- Lemon Press
- Posts
- 😱 Аймшигтай уналт
😱 Аймшигтай уналт
Энэтхэгийн ХЗЗ | 95 жил дэх түүхэн уналт | Steppe Gold болон Бороо Гоулд ХХК-ийн хэлцэл
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Цаана чинь Монголд судалгааны их сургуулийн суурь тавигдаж байгаа гэнэ. Сонгууль гээд замхарч одохгүйгээр ажил хэрэг болчихвол аштай юу даа. 🏫


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Энэ оноос эхлэн төсвийн төслийг 9 сарын 1-нд өргөн мэдүүлдэг болно.
BTC: Биткойны ETF нэвтэрснээс хойш Биткойн үнэ 15.7% унаж $39 мянга боллоо.
FRC: Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5% байхаар батлав.

Steppe Gold 🤝 Бороо Гоулд ХХК

Steppe Gold (STGO.TO) компани Бороо Гоулд ХХК-ийг нэгтгэснээр ОУ-ын биржид нээлттэй хувьцаагаа арилждаг, дотооддоо үнэт металл үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани болж байна.
Хэлцэл: Steppe Gold хувьцаа хөрвүүлэх нөхцөлөөр Бороо Гоулд ХХК-ийн бүх энгийн хувьцааг худалдаж авах хэлцэл хийсэн. Үүний үр дүнд Бороо Гоулдын эцсийн өмчлөгч болох Boroo Pte-н Степ дэх хувь эзэмшил шууд болон шууд бус нөхцөлөөр 58.8%-д хүрэх боломжтой аж.
Түүхэн товчоо
Бороо Гоулд ХХК нь 1997 онд байгуулагдсан. Одоогоор жилд дунджаар 60,000 унц үнэт металл үйлдвэрлэж байгаа компани. Бороогийн ордын үйл ажиллагаа оргил үед буюу 2004-2017 онд 56.7 тн алт олборлож, улсын төсөвт ₮341 тэрбумын татвар төлсөн байдаг.
Нөгөө талаас: Харин Дорнод аймагт Алтан Цагаан Овоо төслийг хэрэгжүүлэгч Steppe Gold нь 2018 онд Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн билээ. Одоогоор тус компанийн Алтан Цагаан Овоо төслийн II шатны бүтээн байгуулалт ид үргэлжилж байгаа бөгөөд үүнд шаардлагатай $150 саяын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн аж.
Үнэт металлын үйлдвэрлэлээр тэргүүлэхийн учир
Steppe Gold компани Бороо Гоулдыг нэгтгэж, нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр жилд 90,000 унц үнэт металл үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Мөн Steppe Gold-н Алтан Цагаан Овоо төслийн II шатны үйлдвэр ашиглалтад орсноор 2026 онд гэхэд үнэт металл, баяжмалын нийт үйлдвэрлэл нь 160,000 унц болох тооцоололтой байна.
Бонус: Steppe Gold-н мэдэгдэлд дурдсанаар хэлцэл амжилттай болсон тохиолдолд Steppe Gold Бороо Гоулдэд Перу дэх өөрийн эзэмшлийн алт, холимог металлын төслөө зах зээлийн үнээр зарах санал тавих аж.
Эцэст нь… Энэхүү нэгдэх хэлцэл хийгдсэнээр олон улсын биржид бүртгэлтэй Монголын нэгэн томоохон үнэт металл үйлдвэрлэгч компани бий болж байна.

😱 Аймшигтай уналт
ADM: Америкийн ХАА салбарын акул Archer-Daniels-Midland-н хувьцааны үнэ 1 өдөрт 24% унаж $51.7 болсноор 2020 оноос хойших хамгийн доод түвшинд очлоо. Энэ нь 1929 оноос хойших хамгийн өндөр 1 өдрийн уналт болоод байна. Учир нь SEC тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан аж. Улмаар тэд Санхүү хариуцсан захирлаа сольж, ээлжит улирлын тайлангаа ч хойшлуулаад байна.

