БАБА. Шоргоолж. 🐜

Их 20-ийн уулзалт болон тээвэр логистикийн салбарын IPO-н талаар тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Манай товхимлыг Бангкок хотоос уншдаг уншигчид байна уу? Ирэх сарын 24-нд Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэнг нээх гэнэ шүү. Moнголыг сурталчлах бас нэг ажил хийгдэж байна даа.📍🇹🇭

*Нэг өдрийн өөрчлөлт

CUS: Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт жилийн өмнөхөөс 19% өсөж $15.9 тэрбумд хүрлээ.

MSE: ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн нийтэд санал болгон арилжаалсан Лэнд бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮8.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮3 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдсан байна.

🌟 Монложистикс Холдингийн IPO эхэллээ

18 жилийн түүхт Монложистикс Холдинг ХХК-ийн IPO өнөөдөр эхэлж байна. Тээвэр Логистиксийн салбарт хөрөнгө оруулах боломж ирлээ дээ. Тэгвэл уг IPO-н хүрээнд та юу мэдэх хэрэгтэй вэ?

Тог, тог. Хэн бэ?

Монложистикс Холдинг нь импортын тээврээс гадна экспорт, транзит, цахим худалдаа, гадаад улс дахь салбар компани гээд тээврийн бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг 9 охин компаниас бүрдэх групп компани юм.

  • Нөлөө: 2022 оны байдлаар компанийн нийт орлого ₮140 тэрбумд хүрч нийт салбарын орлогын 7%-ийг дангаараа бүрдүүлсэн байна.

Хэд юм бэ?

Монложистикс Холдингийн өнгөрсөн оны ашиг 2017 оныхоос 5.7 дахин өсөж ₮9.7 тэрбумд хүрсэн юм. Учир нь тус хугацаанд борлуулалтын орлого нь 4.8 дахин өсжээ. Харин компани 2027 он гэхэд борлуулалтын орлогоо 2022 оныхоос 3 дахин нэмэгдүүлж ₮428.6 тэрбумд, ашгаа 3.4 дахин өсгөж ₮33.5 тэрбумд хүргэхээр зорьж буй.

IPO-н эргэн тойронд

Компанийг Гэрэгэ Эстимэйт ХХК ₮81 тэрбумаар үнэлсэн бөгөөд Монложистикс өөрсдийн бизнесийг уг үнэлгээнээс 10% хямд буюу ₮73 тэрбумаар үнэлж, 15%-иа олон нийтэд санал болгох юм.

  • ₮185: Тэд нэгж хувьцаагаа ₮185-ийн нэрлэсэн үнэтэйгээр санал болгож ₮11 тэрбумыг татан төвлөрүүлэх аж. Мөн нийт санал болгох хувийнхаа 70%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30%-ийг олон нийтэд санал болгох нь.

  • Юу хийх вэ? Татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнх буюу 73%-ийг хөдлөх бүрэлдэхүүн буюу 100 ширхэг тавцант вагон худалдан авахад зарцуулах бол үлдсэн хэсгийг эргэлтийн хөрөнгө болгон ашиглах гэнэ.

  • 500: Уг IPO-н үндсэн андеррайтераар Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК ажиллаж байгааг мэдсэн үү? Харин анхдагч зах зээлийн хуваарилалтын хувьд ердийн захиалгын 500 ширхэг ба түүнээс доош хэмжээтэй хэсгийг 100% биелүүлж, давсан хэсгийг хувь тэнцүүлэн хуваарилах аж.

Эцэст нь… Монложистиксийн IPO-д оролцох нь 9 компаниас хувь хүртэх, тогтмол ногдол ашиг авах зэрэг давуу талтай ч дотоодын логистикийн салбарын асуудлыг тооцож шийдвэр гаргах нь зүйтэй болов уу. Заа тэгээд IPO-н анхдагч зах зээлийн арилжааны захиалга энэ Баасан гаргийн 17 цаг хүртэл үргэлжилнэ шүү. Гэснээс Монложистиксийн талаар тусгай дугаарыг ЭНД дарж уншаарай.

🐜 ба 👩‍💻

BABA: Alibaba-н финтек салбар Ant Group ZAN нэртэй блокчэйн үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү брэнд нь байгууллага болон хувь Web3 хөгжүүлэгчдэд блокчэйн программ хөгжүүлэх үйлчилгээг санал болгох аж. Тэгэхээр Web3 бизнесүүд ZAN-г ашиглан аюулгүй байдлын хамгаалалт, эрсдэлийн удирдлагаа сайжруулах боломжтой болох нь.

🤝 Их 20 ба зөвшилцөл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их 20-ийн бүлгийн удирдагчид Энэтхэгт хуралдаж шинэ гишүүний элсэлт, хамтарсан мэдэгдэл зэрэг олон асуудалд зөвшилцөлд хүрлээ.

Шинэ гишүүн

2022 оны сүүлээр болсон Их 20-ийн уулзалтын үеэр Жо.Байден Африкийн 55 орноос бүрдсэн Африкийн Холбооны гишүүнчлэлийг дэмжихээ мэдэгдэж байсан. Улмаар энэ удаагийн хуралдаанаар тэдний гишүүнчлэлийг баталгаажуулж Их 20 байгуулагдсанаасаа буюу 1999 оноос хойш анхны шинэ гишүүнээ өлгийдөн авлаа.

