• Lemon Press
  • Posts
  • 📶 IPO хийгсэд юу болж байна?

📶 IPO хийгсэд юу болж байна?

Бослого дагуулсан сонгууль | Монгол AI цалин тооцогч | CNF-н орлогогүй тайлан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Энд тэндгүй зам хааж ус, дулааны шугам солих ажил ид явагдаж байна даа. Өглөө бүрийг өөр нэгэн засварын ажлын гэнэтийн бэлэгтэй угтаж буй өдрүүд хэзээ дуусах талаар сураг байна уу? Засвар хийхээр болсон бол тухайн дүүрэгт амьдарч буй иргэдэд мессежээр ч болов мэдэгддэг бол ч… 😮‍💨

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Сэндли ББСБ ХК-ийн гаргаж буй “Сэндли бонд 2.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхэлнэ

NSO: Улаанбаатарт энэ сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараасаа 2.1% буурсан байна

MSE: Өчигдрийн арилжаагаар ТОП-20 индекс 1.24%, он гарснаас хойш 22% өсөж 49,677 нэгжид хүрснээр түүхэн дээд түвшинд хүрлээ.

📄 Ирэх 4 жилд ЗГ ямар шинэчлэлт хийх хэрэгтэй вэ? 

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэдэг билээ. Энэ удаад Ашид Ассет Менежмент ХХК-ийн Санхүүгийн эдийн засагч А.Батпүрэвийн ирэх 4 жилд хийх эдийн засгийн шилжилтийн талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж буй энэ өдрүүдэд ирэх 4 жилд эдийн засгийн ямар шинэчлэлүүдийг хийх шаардлагатай, үүнд санхүүгийн зах зээл ямар үүрэг гүйцэтгэх талаар саналаа хуваалцъя.

📶 IPO хийгсэд юу болж байна?

Өнгөрсөн оны сүүлээр МОСТ Финтек (MOST), Инновэйшн Инвестмент (QPAY), энэ онд Эм Жи Эл Акуа (MGLA) IPO хийж нийтдээ ₮29.4 тэрбумыг босгосон. Тэгвэл эдгээр компаниудын энэ оны эхний хагас жил хэр өнгөрснийг харцгаая. 

🤑 Юутай ч ашигтай 

Уг 3 компани бүгд ашигтай ажилласан байна. Тодруулбал, өнгөрсөн 5-р сард IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК (MGLA) II улиралд ₮1.2 тэрбумын ашигтай ажиллажээ. Учир нь борлуулалтын орлого нь ₮11 тэрбумд хүрээд буй. Улмаар цэвэр ашгийн хувь нь 10.9%-д хүрсэн хэрэг. Харин МОСТ Финтек болон Инновэйшн Инвестментийн цэвэр ашгийн хувь Эм Жи Эл Акуа ХК-ийнхаас харьцангуй өндөр буюу 40%-48.6% байна. Гэхдээ, 

  • Нарийн үзүүлэлт = 🅾️: МОСТ Финтек болон Эм Жи Эл Акуа ХК-ийн эздийн өмчийн өгөөж (ROE) харьцангуй бага байна. ROE бага байна гэдэг нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн ашигт ажиллагаа муу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ 2 компанийн ROE нь 2.5%-3% байгаа юм. 

📉 Хөрөнгийн зах зээл дээр юу болов?

Дээрх 3 компанийн P/B харьцааг харвал, МОСТ Финтекийнх 1-ээс бага байгаа бол Инновэйшн инвестментийнх 2.3 руу ороодохжээ. Түүнчлэн тус 3 компанийн хувьцааны үнэ бүгд IPO-н үнээсээ унасан байна. Тодруулбал, Инновэйшн инвестментийн хувьцааны үнэ өчигдөр ₮220.79 дээр хаагдсан нь IPO-н үнээсээ 1.9% доогуур дүн юм. Харин МОСТ Финтекийн хувьд бол хувьцааны үнэ нь 52 долоо хоногийн доод үнэ буюу ₮19 болсноор IPO үнээсээ 56.8% унаад байна. 

  • Уг нь бол МОСТ Финтек өнгөрсөн 7 хоногийн Мягмар гарагт хувьцаагаа халааслах тогтоол гаргаж нийт хувьцааныхаа 1.4%-ийг сүүлийн 30 хоногийн арилжааны жигнэсэн дундаж буюу ₮39.6-өөр эргүүлэн худалдан авсан. Гэхдээ хувьцааны үнийг өсгөхөд тийм ч их нөлөө үзүүлсэнгүй бололтой. 

📈 Ер нь ямар трэнд үүсээд байна вэ?

