• Lemon Press
  • Posts
  • 🏃‍♂️🏃‍♀️ Жижиг хувьцаа эзэмшигчид хаашаа хөдлөв?

🏃‍♂️🏃‍♀️ Жижиг хувьцаа эзэмшигчид хаашаа хөдлөв?

H1 тойм: НДС | TDB-н ногдол ашиг | Банкнуудын хөрөнгө зарцуулалтын тайлан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ирэх 7 хоногт “Парис-2024” зуны олимпоо үзээд суух нь ээ. Монголоос олимпын 9 төрөлд 32 тамирчин оролцож байгаа. Дээлийнх нь захыг мушгиад л сууж дээ. 🏅

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Худалдаа Хөгжлийн Банк (TDB) хуримтлагдсан ашгаасаа нэгж хувьцаанд ₮1,033-ийн ногдол ашиг хуваарилна. Өчигдрийн хаалтын ханшаар ногдол ашгийн өгөөж нь 4.1% байна.

XAC: ХасБанк (XAC) ч мөн хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮18 буюу нийт ₮18.9 тэрбумын ногдол ашиг тараана.

NSO: Энэ оны эхний хагас жилд хилээр нэвтэрсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 8.3% өсөж 245.8 мянгад хүрлээ

STAT: Энэ оны I улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин жилийн өмнөхөөсөө 33% өсөж ₮1.8 сая болжээ.  

🏃‍♂️🏃‍♀️ Жижиг хувьцаа эзэмшигчид хаашаа хөдлөв? 

Зээ, энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буюу ХК-ийн 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо 26.8 мянгаар нэмэгдэж 588.4 мянгад хүрчээ. Тэдний хөдөлгөөнийг шинжье. 

🫂 Томчууд руу хошуурав

Оны эхний хагаст нийт 75 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 28.2 мянгаар нэмэгдсэний 92.4% нь ТОП-20 компанид хөрөнгө оруулсан аж. Өөрөөр хэлбэл, жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ТОП-20 руу хошуурчээ. Гэхдээ ТОП-20 индексэд багтдаггүй ч жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө жагсаалтын 9-д эрэмбэлэгдсэн компани бол ЛэндМН ББСБ (LEND) байлаа. 

  • Тэгэхээр, ердөө 1.2 мянган жижиг хувьцаа эзэмшигч л ТОП-20 болон ЛэндМН ББСБ-аас өөр компанид хөрөнгө оруулсан байгаа юм. Уг 1.2 мянган хувьцаа эзэмшигчийн 46.2% нь Дархан Нэхий (NEH), 11.1% нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-д хөрөнгө оруулжээ. 

🥊 Тэргүүлэгч ба сүүл мушгигч 

Цаашлаад өнөө л бидний сайн мэдэх АПУ (APU) жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлэв. Бүхэл бүтэн 9.6 мянган жижиг хувьцаа эзэмшигч тэдэнд хөрөнгө оруулснаар нийт 30.2 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй болжээ. Учир нь өнгөрсөн оны эхний хагаст АПУ ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн нийт хувьцаанд эзлэх хувь 8.3% байсан бол одоо 13.4% болсон аж. 

  • 🐢 Сүүл мушгилт: Харин нийт 51 компанийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо буурсан бөгөөд Премиум Нэксус ХК (CUMN)-ийнх хамгийн их буурчээ. Гэхдээ компани энэ сарын 1-нд хагас жилийн тайлангаа зарлахаасаа өмнө ашигт ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийж, хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаарч буй тул оны сүүлээр нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай байна. 

Эцэст нь… Бага багаар нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүгд ТОП-20 компани руу л шуурч байна даа. Уг нь бүх нээлттэй компани олон улсын жишгээр тайлан балансаа цаг тухайд нь гаргаад, цаг үеийн мэдээллээ ил тод хуваалцаж хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаардаг болчихвол байдал арай өөр болох болов уу.

📝 Зарцуулалтаа тайлагнав

KHAN: ХААН Банк ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа. Тэд олон нийтээс нийт ₮183.3 тэрбумыг татан төвлөрүүлсэн билээ. Тус хөрөнгийн 16% буюу ₮29.3 тэрбумыг мэдээллийн технологид, 19% буюу ₮29.2 тэрбумыг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтад, 34% буюу ₮62.4 тэрбумыг ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд, 31% буюу ₮56.9 тэрбумыг урт хугацаат зээлд тус тус зарцуулсан ба татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үлдэгдэл ₮5.6 тэрбум байгаа аж.

🗞️ H1 тойм: НДС  

Бид салбар бүрийн эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад дарааллын дагуу нийгмийн даатгалын санг шинжье 

  • Тайлбар:Уг нийтлэлийг Үндэсний статистикийн хорооны датанд тулгуурлан бичсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрынхаас зөрүүтэй байдаг шүү. 

🤨 Эхний хагас жилд 

НДС-гийн орлого энэ оны эхний хагаст өмнөх жилээсээ 39% өсөж ₮2.7 их наяд болжээ. Жам ёсоор зарлага нь ч өссөн. Тодруулбал, зарлага нь жилийн дотор 34% өсөж ₮2.4 их наяд болоод буй.

  • ♾️ Хамаарал:Тус сангийн 80%-иас дээш хувийг тэтгэврийн даатгалын сан (ТДС) эзэлдэг тул орлого болон зарлагын өөрчлөлтөд шууд хамааралтай байдаг. Энэ удаад НДС-гийн зардал өсөхөд ч ТДС-гийн зардал 36.5% өссөн нь голлон нөлөөлсөн юм. 

  • 👴🏻👨🏻 Хөдөлгөөн: Эхний хагас жилийн байдлаар даатгуулагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 14% буурч 927 мянга болсон бол өндөр настны тэтгэвэр авагчдын тоо 4% өсөж 395 мянга болоод буй. 

🗑️ Халамжлаад л байх уу?

НДС-г ямар нэгэн зүйлтэй жиш гэвэл, сууриасаа буруу цутгаад нэг тал нь өндөр, нөгөө тал нь намхан болсон байрыг хэдэн бетоноор эвж, тэнцүүлсэн байшинтай зүйрлэмээр. Тэр бетон бол улсын төсөв. Нэг ёсондоо НДШ төлөгчид шимтгэл гээд төлөөд л байдаг, нэмээд ахиад таны төлсөн татвараар энэ сангийн орлого, зарлагыг тэнцүүлсээр ирсэн. 

  • 🫣 Татаастай тулдаа л ашигтай: Цаашлаад сүүлийн 7 жил төсвөөс тус санд бараг ₮2 их наядын татаасыг олгоод буй. Өөрөөр бол татаастай тулдаа ₮222 тэрбумын ашигтай харагдаж байгаа хэрэг. 

  • 🤷🏻 Хавтгай: Манайд л халамж болоод хавтгайрчихсан болохоос бусад оронд энэ сан иргэдийн аж төрөх, ажиллах, элдэв осол гэмтэл учирлаа гэхэд үүнээс нь хамгаалах зарчмаар ажилладаг сан. Гэтэл орлого, зарлагаа тэнцүүлээд өөрөөрөө эвтэйхэн ажиллаж чаддаггүй сангаас алдар цолтон ахмадуудад, алдарт эхчүүдэд, насны хишиг, халамжийн, хөгжлийн үйлчилгээ, цаатан иргэдэд гээд 11 төрлийн халамж урсан гардаг. 

Эцэст нь… Өнөө, маргааш нь яах вэ гэхэд одоо НДШ төлж буй 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж байгаа бол 2040 он гэхэд 8 хүнийхийг төлдөг болно. Одоогийн асуудал, маргаашийн эрсдэл болох нь тодорхой байхад засахгүй яваад л байх уу?

Хүн төрөлхтний спортын их наадам гэгдэх Олимпын наадам болох тун дөхөж байна даа. Дээр дурдсанчлан манай тамирчид 9 төрөлд өрсөлдөж байгаа. Хэн ямар төрөлд хүчээ үзэж байгааг таах гээд үзээрэй.  😉

Бүр мэдэхгүй байвал ЭНД-ээс хараарай. 👈

Quartz

🍋Huawei $1.4 тэрбумаар Шанхайд чипийн судалгаа, хөгжүүлэлтийн төв байгуулав. Тус төв 30 мянган ажилтантай байх бөгөөд 5G, AI, үүлэн тооцоолол зэрэг технологийн гол салбаруудад хувь нэмрээ оруулах зорилготой.Сонирхуулахад, Huawei 2019 оноос хойш Америкийн худалдааны хар жагсаалтад байгаа ч Хятадын зах зээл дээр борлуулалт нь сэргээд буй.

🍋ХХБ (TDB) олон нийтээс татан төвлөрүүлсэн ₮85 тэрбумын 86.8%-ийг ашиглажээ. Тэд одоогоор ₮72.5 тэрбумыг зээл хэлбэрээр олгосон бөгөөд “Ногоон банк” болох урт хугацааны дэд стратегийн хүрээнд татан төвлөрүүлсэн мөнгөө байгууллагын сегментэд 50%, ЖДБ-ийн сегментэд 20%, иргэдийн сегментэд 20% гэх байдлаар хуваарилаад буй. 

🍋Хятад Америктай хийсэн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх яриа хэлэлцээгээ зогсоолоо. Өнгөрсөн 11-р сард Ши Жиньпин, Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтын өмнө 2 орны хоорондох үл итгэлцлийг арилгах зорилгоор цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талаар ярилцаж байсан ч Америк Тайваньд зэвсэг нийлүүлсээр байгаа тул тус шийдвэрийг гаргажээ. 

🍋Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт өнгөрсөн оны мөн үеэс 57% өссөн байна. Тодруулбал, гадаадын 26,659 иргэнд визийн зөвшөөрөл, 5,052 иргэнд виз, Evisa.mn системээр 63 улсын 38,291 иргэнд цахим виз тус тус олгосон аж. Түүнчлэн ГИХГ хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

🍋Улсын хэмжээнд энэ оны 7 сарын 1-ний байдлаар 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүний 348.1 мянган га-д үр тариа, 128.8 мянган га-д техникийн ургамал, 75.3 мянган га-д таримал тэжээл, 18.4 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо тариалсан байна. Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 8.5 мянган га-гаар буюу 1.4% буурсан аж. 

🏨  Бетон бат бэхээ авах тухай 

Бетоны чанарыг хэмжих гол шалгуур нь бат бэхийн үзүүлэлт юм. Тэгвэл бат бэхийн үзүүлэлт гэж юу вэ? 

👷🏻‍♀️ Анги, маркаар ялгаатай хө    

Бетон шахалтын бат бэхийн үзүүлэлт гэдэг нь 1 см.кв талбай дээр ачаалах ачааг дааж чадах хүчний хэмжээг хэлдэг ба бетоныг шахалтын бат бэхийн үзүүлэлтээр анги, маркаар ангилна. 

  • Марк: Бетоны шахалтын бат бэхийг дундаж үзүүлэлтээр тодорхойлох нормчилсон үзүүлэлт бөгөөд M100-M1000 хүртэл бий. 

  • Анги: Бетоны төрөл, цилиндр болон шоо сорьцийн хамгийн бага нормчилсон бат бэхийг илэрхийлэх ангийг хэлнэ. Үүнд B, C гэсэн ангиуд багтдаг.

⌛ Хэр хугацаанд бэхэждэг вэ?      

Харин бетон бат бэхээ авах хугацааг 3 хоногт 40%-иас дээш, 7 хоногт 75%-иас дээш, 28 хоногт 100%-иас дээш байх ёстой гэж үздэг. Сонирхуулахад, барилгын талбай дээр цутгасан бүтээцийн бетоны бат бэхийг аль болох хурдан, үнэн зөв тодорхойлох нь барилгын ажлын цаашдын явц, чанарыг үнэлэх үндсэн шалгуур болдог аж. 

⚠️ Арчилгаа нөлөөтэй!                                                                                        

Бетоны бат бэхийн өсөлтөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол арчилгаа юм. Тиймээс бетоныг хэвд цутгаж дуусмагц арчилгааг 1.5 цагийн дараагаас эхлүүлж бат бэхийн 70%-ийг авах хүртэл хийдэг. Гэснээс дулааны улиралд бетоныг хэрхэн арчлах талаар ЭНД-ээс уншаарай.

  • Хамтрал: New Balance Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний холбоотой хамтарна. (CNBC

  • Анхааруулга: Хяналтгүй крипто олборлолт Оросын эрчим хүчний системийг унагах эрсдэлтэй. (MoscowTimes)

  • Шалтгаан: Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчид Дональд Трампыг дэмжих болов. (BusinessInsider)

  • Өрсөлдөөн: Emmy Awards-н хамгийн олон буюу 25 номинацид нэр дэвшсэн бүтээл. (TheJapanTimes)

Reply

or to participate.