• Lemon Press
  • Posts
  • ⚒️ Уул уурхай сүйтгэгч биш

⚒️ Уул уурхай сүйтгэгч биш

Шинэ IPO | ХАС хувьцаагаа халаасална | Нислэгийн үнэ буурлаа

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ирэх сард биднийг сонгууль өгөх том хариуцлага хүлээж байна. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байгаа. Бид LEAD төгсөгчдийн холбоотой хамтран Lemon #101 контентоороо шинэчлэгдсэн сонгуулийн тогтолцоог ойлгомжтой тайлбарласан байгаа шүү. ЭНД дарж үзээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MCE: Өнгөрсөн 7 хоногт Хөдөө Аж Ахуйн Биржээр 5 удаагийн цахим арилжаа зохион байгуулагдаж ₮49.4 тэрбумын үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

MSE: Шинэст ХК (NRS) хуримтлагдсан ашиг болох ₮772.9 саяыг ногдол ашиг болгон тараана. Улмаар нэгж хувьцаанд ₮4,184.2 хуваарилагдах аж. 

MNG: Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0 нээлтээ хийлээ.

⚒️ Уул уурхай сүйтгэгч биш

Монголчуудын дунд уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл өгч байгаль орчноо сүйтгээд байна гэсэн тогтсон ойлголт байдаг. Тэгвэл энэ хэр зөв ойлголт вэ? 

Нийт газар нутгийн 4.3% 

Нийт хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хэмжээг харвал Монголын газар нутгийн ердөө 4.3%-д нь л олгосон аж. Тодруулбал, ашиглалтын лиценз нийт нутгийн 1.2%, хайгуулынх 3.1%-ийг эзэлж буй. 

  • Аймгаар харвал: Орхон аймагт хамгийн их уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон буюу нийт газар нутгийнх нь 12.7%-д ашиглалтын, 8.2%-д хайгуулын зөвшөөрөл тус тус олгогджээ. Дараагаар нь Дундговь аймгийн нийт газар нутгийн 7.6%-д, Өмнөговийн 5.4%-д тус тус уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон аж. 

Хор нөлөө юу байна?
Цаашлаад байгаль орчны нөлөөллийг нь харвал Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол Өмнөговь аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Үүнээс Оюу толгой зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаандаа илүү дэвшилтэт технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай байгаа нь харагдана. 

  • Нөлөө: Уул уурхайн салбарын сөрөг нөлөөг харвал усны чанарт хамгийн өндөр нөлөө үзүүлж буй. Гэхдээ Оюу толгой зэрэг томоохон төслүүд усаа хамгийн өндөр хувьтай буюу 87%-ийг дахин ашиглах замаар энэ асуудалд анхаарч байгаа аж. 

Буурсаар… 

Түүнчлэн 2023 онд нийт 990 хайгуулын лиценз олгогдсон нь 2016 оныхоос 2 дахин буурсан дүн юм. Уг нь манайх шиг улсад хайгуулын лицензийг нэмэгдүүлэх нь хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, тусгай зөвшөөрлийн төлбөр, татвараар ЗГ-т орлого оруулах, хамгийн гол нь ашигт малтмалын нөөцөө цогцоор нь тодорхойлж, хөгжүүлэх боломжийг бий болгох юм. 

Эцэст нь… Энэ бүгдээс харахад уул уурхайн компаниуд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс илүүтэй ДНБ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй. Тэгэхээр уул уурхайн тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлчихлээ байгаль орчин чинь сүйдэх нь гэх ташаа ойлголтоосоо салж, уул уурхайн хөгжилд тулгуурлан эдийн засгаа улам хөгжүүлэхэд л анхаармаар байна даа. 

🤝 ХасБанк х ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК нэгдэл

XAC: ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн 4 сарын 29-нд болсон бөгөөд хурлаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг тус банканд нэгтгэхээр шийдвэрлэсэн юм. Хэрэв тус банкны хувьцаа эзэмшигч уг шийдвэрийг эсэргүүцсэн, тус санал хураалтад оролцоогүй бол банкнаас өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхтэй аж. Улмаар ХасБанк нэгж хувьцааг ₮681-өөр эргүүлэн авах санал гаргасан байна. Уг санал өчигдрөөс эхлэн 6 сарын 17-ны өдөр хүртэл хүчинтэй гэнэ шүү.

🔊 Анхаараарай, хөрөнгө оруулагчид аа!

“Voyage” савласан усаараа олонд танигдсан “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 7 хоногийн дараа буюу 5 сарын 15-нд эхлэх нь ээ. Лимонууд нь зах зээлд шинээр гарч буй IPO, бонд, ХБҮЦ-ны тоймыг хүргэдэг зарчмаараа 2024 оны анхны IPO болох “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н мэдээллийг тоймлоё. 

IPO-н эргэн тойронд

Өмнө нь бид компанийн түүх, үйл ажиллагааны талаар хүргэсэн. Харин IPO-н хувьд компани олон нийтэд 26.73%-иа санал болгож ₮15.2 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. 

  • ₮174: Тэд нэгж хувьцаагаа 14.24% хямдруулсан үнээр буюу ₮174-өөр санал болгож буй. Компани нэмж гаргах энгийн хувьцааныхаа 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 20%-ийг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах нөхцөлөөр санал болгож байгаа аж. 

  • Зарцуулалт: Тэд олон нийтээс татан төвлөрүүлсэн санхүүжилтээ орон нутагт савласан цэвэр усны үйлдвэр нээх төслийн хөрөнгө оруулалт, том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам, тогны хэлбэлзлийн хяналтыг сайжруулах шинэ трансформатор, эргэлтийн хөрөнгийн дахин санхүүжилтэд зарцуулах юм. 

  • Одоо & Дараа: Одоогоор уг компанийг шингэн хүнсний сав баглаа боодлын зах зээлд тэргүүлэгч үндэсний компани болох “Ти Эм Эл Трейд” ХХК 100% эзэмшиж байгаа бөгөөд IPO хийсний дараа эзэмшил нь 73.27% болох нь. 

Онцлог хөтөлбөр

Манай хөрөнгийн зах зээлд компаниуд IPO хийгээд хоёрдогч зах зээл дээр гарах үед хувьцаа нь унасан тохиолдол цөөнгүй тохиосон. Тэгвэл “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн хувьд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 6 сарын хугацаанд анх гаргасан үнээс 15% болон түүнээс дээш хэмжээнд буурсан тохиолдолд ₮1 тэрбум хүртэлх үнийн дүнгээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

  • Нөлөө: Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хэт их хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой буюу эрсдэлийн удирдлагын хэрэгсэл болох юм. Гэхдээ хөтөлбөрийн ашиг тус нь компанийн санхүүгийн чадавх, зах зээлийн нөхцөл байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс хамаарна. 

Эцэст нь… Уг IPO-н үндсэн андеррайтераар Инвескор Капитал ҮЦК, туслах андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК тус тус ажиллаж буй. Тэгэхээр хөрөнгө оруулагч та бүхэн сайтар судалж, эрсдэлээ тооцсоны дараа эдгээр ҮЦК-иар дамжуулан анхдагч зах зээлийн арилжаанд оролцож болох нь байна шүү. 

🏦 Долларын Cashback

Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны “Долларын cashback” урамшуулал дуусахад цөөхөн хоног үлдлээ.

Тодруулбал, тэд долларын шилжүүлэг хийж буй харилцагчдадаа зориулан уг урамшууллыг зарласан ба дэлхийн 100 улс руу долларын шилжүүлэг хийгээд 5 сарын 15-ныг дуустал $40 хүртэлх буцаан олголт авах юм.

  • Яаж? Долларын шилжүүлгээ онлайнаар болон салбар дээр очиж хийх боломжтой ба урамшууллыг тухайн шилжүүлэг хийсэн сарын 15, 30-ны өдөр олгож буй.

Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол тэдний салбараар үйлчлүүлэн шилжүүлгээ хийж уг урамшуулалд оролцоод Бритто карт бэлгэнд авах боломжтой гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

iKON

🔹Баруун аймгууд руу зорчих нислэгийн үнийг дахин 10% хямдруулав. Улмаар Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ 1 талдаа ₮405 мянга байсан бол одоо ₮365 мянга болж, 2 талдаа ₮810 мянга байсан бол ₮730 мянга болж хямдарсан байна. Сонирхуулахад, тус нислэгүүдийг МИАТ ТӨХК шинэхэн CRJ-700 Мазаалай агаарын хөлгөөр үйлдэх аж.   

🔹 БиДиСЕК ҮЦК ХК (BDS)-ийн брокерын арилжаа 2023 онд ₮389.2 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87.3% өссөн үзүүлэлт юм. Харин андеррайтерийн үйл ажиллагааны хүрээнд ₮203.4 тэрбумыг зах зээлээс амжилттай татан төвлөрүүлжээ. Сонирхуулахад, өнгөрсөн онд компанийн хөрөнгө 19.8% өсөж ₮45 тэрбумд хүрсэн төдийгүй МХБ дээрх нийт арилжааны 26.8%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. 

🔹Хүнсний хувьсгалын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ. Үүний үр дүнд тус онд махны экспортоос $277 саяын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12% буурсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд ₮934 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг 1,957 ААН, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлжээ. 

🔹 Хятадын Төв банк урвуу репо арилжаа хийж банкнуудынхаа хөрвөх чадвараа нэмэгдүүлэв. Урвуу репо гэдэг нь Төв банк арилжааны банкнуудаас үнэт цаас худалдан авах үйл явцыг хэлэх бөгөөд тус улсын төв банк 7 хоногийн хугацаатай $281.7 саяын урвуу репо арилжааг 1.8%-ийн хүүтэй авчээ.

Зөв агуулгатай мэдээг олоорой. 🕵️

A. “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 7 хоногийн дараа эхлэнэ. ⏳
B. Баруун аймгууд руу зорчих нислэгийн үнэ дахин 15% хямдарлаа. 💳
C. 2023 онд нийт 999 хайгуулын лиценз олгогдсон байна. 🔎

  • Анхаараарай!  Сонгуулийн Ерөнхий хорооны мэдэгдэл. (GEC)

  • Мэд: Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт болох гэж байна шүү. (FRC)

  • Хөөх: Өдгөө Америкийн түүхэнд байгаагүй олон эмэгтэйчүүд ажиллаж байгаа гэнэ ээ. (Axios)

  • Сонголт: Улс орнууд Хятадаас илүү Америкийн удирдах арга барилыг сонгож байна. (CNBC)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь A буюу “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 7 хоногийн дараа эхлэнэ шүү.