🐫 Invest Gobi 2023

Долларын индекс | Invest Gobi 2023-н эргэн тойронд 

Өглөөний мэнд ээ. Улаанбаатар бонд МХБ-д бүртгэгдлээ. Бид энэ Бямба гарагт уг бондын талаар тоймлосон тусгай дугаар илгээнэ шүү. Stay tuned! 🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТ Бондын IV транчийн нэг бүр нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэв.

BOM: Шинжээчдийн таамгаар инфляц 2024 оны II улиралд 9.2% байхаар байна.

MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮2.5 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

🐫 Invest Gobi 2023 ба сонирхолтой тоо

“Invest Gobi 2023” буюу Өмнөговийн хөрөнгө оруулалтын чуулган өчигдөр эхэллээ. Уг чуулгад гадаад, дотоодын 550 гаруй зочин оролцож байна.

🔍 Сонирхолтой тоо

Уг чуулганы хамгийн анхны хэлэлцүүлэг “Өмнөговь аймагт хөрөнгө оруулах нь” сэдвээр болж өнгөрлөө. Тэгвэл яагаад Өмнөговьд хөрөнгө оруулах ёстой вэ гэхээр,

  • 29%: Тус аймгийн нийт хүн амын тоо сүүлийн 12 жилд 29% нэмэгдэж 73.8 мянгад хүрсэн байна. Учир нь тэдний дэд бүтцийн хангамж нэмэгдэж цэвэрлэх байгууламж, ариутгах шугам сүлжээнд холбогдсон өрхийн тоо л гэхэд 279% өсжээ.

  • 70.5%: Улмаар Өмнөговийн ажиллах хүчний оролцооны түвшин улсын дунджаас 12.5 нэгж хувиар дээгүүр буюу 70.5% болсон аж. Мөн иргэдийнх нь хадгаламжийн хэмжээ сүүлийн 7 жилд 3 дахин өсөж ₮220 тэрбумд хүрсэн байна. Тэгэхээр тус аймгийн ажиллах хүчний оролцоо, дэд бүтэц, худалдан авах чадвар бүгд сайжирчээ.

🗺 Ярьдаг тоо

Бид өмнө нь Өмнөговийн төсөв, өрсөлдөх чадвар болон худалдан авах чадвар сайжирсан талаар тоймлосон. Тэгвэл үүнээс гадна,

  • 97%: Сүүлийн 10 жилд тус аймгийн уул уурхайн бус ААН-үүдийн өсөлт, бууралтыг салбараар нь харвал, боловсруулах үйлдвэрийн салбар хамгийн өндөр буюу 97% өсөж, 1 жилийн борлуулалтын орлого нь ₮201 саяд хүрчээ. Түүнчлэн тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбар 80%-иар өсөв.

  • 330%: Мөн тус аймгийн тээврийн хэрэгсэл сүүлийн 10 жилд дунджаар 330% өссөн байна. Сонирхолтой нь суудлын автомашиных нь тоо чиргүүлийнх нь тооноос бага аж. Энэ нь мэдээж уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой.

  • : Үргэлжлүүлэхэд, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбар ч мөн хөгжсөн. Тус аймагт ирсэн гадаад жуулчдын тоо Ковид-19-ийн өмнөх 8 жилд 4 дахин өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд 27 жуулчны бааз орон нутагт ₮1.4 тэрбумын орлого оруулсан байна.

Заа тэгээд, эхний өдрийн хэлэлцүүлэг, илтгэлүүдээр эдгээр сонирхолтой тоог ярилаа. Уг чуулган өнөөдөр ч мөн үргэлжлэх бөгөөд манай сошиал хуудсаар цаг тухай бүрд мэдээ мэдээлэл цацагдана шүү.

🚗 Аюултай машинууд

005380.KS: Hyundai, Kia (000270.KS) нар Америк дахь 3.37 сая машинаа эргүүлэн татна. Компаниудын мэдээлээснээр автомашины хөдөлгүүрээс гал гарах эрсдэлтэй тул эргүүлэн татаж асуудалтай байгаа эд ангиудыг солих аж.

 💵 Ноён доллар эргэн ирлээ

Он гарснаар долларын индекс 2.36% өсөж $106.7-д хүрлээ. Улмаар долларын индекс сүүлийн 10 сарын оргил цэгтээ хүрээд байна.

  • Долларын индекс (USDX) нь долларын ханшийг евро, иен тэргүүтэй 6 валюттай зэрэгцүүлэн хянадаг индекс юм.

ЗГ-ийн бондын өгөөж түүхэн дээд түвшинд

Долларын индекс өнгөрсөн жилийн өдийд 20 жилийн түүхэн дээд түвшин буюу $113-т хүрч байсан ч жилийн хугацаанд овоо уруудаад авсан. Харин энэ жилийн хувьд Америкийн ЗГ-ийн бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь долларыг шинэ өндөрлөгт ахин гаргаад буй. Түүнээс гадна долларын индексийн сагсыг бүрдүүлэгч томоохон валют болох иен, еврогийн ханшийн уналт ч индексийн өсөлтөд ихээхэн нөлөөлөв. Тэр дундаа ЗГ-ийн бондын өгөөжид мэдрэг байдаг доллар иений харьцааг харвал,

  • Иений уналт үргэлжлэх үү? Америкийн ЗГ-ийн бондын өгөөж 4.6% болж өссөн нь хэдийнээ уналттай байсан иений ханшийг улам л унагав. Улмаар $1=¥149.3 болж сүүлийн 11 сарын доод цэгт очоод буй.

  • Аюулын бүс $150: Хэрэв иен долларын эсрэг суларсаар $150-ыг давбал Японы ЗГ-аас валютын интервенц хийх эрсдэлтэй. Өнгөрсөн жилийн өдийд тэд яг энэ асуудлаар интервенц хийж байсан юм.  

  • Асуудал: ЗГ энэ удаад интервенц хийлээ ч Америкийн бондын өгөөж буурахгүй л бол үр дүнтэй алхам болохгүй. Харин ч бүр гадаад валютын нөөцөө шавхах эрсдэл бий.

Азийн мөнгөн тэмдэгтүүд долларын эсрэг мөхсөдөж байна

Ганц Японоор тогтохгүй ХНС бодлогын хүүг 5.25%-5.5%-д хадгалж байгаа болон цаашид ч өсгөх төсөөлөлтэй байгаа нь Азийн орнуудын мөнгөн тэмдэгтийн доллартой харьцах ханшийн зөрүүг пуужиндахад хүргэсэн. Улмаар Өмнөд Солонгосын вон, Тайландын батын ханш энэ онд долларын эсрэг суларсаар хамгийн доод түвшиндээ очоод буй.

Харин, Монголын хувьд он гарснаар төгрөгийн доллартой харьцах ханш 0.5% суларч ₮3,461 болоод буй. ХНС-гаас бодлогын хүүг 2024 оноос л бууруулах төлөвтэй байгаа. Тэр хооронд ч Азийн төдийгүй доллароос ихээхэн хамааралтай байдаг орнууд хэцүүдэх нь дээ.

Төөрдөг байшингаас гарах замаа олоорой.

👨‍🔬 БиоПлас

Биотехнологийн салбарт шинэ инновацыг бий болгохоор зорьж буй Алтан Биоплас ХХК-ийг танилцуулж байна. 🔬

Тэд ажлын байрны хортой нөхцөл болон нөлөөллийг нарийвчлан тогтоох, хөдөлмөрийн нөхцөлөөс үүсэх өвчлөлөөс сэргийлэх зорилготойгоор хор саармагжуулах бүтээгдэхүүний судалгааг амжилттай хийн эрүүл мэндийн болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байгаа аж.

Онцлох бүтээгдэхүүн,

  • Барагшун,

  • Чонон хармагийн ханд,

  • Чага мөөгний ханд зэрэг хор саармагжуулах, эрдсийг нөхөх, дархлаа сэргээх бүтээгдэхүүнүүд юм.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

УУХҮЯ

🔹АМНАТ-ийг 10 сарын 1-нээс эхлэн МХБ (MSE)-ийн арилжааны үнээр тооцдог болно. Ингэснээр компаниудыг бүтээгдэхүүнээ бирж дээр худалдаж, салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй аж. Өмнө нь АМНАТ-ийг SXcoal, umetal зэрэг ОУ-ын байгууллагуудын зарласан үнээр тооцдог байсан юм.

🔹Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тн нүүрсээ борлуулав. Компани 2019 он гэхэд нийт 15.5 сая тн нүүрс, түүнээс хойш 4 жилийн хугацаанд 4.5 сая тн-ыг борлуулсан байна. Харин нийт борлуулалтын 14.6%-ийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалжээ.

🔹Германы ЗГ-аас Монголд 2 орны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг олгохоор боллоо. Тодруулбал, 2 орны хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы талаас 78 саяыг олгох юм. Үүний 29 саяар үндсэн хөтөлбөрийг санхүүжүүлэх аж.

🔹МХБ (MSE) Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана. Талууд ХЗЗ-ийн хууль зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах юм. Түүнчлэн Монголын Хуульчдын холбоо ХЗЗ-ийн татварын орчны чиглэлээр хуульчид, биржийн оролцогчдод сургалт зохион байгуулж, хөтөлбөр боловсруулах гэнэ.

  • Унш: 2024 онд дэлхийн эдийн засаг хаашаа чиглэх вэ? (WEF)

  • Технологи: Meta Connect 2023 чуулга уулзалтын тойм. (TheVerge)

  • Сонс: Ажил дээр гаргасан том алдаагаа хэрхэн давах вэ? (HBR)

  • Кино: Alice in Borderland цувралын шинэ бүлэг. (Variety)

Reply

or to participate.