• Lemon Press
  • Posts
  • 🎉 ХасБанкны IPO эхэллээ

🎉 ХасБанкны IPO эхэллээ

Кибер хүний эрин үе болон ХасБанкны IPO-н талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Монголын баг Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн гэнэ. Шинжлэх ухааны хөгжил хурдасваас хөгжлийн гал бадармуй. 🔥

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Монголын ЗГ Казахстаны ЗГ-тай худалдаа, ЭЗ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэхээр тохиролцсон аж.

MNG: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулж, боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг энэ онд дуусгахаар боллоо.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

🎉 ХасБанкны IPO эхэллээ

ХасБанкны IPO-н захиалга эхэллээ. Улмаар ТОП-5 банк олон нийтэд нээлттэй болж ХЗЗ-ийн түүхэн үйл явдал тохиож байна. Тэгвэл танд тус IPO-с чухлыг хүргэе.

Мэдэх ёстой чухал зүйлс

  • Үнэлгээ: Тус банк нийт хувьцааныхаа 5.01%-ийг нэгж бүрийг нь ₮677-өөр олон нийтэд санал болгож ₮37.5 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Тэгэхээр IPO хийсний дараа ХасБанкны ЗЗ-ийн үнэлгээ ₮712.7 тэрбум болох нь.

  • Хуваарилалт: Тэд нийтэд санал болгож буй хувьцааны 70%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30%-ийг олон нийтэд санал болгож буй.

  • Хугацаа: IPO-н захиалга 5 сарын 29-ний 10 цагаас 6 сарын 5-ны 16 цаг хүртэл үргэлжилнэ.

Чухал тоонууд

Тэдний бусдаас ялгарах онцлогууд,

  • Өөрийн хөрөнгийн өгөөж өндөр: Банкны ашигт ажиллагааг өөрийн хөрөнгийн өгөөжөөр шалгах боломжтой. ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж өнгөрсөн жилд 27.6% байсан нь ТОП-5 банкны дунджаас өндөр байгаа юм. Түүнчлэн тэдний нийт хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөс 13.4% өсөж ₮4 их наядад хүрээд буй.

  • Хамгийн бага чанаргүй зээл: Өмнөх оны байдлаар ХасБанкны нийт зээлийн 4% нь л чанаргүй байгаа нь бусад системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн бага дүн юм. Тус банкны нийт зээлийн дийлэнхийг иргэдийн зээл эзэлж буй нь зээлийн эрсдэл бага гэдгийг харуулж байна.

  • Хамгийн бага төвлөрөл: Хуулиараа тухайн банкны хамаарал бүхий этгээдийн нийт актив хөрөнгө тухайн банкны өөрийн хөрөнгийн 20%-иас хэтэрч болохгүй. Үүнийг хангаж буй ганц банк нь ХасБанк. Тэдний толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг хоорондоо хамааралгүй 12 байгууллага, иргэн эзэмшдэг.

Эцэст нь… Та уг IPO-д оролцохыг хүсвэл ХасБанкны дижитал апп болон тэдний үндсэн андеррайтер Райнос Инвестмент ҮЦК, туслах андеррайтер Өлзий Энд Ко Капитал ҮЦК, бусад бүх андеррайтераар дамжуулан захиалга өгөх боломжтой шүү.

💪 Илүү том…

005380.KS: Hyundai Motor болон LG Energy (373220.KS) нар Америкт $4.3 тэрбумаар цахилгаан автомашины батарейн үйлдвэр байгуулна. Уг үйлдвэр нь 2025 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд жилд 300,000 цахилгаан машин үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

Илон Маск: Ирээдүйд тавтай морил

Одоогоос 3 жилийн өмнө Илон Маск сармагчны тархинд чип суулгасан туршилтаараа олны нүдийг орой дээр нь гаргаж байсныг санаж байна уу? Тэгвэл одоо түүний Neuralink компани туршилтаа ахиулан хүн дээр хийж эхлэх нь.

Кибер хүний эрин үе

Тодруулбал, Neuralink-н амьтан дээр хийсэн туршилтууд амжилттай болсон тул дараагийн шат болох хүн дээр хийх эрхийг Америкийн Хоол хүнс, эмийн хяналтын газраас олгоод буй. Тэднээс гадна 2021 онд Blackrock Neurotech тус туршилтыг хүн дээр хийх эрхээ авч байсан юм.

Blackrock Neurotech-н хувьд ихэвчлэн эрүүл мэндийн салбарт технологийн хөгжүүлэлт, туршилт хийдэг бол Neuralink эрүүл мэндийн салбараас гадна хүний өдөр тутмын гүйцэтгэлийг сайжруулах томоохон амбицтай. Бараг л супер хүн бүтээх зорилготой гэхэд болно.

Neuralink-н түүхэн 7 жил

Илон Маск 2016 онд Neuralink-н үйл ажиллагааг эхлүүлж Brain Computer Interference (BCI) төслийг хэрэгжүүлж эхэлсэн. BCI-н талаар товч тайлбарлавал, энэ нь тархинаас ирж буй дохиог компьютерын команд болгон хөрвүүлэх технологи юм.

  • Туршилт: Тэдний хамгийн алдартай туршилт бол сармагчин BCI-н тусламжтайгаар компьютерын курсор хөдөлгөж теннис тоглож буй туршилт байв. Энэ нь саажилттай хүмүүс Neuralink-н технологийг ашиглан хиймэл эрхтнээ оюун ухаанаараа удирдаж болно гэдгийг баталсан.

Зах зээл ба трэнд

BCI технологийн ЗЗ-ийн хэмжээ 2021 онд $2.7 тэрбумаар үнэлэгдэж байсан бол 2030 он гэхэд $9.3 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Түүнчлэн тус технологийг дан ганц эрүүл мэндийн салбарт бус онлайн тоглоом, аюулгүй байдал гээд олон чиглэлд хөгжүүлж буй.

Эцэст нь... Neurolink амьтан дээрх туршилтаа дараагийн түвшинд гаргахад ердөө 7-хон жилийг зарцууллаа. Энэ хурдаар бол бид хэдхэн жилийн дараа тархиндаа чиптэй супер хүмүүсийн дунд амьдрах нь.

Энэ оны 5-р сарын байдлаар зэсийн үнэ өнгөрсөн жилийнхээсээ 16.1% буурч тн тутамд $8,081.4 болоод буй. Тэгвэл 1 тн зэсийн үнэ өнгөрсөн 10 жил бүрийн 5-р сард ямар байсныг харцгаая.

  • 2013: $7,240

  • 2014: $6,991

  • 2015: $6,100

  • 2016: $4,725.5

  • 2017: $5,461.7

  • 2018:$6,769.5

  • 2019: $5,965

  • 2020: $5,341

  • 2021: $10,212

  • 2022: $9,637

  • 2023: $8,081

Түүхий эдийн үнэ буурах нь манайх шиг улсад бол тун таагүй мэдээ дээ. 🤔

Төгс амт, төгс савлагаа

Цоо шинэ шилэн савлагаатай Кока-Кола ундаатай танилцаж амжсан уу? Үгүй бол дараах 5 алхмаар аягалан “Perfect serve” буюу илүү төгс амтыг бүтээн уугаарай. 😎

Төгс амт бүтээх алхам:

  • -3૦C хүйтэн Кока-Кола ундаа;

  • Кока-кола шилэн аяга;

  • Мөсөө 2/3-н дүрмээр хийнэ;

  • Мэдээж тал зүсэм нимбэг;

  • Эцэст нь аягалах урлаг.

Энэхүү төгс амтны зохицол нь танд илүү сэргэг, эрч хүчтэй мэдрэмжийг өгөх нь ээ.

Сонирхуулахад, Кока-Кола брэндийн бэлгэ тэмдэг болсон Кока-Кола удааны шилэн савлагаа нь XIX зууны сүүл үеэс эхлэлтэй аж. Харин Premium Glass нь хамгийн сүүлийн үеийн шилэн савлагаа юм. Түүнчлэн уг шилэн савлагаатай Кока-Кола ундааг зөвхөн ресторанаар үйлчлүүлэхдээ авах боломжтой гэнэ шүү.

CNN

🔹 Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдоган дахин яллаа. Тэрээр 27.5 сая санал буюу нийт саналын 52%-ийг авчээ. Ингэснээр Эрдоган 11 дараалсан сонгуульдаа ялж байгаа бөгөөд 20 жил Туркийг удирдаж буй юм.

🔹Хятад сүүлийн 2 сард 67,000 нийгмийн сүлжээний хаягийг хааж, олон зуун мянган нийтлэлийг устгажээ. Цахим ертөнцөө "цэвэрлэж", эрх баригчдад хяналт тавихад хялбар болгох зорилгоор Хятадын Кибер орон зайн удирдах газар (CAC) уг ажлыг хэрэгжүүлж буй.

🔹Монголын нүүрсний экспортын 48%-ийг дангаар гаргадаг Шивээхүрэн боомтыг Хятадын Сэхэ боомттой холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж ачаа тээвэр 20 сая тн-д хүрэх боломжтой гэнэ.

🔹Үл хөдлөх хөрөнгийн агент, компаниудад тулгамддаг асуудлуудыг хялбараар шийдсэн Listly апп бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Listly нь тус салбарын мэргэжилтэн, компаниудын ажлыг хөнгөвчлөх, бүтээмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих зэрэг функцыг нэг дор багтаасан технологийн шийдэл бүхий апп аж.

🔹МХБ дээр арилжигдсан нүүрсний үнийг олон нийтэд нээлттэй мэдээлэлдэг боллоо. Ингэхдээ нээлттэй арилжигдсан нүүрсний төрөл тус бүрийн жигнэсэн дундаж ханшийг сар тутмын сүүлийн өдөр тооцох аж. Тухайлбал, энэ оны 1-р сарын байдлаар ¥1,290 байсан баяжуулсан коксжих нүүрсний тн тутмын үнэ өнгөрсөн сард 2.5% буурч ¥1,257.1 болжээ.

  • Унш: Төв Европын компаниуд Украины сэргээн босголтод оролцоно. (Reuters)

  • Анхаар: Microsoft Build 2023-ын эргэн тойронд. (WindowsCentral)

  • Сонирх: Хугацаа нь тулсан ажлуудаа хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байвал уншаарай. (HBR)

  • Мэд: YouTube богино бичлэг дэмжихээ болино. (HDTech)

  • Даваа: Японы өнгөрсөн 4-р сарын ажилгүйдлийн түвшин танилцуулагдана.

  • Мягмар: Victoria Secret (VSCO) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.

  • Лхагва: Оросын ажилгүйдлийн түвшин гарна.

  • Пүрэв: Эх үрсийн баяр тохиох тул Монголын Хөрөнгийн Бирж амарна.

  • Баасан: Өмнөд Солонгосын ДНБ-ий өсөлт гарах нь.

Reply

or to participate.