Сүүлийн үед IPO хийсэн компаниудаас тоотой хэдийнх нь л хувьцааны үнэ өсөж, жижиг хөрөнгө оруулагчид нь ч нэмэгдсэн. Харин дийлэнхийнх нь хувьд бол ашиг, орлого нь нэмэгдсэн ч хувьцааны үнэ нь унаж байна. Тэгэхээр бүх нээлттэй компаниуд хөрөнгө оруулагчидтайгаа харилцах харилцаа дээрээ анхаарах, мэдээллээ цаг үед нь түргэн хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Угаас хөрөнгийн зах зээл хөгжөөд удаагүй байгаа манайх шиг улсын хувьд энэ бол №1 асуудал. 

 ⚠️ Орлогогүй тайлан

CNF: Крипто Үндэстэн ХК энэ оны эхний хагаст ₮60.7 саяын алдагдалтай ажиллалаа. Уг нь бол тэд 2023 оны эхний хагаст ₮74 саяын ашигтай ажиллаж байж. Компани энэ оны эхний хагаст ямар нэгэн хүүгийн болон бусад орлого олоогүй тул ийн алдагдалтай ажиллажээ. Түүнчлэн тэдний хувьцааны үнэ он гарсаар 48.6% унаж ₮39,980 болоод байна. Өнгөрсөн сарын эцсийн байдлаар уг компанийн нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 2,368 болсон. Ийм байдалтай байхаар яамаар ч юм бэ дээ? 

 🤔 Маафаантай сонгууль

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хамгийн дуу шуу, бослого тэмцэлтэй сонгууль болов оо гэж. Ямар хариу гарсан болоод иргэд нь бослого гаргах хэмжээнд хүрсэн юм бол доо?  

🤨 Тэгээд хэн нь ялсан юм бэ? 

Өнгөрсөн Ням гарагт Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан буюу нийт саналын 80%-ийн тооллогын үр дүн гарч Николас Мадуро 3 дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсоноо зарласан. Сонгуулийн хорооны мэдээллээр бол тэрбээр нийт сонгогчдын 51%-ийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Эдмундо Гонзалес 44%-ийн саналыг авсан аж. Гэсэн хэдий ч сөрөг хүчнээс Сонгуулийн хорооны үр дүнг няцааж өөрийн нэр дэвшигчийг 70%-иас дээш санал авсан хэмээснээр Каракас хот даяараа Николас Мадурог эсэргүүцсэн бослогын гал газар аваад буй. 

  • 🗡️ Хэн Мадурод санал өгчихсөн юм бэ? Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөх санал хураалтад Эдмундо Гонзалес өндөр хувиар тэргүүлж байсан төдийгүй одоо л улс орноо төвхнүүлж дарангуйлагчаасаа салахын хүслэн болсон иргэд ийн бослого гаргах нь аргагүй гэлтэй. 

  • 🗣️ Олон улсаар нэг: Цаашлаад тус сонгуулийн үр дүнг Орос, Куб тэргүүтэй зүүн блокийн орнууд хүлээн зөвшөөрч Николас Мадурод баяр хүргээд амжсан бол Аргентин, Доминикан тэргүүтэй Латин Америкийн 7 улс эсэргүүцсэнээр тус улсуудаас Венесуэл дипломатуудаа эргүүлэн татах, улсдаа байгаа тэдний дипломатуудыг гаргах хэмжээнд тулаад буй. 

🤦‍♂️ Улс орон хэцүү байхад юун…

Автобусны жолооч байсан Николас Мадурог Ерөнхийлөгчөөр ажилласан 11 жил 147 өдөрт ДНБ 80% буурч, дэлхийн хамгийн өндөр инфляцтай ТОП-10 орныг тэргүүлэн, 2017 онд дефолт зарласны дараа 2.6 сая боливараар 1 ширхэг ариун цэврийн цаас авахдаа тулж байсан түүхтэй. Улмаар сүүлийн 10 жилд 29 сая хүн амтай улсын 7.7 сая иргэн эх орноосоо дүрвэсэн байдаг. Хэрэв сонгуулийн үр дүн Николас Мадурогийн талд эргэвэл тэрбээр 2030 он хүртэл тус улсыг удирдах бөгөөд Венесуэлийг хамгийн урт хугацаанд удирдсан нэгэн болно. 

Эцэст нь… Николас Мадурогийн удирдлага дор улс нь дефолт зарлаж, инфляцын түвшин 5 оронтой тоо руу харван утгаараа сүйрчхээд байхад л ахиад Ерөнхийлөгч болох агуу том хүсэлтэй тийм л бадрангуй диктатор доо. Дефолт болсон нь тэд л болохоос туулж буй замнал, өрнөж буй үйл явдал нэг улстай дэндүү адилхан байна даа.

IFC

🍋 Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас MCS Группт $60 саяын зээл олгох талаар яригдаж байна. Тус зээлийг MCS группийн хотын төвд барьж буй 24 давхар худалдааны зориулалттай барилгын бүтээн байгуулалтын ажлын үргэлжлэл болон Метагро ХХК-ийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулах аж. Энэ нь ОУСК-аас MCS группт хийгдэх 6 дахь хөрөнгө оруулалт болох юм.

