• Lemon Press
  • Posts
  • Хэрэгцээ 👐, санхүүжилт 🤏

Хэрэгцээ 👐, санхүүжилт 🤏

Өмнөговь аймгийн ХО-ын чуулган | Логистикийн салбарын анхны IPO | Худалдааны санхүүжилтийн зөрүү

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан өдрүүдэд ачаалал 33.5% буурсан гэнэ дээ. Харин одоо тэгш, сондгойн хязгаарлалт дууссан. Ачаалал хэр их нэмэгдэх бол доо? 🚗

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанк бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

MNG: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 39.2% өсөж ₮15.2 их наяд болов.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮16.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮6.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдсан байна.

🚂 Логистикийн салбарын анхны IPO амжилттай

Монложистикс Холдинг ХК-ийн IPO-н захиалгын үнийн дүн ₮11.3 тэрбумд хүрч 103.2%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа.

🔍 Юу болов?

Тэдний IPO-д 1,307 хөрөнгө оруулагч оролцож өсөлтийн цуваанд нэгдсэн байна. Улмаар нийт захиалгын дүн нь татан төвлөрүүлэх дүнгээс ₮337.8 саяар давсан хэрэг.

  • Одоо яах вэ? Захиалгын дүн төлөвлөгөөт дүнгээс давсан тул ердийн захиалгын 500 ширхэг ба түүнээс доош хэмжээтэй хэсгийг 100% биелүүлж, давсан хэсгийг хувь тэнцүүлэн хуваарилах юм. Тэгэхээр стратегийн болон ₮92,500-өөс доош дүнтэй захиалга 100% биелж үлдсэн нь хувь тэнцүүлэх замаар хуваарилагдах нь ээ.

Одоо хөрөнгө оруулагчид юу хүлээх вэ?

Монголын хувьд өнгөрсөн онд тээвэр логистикийн салбар ДНБ-ийн 3.7%-ийг, сүүлийн 10 жилийн хугацаанд өндөр үедээ 5%-ийг бүрдүүлж байв. Түүнчлэн ЗГ-аас баталсан Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн төмөр замын коридор, барилга байгууламж баригдаж тээврийн хүчин чадлыг өсгөх төлөвлөгөөтэй буй. Энэ ч утгаараа компани 2027 он гэхэд борлуулалтын орлогоо 2022 оныхоос 3 дахин нэмэгдүүлж ₮428.6 тэрбумд, ашгаа 3.4 дахин өсгөж ₮33.5 тэрбумд хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн,

  • Илүү өргөн цар хүрээ: Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 73%-ийг хөдлөх бүрэлдэхүүн буюу 100 ширхэг тавцант вагон худалдан авахад зарцуулах учир компанийн үйл ажиллагаа илүү тэлэхээр байгаа юм.

  • Тогтмол ногдол ашиг: Компани ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байж, өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс өндөр байсан тохиолдолд жил бүр цэвэр ашгийн 20%-50%-ийг ногдол ашиг хэлбэрээр тараах аж.

Эцэст нь… Тус компанийн IPO амжилттай болсноор тээврийн салбарын өсөлтийг хурдсах, цаашлаад эдийн засагт өндөр нөлөөтэй салбар болох боломж бүрдлээ. Заа тэгээд логистикийн салбарын хөрөнгө оруулагч болсон хэн бүхэнд баяр хүргэе.

🔊 Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулган болох гэж байна

Энэ сарын 28, 29-ний өдөр Даланзадгад хотноо хөрөнгө оруулалтын чуулган болох бөгөөд Өмнөговь аймгийн хөгжил, бизнесийн орчин, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг, эрчим хүчний ирээдүй зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мэдээж гадна, дотнын хүмүүстэй танилцах, музейн аялал хийх, Говь фестивальд оролцох зэрэг боломжууд ч бий. Оролцохыг хүсвэл 👇

🚗 F-150 x2

F: Ford-н автомашины борлуулалтын өсөлт удааширч байгаа тул F-150 загварын хагас автомашиныхаа үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлнэ. Тэд уг загварын борлуулалтыг Америкт л гэхэд ойролцоогоор 20% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Сонирхуулахад, 2024 оны F-150 загвар нь $35,570-оос эхлэх аж.

Хэрэгцээ 👐, санхүүжилт 🤏

Дэлхийн худалдааны санхүүжилтийн зөрүү 2022 онд $2.5 их наяд болж дээд хэмжээнд хүрчээ. Юу болов?

  • Гэж юу вэ? Азийн Хөгжлийн Банкны судалгааны тайланд дурдсанаар худалдааны санхүүжилтийн зөрүү нь импорт, экспортыг дэмжих санхүүжилтийн хүсэлт болон худалдааны санхүүжилтийн нийлүүлэлтийн зөрүү юм.

🤒 Худалдааны салбарын санхүүжилт хэцүүдэв

Ковид-19-ийн нөлөөгөөр дэлхий даяар хямрал болж зээлийн хүүгийн өсөлт, инфляцыг өдөөж, нэмээд геополитикийн тогтворгүй байдал үүссэн тул банкнуудын санхүүгийн чадавх буурсан билээ. Улмаар 2020 онд $1.7 их наяд байсан худалдааны санхүүжилтийн зөрүү 47% өссөн хэрэг. Энгийнээр бол таны сарын хэрэгцээ улам ихэссэн ч гар дээрх цалин буурч энэ 2-ын зөрүү ихэссэн л гэсэн үг.

  • Үзэл бодол: АХБ-ны судалгаанд 50 орчим орны 137 банк, 185 компани хамрагдсан бөгөөд тэдний 60% нь Орос Украины асуудал, түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас худалдааны санхүүжилт буурсан гэжээ. Мөн тэд худалдааны салбарын санхүүжилт дахин хязгаарлалттай тулгарна гэж үзэв.

Одоо тэгээд юу болох вэ?

Худалдааны санхүүжилтийн зөрүү нэмэгдэх нь хэд хэдэн чухал нөлөө үзүүлнэ. Зах зухаас нь,

  • ЖДҮ-д ч нөлөөлтэй: Худалдааны санхүүжилт буурснаар ЖДҮ-т томоохон корпорацуудаас илүү их бэрхшээл тулгарна. Ингэснээр тэдний дэлхийн ЗЗ-д оролцох боломж хязгаарлагдах юм.

  • 💸 Өндөр зардал: Худалдааны санхүүжилт хүртээмжгүй үед бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл авах, илүү үнэтэй санхүүгийн хэрэгсэл ашиглах шаардлагатай болно. Энэ нь ОУ-ын худалдааны зардлыг нэмэгдүүлэх нь.

  • 🐢 ЭЗ өсөлт = Мэлхий: Худалдааны санхүүжилт буурснаар дэлхийн худалдааны хэмжээ буурах тул ЭЗ-ийн өсөлт удааширна. ЭЗ-ийг хөдөлгөгч гол моторын нэг худалдааны салбарыг нь хязгаарлачихаар аргагүй биз.

Эцэст нь… Дэлхийн худалдааны санхүүжилтийн зөрүүг багасгахын тулд зохицуулалт, технологи, санхүү, чадавхтай холбоотой бүхий л сорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай байна даа.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ хаана хамгийн хямд, хаана хамгийн үнэтэй байна вэ?

  • Хамгийн хямд: Ховд аймагт ₮145 мянга

  • Дундаж: 21 аймгийн дундаж үнэ ₮215.2 мянга

  • Хамгийн үнэтэй: Улаанбаатар хотод ₮280 мянга

Улаанбаатарт худалдаалагдаж байгаа 1 хонины үнээр Ховдоос бараг л 2 хонь авах нь. 🤷‍♀️

🇬🇧 Inspire Me Festival 2023

Их Британид суралцахаар сонирхож байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. 😎

Учир нь Их Британийн Элчин сайдын яамнаас 5 дахь удаагаа зохион байгуулж буй Inspire Me Festival 9 сарын 23, 24-нд болох гэж байна.

Юу болох вэ?

  • Их Британид хэрхэн суралцах,

  • Чевнинг тэтгэлэг болон IELTS-д өндөр оноо авах,

  • Оюутны виз авах зэрэг олон талын цогц мэдээллийг хүргэх аж.

Түүнчлэн Их Британийн соёл болон үндэсний хоолыг сонирхох боломжтой ба үнэ төлбөргүй нээлттэй болох гэнэ шүү.

За тэгээд уг арга хэмжээнд оролцож, амралтын өдрийг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлээрэй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

TheVerge

🔹TikTok-г ЕХ-ны эрх баригчид $368 саяар торгов. ЕХ-ноос тэднийг анх удаа торгоод буй нь энэ. Түүнчлэн тэднийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятад руу дамжуулсан эсэхийг шалгах 2 дахь шалгалт үргэлжилж байна.

🔹МХБ (MSE) дээрх төмрийн баяжмалын арилжаа эхэллээ. Арилжааны эхний өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон Монголросцветмет ТӨҮГ-ийн нийт 78,800 тн төмрийн баяжмалыг арилжив. Тус компаниудын төмрийн баяжмалын арилжаа дуудах үнээсээ 6.99%-50% өсжээ.

🔹Уул уурхай, олборлох аж үйлдвэр өмнөх оноос 63.4% өсөж ₮13.3 их наяд хүрэв. Тус өсөлтөд нүүрсний олборлолт 3.2 дахин, газрын тосных 2.8 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн боловсруулах аж үйлдвэрийн биет хэмжээ 3.5 дахин, нийт аж үйлдвэрийн урьдчилсан гүйцэтгэл өмнөх сараас 23.4% өсөж ₮18.7 их наяд болжээ.

🔹Arm (ARM)-н хувьцааны үнэ IPO-н үнээсээ 19.1% өслөө. Их Британийн чип үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ арилжааны эхний өдрөө л гэхэд 6% өссөн юм. Гэсэн ч мэргэжилтнүүд өрсөлдөгчид болон Хятадын ЗЗ-ийн тэлэлтээс үүдэн компанийн үнэлгээг цаашдаа буурах магадлалтай гэв.

  • Сайн, гэвч?: Хятадын эдийн засаг сайжирч байгаа ч үл хөдлөхийн салбар эмзэг хэвээр. (CNN)

  • Сонирх: Япон гадаадын дижитал нүүдэлчдийг Токиод ажиллаж амьдрахыг урьж байна. (SCMP)

  • Хэл: Олон хэлээр бодож сэтгэх нь шийдвэр гаргалтыг хэрхэн сайжруулдаг вэ? (TheGuardian)

  • Түүх: Коко Шанелийн бага нас. (BBC)

Reply

or to participate.