- Lemon Press
- Posts
- 🤔 Гэрийн даалгаврын дайн
🤔 Гэрийн даалгаврын дайн
Онлайн зээлийн эргэн тойронд | HRM ногдол ашиг тараана | Олимпын нөлөө
POWERED BY
Өглөөний мэнд ээ! TDB-н “HAPPY PARK”-д энэ зуны туршид янз бүрийн арга хэмжээ болж байгааг мэдэж байгаа биз дээ? Удахгүй бид бүхний хайртай The Lemons хамтлагийн кассетны баярын тоглолт болох нь ээ. Очих хүмүүс нь ЭНД дараарай. Лимончууд нь Lemons-оо сонсоно оо. 😄🎸
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Гермес Центр ХК (HRM) энэ оны эхний хагас жилийн ашгаасаа нэгж хувьцаанд ₮12.5-ийн ногдол ашиг тараана.
GOV: Монгол болон Туркийн ЗГ хоорондын “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталлаа.
EU: Парисын олимпын дараа Евро бүсийн бизнес идэвхжиж, PMI индекс 51 нэгж болж өсжээ.
👑 Онлайн зээлийн эргэн тойронд
Онлайн зээл гэхээр цөөн хэдэн ББСБ, финтек л бодогдож байна уу? Яг энэ зах зээл дээр ББСБ болон арилжааны банкнуудын нөхцөл байдал хэр байна вэ?
🤔 ББСБ-ын 8.6% нь…
Онлайн, хялбар зээлийг зөвхөн ББСБ-аас л авах юм шиг ойлголт бий. Гэхдээ начир дээрээ нийт 521 ББСБ байгаагаас ердөө 45 нь л онлайн зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тиймээс ББСБ-аас зээл авагчдын 86.3% буюу 1.3 сая нь онлайн зээлийн үйлчилгээ нэвтрүүлж буй ББСБ-уудын зээлдэгч байгаа юм. Иймдээ ч цөөн тооны ББСБ-ын зах зээлд эзлэх хувь тэлж байгаа.
💪 Банкнууд ч онлайн: Харин нөгөө талд арилжааны томоохон банкнууд ч бүх төрлийн зээлийг цахимаар олгодог болоод буй. Тухайлбал ХААН Банк (KHAN) л гэхэд хамгийн олон буюу 9 төрлийн онлайн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ.
🛒 Юу юу? ХААН Банкны нэвтрүүлсэн 9 төрлийн онлайн зээлд хэрэглээний зээл хамгийн том байр суурь эзэлж байгаа буюу нийт онлайн зээл олголтынх нь 98%, нийт хэрэглээний зээлийн багцынх нь 70%-ийг тус тус бүрдүүлж буй. Үүнээс гадна бизнес дэмжих буюу ПОС-ын орлого барьцаалсан онлайн зээл, эргэлтийн хөрөнгийн онлайн зээлийг ч олгож байгаа аж.
💭 Ер нь онлайн зээл сонгох нь зөв үү?
Мэдээж ямар нэгэн санхүүгийн асуудлыг хамгийн хурдан, хялбараар шийдэх гарц бол онлайн зээл. Ингэснээр эрсдэл, зээлийн эргэн төлөлт, хүү зэргийг банкны салбар дээр очиж олон төрлийн материал бүрдүүлэхгүйгээр хаанаас ч, хэзээд ч шийдүүлэх боломжтой. Нөгөө талаасаа онлайн зээл нь цаас хэмнэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөг ч үзүүлж байгаа.
Эцэст нь… Намрын их ажилд санхүүгийн асуудалтай тулгараад онлайн зээл судалж байгаа бол зээлийн нөхцөлийг сайтар нягталж, хүү болон эргэн төлөх нөхцөлүүдийг харьцуулж сонголтоо хийх нь зүйтэй. Онлайн зээл нь хялбар, хурдан ч гэсэн зээлийн эргэн төлөлтөд хатуу хяналт тавигддаг тул хариуцлагатай байхаа мартуузай.
💰 Эргэн төлөгджээ
INV: Инвескор ББСБ ХК-ийн гаргасан Инвескор бонд 2.0 өрийн хэрэгслийн үндсэн төлбөр бүрэн төлөгдөж МХБ (MSE)-ийн бүртгэлээс хасагдлаа. Компани уг бонд нь 3 транчаар арилжигдсан бөгөөд нийт ₮50 тэрбумын хөтөлбөр байсан билээ. Түүнчлэн бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр харилцагчдад олгох зээлийн багцыг санхүүжүүлсэн. Иймдээ ч Инвескор ББСБ-ын цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хагаст л гэхэд жилийн өмнөхөөсөө 67% нэмэгдэж ₮590 тэрбум болсон байна.
🤔 Гэрийн даалгаврын дайн
Шинэ хичээлийн жил эхэлж, хаа сайгүй л сургууль, цэцэрлэгтээ яарсан хүүхдүүд бужигнаж байх чинь ээ. Шинээр томилогдсон Боловсролын сайд салбартаа өргөн хүрээний шинэчлэл хийхээ мэдэгдэж байсан бөгөөд түүний нэг нь гэрийн даалгаврын ачааллыг бууруулах. Тэгвэл 👇
🆕 Шинэ хичээлийн жил, шинэ арга барил: Энэ жилээс хичээлийн жил 3 улиралтай болж, бага ангийн хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх хугацааг 15-20 минут байхаар тогтоосон төдийгүй анги ахих тусам тус хугацаа 10 минутаар нэмэгдэж явахаар тогтоогоод буй.
☝️ Бууруулах нь чухал, гэхдээ!
Америкийн Юта муж дахь Баттерфилд Каньоны бага сургууль 2020 оноос хойш гэрийн даалгаврыг халсан аж. Ингэхдээ тэд бага ангийн боловсрол бол хүүхэд хорвоотой танилцаж буй хөгжлийн эхлэл буюу чухал үе учраас гэрийн даалгаврын оронд хорвоотой танилцах боломжийг нь олгоход чиглэлд ажиллажээ.
💁♂️ Кейс: Үр дүнд нь сурагчдын гэрийн даалгавартай холбоотой сэтгэл түгшилт, халшрал багасахаас эхлээд сэтгэцийн эрүүл мэнд нь илт сайжирсан байгаа юм.
🙅♀️ Туйлширч болохгүй: Стэнфордын их сургуулийн судлаачийн хэлж буйгаар гэрийн даалгавар болон сурлагын амжилт хоорондын хамаарлыг хэмжихэд хэцүү хэмээсэн байдаг. Гол агуулга нь гэрийн даалгавар хийхийн тулд сурч байгаа нь биш өөрийн хүсэл сонирхлоор уншиж, судалж байгаа нь сурлагын амжилтад нөлөөлдөг гэх санаа шүү.
🤨 Гэхдээ бид чинь Азиуд
Бага ангийн боловсролын тал дээр Япон Азид төдийгүй, дэлхийд үлгэр жишээ кейс. Бага ангийн боловсролыг 6-р анги хүртэл нь олгож, балын оронд харандаа хэрэглүүлэх, хичээлийн дараа ангиа цэвэрлэх зэрэг өчүүхэн мэт ч өндөр ач холбогдолтой үйлдлүүдийг багаас нь сургадаг. Энэ хичээлийн жилээс эхлээд монгол ч энэ чиглэл рүү алхахаар болж байгаа нь сайшаалтай.
🤺 Өрсөлдөөнтэй: Ачааллын хувьд тус улс бага ангийнхны гэрийн даалгаврыг хөнгөн байлгадаг ч дунд, ахлах ангид орох үед тодорхой хэмжээгээр нэмээд явдаг. Ахлах ангид бол гэрийн даалгаврын ачаалал эрс нэмэгддэг гэж байгаа. Энэ ч аргагүй буюу тус улсын их сургуулийн босго өндөр, өрсөлдөөн их учир ингэж шахахаас ч аргагүй юм.
Эцэст нь… ЕБС-ийн сурагчдын дунд тоглоом, шоглоом болгож “Гэрийн даалгаврыг зохиосон хүн дургүй сурагчаа шийтгэх гэж үүнийг зохиосон байх аа” гэж ярих нь элбэг. Ер нь тэгээд багш, эцэг эхчүүд хүүхдэдээ энэ чухал болохоор хий гэхийн оронд яагаад чухал гэдгийг ойлгуулчихвал гэрийн даалгавар дээр ч бусад зүйлс дээр ч илүү үр дүнтэй байх юм шиг…
109 автобус
Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой 8 сарын 26-наас 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн байна.
126 чиглэлд
Автобусны тоог нэмснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1,200 орчим автобус үйлчилж буй.
500 мянга
Автобусаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13% өсөж 500 мянга гаруй болжээ.
☔ Намрын бороог Rain оруулна
Бөмбөрцөгийн К-попчиддоo дуулгах сайхан мэдээтэй. 📢 Өмнөд Солонгосын алдарт дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Rain Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна.
🤩 Давхар баяр: Тус тоглолтод домогт 2NE1 хамтлагийн гишүүн Сандара Пак, залуу реппер BLOO нар мөн ирэх юм байна шүү.
Сонирхуулахад, Rain-н “It’s Raining” цомог Азийг доргиож 1 сая гаруй хувь борлуулагдсан бөгөөд тэрбээр Hollywood болон Өмнөд Солонгосын нийт 20 гаруй кино уран бүтээлд тогложээ. За тэгээд, амжиж тасалбараа аваад дэлхийн хэмжээний тоглолт үзээрэй.
🗓️ Хэзээ: 9 сарын 15
📍 Хаана: Hit Park
Green Car Reports
🍋 Tesla (TSLA) болон Hyundai (HYMTF)-н хамтрал эхэллээ. Hyundai-н шинээр гаргаж буй Ioniq 5 загварын EV нь тус компанийн хувьд Tesla-н супер цэнэглэгч хэрэглэдэг анхны EV болж байгаа юм. Мөн бусад EV-тэй харьцуулахад илүү том батарейтай гэдгээрээ онцлогтой. Сонирхуулахад Америк даяар Tesla-н 17 мянган супер цэнэглэгч байршдаг гэнэ.
🍋 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг түр зогсоожээ. Өмнө нь тус асуудлыг АТҮТ хариуцдаг байсан бол одоо нийслэлд шилжиж байгаа аж. Нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн 2-р сард тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд тоо хэмжээг 730 мянга байхаар тогтоосон ч өдгөө 800 мянгыг даваад буй.
🍋 Тавантолгой ордын нийт нөөц баялгийг 1.8 тэрбум тн-оор нэмэгдүүлж, 8.1 тэрбум тн гэж тогтоолоо. Улмаар тус ордын нөөц 2018 онтой харьцуулахад 29% өсөөд буй. Цаашлаад ордын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ордын нүүрсийг гүн боловсруулах үндэс суурь тавигдах аж.
🍋 Монгол даатгал ХК (MDIC) ТУЗ-өө хугацаанаас нь өмнө татан буулгав. Улмаар ТУЗ-ийн ердийн шинэ гишүүдээр Громов Сергей, Б.Энхбаяр тэргүүтэй 3 Орос, 3 Монгол буюу 6 гишүүнийг томилсон бол хараат бус гишүүдээр Сиваев Александр, С. Отгонбат болон Б. Мөнхзул гэсэн 3 нэр хүнийг тус тус томилжээ.
Борлуулалтын менежер / CallPro: Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх санаачилгатай, B2B борлуулалтын чиглэлээр 1+ жил ажилласан мундгууд ийшээ. 👉 (Link)
Үйл ажиллагаа хариуцсан захирал / SCC: Логистик, агуулахын чиглэлээр 4+ жил ажилласан, хэлэлцээ хийх чадвартай цусны удирдагч шинжтэй хүнийг хайж байна. 👉 (Link)
Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)
😬 Хөрөнгө оруулагчид дараагийн 8 долоо хоногт болгоомжтой байгтун. (YouTube)
💁♀️ ЗГ-ын ажиллагааг илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг [email protected] хаягаар авч байна. (ЗГ)
🎓 Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. (Tetgeleg)
✖️ Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар. (iToim)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply