэхдээ тус салбар доторх хөдөлгөөн рүү өнгийн харвал, хэрэглэгчид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радио, сониноос мэдээлэл авах нь багасаж буйг харж болохоор. Жишээ нь л гэхэд, 9 жилийн өмнө телевизийн зар сурталчилгаа нийт зар сурталчилгааны 44%-ийг эзэлдэг байсан бол 2022 онд ердөө 28%-ийг эзлээд буй.
Дижитал зар сурталчилгаа
Цаашлаад телевизийн зар сурталчилгаа буурсаар энэ онд нийт сурталчилгааны ЗЗ-ийн 26%-ийг бүрдүүлэхээр байгаа бол нөгөө талд, дижитал зар сурталчилгаа нийт ЗЗ-ийн 52%-54%-ийг эзлэхээр байна. Учир нь компаниудад дижитал зар сурталчилгаа уламжлалт зар сурталчилгааны сувгуудаас илүү хямдаар олон хүнд хүрч байгаа тул компаниуд тэдэнд илүү найдах болж. Үр дүнд нь дижитал зар сурталчилгаа тус салбарын тэргүүлэгчийн титмийг зүүв.
Шинэ боломж
Зар сурталчилгааны салбар доторх ширүүн өрсөлдөөний хажуугаар хиймэл оюун ухаан (AI) ч тус салбарт хүч түрэн орж ирсэн билээ. Энэ нь ч компаниудад харьцангуй бага зардлаар, илүү оновчтойгоор өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлах сайхан боломж. Улмаар уламжлалт медиа салбарынхны угаас бууралттай байгаа зар сурталчилгааны орлогыг улам л багасгахаар байна.
Ер нь л сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан салбартаа амжилттай явахын тулд дижитажих шаардлагатай болсон. Тэгэхээр уламжлалт хэвлэл мэдээллүүд дижитал медиад шилжих болох нь дээ.
Тоо бодохоор толгой сэргэдэг гэдэг дээ. Тэгэхээр энэ удаад бяцхан тооцоолол хийнгээ толгойгоо сэргээцгээе. 🤓
Нэгэн хотын оршин суугчдын 5% нь бүртгэлгүй утасны дугаартай. Та тухайн хотын утасны лавлахаас санамсаргүй байдлаар 100 нэр сонголоо гэж бодъё. Тэгвэл сонгогдсон хүмүүсийн хэд нь бүртгэлгүй утасны дугаартай байх боломжтой вэ?
Хариултаа олсон бол бидэнд мэдэгдэхээ мартав аа. 🤗
Дижитал банкны хэрэглэгч болмоор байна уу?
Шинэчлэгдсэн “Капитрон Дижитал банк”-ны хэрэглэгч болж амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 🤩
Тэд шинэ хэрэглэгчдэдээ:
6 сарын 2-ныг хүртэл зээлийн хүүг бууруулж, зээлийн эрх нэмэгдүүлэх онлайн зээлийн 5 урамшууллын эрх;
7 сарын 16-ныг хүртэл жилийн хураамжаас чөлөөлж, банк хоорондын болон доторх гүйлгээг ₮0-өөр хийх боломжуудыг олгож буй.
Хэрхэн хэрэглэгч болох вэ?
Банкны бүртгэлтэй харилцагчид апп эсвэл вебээрээ дамжуулж,
Шинэ харилцагчид “Хялбар бүртгэл үйлчилгээ”-нд бүртгүүлж, нэг удаа банкны салбарт ирж гэрээ байгуулаад л хэрэглэгч болох гэнэ.
За тэгээд 4 сарын 29-нд болох “Хөрөнгө оруулалтын экспо 2023”-д оролцон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
🔗 Шинэчлэгдсэн апп татах бол ЭНД дараарай.
🔹Монголын санхүү, ХЗЗ-ийн хамгийн том арга хэмжээ Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган 7 дахь жилдээ зохион байгуулагдана. Тодруулбал, тус арга хэмжээ нь олон нийтэд нээлттэйгээр 4 сарын 29, 30-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох бөгөөд ХЗЗ-ийн сүүлийн үеийн трэндийг хэлэлцэх нь ээ.
🔹Miami International Holdings (MIH) FTX-н крипто деривативын бирж LedgerX-г $50 саяар худалдан авлаа. Энэ хэлэлцээр нь MIH-д крипто арилжааны бизнест орох боломжийг олгоно. Сонирхуулахад, FTX LedgerX-н толгой компани Ledger Holdings-г 2021 онд $298 саяар худалдан авч байжээ.
🔹Бөхөг ХК (BHG) энэ оны IV улиралд багтаж нэмэлт хувьцаа гаргахаар болов. Тус компани нэмж хувьцаа гаргах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх санхүүжилтээ шийдэх юм. Түүнчлэн тэд өнгөрсөн оны тайландаа үндэслэн ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэлээ.
🔹Өнгөрсөн онд ухаалаг гар утасны борлуулалт дэлхийн хэмжээнд 5% өсжээ. Харин Хятадад 17% буурсан аж. Брэндээр нь харвал, Apple (AAPL) нийт ухаалаг гар утасны зах зээлийн 49%-ийг, Samsung (005930.KS) 26%-ийг тус тус эзлэв.
Автобусны буудал дээр нус, шүлсээ их хаяж байна. Эрэгтэй эмэгтэй, хѳгшин залуу ялгаагүй. Яг ѳѳдѳѳс нь харж байхад л ичиж зовно ч гэж байхгүй.
Компаниуд рекламаа уутан дээр нь хэвлээд үнэгүй салфетка тараавал энэ асуудал шийдэгдэх болов уу?— SimplenomicS (@Tumen_Tsengel)
12:09 PM • Apr 26, 2023
Мэд: Microsoft Edge-г ашиглахаа болих цаг болсон гэж үү? (HowToGeek)
Сонирх: Apple хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн апп хөгжүүлж байна. (TC)
Турш: Slack дотор Canva юу хийж чадна гээч? (TheVerge)
Унш: Microsoft-н удаан хөөцөлдсөн Activision-н худалдан авалтад дахиад л саад тулгарав. (Reuters)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply