• Lemon Press
  • Posts
  • 🚄 Оросын шинэ худалдааны зам

🚄 Оросын шинэ худалдааны зам

Богд Банкны аудитлагдсан тайлан | Horeca | Оросын шинэ худалдааны зам

POWERED BY

Ээе! Жах Халибын фэнүүд байна уу? Цаадах чинь ирэх 8-р сард Монголд тоглолтоо хийнэ гэнэ ээ. Ойрд дэлхийн одууд манайхаар их зочилж байх чинь ээ. 🎙️🤘

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Fitch Ratings Монголын ДНБ-ий бодит өсөлт 2024 онд 5.7% болж саарна гэж таамаглалаа

RUS: Орос руу 375 нэр төрлийн барааг татваргүй, квотгүй экспортолно

MSE: Он гарсаар ТОП-20 индекс 9% өсөж 44,399 нэгжид, зах зээлийн үнэлгээ 1.3% өсөж ₮11.7 их наядад хүрлээ.

🔍 Богд Банкны аудитлагдсан тайлан

Богд Банк (BOGD) жил бүр тайлан балансаа цаг тухайд нь танилцуулж нээлттэй компаниудын ил тод байдал ямар байх ёстойг үлгэрлэдэг. Тэд энэ удаад ч 2023 оны аудитлагдсан тайлангаа банкнууд дундаасаа хамгийн түрүүнд гаргалаа

  • Аудит: Тэд 2022 оны тайлангаа дэлхийн 4 том нягтлан бодох бүртгэлийн пүүсийн нэг Ernst & Young-р аудитлуулсан бол энэ удаад ч тэднээр аудит хийлгэсэн байна

📃 Тайлангийн сонин сайхан 

Богд Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд байнга л ногоон өнгөө хадгалж байгаа. Өсөх өсөхдөө 5%, 10% биш том том дүнгээр дээшилж буй. Тодруулбал, 2022 онд цэвэр ашгаа 77.4% өсгөн ₮19.1 тэрбумд хүргэж байсан бол өнгөрсөн жил ашиг нь мөн л 47.4% нэмэгдэж ₮28.2 тэрбумд хүрсэн аж. Цэвэр ашиг тэрбум, тэрбумаар нэмэгдэж буйн учир нь, 

  • Харилцагч 🆙: Тус банкны хувьд энэ жил харилцах, хадгаламжийн хэмжээгээ нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж чадсан юм. Уг хэмжээ 2022 онд 58.5% өсөж байсан бол өнгөрсөн онд 66.9% нэмэгдэж ₮362.5 тэрбумд хүрчээ. Энэ нь эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлж шинээр олгосон зээлийн дүн өссөнөөр цэвэр хүүгийн цэвэр орлого нь 36.7% өссөн байна. 

  • Яаж? Дээрх тоонуудаас тэдний үйл ажиллагаа өргөжин тэлж байгаа нь харагдана. Учир нь тус банк шинэ салбар нээж, АХБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Triple Jump ХОС-гаас санхүүжилт татсан

Тэдний нөлөө

Ер нь бол Богд Банкны үйл ажиллагаа тэлэхээс гадна ХЗЗ-ийн хөгжилд ч хувь нэмэр оруулж буй. Тэд банкны салбараа төлөөлж анх удаа IPO хийсний дээр хувьцаагаа ч хувааж хөрвөх чадвараа сайжруулаад амжсан. Түүнчлэн өнгөрсөн онд хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцааг тоо ширхгээр нь харвал Богд Банкны хувьцаа тэргүүлжээ. Ингээд харахаар тэдний ХЗЗ-д үзүүлж буй нөлөө ч гэсэн өргөжсөөр байна даа.