  • Шинэ гишүүнчлэлийн гүнд: BRICS бүлгийнхэн өнгөрсөн 8-р сард Саудын Араб, Иран тэргүүтэй томоохон газрыг тос олборлогч 6 улсуудыг гишүүнээр элсүүлсэн. BRICS яваандаа Их 20-ийн бүлгээс илүү хүчирхэг эдийн засагтай бүлэг болох төлөвтэй байгаа тул тус бүлэг шинэ гишүүн элсүүлж буй нь тийм ч гэнэтийн шийдвэр биш юм.

  • Ши Жиньпиний сонголт: Их 20-ийн уулзалтын өмнөхөн Жо.Байден Ши Жиньпинийг тус уулзалтад оролцохгүй гэдэгт гонсойж буйгаа илэрхийлсэн билээ. Ши Жиньпин тус уулзалтад очоогүй нь барууны орнууд давамгайлсан Их 20 биш Хятад давамгайлах боломжит BRICS-г сонгож байгаа мэт.

Дижитал дэд бүтэц + цэвэр эрчим хүч

Уулзалтаар Их 20-ийн бүлэг криптовалютаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн өр зэрэг 75 асуудалд зөвшилцөлд хүрээд буй. Криптовалютын асуудалд л гэхэд цаашид улс орнууд крипто шилжүүлгийн мэдээллийг солилцдог болох буюу зохицуулалтгүй явж ирсэн салбарыг зохицуулалттай болгох аж.

Түүнчлэн Их 20-ийн орнууд анх удаа цэвэр эрчим хүч рүү шилжихэд шаардагдах хэмжээг тохиролцоод буй. Тодруулбал, 2030 он хүртэл хөгжиж буй орнууд уур амьсгалын зорилтоо биелүүлэхийн тулд $5.9 их наяд шаардлагатай аж. Тус хэмжээг тогтоосноор дэлхийн хүлэмжийн хийн 80%-ийг ялгаруулж буй тус 20 улсыг бодит алхам хийхэд томоохон түлхэц болно.

Эцэст нь… Энэ удаагийн Их 20-ийн уулзалт олон жил яригдаад л өнгөрдөг асуудалд зөвшилцөлд хүрсэн уулзалт болсон ч Орос Украины асуудалд тийм ч ахиц гаргаж чадсангүй дээ.

Өнгөрсөн 5 жилд Шивээ-Овоо ХК тасралтгүй алдагдалтай ажиллажээ. Задлан харвал…

  • 2018 он: -₮2.6 их наяд

  • 2019 он: -₮7.5 их наяд

  • 2020 он: -₮2.3 их наяд

  • 2021 он: -₮8.6 их наяд

  • 2022 он: -₮18.6 тэрбум

  • 2023 он гарснаар: -₮15 тэрбум

🌏 NFT маркетплэйс Монголд

Та блокчэйнээр баталгаажсан дижитал бүтээл болох дахин давтагдашгүй токен (NFT) сонирхдог уу? 😎

  • Крипто зах зээлийн онцлох өнгө төрх болсон NFT нь анх 2017 онд гарч ирсэн ба уран бүтээлчид 2021 оноос илүү сонирхон өөрсдийн дижитал бүтээлийг NFT Marketplace-д худалдаалж эхэлжээ.

Сонирхуулахад, уг зах зээл нь өдгөө дэлхий даяар $22 тэрбумаар хэмжигдэж, 2030 он гэхэд $27 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Харин Монголд СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Complex, Trade, Octagon зэрэг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид NFT Marketplace ажиллуулж буй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Moneybox

🔹Мөнгөний зах дээр анх удаа банкны хадгаламжийг арилждаг боллоо. Тодруулбал, Money Market Fund Капитрон банк хамтран хадгаламж арилжих үйлчилгээг нэвтрүүлэв. Ингэснээр хадгаламж эзэмшигч хэрэгцээт үед хадгаламжийнхаа хугацааг дуусахаас өмнө эзэмшсэн хугацааны хүүгээ бүрэн авч бусдад худалдаж, мөнгөжүүлэх боломжтой болж буй.

🔹Энэ Баасан гарагт МХБ (MSE)-н төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжаа эхэлнэ. Өнгөрсөн 6-р сараас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээр МХБ биржийн арилжаагаа ийн өргөжүүлээд буй. Түүнчлэн арилжаанд ​​Монголросцветмет ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК бүртгүүлжээ.

🔹Монгол болон Лаос парламент хоорондын санамж бичгийг үзэглэв. Ингэснээр 2 орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэх аж.

🔹Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг ойрын хугацаанд экспортлохоор судалж байна. Тус уурхай нь 2.7 тэрбум тонны нүүрсний нөөцтэй бөгөөд Монголын эрчим хүчний нүүрсний 30%-ийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн Ерөнхий сайд уурхайг түшиглэн 200 МВт-ын цахилгаан станц барих асуудлыг судлах чиглэл өгөөд буй.

  • Унших: Хамгийн их зэстэй 20 улс. (Editorialge)

  • Сонирхох: Цахилгаан автомашин ба буудлууд. (Yahoo!Finance)

  • Мэдэх: iPhone хэрэглэгчдийн анхааралд. (Forbes)

  • Мэдэх үү? Дэлхийн түүхэн дэх хамгийн урт дайнууд.(WorldAtlas)

  • Даваа: Японы ахмадын өдрийг хүндэтгэх өдөр тул биржүүд амарна.

  • Мягмар: Өнгөрсөн сарын ЕХ-ны хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

  • Лхагва: FedEx (FDX)-н ээлжит улирлын тайлан гарна.

  • Пүрэв: Японы төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ зарлах нь.

  • Баасан: Их Британийн 8-р сарын жижиглэн худалдааны борлуулалт гарах товтой байна.

Reply

or to participate.