• Lemon Press
  • Posts
  • 💵 АПУ ногдол ашиг тараана

💵 АПУ ногдол ашиг тараана

Кино үйлдвэрлэлийн томчуудын II улирлын тайлан болон 2023 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн талаар тоймлов.

POWERED BY

Hey! Бид багтаа шинэ гишүүд хайж байгааг мэдсэн үү? Зах зээлд үнэ цэнтэй мэдээлэл хүргэх зорилготой хөөрхөн хүмүүсийн багт нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай. Аа тийм, биднийг үнэхээр хөөрхөн үү, үгүй юу гэдгийг ЭНД-ээс харах боломжтой. 😂

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулж, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх ХО-ын төсөл, арга хэмжээг ₮429.1 тэрбумаар баталлаа.

MMHI: Оны эхнээс 36 сая.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрэв.

MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮2.95 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

🤑 Түүхэн алдагдлаас түүхэн ашиг руу…

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд $474.9 саяын ашигтай гарлаа. Ингэснээр түүхэн дэх хамгийн өндөр төлбөрийн тэнцлийн ашигтай эхний хагас жил болж өнгөрлөө.

📈 8/15

Сүүлийн 15 жилийн эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийг харвал 8 жил нь ашигтай, 7 жил нь алдагдалтай гарчээ. Үүнээс 2022 оны эхний хагаст хамгийн их буюу $1.1 тэрбумын алдагдал хүлээсэн бол энэ оны эхний хагаст хамгийн өндөр ашигтай гараад буй. Ер нь төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэдэг нь тухайн улс ОУ-ын нийт гүйлгээнд ашигтай ажиллаж байна л гэсэн үг. Энэ нь валютын ханшийг бэхжүүлэх, ГВУН-ийг нэмэгдүүлэх, гадаад зээлийн хараат байдлыг бууруулахад нөлөөтэй.

Бараа 👍,Үйлчилгээ 👎

Үргэлжлүүлбэл, төлбөрийн тэнцлийг тодорхой хугацаанд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэж тооцдог билээ. Тэгвэл төлбөрийн тэнцлийн нэгдэл тус бүрийг задалж харъя,

  • Барааны худалдаа 🆙: Барааны худалдааны ашиг жилийн өмнөхөөс $2.5 тэрбумаар өссөн аж. Улмаар 2022 оны эхний хагаст $1.4 тэрбумын алдагдалтай байсан төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагаст $65.4 саяын ашигтай гарлаа.

  • Үйлчилгээний алдагдал: Харин үйлчилгээний худалдааны орлого $329.7 саяар, зарлага нь $950.4 саяар тус тус өссөн байна. Ингэснээр алдагдал нь 71.4% нэмэгдэж $1.5 тэрбум болов.

  • Хөрөнгө & Санхүү: Түүнчлэн хөрөнгийн дансны ашиг 17% өсөж $63.9 саяд хүрсэн бол санхүүгийн дансны тэнцэл $296.1 саяын ашигтай гарсан байна. Тэгэхээр санхүүгийн дансны актив буурч, пассив өссөн хэрэг. Санхүүгийн данс ашигтай байснаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой.

Дүгнэе, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан болон барааны худалдааны ашиг нэмэгдсэн нь дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдод таатай мэдээ. Гэвч нөгөө талд үйлчилгээний импортын эрэлт нэмэгджээ. Тэгэхээр гадаад үйлчилгээнээс илүү хамааралтай болж байгаа нь худалдааны нийт тэнцэл болон гадаад валютын орох урсгалд нөлөөлж болзошгүй нь.

⚠️ Алдагдал х5.4

AARD: Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн алдагдал эхний хагас жилд жилийн өмнөхөөс 5.4 дахин нэмэгдэж ₮4 тэрбумд хүрэв. Учир нь тэдний нийт орлого 37.1% буурч, зардал нь 17% өссөн аж. Түүнчлэн компанийн нийт хөрөнгө ч 52% буурч ₮130 тэрбум болоод амжжээ. Сонирхуулахад Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн P/B харьцаа өчигдрийн байдлаар 1 байна.

🎞️ Стриминг акулуудын тайлан

Кино урлагийн хорхойтнууд байвал анхаарлаа нааш нь хандуулаарай! Warner Bros, Disney, Paramount-н ээлжит улирлын тайлан гарсан байна шүү.

Warner Bros: Шархаа нөхсөөр

Warner Bros (WBD)-н орлого II улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 5.4% өсөж $10 тэрбумд хүрлээ. Улмаар тэдний алдагдал өнгөрсөн оны мөн үед $3.4 тэрбум байсан бол $1.2 тэрбум болж багасжээ. Алдагдал буурахад тэдний үйл ажиллагааны зардал 75% буурсан нь ч нөлөөлөв. Дэлгэрүүлье,

  • -1.8 сая: Компани шинэ хосолсон стриминг үйлчилгээ болох Max-с нийт 1.8 сая хэрэглэгчээ алдаад буй. Улмаар нийт хэрэглэгчийн тоо нь 95.8 сая болов.

  • Задаргаа: Компанийн орлогыг задлан харвал, зар сурталчилгааны орлого 7.4% буурсан ч кино борлуулалтын орлого нь 6%, контентын орлого нь 18.5% тус тус өсжээ.

Disney: Бүтцийн өөрчлөлтийн сүүдэрт

Disney (DIS)-н орлого өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 4% өсөж $22 тэрбумд хүрсэн ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Түүнчлэн компанийн бүтцийн өөрчлөлтийн зардал нь 63 дахин өсөж нийт зардал нь $19.7 тэрбум болсон тул алдагдал нь $460 саяд хүрэв. Мөн хэрэглэгчийн тоо нь өмнөх улирлаасаа 7.4% буурч $146 сая болжээ. Энэ нь Disney + Hotstar Энэтхэгт үйл ажиллагаа явуулахаа больсонтой холбоотой байв. Тайланг ухвал,

  • Сегментээр: Disney Park, Experience and Product-н орлого 13% өсөж $8.3 тэрбумд хүрсэн ч Disney Media and Entertainment Disterbution-н орлого 6% буурч, $14 тэрбум болсон байна.

  • Үнээ нэмнэ: Тус тайлантай хамт Disney 10-р сараас эхлэн зар сурталчилгаагүй стриминг үйлчилгээний үнээ $6.99-$9.99 болгон өсгөхөө зарласан юм.

Paramount:

Paramount (PARA)-н орлого өнгөрсөн улиралд 2% буурч $7.6 тэрбумд хүрч алдагдал нь $299 саяд хүрсэн байна. Гэсэн ч тэдний стриминг үйлчилгээ болох Paramount+-н хэрэглэгчийн тоо 700,000-аар нэмэгдэж нийт 61 сая хэрэглэгчтэй болжээ. Цаашлаад, компанийн зар сурталчилгааны орлого 47% өссөн нь Pluto TV-н сурталчилгааны эрэлт хэрэгцээ ихтэй байгаатай холбоотой аж. Эсрэг талд тэдний ТВ-ийн сурталчилгааны орлого 10% буураад буй.

Эцэст нь… Кино үйлдвэрлэлийн томчуудын II улирал нэг иймэрхүү. Ирэх улиралд хэр өөрчлөгдөх бол?

Та доор бэлтгэсэн алдартай брэндүүдийн толгой компанийг мэдэх үү? 🧐

  • KFC 🍗

  • Chanel

  • Lamborghini 🏎️

🔹АПУ ХК (APU) хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮45-ийн ногдол ашиг хуваарилна. Энэ нь тэдний сүүлийн 3 жилд тараасан ногдол ашгийн дундаж хэмжээнээс 14.3%-иар бага дүн юм. Компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 8 сарын 28-ны өдрөөр тогтооно.

🔹Эрдэнэ Ресурс Девелопмент ХК-ийн (ERDN) алдагдал II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 47.7% өсөж $2.5 саяд хүрлээ. Учир нь компанийн үйл ажиллагааны зардал 53.3% өсөж $2.6 сая болсон аж. Мөн ХО-ын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь 143.5% өсөж $4.5 саяд хүрээд буй.

🔹Эрдэнэт үйлдвэр оны эхний хагаст төлөвлөгөөгөө 100%-113.9%-иар биелүүлжээ. Тухайлахад, 19.5 сая тн хүдэр боловсруулсан бол, 302.7 мянган тн зэсийн баяжмал, 3 мянган тн молибдены баяжмал үйлдвэрлэсэн байна. Улмаар компани ₮548.1 тэрбумын ашигтай ажилласан аж.

🔹ЗГ боловсролын салбарын ХО-ын ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталлаа. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн асуудлыг шийдвэрлэх гэнэ. Сонирхуулахад энэ жил 31 сургууль, 29 цэцэрлэг ашиглалтад орох төлөвтэй байна.

💵 Ус ашигласны төлбөрийг хэн төлдөг вэ?

Жилд ₮50 тэрбум орчим ус ашигласны төлбөрийн орлого төвлөрдөг. Үүнийг усыг үйл ажиллагаандаа ашиглаж буй ААН-үүд бүрдүүлэх ба тэднийг “ус ашиглагч” гэдэг бол усыг ахуйн хэрэглээнд ашигладаг этгээдийг “ус хэрэглэгч” гэдэг байна.

Ингэж ялгах шалтгаан…

Бид усгүйгээр амьдрах боломжгүйн адил, ААН-ийн үйл ажиллагаанд ч мөн ус зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ амин чухал нөөцөө зөв зарцуулахын тулд усыг ашгийн зорилготой хэрэглэж буй этгээдийг “ус ашиглагч” хэмээн ялгаж, нөөцийг илрүүлэх, ашиглах боломжтой эсэхийг тогтоох, шугам хоолой татах зэргийг тэдэнд даатгадаг байна. Түүнчлэн ус ашиглагч усны нөөц, зориулалт, байршлаас хамаарч ЗГ-с тогтоосон тарифыг төлөх ёстой.

Зэсийн баяжмал боловсруулахад хэдийг төлдөг вэ?

Өнгөрсөн оны 11 сард ЗГ-аас зэсийн баяжмал боловсруулах зорилгоор ус ашиглах төлбөрийг 75% нэмжээ. Ингэснээр, Эрдэнэт Үйлдвэр 1м3 ус ашиглалтад ₮1,710.24-ийг, Оюу толгой ₮1,678.32-ийг тус тус төлөх болсон аж. Эрдэнэт Үйлдвэр нь Сэлэнгэ мөрний сав газарт байрладаг учир арай өндөр дүн төлөхөөр тогтоогджээ. Ийнхүү 2022 онд 200-аад ААН ус ашигласны төлбөр төлж, усыг ЭЗ-ийн эргэлтэд оруулжээ.

Цаашид ч усны зохицуулалтыг боловсронгуй болгож, урт хугацааны тогтвортой хэрэглээг дэмжих нь эдийн засгийн хувьд ч, байгаль орчны хувьд ч асар чухал мэт…

  • Мэд: Бангконг Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж байна. (TD)

  • Анзаар: Slack хэрэглэхэд илүү амар болсоор. (TheVerge)

  • Танилц: Samsung Galaxy Z Flip 5 дээд амжилт тогтоолоо. (ZDNET)

  • Унш: Байгууллага бүрт хэрэгтэй 4 төрлийн шинийг санаачлагч. (HBR)

Reply

or to participate.