🍋 McDonald’s (MCD) энэ оны II улиралд $6.4 тэрбумын орлоготой ажиллалаа. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй бараг ижил дүн юм. Орлого буураагүй ч ашиг нь өнгөрсөн оноос 13% буурч $2 тэрбум болоод буй. Учир нь бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор зардал нь өсөж, зарим салбаруудын борлуулалт 1% буурсан нь 2020 оны IV улирлаас хойш анх удаа буурсан үзүүлэлт болоод буй. 

🍋 Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох замд дэлбэрэлт гарсантай холбоотойгоор шатсан 207 дугаар байрыг засварлахад ₮10 тэрбум шаардлагатай. Харин тус барилгыг нураавал ₮12 тэрбумын зардал гарах аж. Тус барилга шатаад 6 сар өнгөрсөн байгаа бөгөөд тус асуудал дээр Нийслэлээс нураах эсвэл засварлах тал дээр оршин суугчидтай ярилцаж байгаа аж.

🍋 Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 16 дахь 7 хоногт хуримтлагдсан дүнгээр 209.51%-тай байв. Харин тэргүүн байрны оролцогч Omodo-н өгөөж 626%-тай байжээ. Сонирхуулахад, оролцогчдын багц дахь хамгийн өндөр өссөн хувьцаануудад Enphase Energy (ENPH), Alibaba (BABA), Rio Tinto (RIO) багтаад буй. 


Алдааг олоорой! 🔎

A. Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашгийн хувь 40%-д хүрэв.
B. Сүүлийн 10 жилд Венесуэлийн 7.7 сая иргэн эх орноосоо дүрвэсэн. 
C. McDonalds-н ашиг өнгөрсөн оныхтой харьцуулахад 13% буурч $2 тэрбумд хүрчээ. 

🌠 ТОП-100-гийн хүсэл

Монголын ТОП-100 компани ямар хүнийг ажилд авах хүсэж байна? Сонирхъё. 

Академик чадвар + хувь хүний хөгжил 

ТОП-100 төдийгүй хаа сайгүй л ажил горилогчдоос хэлний ахисан түвшний мэдлэг, ажиллах чиглэлээрээ хамгаалсан дипломын зэрэг, ажлын туршлагыг эн тэргүүнд харж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд “Хандлагыг нь ажилд ав!” гэх үг эрчийг авч ажил олгогчид академик ур чадвараас дутуугүй, зарим нь бол хувь хүнийх нь хандлагыг илүү өндрөөр үнэлэх болсон цаг. 

  • 😏 Яг уу? Энэ ч утгаараа хандлага нь дажгүй бол их сургууль төгсөөгүй байсан ч зүгээр дээ гэх үг ч газар авсан. Гэхдээ ажил олгогчдын зөвхөн дотоодын их сургуулиудын төгсөгч нарт санал болгож буй цалинг харьцуулан харахад, 

  • 📊 Ялгаатай: 0-2 жилийн туршлагатай МУИС-ийн төгсөгч нарт дунджаар ₮2-₮4 сая, ШУТИС болон ХААИС-ийн төгсөгч нарт ₮2.5-3.5 сая, Хүмүүнлэгийн Их Сургуулийн төгсөгч нарт ₮2-₮3 саяын цалинг санал болгож буй. 

Цаашлаад, компаниуд ажил горилогчдод тавьж буй цалингийн санал ажлын туршлага, англи хэлний түвшингээс хамаараад нэлээн хэлбэлзэлтэй харагдаж байв. Юутай ч салбарын онцлогоос хамаарч хэрэв та 3-6 жилийн ажлын туршлагатай бол ₮3.5-₮6.7 сая, харин англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол ₮5.5-₮7 саяын цалинтай ажиллах боломжтой л юм байна.

Уг нийтлэлд дурдсан статистик мэдээг SCC, TalentSnipe-н 2023 оны Recruitment Market Metrics-т тулгуурласан бичсэн болно. 

  • Танилц: Хэрэглэгчид өөрсдөө AI чатбот бүтээх боломжтой Meta-н AI studio. (Reuters)

  • Хүлээлт: Биткойны судалгааны институт ямар нөлөө үзүүлж чадах вэ? (Ambcrypto)

  • Турш: Монгол AI цалин бодогч. (Lambda)

  • Зугаал: Алдартай музей, уран зураг, орон орны сонирхолтой түүхийн өвүүдийг нэг дороос. (GoogleArts&Culture)

Зөв хариулт нь A буюу Инновэйшн Инвестмент ХК-ийн цэвэр ашгийн хувь 40% биш 48.6%-д хүрсэн шүү.

Reply

or to participate.