- Lemon Press
- Posts
- 🤝 Эвслийн ЗГ-ын анхны шийдвэрүүд
🤝 Эвслийн ЗГ-ын анхны шийдвэрүүд
Наадмын төсөв | Индексүүдийн хагас жилийн өнгө | ОУВС-гийн төсөөлөл
POWERED BY
Morning! Сонгуулийн шуугиан дуусав уу гэтэл орон нутгийн сонгууль айсуй. Үүнтэй холбоотойгоор 8 сарын 12-ны өдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно гэнэ. Ер нь энэ шийдвэр царцааны нүүдлийг хязгаарладаг ч арай дээр шийдэл хэзээ олох бол доо? 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Улсын төсвийн нийт орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр жилийн өмнөхөөсөө 35.2% өсөж ₮14.9 их наяд, зарлага нь 43% өсөж ₮12.9 их наядад хүрснээр тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.3 их наядын ашигтай гарав.
NSO: Өнгөрсөн 6-р сард төгрөгийн хадгаламж урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 36.2% өсөж ₮19.6 их наядад хүрсэн бол валютын хадгаламж 11.4% буурч ₮4.6 их наяд болжээ.
LOG: Бүх төрлийн тээврийн орлого 2024 оны эхний хагаст 24.8% өсөж ₮3.5 их наядад хүрэв.
Өчигдөр эвслийн Засгийн газрын анхны хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. 🤝
Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй.
Ерөнхий сайд МАА, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэлийг хангах чиглэлийг салбар тус бүрийн сайд нарт өгөв.
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлж, аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэхээр ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулна.
Хамтарсан намууд гэрээ байгуулж, гэрээ зөрчсөн сайдтай хариуцлага тооцно.
Цаашлаад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд хамтарсан Засгийн газар учраас шадар сайдын тоо нэмэгдсэн ч яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй хэмээв.
Юутай ч ирэх 7 хоногт яамдын бүтэц, орон тоог нэмэхгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төслийг танилцуулах аж.
💰 Наадмын төсөв
Энэ удаагийн наадмын нээлт болон хаалтыг ₮2.9 тэрбумаар хийснийг мэдсэн үү? Энэ удаад хэзээний л хэрүүл дагуулж байдаг наадмын төсөв рүү өнгийцгөөе.
🙊 Гялс хариу: Дэнж хотойтол эсвэл төсөв хотойтол?
Сүүлд 12 жилийн өмнө буюу 2012 онд наадмын төсвийг ₮875 саяар баталж байснаас хойш төсөв хурдацтай нэмэгдэж 2013 онд ₮1.5 тэрбумд хүрч түүнээс хойш ₮2 тэрбумаас буухаа больсон. Хачирхалтай нь 2020, 2021 он буюу цар тахлын 2 жилд үзэгчгүй наадам хийсэн хэр нь нийт ₮5.5 тэрбумаар наадамлаж байв. Харин өнгөрсөн оны тухайд наадмын төсвийг нийслэлийн төсөвт ₮5 тэрбум байхаар тусгаснаас өөр яг хэдээр наадамласан нь тодорхойгүй байгаа юм.
🤐 Зарцуулалт яав? Нэг л их мөнгөөр наадамлаж байгаа харагддаг хэр нь тэр мөнгө яг хаашаа, юунд зарцуулагдаад байгаа нь шилэн бус. Юутай ч нээлтэд оролцож байгаа уран бүтээлчид, эрийн 3 наадмын шагналын сан, тохижилт гээд явдаг л байх. Цаашлаад наадмын төсөв батлагдлаа гэж сонсогддогоос биш хэр хэмжээний орлого олдог нь тодорхой бус гээд ер нь л нэлээн хаалттай.
⚖️ Алдаа оноо: Энэ жилийн наадмын зохион байгуулалт бусад жилээ бодоход харьцангуй сайн байсан. Гэсэн ч наадмын нээлтийг сонирхохоор ирсэн жуулчдын суух сандал нь стандарт хангаагүй тул эвгүйхэн сууж байгаа харагдав. Уг нь энэ жилийн наадмын нээлтийг 2,000 гаруй жуулчин үзсэн гээд байгаа.
💔 Жуулчдад хэзээ ээлтэй болох вэ?
Цаашлаад Төв цэнгэлдэх хүрээлэн ойролцоогоор 12,280 хүний суудалтай буюу нийслэлийн хүн амын 1% ч хүрэхгүй хүмүүсийг л хүлээн авах хүчин чадалтай. Дотоодынхондоо ч суудал нь олдохгүй байхад Монголын наадмыг сонирхоод ирсэн жуулчдыг бүгдийг нь хүлээн авах нь юу л бол…
✈️ Сонирхуулахад, наадмын амралтын өдрүүдээр агаарын тээврээр 53,801 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд олон улсын нислэгээр 45,344, орон нутгийнхаар 8,457 хүн зорчсон байна. Юутай ч ЗТХЯ-ны энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт 68%-ийн явцтай байгаа юм байна даа.
Эцэст нь… Наадмын нээлт, хаалтыг ийм өндөр дүнгээр хийхийн оронд цэнгэлдэх хүрээлэнгээ гоё болгох талаас нь анхаарвал ирэх жилүүдийн наадам үзэмжтэй, гаднынхан ирэхэд ч харуулах зүйлтэй суух сан.
🆙Төлөвлөгөөгөө ахиулав
ADS.DE: Adidas-н хувьцааны үнэ өчигдөр 5% өсөж €239-д хүржээ. Тодруулбал, тус компанийн энэ оны II улирлын тайлангийн үр дүн хүлээлтийг давж, компанийн зүгээс бүтэн жилийн орлогын төлөвлөгөөгөө нэмэгдүүлэхээ зарласан юм. Сонирхуулахад, II улиралд компанийн орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад 9% өсөж €5.8 тэрбумд хүрсэн байна. Тэд энэ онд үйл ажиллагааны ашгаа €700 сая байна гэсэн төсөөллөө ахиулж €1 тэрбум болгожээ.
📈 Томоохон индексүүдийн хагас жилийн өнгө
Хөрөнгө оруулагчдаа, анхаараарай! Энэ оны эхний хагас жилд томоохон индексүүд яаж хөдөлснийг харцгаая. Манай товхимолд дурддаг 5 индекс дээш, доош хөдөлсөөр эхний хагас жилээ ногоон өнгөөр үджээ.
🇺🇸 Өнгөлөг Америк
Эхний хагас жилд NASDAQ (^IXIC) 20.1%, S&P 500 (^GSPC) 15.1% өсжээ. Улмаар NASDAQ-н өсөлт томоохон индексүүдийн өсөлтийг тэргүүлэв. Тус индексэд та бидний сайн мэдэх Apple (AAPL), Microsoft (MSFT), Alphabet (GOOG) тэргүүтэй технологийн салбарын акулууд голлосон 3,000 гаруй компанийг хамрагддаг. Тэгэхээр хиймэл оюун ухаан, чипийн үйлдвэрлэл, программ хангамж боловсруулах чиглэлээр ажилладаг компаниуд онцгой сайн ажилласан нь уг индексийг цэцэглүүлсэн хэрэг.
🇯🇵 Хүчтэй сэргэлт: Цаашлаад Японы эдийн засгийн хүчтэй сэргэлттэй холбоотойгоор хэрэглээний зардал нэмэгдэж, экспортын гүйцэтгэл тогтворжсоноор хөрөнгө оруулагчдын Японы эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэл нэмэгдсэн. Улмаар Nikkei 225 (^N225) индекс эхний хагаст 18.9% өсөж сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээнд хүрсэн билээ.
🇭🇰 Хэлбэлзэл дундуур: Томоохон индексүүд дундаас эхний хагас жилд хамгийн их хэлбэлзсэн нь Hang Seng (^HSI) индекс. Хятадын эдийн засагт үргэлжилж буй сорилтууд, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, дотоодын хэрэглээ суларсан зэрэг нь энэхүү хэлбэлзэлд нөлөөлөв.
🇲🇳 Монголын индексийн өнгө
Өнгөрсөн жилийн эхний хагаст ТОП-20 индекс 1.1% унаж байж. Харин энэ удаад 9% өсжээ. Учир нь оны эхэнд ТОП-20 индексийн багц шинэчлэгдэж 2023 онд IPO хийсэн ХААН Банк (KHAN), Худалдаа хөгжлийн банк (TDB), Газар Шим үйлдвэр (GAZR), Монложистикс Холдинг (MLG) болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE) нэмэгдсэн. Багцын шинэчлэлттэй холбоотойгоор ТОП-20-д багтдаг компаниудын зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвх нэмэгдэж манай индекс ногоорчээ.
Эцэст нь… Ерөнхийдөө оны эхний хагаст Hang Seng зэрэг зарим индексүүд бүс нутгийн эдийн засгийн асуудлаас болж хүндрэлтэй байгаа бол Nikkei 225, NASDAQ, S&P 500 зэрэг бусад индексүүд сайн үзүүлэлттэй байлаа. Харин Монголд байгаа цорын ганц индекс болох ТОП-20-ийн хувьд МХБ-д байгаа компаниудаас банк, санхүү болон хүнс гэсэн 2 салбарын компаниудыг л хамарч байгаа. Уг нь төрөлжсөн индекстэй болчихвол ч…
11
УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ыг 11 байнгын хороотой байхаар шийдвэрлэжээ.
12-24
Цаашлаад хороо тус бүр 12-24 гишүүнтэй байх аж.
24
Эдгээр байнгын хорооноос Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо хамгийн олон буюу 24 гишүүнтэй байна.
WEF
🍋ОУВС Хятад, Энэтхэг, Европын орнуудын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулсан бол Америк, Японы эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулав. Цаашлаад ОУВС дэлхийн ЭЗ-ийг энэ онд 3.2% өснө гэх таамгаа хэвээр үлдээсэн юм. Харин энэ онд дэлхийн инфляцыг 5.9% болж буурна гэж таамагласан ч буурах явц нь удаашралтай байгааг онцлов.
🍋Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг аж. Түүнчлэн энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөхөөр болжээ.
🍋Энэ оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар Капитрон банк ХК-ийн татварын дараах цэвэр ашиг ₮27.7 тэрбумд хүрч I улирлаас 57.6% өссөн байна. Банкны нийт актив энэ оны I улирлаас 1.8% өсөж ₮2.4 их наядад хүрсэн бол нийт зээл ₮956 тэрбумд хүрч 14.3% өсжээ. Тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 47.5%-тай байна.
🍋Үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн тоо өмнөх оны мөн үеэс 5.5% өсжээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар бизнес регистрийн санд 245.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас II улиралд 5.2 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдсэн байна. Хуулийн этгээдийн 193.9 мянга буюу 78.9% нь компани байгаа аж.
🍋Хайпэй ХХК ажилтнууддаа нийт ₮300 саяын үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэв. Сонирхуулахад, тус компанийн толгой компани болох Монголын финтек групп ХК 2023 онд ESOP хөтөлбөрийн хүрээнд Сэндли ББСБ ХК (SEND)-ийн 127 ажилтанд ₮420 саяын үнэ бүхий хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж байжээ.
HR Generalist / SCC: Санхүү, хүний нөөцтэй холбоотой ажлыг хариуцах,ахлах нягтлан бодогчид шаардлагатай туслалцааг үзүүлэх, цалингийн тооцоо, санхүүгийн тайлан, дата менежментийн талаар мэдлэг туршлагатай, дүн шинжилгээ хийх чадвартай, ажилдаа нягт нямбай ханддаг хүн байвал ийшээ. 👉 (Link)
CEO / Confidential Company: Монголын томоохон даатгалын компанид манлайлах чадвартай, аналитик сэтгэлгээ сайтай, бизнес төлөвлөлт, анализ, төслийн менежмент, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг бизнестэй холбоотой бүх зүйлсийг ус цас мэддэг CEO-г хайж байна. 👉 (Link)
IT Project Manager / Nomin Holding: Мэдээллийн технологийн төсөл болон төслийн баг удирдаж байсан туршлагатай, код бичих, дата анализ, программ хангамжийн талаар мэдлэгтэй, Java, React.js, MySQL зэрэг мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай хүнийг олон боломж хүлээж байна шүү. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Санал асуулга: Америкийн 5 иргэн тутмын 4 нь айдастай байна. (TheJapanTimes)
Мөнгөн тэмдэгт: Дурсгалын ₮5,000-ийн дэвсгэрт. (BOM)
Загвар: Улс орнууд олимпийн баг тамирчдаа хэрхэн хувцаслав? (Vogue)
Дэвшил: AI-д суурилсан хогийн сав хоолны газруудын хаягдлын асуудалд шийдэл болж байна гэнэ. (Bloomberg)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply