IPO 🏹 $2 их наяд

Монгол ба дэлхийн уул уурхайн хөгжил | АИ-92 үнээ дахин нэмэв | $RDDT шат ахив

POWERED BY

Өглөөний мэнд! Манай Lemonade in Japan контентын ээлжит шинэ дугаар нийтлэгдсэн шүү. Энэ удаагийн дугаарт Япон Улсын мэргэжлийн сүмогийн дээд цолыг хүртсэн Хошёорюү С.Бямбасүрэн оролцсон байгаа. ЭНД дарж үзээрэй. 🍋🇯🇵

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт (M2) өмнөх оны мөн үеэс 25.2% өсөж ₮53.1 их наядад хүрэхэд ₮-ийн харилцах 24.6%, ₮-ийн хадгаламж 25.1%, валютын харилцах 76.9% өссөн нь голлон нөлөөлөв.

MSE: Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 13 удаагийн нүүрсний арилжаа, 4 удаагийн төмрийн арилжааг цахимаар зохион байгуулж, нийт ₮192.1 тэрбумын арилжаа хийжээ

GAS: Энэ сарын 1-нээс Орос АИ-92 шатахууны үнийг тн тутамд $851 болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой дотоодын ААН-үүд АИ-92 шатахууны үнээ ₮200-өөр өсгөж, литрийн үнийг ₮3,020-т хүргэлээ.

⛏️ Монгол ба дэлхийн уул уурхайн хөгжил 

Өнгөрсөн 7 хоногт дэлхийн уул уурхайн салбарын 400 гаруй инженер, судлаачид Улаанбаатар хотноо цуглаж, 3 хоногийн турш мэдлэг, туршлага хуваалцсан “Caving 2026” бага хурал болж өнгөрлөө. 

  • 💧 Мэдлэгт дусал нэмэр! Энэхүү бага хурлын гол сэдэв болох блокчлон олборлолт болон дэд түвшний олборлолтын гол давуу тал нь гүний уурхайн олборлолтыг хамгийн үр дүнтэй, бага өртөгтэйгөөр явуулах боломжтой тул уурхайн салбарын ирээдүй гэгдэж буй аргачлал.  

🗣️ Гүнээс гүнд үүсдэг асуудал

Гэвч гол асуудал нь уурхай бүр өөрийн гэсэн онцлог, тооцоолох боломжтойгоос эхлээд боломжгүй асуудлуудтай нүүр тулгардаг тул аргачлал нь тодорхой байлаа ч түүнийг хэрэгжүүлнэ гэдэг хамгийн шандас сорьсон хэсэг нь болдог аж. Ер нь бол дэлхий дээр ч блокчлон олборлолт болон дэд түвшний олборлолтын аргачлалыг ашиглан идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ердөө 30-35 уурхай байгаа юм.  

🔎 Яагаад Монголыг сонгов?

“Caving” бага хурлын хувьд блокчлон олборлолт хөгжсөн улс орнуудыг сонгон 4 жил тутамд зохиогддог салбарын томоохон хурлуудын нэг. Зохион байгуулагчдын мэдээлснээр, “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн блокчлон олборлолтын туршлагыг олон улсад хуваалцаж, Монгол Улсыг дэлхийн блокчлон олборлолтын газрын зурагт оруулах цаг нь болсныг илтгэж энэхүү бага хурлыг манай улсад зохион байгуулсан хэмээсэн юм. 

Эцэст нь… 3 өдөр үргэлжилсэн энэхүү бага хурлыг дүгнэхэд, Монголд хийгдсэн гүний уурхайн бүтээн байгуулалт дэлхийн жишигт хүрэхүйц бүтээн байгуулалт болсон төдийгүй улс орнууд ийм бүтээн байгуулалтыг хийх зорилт, эрэлт их байгааг ажигласан юм. Гэвч хүсээд л хийчхэж болдоггүй буюу асар их цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг нь ч гол сорилт болж буй. Гэснээс “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн инженерүүд бас анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын мэргэжилтнүүдэд танилцуулаад амжсан.

  • ♻️ Дэлхийн 197 орны төлөөлөгчдийг нэг дор нэгтгэх COP17 Монголд юу авчрах вэ? (Unread)

  • ☄️ Газрын тосны салбарт Хятадын нөлөө урьд өмнөхөөс хүчирхэгжив. (TheEconomist)

  • ☎️ Хотын даргад захих үг байвал 150-150 тусгай дугаар руу залгахад болно. (Ulaanbaatar)

  • 🎰 Gen Z нарын 52% нь хөрөнгө оруулалтаа спорт мөрий рүү зөөв. (Inc.)

🎊 $RDDT шат ахив

RDDT: Өнгөрсөн Баасан гарагт нийгмийн сүлжээний Reddit платформ S&P 500 индексэд албан ёсоор багтахаар боллоо. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 2.2% өсөж, $178.1-т хүрээд байна. Ингэснээр S&P 500 индексийг дагадаг пассив сангууд ойролцоогоор 16.7-17 сая ширхэг хувьцааг механикаар худалдаж авах шаардлага үүсэж, компанийн зах зээлийн үнэлгээг $34.3 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн, $RDDT өнгөрсөн улиралд орлогоо 61% өсгөж $805 саяд хүргэж, анх удаа бүтэн жилийн ашигтай ажилласан нь S&P 500-д багтах гол шалгууруудын нэгийг хангахад нөлөөлжээ.

🚨 $2 их наяд ойрхон 

Ирээдүйд 2026 он хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр суралцах оюутнуудад олон унших, судлах сэдэвтэй, мөлжүүртэй жил байх нь гарцаагүй болсон. Учир нь энэ жил AI-н хамгийн том 3 тоглогч IPO хийхээ зарлаж, эхнээсээ хөрөнгө оруулалтаа амжилттай татаад байна. Үргэлжлээд дараагийн IPO-той холбоотой нэг сонирхолтой мэдээ гараад байна шүү.

💰 Хүлээлт өндөр IPO

Бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд буй Claude-н ард байдаг Anthropic ирэх 10 сард IPO хийх билээ. Тэгсэн Anthropic-н хөрөнгө оруулагчид тус компанийг IPO хийх үедээ $2 их наядын үнэлгээ давна гэж үзээд байна. Хэрэв энэ үнэлгээ биеллээ олбол Anthropic нь SpaceX (SPCX)-н $1.77 их наядын IPO-г давж, түүхэн дэх хамгийн том дүнгээр IPO хийх компани болох юм. 

  • 🏎️ Өрсөлдөгчөө ардаа үлдээв: Цаашлаад, ердөө 5 жилийн өмнө байгуулагдсан Anthropic-н үнэлгээ өнгөрсөн 5-р сард $965 тэрбумд хүрч, гол өрсөлдөгч OpenAI-г үнэлгээгээрээ ардаа үлдээжээ.

🧲 Гол хүчин зүйл
Хөрөнгө оруулагчдын IPO-н өөдрөг төсөөллийн гол шалтгаан нь Anthropic-н орлогын огцом өсөлттэй холбоотой. Тухайлбал, тэдний жилийн орлого 2026 оны эцэст $100-$120 тэрбумд хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байгаа нь одоогийн түвшнээсээ 10 дахин өссөн үзүүлэлт аж. Зарим хөрөнгө оруулагч нар Anthropic-н орлого энэ хурдаараа өсвөл $3 их наядын үнэлгээтэй компани ч болж чадна хэмээн үзээд байна.

  • 🍀 Саяхны тайлан: 2026 оны II улиралд Anthropic $11.5 тэрбум гаруй орлого олсон нь өмнөх оны мөн үеэс даруй 14 дахин өссөн үзүүлэлт бөгөөд анх удаа үйл ажиллагааны цэвэр ашигтай ажиллажээ.

Эцэст нь… $SPCX-н IPO-н дараахан MANGOS нэрийн дор AI-д хамгийн өндөр нөлөөтэй 7 компанийн нэгээр Anthropic нэрлэгдсэн. Харин одоо хөрөнгө оруулагчид тус компанийг $2 их наядын үнэлгээтэй болно хэмээн харах боллоо. AI-н халуурал үргэлжилж байна уу, эсвэл дараагийн технологийн аварга төрж байна уу? 👁️

Instagram дээрх Монголын хамгийн олон дагагчтай төрийн өндөрлөгүүдийг 966 посттой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 232 мянган дагагчаар тэргүүлж байна. Тэгвэл өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо идэвхтэй ажиллаж буй улс төрчдөөс Instagram-д хамгийн олон дагагчтай 5 хүнийг танилцуулъя.

  • 1️⃣ У. Хүрэлсүх: 232 мянга

  • 2️⃣ Х.Баттулга: 48.7 мянга 

  • 3️⃣ Н.Учрал: 46.1 мянга

  • 4️⃣ Н.Алтанхуяг: 40.3 мянга

  • 5️⃣ Г.Занданшатар: 21.7 мянга 

Сонирхуулахад, Instagram дээр У.Хүрэлсүхийг дагадаг хүмүүсийн тоо Х.Баттулга, Н.Учрал, Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын нийт дагагчийн тооноос бараг 1.5 дахин их аж. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн Instagram ертөнцөд нэг л хаяг илт давамгайлж байна даа. 🤔🦈

J.P. Morgan

🍋 Wells Fargo (WFC)-н шинжээчдийн үзэж байгаагаар JPMorgan (JPM) зах зээлийн үнэлгээ нь $1 их наядад хүрсэн анхны банк болох нь. Бүр ч болоогүй тус банкны үнэлгээ 7-8 жилд $2 их наядад хүрэх боломжтой гэж үзжээ. Сүүлийн 3 сард хувьцаа нь 21% өссөн тус банкны одоогийн үнэлгээ $965 тэрбум байгаа. Технологи, бизнесийн өсөлтөд хийж буй хөрөнгө оруулалт нь тэдэнд зах зээлд эзлэх байр сууриа тасралтгүй тэлэх боломж олгож байна даа.

🍋 Энэ оны эхний 7 сарын байдлаар гаалийн зөрчил өмнөх оны мөн үеэс 18.5% өсжээ. Тодруулбал, гаалийн байгууллага нийт 2394 зөрчил илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Нийт зөрчлийн 47.5%-ийг гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн, 22.6%-ийг эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, 29.3%-ийг бусад төрлийн зөрчил тус тус эзэлжээ.

🍋 Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох судалгааг зохион байгуулж байна. Энэхүү судалгаанд бизнесийн өмчлөгч эсвэл санхүүгийн шийдвэр гаргагч хариулах боломжтой ба 10 орчим минут зарцуулагдана. Мэдээллийг зөвхөн судалгааны зорилгоор ашиглан хуулийн дагуу чанд нууцлах тул ЭНД хамрагдахыг урьж байна.

🍋 Өнгөрсөн 7 хоногийн УУББ-ийн арилжаагаар нийт 13 хэлцлээр 518,400 тн нүүрсийг ₮177.5 тэрбумаар арилжлаа. Арилжаанд Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, МАК ХХК-иуд оролцсоноос Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн их буюу 396.8 мянган тн-ыг борлуулсан байна. Ихэнх хэлцлийн үнэ 21.6% хүртэл өссөн нь бирж дээрх нүүрсний худалдан авалтын эрэлт өндөр байгааг харууллаа.

  • Даваа: COP17 бага хурал Улаанбаатар хотод эхэлнэ.

  • Мягмар: Энэ оны эхний хагаст хөдөлмөрийн бүтээмж хэр байв

  • Лхагва: Дэлхийн гэрэл зургийн өдөр тохионо

  • Пүрэв: $WMT, $BABA, $DE нарын санхүүгийн тайлан ил болно.

  • Баасан: Японы хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.