🔥 Дэлхийн 4 дэх том…

Энэтхэгийн хөрөнгийн зах зээл $4.3 их наядад хүрснээр Хонконгийг давж дэлхийн 4 дэх том хөрөнгийн зах зээл боллоо. Тэдний амжилтын нууцыг сонирхоцгооё.
Хэрэглээ чухал
Энэтхэгийн хүн амын голч нас 28 байгаа нь Хятадаас даруй 10 насаар залуу худалдан авагчидтай гэсэн үг. Улмаар тус үеийг дагасан тансаг зэрэглэлийн салбарын хэрэглээ их байдаг аж. Нөгөө талаас Энэтхэгийн ДНБ 6.4% өсөх төлөвтэй байгаа бол S&P Global Ratings тэднийг 2030 он гэхэд дэлхийн 3 дахь том эдийн засаг болно гэж тооцоолоод байгаа. Тэгвэл өнгөрсөн онд тус улсын ХЗЗ-д юу болов?
Зах зээлийг харвал
Дотоодоо дэмжсэн сонголт: Өнгөрсөн оны III улирлын байдлаар Энэтхэгийн дотоодын ХОС-гууд $16.5 тэрбумаар өөрсдийн хувьцаанд хөрөнгө оруулсан нь гадаад ХОС-гуудын тэдэнд оруулсан хэмжээнээс даруй 16.2% илүү байлаа.
Идэвхтэй: Өнгөрсөн онд 205 компани Энэтхэгийн биржүүдэд бүртгүүлэн $4.1 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь сүүлийн 5 жилд байгаагүй өндөр дүн. Харин тэдэнд хусагдсан Хонконгийн хувьд $5.9 тэрбумыг IPO-с татсан нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй бага үнийн дүн байсан юм. Түүнчлэн, тус онд Энэтхэгийн NIFTY 50 (^NSEI) индекс 19.4% өссөн бол Hang Seng (^HSI) индекс 15.4% уналаа.
Зөв тактик: Хятад, Америкийн худалдааны дайнаас хожсон улс Энэтхэг болоод буй. Тодруулбал, Apple-н нийлүүлэгч Foxconn (2354.TW) Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Энэтхэгт $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарласан.
Ийнхүү, сүүлийн 10 жилд ГШХО-аа 2.1 дахин нэмэгдүүлж, томоохон компаниудыг татаж чадсан Энэтхэг өөрсдийн давуу байдлаараа онцгойрлоо. ГШХО-гүйгээр тэдний ХЗЗ ингэж хөгжих боломжгүй байсан биз ээ. Монголд ч ГШХО нэмэгдүүлэх асуудал дээр хууль эрх зүйн орчныг сайжруулбал ХЗЗ маань дагаад хөгжих боломжтой юм сан.

😇 Албан байгууллагад зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ

Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндээс дутуугүй чухалд тооцогдох болсон энэ үед компаниуд ч ажилтнуудынхаа сэтгэл зүйд анхаарал хандуулах болжээ. Учир нь ажил олгогчид ажилтнуудынхаа сэтгэл зүйд анхаарснаар бүтээмжийг нэмэгдүүлэхийн сацуу хамт олны ойлголцол нэмэгдэх, цаашлаад урт хугацаанд ажилдаа сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлдэг аж.
Уг хэрэгцээг хангах зорилгоор blindcare апп танхимын сэтгэл зүйн сургалт, апп-д суурилсан багцын үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Түүнчлэн нэмэлтээр компаниудад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оролцох шийдлүүдийг ч багтаагаад буй.
Гэснээс ЭНД дарж тус үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой шүү.


Montsame
🔹Гашуун сухайт боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил 44%-тай явагдаж байна. Тус боомтыг энэ онд бүрэн шинэчилж дуусгах юм. Өнгөрсөн онд Монголын нүүрсний экспорт түүхэн дээд түвшин болох 60 сая тн-д хүрсний талаас илүү буюу 36.5 сая тн-г тус боомтын экспорт эзэлжээ.
🔹Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь хувьцаат компаниудад зориулсан Компанийн үйл хэргийн гарын авлагаа гаргав. Сонирхуулахад, тус гарын авлагад хувьцаат компаниуд хөрөнгө оруулагчдад зориулан ногдол ашгийн төлөлтийн өдрөө хэрхэн олон улсын стандартын дагуу зарлах талаар дурджээ.
🔹Mongolian Mining Corpration (0975.HK)-н нүүрсний борлуулалт 2023 онд жилийн өмнөхөөсөө 78% өсөж 6.7 сая тн-д хүрэв. Мөн компанийн түүхий нүүрсний олборлолт 156% өсөж 14.6 сая тн-д хүрч, 14.1 сая тн коксжих нүүрсийг боловсруулсан аж. Сонирхуулахад MMC-н хувьцааны үнэ 2023 онд 268% өсжээ.
🔹Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD)-иас гаргасан Хөвсгөл ХК (HVL)-ийн хувьцааг худалдан авах тендерийн санал хаагдахад 6 хоног үлдлээ. Тэд Хөвсгөл ХК-ийн 93%-ийг эзэмшиж байгаа бөгөөд үүнийхээ 7.2% буюу 3,496 ширхэг хувьцаа нэг бүрийг ₮126-өөр худалдан авах санал гаргаад буй.

Өнөөдрийн шалгалтыг та давах уу? Зөвхөн зөв хариуг сонгоно.
A. Төсвийн төслийг 9 сарын 11-нд мэдүүлдэг болно.
B. Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ Хятадыг давсан.
C. Бороо Гоулд ХХК жилд дунджаар 60,000 унц үнэт металл үйлдвэрлэдэг.

Анхаар: Хятадын хилээр нэвтрэгчийн гар тээшний шалгуур шинэчлэгдлээ. (MFA)
Мэд: Улс, хот хоорондын нийтийн тээвэр үнэгүй Wi-Fi-тай болжээ. (АҮТ)
Сонирх: Samsung хүний арьсыг зүүгээр хатгахгүйгээр цусан дахь сахар хэмжих төхөөрөмж хөгжүүлнэ. (Yahoo!Finance)
Танилц: TikTok-н дуу зохиогч AI. (TheVerge)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Бороо Гоулд ХХК жилд дунджаар 60,000 унц үнэт металл үйлдвэрлэдэг шүү. Алдсан бол дахиад 1 уншаарай. 🕵️


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply