- Lemon Press
- Posts
- 🐐 Говь руу мордов
🐐 Говь руу мордов
Түмэн Шувуут ХК-ийн III улирлын санхүү | ApeFest | Nvidia жийгдэв
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Манай Lead With буланд саяхан Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Гантулга оролцлоо. ЭНД дарж түүний манлайллын туршлагатай танилцаарай. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Өнгөрсөн сарын инфляц 9%-тай гарлаа. Улмаар инфляцын түвшин 2021 оны 11-р сараас хойших хамгийн бага түвшинд хүрэв.
CST: Гадаад худалдааны ашиг өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 67.6% өсөж $4.9 тэрбумд хүрлээ.
IMF: ОУВС Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.4 нэгж хувиар нэмэгдүүлж 5.4%-д хүргэв.

🐐 Ноолуурын зах зээлийн ноён оргил Говь ХК

Жилдээ 2.3 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж ₮193 тэрбумын борлуулалт хийдэг дэлхийд алдартай кашмер үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрийн явцтай танилцсан түүхээ хуваалцъя. 42 жилийн түүхт Говь ХК-ийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг бол?

🥚 70 сая өндөг

Түмэн шувуут (TUM) ХК энэ оны III улирлын байдлаар 70 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ. Тэдний III улирлаар сонин сайхан юу байна?
🔍 Санхүү = Онц
Тэдний борлуулалтын орлого жилийн өмнөхөөс 73% өсөж ₮43.8 тэрбумд хүрсэн аж. Улмаар ашиг нь 59% нэмэгдэж ₮8.1 тэрбум болсон юм.
🤔 Харьцаа үзүүлэлтүүд: Компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 7.7% унаж ₮323.6 болоод буй. Улмаар P/B харьцаа 2.7, P/E харьцаа 14.2, ROE буюу эздийн өмчийн өгөөж 19% тус тус байна.
Өсөн нэмэгдэх зах зээл
Одоогоос 21 жилийн өмнө нэг монгол иргэн жилд дунджаар 12 өндөг иддэг байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү үзүүлэлт нь 100 болтлоо нэмэгджээ. Ингээд харахаар бидний өндөгний хэрэглээ цаашид ч өсөхөөр харагдаж байна. Үүнийг дагаад Түмэн Шувуутын цар хүрээ ч тэлнэ гэсэн үг.
Өргөжнө: Энэ ч утгаараа компани 2022 онд 97.7 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлсэн бол 2023 онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, хүчин чадлаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Учир нь “Түмэн шувуут 2” ферм ашиглалтад орсноор тэд шат дараатайгаар өндөгний үйлдвэрлэлээ 80 сая ширхгээр нэмж, борлуулалтын орлогоо ₮32 тэрбумаар нэмэхээр байгаа.
Импорт юу болж байна? Энэ оны эхний 9 сард импортолсон өндөгний тоо жилийн өмнөхөөс 1.4% нэмэгдэж 142.9 сая болсон тул үнийн дүн нь ч 3.2% өсөж $ 10.3 сая болжээ. Цаашид Түмэн Шувуутын үйлдвэрлэл тэлснээр энэ тоо буурч гадагшаа гарах мөнгөн урсгал буурах боломжтой.
Эцэст нь… Өндөгний хэрэглээ ч өсөж дотоодын үйлдвэрлэгчийн ирээдүй ч гялалзахаар харагдаж байна даа. Цаашид өндөг экспортлогч болчихвол янзтай, янзтай.

🦵 Nvidia жийгдэв
9888.HK: Baidu Nvidia (NVDA)-н оронд Huawei-с чип захиалж эхэллээ. Baidu-н хувьд өнгөрсөн 8-р сард Nvidia-с $5 тэрбумын үнийн дүн бүхий чип авах захиалга өгч байсан ч Америк өнгөрсөн 10-р сард чипийн экспортын хоригоо улам чангаруулснаар тус шийдэлд хүрээд буй. Үүний хүрээнд Huawei Baidu-с энэ онд нийлүүлэх $61.8 тэрбумын үнийн дүн бүхий чипийн захиалга хүлээн авсан аж.

🌊 Яагаад усны салбарт хөрөнгө оруулна гэж?

Сүүлийн 4 жилийн дотор дэлхийн усны салбарын хувьцаануудын хөдөлгөөнийг тодорхойлогч The S&P Global Water (^SPGTAQUA) 50.5%, өссөн байна. Энэ талаар нэг сонирхоод үзье.
Усны салбарын хөрөнгө оруулалт: Энэ нь хөрөнгө оруулалтын багцаа устай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч компаниудаар солонгоруулна гэсэн үг.
Лут өсөлт
Тус индексийн компаниудыг харвал, 8.8%-ийг ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түгээх үйлчилгээ үзүүлэгч Xylem (XYL), 8.6%-ийг усны үйлчилгээ үзүүлэгч American Water Works (AWK) зэрэг компаниуд эзэлдэг аж. Эдгээр компаниудын энэ жилийн III улирлын тайланг харахад Xylem-н цэвэр ашиг өмнөх жилийн мөн үеэс 12.7 дахин өсөж $152 сая болсон бол AWK-н цэвэр ашиг 8.7% өсөж $323 саяд хүрсэн байна.
Яагаад ус гэж?
Ус нь алт шиг шавхагддаг байгалийн нөөц бөгөөд эрэлт нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байдаг аж. Түүнчлэн олон улсын ЗГ-ууд тогтвортой хөгжлийн хүрээнд ундны усыг хүртээмжтэй болгох чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна. Ингээд харахаар энэ салбар уналтад орох нь бараг л боломжгүй гэж хэлж болохоор.
Хэрхэн хөрөнгө оруулах вэ?
Уг салбарт хөрөнгө оруулна гэхээр хамгийн түрүүнд усны салбарын зураглалыг харах боломжтой индексүүдийг судлах хэрэгтэй. Үүнд дээр дурдсан The S&P Global Water (^SPGTAQUA) болон The Dow Jones U.S. Water Index (^DJUSWU) орно. Салбарын судалгаа хийсний дараа хөрөнгө оруулах арга замаа сонгоно. Жишээ нь,
Шууд хувьцаа руу: Гол үйл ажиллагаа нь усны салбарт чиглэсэн компаниудыг судлан хувьцаанд нь хөрөнгө оруулах.
Хамтаараа: Хэрэв танд тэдгээр олон компаниудын үйл ажиллагааг судлах боломж байхгүй бол хамтын ХОС, хамтын биржээр арилжаалагддаг санд хөрөнгө оруулах боломжтой. Дээр заримыг нь дурдсан.
Арай тогтвортой: Компанийн хувьцаа, хамтын ХОС-гаас гадна тогтвортой хөгжилд зориулан гаргаж буй ногоон бонд, устай холбоотой төслүүдийн бонд, усны дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэх орон нутгийн бондуудад хөрөнгө оруулж болно.
Гэхдээ! Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь нэлээд урт хугацааных гэдгийг санах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалт бүр эрсдэлтэй тул шийдвэр гаргахдаа сайтар судлах хэрэгтэй. Мөн энэхүү нийтлэл ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтын зөвлөгөө, зөвлөмж өгөхөд чиглэгдээгүй болно.

🎁 Huawei MateBook Family Series

Зөөврийн компьютер авах гэж байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. 😎
Сайн электрониксоос Шангри-ла Молл-д шинээр нээгдсэн Huawei дэлгүүрийн нээлтдээ зориулж Huawei MateBook Family Series-н дараах компьютеруудыг урамшуулалтай худалдаалж байна.
Matebook D14: KSP 270м-ээс интернэтэд холбогдох антентай,
Matebook 16s: 13-р үеийн Intel Core i9 процессортой болон цахим ном унших горим,
Matebook X Pro: 1 тб багтаамжтай, 1 тэрбум өнгө ялгаруулах тод харагдацтай дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм.
Урамшуулал: Дээрх компьютероос худалдан аваад бэлэгт Huawei-н Matepad 11 таблет, Matepad SE таблет болон Huawei Y61 авах гэнэ шүү.
🔗Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


Fitch Ratings
🔹Fitch Ratings-с Монголын уул уурхайн салбарын зохицуулалтын тогтворгүй байдал компаниудад сөргөөр нөлөөлж байгааг анхааруулав. Тухайлбал, MMC (0975.HK)-н хувьд ашгийн маржин буурах болсон шалтгааныг АМНАТ-ийн тогтолцооны өөрчлөлт, үнийн зөрүүтэй байдалтай холбоотой гэж үзжээ.
🔹Мандал Даатгал (MNDL) ХК ₮329 саяын үнийн дүн бүхий 5 нэхэмжлэлд хариуцагчаар оролцож байна. Эдгээр нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэл бөгөөд шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа юм.
🔹Улаанбаатар хотын бонд гаргах ажилд ЕСБХБ-тай хамтарна. Тодруулбал, тус бондын андагч зах зээлийн арилжаа өнгөрсөн 10-р сард зохион байгуулагдах төлөвтэй байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй. Бонд гаргах ажилд ЕСБХБ оролцож эхэлснээр ахиц гарах нь уу даа.
🔹ХасБанк (XAC) нэгж хувьцаанд ₮14.75-ийн ногдол ашиг тараана. Банк цэвэр ашгийнхаа 15.2%-ийг ногдол ашгаар тараахаар шийдвэрлэсэн нь энэ. Тэгэхээр өчигдрийн ханшаар (₮577.9) ногдол ашгийн өгөөж нь 2.6% байна. Уг шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм.

🔥 ApeFest

Өнгөрсөн 7 хоногт Хонгконгт дэлхийн NFT сонирхогчдын хамгийн том эвент болох ApeFest болж өнгөрлөө.
Гялалзсан төсөл: BAYC Х MAYC
ApeFest 2023 бол Bored Ape Yacht Club (BAYC) болон Mutant Ape Yacht Club (MAYC)-н NFT эзэмшигчдэд зориулсан 3 өдрийн арга хэмжээ бөгөөд 60 орны 2,500 орчим NFT сонирхогчид оролцсон юм. Крипто зах зээлийн уналт тэр тусмаа олны харц NFT-с холдож буй энэ цаг үед тус NFT-г гаргагч Yuga Labs NFT эзэмшигчдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд ч гялалзсан төсөл байж чадна гэх итгэлийг төрүүлэхэд чиглэсэн сурагтай.
Яагаад Хонгконг гэж? Сүүлийн үед Хонгконгийн эрх баригчид дэлхийн крипто HUB болох томоохон амбицтай бодлого хэрэгжүүлэх болсон болон ApeFest анх удаа Нью-Йоркоос гадна өөр улсад зохион байгуулагдсан зэрэг нь зүгээр ч нэг давхцал биш л болов уу.
Хамгийн сонирхолтой хэсэг нь уг арга хэмжээнд MongolNFT оролцож ApeFest-тэй зэрэгцэн өөрсдийн Wolfest NFT комюнити арга хэмжээг амжилттай зохион байгуулж гаднын олон NFT сонирхогчдын анхаарлыг татаад амжив. Бид удахгүй Wolfest-н талаар илүү дэлгэрэнгүй нийтлэл оруулах тул ойр байгаарай. 🔥

Товхимлоо хэр сайн уншиж байна? Доорх мэдээний хэсгүүдээс бурууг олно шүү. 🔎
A. ОУВС Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 0.4 нэгж хувиар нэмэгдүүллээ.
B. Түмэн шувуут ХК энэ оны III улиралд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэв.
C. ApeFest 2023 Хонгконгт зохион байгуулагдлаа.

Мэд: 2024 онд очих “Cool” газрууд. (CNN)
Унш: Карьер шилжилт хийх яагаад хэцүү вэ? (HBR)
Сонирх: Япончууд кино театрт Oppenhaimer-г үзэх болов уу? (TheJapanTimes)
Судал: Код бичихгүйгээр өөрийн ChatGPT-г бүтээх боломжтой гэнэ үү? (TheVerge)

Зөв хариулт B буюу Түмэн шувуут ХК өнгөрсөн III улиралд 80 биш 70 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн шүү.


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply