- Lemon Press
- Posts
- 😎 Монголд үйлдвэрлэв: Heineken
😎 Монголд үйлдвэрлэв: Heineken
Путины айлчлалыг юу гэв? | MIK-н үнэ | Түүхэн хөрөнгө оруулалт
POWERED BY
Hey! Хичээл сургууль эхлээд түгжирч л явна уу? Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байгаа юм байна шүү. Түгжирч байхдаа бөглөөрэй. 😄 Гэснээс дугаарын хязгаарлалт хэр нөлөөтэйг эндээс уншихад гэмгүй. 🚨
*Нэг өдрийн өөрчлөлт
MOF: Ирэх оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн нь 2024 оныхоос 17.3% нэмэгдсэн буюу ₮33.9 их наяд байхаар тусгагджээ.
POV: Хятадын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна.
MSE: Өндөрхаан ХК (ONH)-ийн Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-тэй байгуулсан санхүүжилтийн гэрээний заалтын дагуух ₮15 тэрбумын өглөгийг энгийн хувьцаанд хөрвүүлэх асуудлыг түдгэлзүүлэв.
GOV: Засгийн газрын тусгай сангийн зардал ирэх онд өмнөх оны мөн үеэс 14% нэмэгдэж ₮11.7 их наядад хүрэхээр байна.
😎 Монголд үйлдвэрлэв: Heineken
АПУ ХК (APU) 150 жилийн түүхт Heineken брэндийн шар айргийг үйлдвэрлэж эхэллээ.
🔝 Дэлхийн амтыг Монголдоо
Мэдэхгүй нэгэнд нь дуулгахад Heineken тус компанийн 25%-ийг эзэмшдэг буюу тус 2 компани бизнесийн түүхэн харилцаатай явж ирсэн. Нэг талдаа АПУ ХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний сагс дэлхийн алдартай шар айргаар төрөлжиж байгаа бол нөгөө талаасаа тэд дэлхийн стандарт, шаардлагыг хангасан шар айраг үйлдвэрлэгч гэдгээ харуулж буй хэрэг.
🔢 71 дэх нь: Heineken-н шар айраг өдгөө дэлхийн 190 гаруй улсад импортлогдож байгаа ч энэ дунд 70 нь л дотооддоо үйлдвэрлэх эрхтэй байдаг аж.
👑 Тэргүүлэгч: Нидерландаас угшилтай Европын №1 Heineken шар айргийг дотооддоо үйлдвэрлэх эрхийг авахын тулд компаниуд маш өндөр шалгуур, хэд хэдэн удаагийн нарийн шинжилгээг өгдөг нь тодорхой. Цаашлаад тус шар айраг өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай шар айргаар тодорч байсан гээд нэмэрлэж хачирлах юм ихтэй шар айраг даа.
😋 Шинэхэн дээрээ гоёхон: Харин хэрэглэгчдийн хувьд дотоодын компани дэлхийн алдартай брэндийн шар айргийн үйлдвэрлэж эхлэх нь тухайн шар айргийг шууд шинээр нь хэрэглэх, цаашлаад ядаж л импортоор авах Heineken-н хэмжээ буурна. Ер нь тэгээд хүнс үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүний шинэлэг байдал хамгийн чухал асуудал байдаг даа.
💯 100 жилд
Энэ жил тус компанийн түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 4-р сард тохиосон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн удирдлагууд Heineken шар айргийг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад тус компанитай урт хугацаанд ажиллаж ирснийх тэдний туршлагыг эзэмших, нутагшуулахаар залуу боловсон хүчнээ тухайн компанид сургаж, дадлага хийлгэхээр ажиллаж буйгаа мэдэгдэж байсан.
Эцэст нь… Компани 100 жилийн ойгоо тохиолдуулан өнгөрсөн болон энэ онд нэлээн олон бүтээгдэхүүн, үйлдвэрүүдээ ашиглалтад оруулан хэрэглэгч болон хувьцаа эзэмшигчдэдээ бэлэг барьсаар. Хүнс үйлдвэрлэгчдийн салбарт дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж буй нь томоохон ахиц. Цаашид илүү инновацлаг болчихвол ч….
🔍 Өсөлт, гэхдээ…
MIK: Мик Холдинг ХК-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар хамгийн ихээр буюу 13.33% өсөж ₮17,000-т хүрлээ. Гэхдээ компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 2-р сард ₮20,000 буюу энэ жилийн дээд түвшиндээ хүрснээр зах зээлийн үнэлгээ нь ₮414.2 тэрбум болж байв. Харин одоо энэ тоо ₮352.1 тэрбум болсон хэрэг.
✨ Frontier Fintech Summit 2024
Санхүүгийн салбарынханд дуулгах сайхан мэдээтэй! Удахгүй танилын хүрээгээ тэлж, туршлагаа хуваалцах сайхан боломж олдох нь. Учир нь, Монголын Финтекийн Холбооны жил бүр зохион байгуулдаг Санхүүгийн Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “FRONTIER FINTECH SUMMIT 2024” айсуй. 🔥
👓 Онцлог: Энэ жилийн тухайд Финтекийн Холбоо нь Азийн Финтекийн нэгдэл болон Дижитал Санхүүгийн Холбоодын нэгдэл зэрэгт элссэн учраас олон улсаас финтекийн салбарын тэргүүлэгчид цуглах нь ээ.
Уг арга хэмжээ нь салбарын экспертүүд, манлайлагч, удирдагчдын туршлага, ноу-хау зэргээс суралцан хүрээгээ тэлэх, бизнесээ өргөтгөх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй шүү.
⌚: 9 сарын 26
📍: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
🫨 Хэл амтай айлчлал
Хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан В.Путины айлчлал өндөрлөж, тэрбээр дараагийн айлчлал болох Алс Дорнодын Форумд оролцохоор мордлоо. Гаднынхан тус асуудалд ямар байр суурьтай байв?
🗣️ Кремл мэдэгдэж байна! В.Путины айлчлалын өмнөхөн Кремлээс түүний айлчлалын талаар мэдээлэхдээ “Оросын тал энэ айлчлалд санаагаа чилээхгүй” гэсэн билээ.
🙈 Монголыг харж байгаа…
Харин Украины парламентаас В.Путиныг баривчлах шаардлагыг манай УИХ-ын гишүүдэд хүргүүлээд буй. Үүндээ, түүнийг хүлээн авснаар Монгол дайныг дэмжигч болж байгаа тул Украин түншүүдтэйгээ нийлж хариуг нь барихаа мэдэгдсэн буюу 1 үгээр “сүрдүүлсэн” юм.
Монгол: Дайны гэмт хэргийн хамтрагч 🆚 Түнш
Цаашлаад, В.Путины Монгол дахь айлчлал ОУ-ын медиагийн нүдээр маш эвгүй харагдаж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал, The New York Times, Politico, The Guardians гэх мэт томоохон медиа компаниуд “Монгол В.Путиныг баривчлах нь битгий хэл төв талбайдаа улаан хивсэн дэвсэн угтан авав”, “Дайны гэмт хэргийн хамтрагч” гэх мэтээр бичлээ.
👨💼 Элчин сайд нар нэгдэв: Цаашлаад Монголд суугаа Америк, Герман, Европын Холбооны төлөөлөгч, Япон, Их Британийн Элчин сайд нар “StandwithUkraine” хэмээн сошиал хаягууддаа нийтэлж В.Путинг Монголд ирж буйг эсэргүүцээд амжив.
🤔 Үр дүн байв уу?
Айлын хүүхдүүдээр элдвээр хэлүүлсэн айлчлалын үр дүнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны III ЦС-ын өргөтгөлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай хэлэлцээр байгуулсан л гэнэ. Гэхдээ Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах гэтэл Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гээд олон жил хойшлуулсан улс даа. Дахиад юу ч гэж мэдэх л юм.
Заа тэгээд, саяын айлчлалаар Монгол дайны хам хэрэгтэн, ОУ-ын эрх зүйг уландаа гишгэлэгч гэхчлэн ОУ-д нэлээн цовдлуулаад авлаа. Гол нь үүний хариуд хүчгүй, импортлогч улсын тавилантай бид гадна, дотнын нөлөөгөөр сав л хийвэл гацчихаад байдаг мега төслүүдээ урагшлуулж чадах болов уу?
🏙️ Тав тухаа нэг дор цогцлоо
Их хотын түгжрэлд ахуй амьдралаа зохицуулах гэж ийш тийш явж цаг алдах үе бишгүй л биз дээ.
Тэгвэл таны завгүй амьдралын хэв маягт тохирох Orchlon Consulting ХХК-ийн “Orchlon Tower” төслийн B болон C блок хаалтын борлуулалтад 2-3 өрөө тун цөөн үлдсэн гэнэ шүү.
📍 Хотын төв: Баруун 4 замд буюу Рокомон Бьюлдингийн чанх урд ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэх байршилтай.
✅ Цогц үйлчилгээ: Спорт, энтертайнмент, хүүхэд болон ахмадын хөгжлийн төв, органик маркет, ухаалаг зогсоол зэргийг цогцлоожээ.
⌛ Жич: 8 сарын 31 дуустал тусгай хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Giphy
🍋 Ирэх онд түүхэн дэх хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, 2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл аж. Үүнд Хөшигийн хөндийн туннел, газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт багтжээ.
🍋 Дэлхийн банк Сэлбэ дэд төв болон Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслүүд дээр хамтарч ажиллахаар болов. Хотын тогтвортой авто зам төслийн санхүүжилтийн хувьд, 2021 онд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас $100 саяын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон бөгөөд 5 жилийн хугацаанд хэрэгжиж түгжрэлийг бууруулах учиртай.
🍋 Өнгөрсөн 7 хоногийн байдлаар бүс нутгуудын шатахууны үлдэгдэл 60.8 мянган тн байна. Үүний дийлэнх буюу 52.2%-ийг Төвийн бүсийн үлдэгдэл бүрдүүлж буй. Сонирхуулахад, бид зөвхөн 8-р сард л гэхэд Роснефтээс 140.5 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн захиалжээ.
🍋 Төрийн албан хаагчдыг 7 хоногийн 1 өдөр цахимаар ажиллуулна. Энэ нь Улаанбаатар хотын захирагчийн авто замын ачааллыг бууруулах зорилготой холбоотой бөгөөд нэмээд захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50%-ийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэнэ.
Зөв мэдээллийг олоорой! 🧐
А. Засгийн газрын тусгай сангийн зардал ирэх онд өмнөх оны мөн үеэс 24% нэмэгдэнэ.
B. Heineken АПУ ХК-ийн 25%-ийг эзэмшдэг.
C. Ирэх оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн нь 2024 оныхоос 27.3% нэмэгдсэн байхаар тусгагджээ.
👔 Говь ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт. (Gobi)
💭 Салбартаа мэргэжилтэн болох цоо шинэ арга. (ThinkIfic)
✈️ МИАТ-н өвлийн цагийн хуваарь гарчээ. (Facebook)
🤖 Gemini апп-ийг ашиглан ухаалгаар суралцах 5 арга. (Blog.Google)
Зөв хариулт нь B буюу Heineken АПУ ХК-ийн 25%-ийг эзэмшдэг нь шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply