• Lemon Press
  • Posts
  • 🔙 IHC эргээд моодонд орох уу?

🔙 IHC эргээд моодонд орох уу?

Энержи Ресурс ХХК-ийн 20 нас | $CUMN-н I улирал: Ашигтай | YouTube-н анхны бичлэг

POWERED BY

Happy Birthday YouTube! Анхны бичлэг ороод аль хэдийн 20 жил болжээ. Сонирхуулахад анхны бичлэгийн эзэн болох “jawed” суваг нь YouTube-н хамтран үүсгэн байгуулагч Jawed Karim-нх бөгөөд ганцхан бичлэгтэй хэр нь 5.3 сая subscriber-тай аж. 🥳

*Нэг өдрийн өөрчлөлт

GLMT: Голомт банк ХК зах зээл дэх энгийн хувьцаагаа 12% нэмэгдүүлэхийн сацуу банкны 2.5%-ийг эзэмшиж буй Голомт Инвестмэнт Лимитед ХХК татан буугдаж байгаатай холбоотойгоор эзэмшил хувьцааг нь Бодь Интернэшнл ХХК-д шилжүүлэхээр болов

BOM: Өчигдөр буюу 4 сарын 22-ны байдлаар Монголбанкны валютын албан ханш $1=₮3,568, €1=₮4,122-т хүрч төгрөгийн сулрал түүхэн доод түвшинд хүрлээ

U.S.: Roche (ROG.SW) тарифын эрсдэлийг хөшүүрэгдэж, Америкт $50 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.

🎂 Энержи Ресурс ХХК 20 нас хүрлээ

Энэ жил Энержи Ресурс ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 20 жил, олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсны 15 жилийн ой тохиож байгаа. 

📜 Түүхэн товчоо

Тэртээ 2005 онд Монголын бизнесийн акулууд болох MCS Групп, Петровис ХХК, Шунхлай группийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс ХХК үүсгэн байгуулагдаж байсан. Улмаар 5 жилийн дараа толгой компани болох Mongolian Mining Corporation (0975.HK) нь Монголын анхны олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан компани болж байв. 

🏭 Үйлдвэрлэл

Компани Ухаа худаг нүүрсний ордоос гадна Баруун наран уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Ухаа худаг нүүрсний ордын хувьд жилдээ 15 сая тн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай бөгөөд өнгөрсөн онд олборлолтын хүчин чадлаасаа давж 16.3 сая тн нүүрс олборлосон байдаг. 

  • 💰 Нэмүү үнэ цэн: Цаашлаад, тус ордыг түшиглэсэн 3 модульт баяжуулах үйлдвэр нь мөн 15 сая тн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Улмаар 2011 оноос хойш баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээ нь 70.4 саяыг даваад байгаа аж. 

  • 🚰 Дахин ашиглалт 95%: Тус байгууламжийн гол онцлог нь дэргэдээ хаягдал усыг дахин ашиглах үйлдвэртэй бөгөөд ус дахин ашиглалт нь 95%. Говийн нөхцөлд төгс тохирсон технологи гэхэд болно. 

🏗️ Бүтээн байгуулалт

Компанийн 20 жилийн түүхийн салшгүй хэсэг нь олборлолтоос гадна дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлсэн явдал. Тухайлбал, үйлдвэрлэлийн эхэн үедээ баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, орон сууцны хороолол, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км автозам, Гашуунсухайт боомтод Чингэлэгт тээврийн нэгдсэн терминал тэргүүтэй томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. 

  • 💸 Улмаар компанийн 2009-2024 он хүртэлх хөрөнгө оруулалт нь $1 тэрбум гаруй, харин төлсөн татвар нь ₮2.6 их наядад хүрсэн байна. Улсын эдийн засагт нөлөөлж буй байдлаараа өнгөрсөн онд 2-рт жагссан буюу ТОП-100 ААН-ийн жагсаалтыг тогтмол өнгөлж буй. 

Эцэст нь… Монголын уул уурхайн салбарын хувийн хэвшлийн томоохон тоглогч болсон Энержи Ресурс ХХК-ийн 20 жилийн тойм энд хүрээд дууслаа. Энержи Ресурс ХХК-ийн хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргье.  

  • 👀 Өнөө хаа сайгүй таналт хийгээд байгаа Дональд Трамп маань өргөө сууцаа алтаар бүрэх нь. (WSJ)

  • 🦦 Айн… Aйн? Бүгд дарга болчихвол хэн ажил хийх болж байна аа? (Ubn)

  • 🦿 Хүн, робот 2-ыг марафонд уралдуулжээ. (MorningBrew)

  • Орос, Украйны дайн зогсоно. Гэхдээ ямар нөхцөлтэй? (Reuters)

👍 I улирал: Ашигтай

CUMN: Премиум Нексус ХК энэ оны I улиралд ₮2.7 тэрбумын ашигтай ажиллалаа. Өнгөрсөн оны мөн улиралд ₮800 саяын алдагдалтай ажилласнаа тайлагнаж байсан тэд энэ улиралд борлуулалтын орлогоо 37.1% өсгөж ₮152.2 тэрбумд хүргэжээ. Мөн нийт хөрөнгө нь 43.9% өсөж ₮327 тэрбумд хүрэв. $CUMN-н 2023 оны хагас жилээс хойш алдагдлаа нөхөж явсаар яг жилийн дотор буюу 2024 оны хагас жилээс ашигт ажиллагаандаа шилжиж байв. Харин цаашид тогтмол ашигтай байх хүлээлт үүслээ дээ.

🧱🌐 “Cement Expo 2025”

Гоё мэдээтэй! Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo 2025” арга хэмжээ зохион байгуулах гэж байна. 📢

  • Энэ арга хэмжээгээр гадна, дотоодын цемент, барилгын салбарын манлайлагч, экспертүүд цуглаж, дэвшилтэт технологи, шилдэг туршлага, чанарын стандартыг танилцуулах, цаашлаад салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, бүтээн байгуулалтын ирээдүйг хэлэлцэх юм. 

Гэснээс “Cement Expo 2025”-н үеэр барилгын салбарын ААН-үүд дундаас Cement Expo нэрэмжит шагналыг 3 төрлөөр гардуулна шүү. ЭНД дарж материалаа илгээгээрэй.

📍 Хаана: MPM event hall
📅 Хэзээ: 5 сарын 2, 10:00 цагт
📞 Холбогдох: 94585892

🚀 IHC пуужиндах уу?

Монголын крипто зах зээлд IHC койн мэндлээд 4 дэх жилийн босго дээрээ ирлээ. Үүнтэй зэрэгцэн койнын үнэ түүхэн доод үнээс 208%, энэ оны эхнээс 91% өсөж ₮0.185-т хүрчээ

⏲️ IHC 2024 онд 

СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын 2024 оны үйл ажиллагааны тайлангаас үзэхэд IHC нь хамгийн олон буюу дотоодын 5 бирж арилжаалагдаж буй хоёр виртуал хөрөнгийн нэг ажээ.  

🚥 Моод эргэсэн үү?  

Үүсгэн байгуулагч О.Мөнхжин саяхан MOT Funds-г гадны фирмд 7 оронтой доллароор худалдаж, үнийн дүнгийн 25%-иар IHC койныг шатаахаа зарласан аж. MOT Funds нь өнгөрсөн хугацаанд арилжаачдад $3.5 саяын ашиг олох гүүр нь болж, улсад ₮3 тэрбумын татвар төлжээ. Гэвч Мөнжхин тухайн мэдээллийг устгаад буй. 

  • 🔍 Санхүү нь яав? Уг койныг гаргагч Их Бит компанийн 2023 онд ₮1.6 тэрбумын алдагдалтай ажилласан ч зардлаа 4.7 дахин бууруулжээ. Онцлоход 2022 онд ₮1.2 тэрбум байсан борлуулалт, маркетингийн зардал 2023 огт гараагүй аж. Сүүлийн нэг жилд IHC койнтой холбоотой мэдээлэл гармагц үнэ хөдөлж буй нь үүсгэн байгуулагчид өөрсдөө маркетингаа хийж буйг илтэх мэт.

🤔 Нөгөө талаар…

Албан ёсоор IHC койны шатаалт хэдэн төгрөгөөр, хэзээ хийгдсэн нь тодорхой бус байна. Тус мэдээ нь зах зээл дээрх IHC койнын эрэлтийг нэмэгдүүлж, тодорхой тооны хүмүүс ашиг олох боломжийг нэмэгдүүлсэн байх талтай. 

Эцэст нь… Монголын сагсан бөмбөгийн SG Apes багийн 2024-2025 оны улирал дууссантай зэрэгцээд О.Мөнхжингийн хувьд багаа орхихоо мэдэгдсэн. Мөн тус мэдэгдэлд “Одоо надад 100% анхаарах ёстой ганц л ажил бий!” дурдсан нь IHC койнтой холбоотой бололтой. IHC моодонд эргэж орох эсэхийг түүний төлөвлөгөөнөөс удахгүй харцгаая. 

Tenor

🍋 Америкийн худалдааны комисс Uber (UBER)-г шүүхэд өглөө. Тэд компанийг “Uber One” төлбөртэй үйлчилгээний хүрээнд хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр хураамж авсан, такси дуудлага цуцлах үйл явцыг төвөгтэй болгож, хэрэглэгчдийг хууран мэхэлсэн гэж үзэж буй. Угтаа Uber “Дуртай үедээ цуцлаарай” гэх зар сурталчилгаа ашигладаг аж. 

🍋 Монгол Улс дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Одоогоор тус улсын JICA-тай кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж буй. Тэгвэл Монголын талаас AI, өндөр технологийн чиглэлийн боловсон хүчин бэлдэх, хүний нөөцийн стратеги төлөвлөгөө боловсруулах, цаашлаад Хүннү хотод AI судалгааны төв, IT стартапуудыг бойжуулах тал дээр хамтран ажиллахыг хүсэв. 

🍋 Дональд Трампын эдийн засгийн бодлого урьд хожид байгаагүйгээр муу үнэлэгджээ. Тодруулбал, 1,000 Америк иргэд оролцсон судалгаагаар 55% нь түүний баримталж буй ЭЗ-ийн бодлогыг дэмжихгүйгээ илэрхийлж. Түүнчлэн сөрөг хүчний дэмжигчдийн 83% нь ирэх жилүүдэд ЭЗ муудна гэж таамаглаж буй нь Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд таамагласан дүнгээс 30% унасан байна. 

🍋 BYD (BYDDF) Японы зах зээлд зориулж мини цахилгаан автомашин үйлдвэрлэж эхлэв. Автомашинууд 2026 оноос $17.7 мянгаар худалдаалагдах нь. Энэ зах зээлд Nissan (NSANY)-н Sakura маркийн, Mitsubishi (MSBHF)-н ek X EV маркийн автомашинууд өрсөлдөж байгаа. Сонирхуулахад, мини автомашинууд тус улсын нийт автомашины зах зээлийн ойролцоогоор 40%-ийг бүрдүүлдэг.

Reply

or to participate.