🚨 Tesla-с хямдхан EV

1211.HK: BYD Tesla-нхаас хямд цахилгаан автомашинаа танилцууллаа. Тэдний Seal хэмээх седан EV-н шинэ хувилбар нь өмнөх загвараас нь 5.3% хямд буй зах зээлд борлуулагдаж эхлэх үнэ нь $25,000 байх аж. Энэ нь Tesla (TSLA)-н хамгийн хямд гэгдэх Model 3 загвараас $9,000-оор татуу дүн юм. Сонирхуулахад, BYD цаашид ч илүү хямд, чанартай EV-г гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд EV-н салбарт жинхэнэ утгаараа хямд үнийн дайныг эхлүүлж байна даа.

🚄 Оросын шинэ худалдааны зам

Орос Төв Азиар дамжин Энэтхэгт хүрэх эдийн засгийн коридорыг бий болгох ажлаа эрчимжүүлж эхэллээ. 

Хойд-Өмнөд тээврийн коридор

Украины дайныг эхлүүлсний дараагаас Европын Холбооноос ирэх хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Орос хуурай, усан, төмөр замаар Евро Азийг холбох Хойд-Өмнөд ОУ-ын тээврийн коридор (INTSC)-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх болсон. Одоогоор Орос Энэтхэг рүү худалдаа хийхийн тулд Газар дундын тэнгис болон Суэцийн сувгаар дамжин 15 мянган км замыг ойролцоогоор 40 хоног туулж байгаа. Харин шинэ худалдааны замаар бол… 

  • Тус худалдааны чиглэл нь нийтдээ 7,200 км урттай байх бөгөөд Оросын баруун хойд хэсэгт байрлах Санкт-Петербург хотоос өмнөд Ираны боомт хүртэл, тэндээсээ цааш Энэтхэгийн Мумбай хот хүртэл үргэлжлэх юм. 

  • Харж байгаачлан одоо байгаа Европыг дайрсан худалдааны замаас 2 дахин бага тул хугацаа болон тээврийн зардлыг 2 байтугай бууруулах боломжит товч зам юм. 

2024: Гол бүтээн байгуулалт эхлэх жил

2002 онд Орос, Энэтхэг, Иран нэмэгдээд 13 улсыг хамарсан Хойд-Өмнөд тээврийн ОУ-ын коридорыг барих санамж бичгийг байгуулсан ч тухайн үед Оросын Энэтхэгтэй хийдэг худалдаа нь тийм их биш байсан тул Оросын зүгээс тус төслийг эрчимжүүлэх үнэ цэн дутагдаж байв. Харин дайны дараагаас Оросын Энэтхэгтэй хийсэн худалдаа амжилт тогтоож $65 тэрбумд хүрснээр тус чиглэлийн бүтээн байгуулалт 21  жилийн дараа хөдөлгөөнд оруулах болсон. 

  • Сүүлийн холбоос: Энэ онд тус худалдааны коридорын гол хэсэг болох Персийн булан дахь Орос, Ираны боомтуудыг холбох 160 км төмөр замын бүтээн байгуулалт эхлэхээр байгаа. Нийт өртөг нь $1.7 тэрбум гэх ч Орос уг төслийг санхүүжүүлэхээр Иранд $1.4 тэрбумын зээл олгохоор болсон юм.

  • Ашиг: Ираны тухайд тэд газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй барууны хориг арга хэмжээнээс үүдэн эрчим хүчний хомсдол, ялангуяа дизель түлшний хомсдолд ороод буй. INSTC-н ачаар тэд Оросын дизель түлшийг төмөр замаар авч эрчим хүчний хямралаа ч шийдэх боломжтой болно. 

Эцэст нь… Тус худалдааны зам ганц Оросыг Энэтхэгтэй холбохоос гадна Хятад, Саудын Араб гээд дайны дараа чухам түншлэх болсон холбоотнуудтай нь ойртуулах гүүр. Гэсэн ч том зургаараа тус бүтээн байгуулалт Энэтхэгт хамгийн их хожил болох төдийгүй 2030 он гэхэд INSTC Еврази, Өмнөд Ази, Персийн булангийн хооронд тээвэрлэх нийт чингэлэг тээврийн 75%-ийг эзлэх төлөвтэй байгаа юм.

🧳🧑‍🍳 Жуулчдаа дайлах Монгол зоог

Монголчуудын уламжлалт идээ ундааны соёл, үндэсний зоогийн цэс, шинэ технологийг дэлгэрүүлэхээр HoReCa Mongolia Conference эргэн ирлээ.

Тодруулбал, энэ жилийн арга хэмжээний хувьд “Жуулчдаа дайлах Монгол зоог” сэдвээр зохион байгуулагдах ба дараах 3 үндсэн агуулгын хүрээнд сонирхолтой итгэл, хэлэлцүүлэг өрнөх юм. Үүнд,

  • Монголын уламжлалт зоог ба аялал жуулчлал,

  • Монголын уламжлалт зоог, ундаа ба орчин үе,

  • Монголын уламжлалт зоог, ундааг таниулах ба нөлөөлөл.

За тэгээд, хүрэлцэн ирж салбарын сүүлийн үеийн чиг хандлага, инновацын талаар санал бодлоо солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлээрэй.

📅 Хэзээ: 4 сарын 5
📍 Хаана: UG Palace

CriptoNoticias

🔹SWIFT ойрын 1-2 жилийн дотор төв банкны шинэ дижитал валют (CBDC)-ын платформыг ашиглалтад оруулна. Тухайлбал, Дэлхийн төв банкнуудын 90% орчим нь CBDC-г судалж байгаа бөгөөд ирэх 12-24 сарын дотор SWIFT төв банкны дижитал валютуудыг одоо байгаа санхүүгийн системтэй холбох шинэ платформыг нэвтрүүлэх гэнэ. 

🔹Хятадын Instagram гэгддэг Xiaohongshu анх удаа ашигтай ажиллаа. Тус платформын зар сурталчилгаа болон цахим худалдааны орлого өссөнөөр 2023 онд орлого нь $3.7 тэрбумд хүрч анх удаа $500 саяын ашигтай ажилласан байна. Сонирхуулахад, тэд 3 жилийн өмнө $20 тэрбумаар үнэлэгдэж IPO хийж байсан билээ. 

🔹PetroChina (601857.SS)-н ашиг өнгөрсөн онд 8.3% өсөж $22 тэрбумд хүрснээр түүхэн дээд түвшинд хүрлээ. Тус өсөлтөд компанийн өнгөрсөн онд олборлосон газрын тосны хэмжээ 3.4% өсөж 937 сая баррель, байгалийн хийн олборлолт нь 5.5% өсөж 138 тэрбум м3-д хүрсэн нь нөлөөлсөн байна.

🔹Орон сууцны захиалга өгч, хохирсон иргэд БХБЯ-нд гомдол, мэдээллээ илгээх боломжтой. Тухайлбал, иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүй байх, барилга ашиглалтад ороход анхны үнээ өсгөж, худалдан авагчтай байгуулсан гэрээгээ зөрчсөн зэрэг асуудлуудыг мэдээлэх боломжтой болсон байна. 

Энэ хүрээд та товхимлынхоо бараг 90%-ийг уншсан байна. Товхимлоо хэр анхааралтай уншсанаа шалгуулах цаг ирлээ. Зөв агуулгатай мэдээний хэсгийг олно шүү. ⌚ 

A. PetroChina 2023 онд $23 тэрбумын ашигтай ажиллажээ. 🤑
B. Хойд-Өмнөд ОУ-ын тээврийн коридорын нийт урт 15 км. 🛣️
C. Богд Банкны 2023 оны тайланг Ernst & Young аудиталсан. 🧮

  • Анхаар: Удахгүй нар хиртэх гэж байгааг мэдсэн үү? Гэхдээ… (NASA)

  • Тогло: Ажлаасаа бяцхан завсарлага аваад тоглоорой. (Pikachuvolleyball)

  • Мэд: Дэлхийн хамгийн аюултай террорист бүлгүүд. (VisionofHumanity)

  • Унш: Хиймэл оюун ухаант сувилагч. (TheHustle)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь С буюу Богд Банкны 2023 оны тайланг Ernst & Young аудиталсан шүү.