• Lemon Press
  • Posts
  • ⛏️ H1 тойм: Уул уурхайн бирж

⛏️ H1 тойм: Уул уурхайн бирж

Шинэ парк | M&A-н араас шууд +7.7% | Монголбанкны шийдвэр

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр улс даяар “Элсэлтийн Шалгалт” эхэлж байна. Өнгөрсөн жил ЭЕШ оноо нэлээд буурсан. Энэ жил сайжрах болтугай. 📚

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Гранд систем ХК (LOT)-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр хувьцааны үнэ нь 11.1% өсөж ₮1,000-т хүрлээ. 

MNG: “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажлыг Японы Ниппон Коей гүйцэтгэж байна

TUR: Туркийн инфляц 6-р сард 71.6% болж буурлаа.

Мягмар гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Бодлогын хүүг 11%-д хэвээр үлдээв.

  • Харин банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж 15%-д хүргэжээ. 

  • Цаашлаад, банкнаас шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55% болгож бууруулах,

  • Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд  өр, орлогын харьцааны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,

  • Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд өр, орлогын харьцааны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргаад буй.

🏞️ Шинэ цэцэрлэгт хүрээлэн

Рио Тинто Монгол компанийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өчигдөр нээлтээ хийлээ. Улмаар Улаанбаатар хот маань 10.2 га талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна. 

  • Хэмжээ: Ихэнх хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд 10-20 га талбайтай байдаг бөгөөд 10.2 га талбай гэдэг нь ойролцоогоор 10-14 хөлбөмбөгийн стандарт талбайтай тэнцэх юм. 

📄 Олны саналаар

Рио Тинто Монгол 2020 оны сүүлийн хагас жилээс эхлэн олон нийтээс шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх санал хүсэлтийг авч эхэлсэн. Улмаар уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгасан аж. Бид ч та бүхнээс уг паркийн нэрийн талаар санал авч байсныг санаж байгаа байх. 

  • 🎡 Юу хийв? Юу хийх вэ? Рио Тинто Монгол компани энэхүү төслийн бүх санхүүжилт, менежментийг хариуцаж ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Төслийн 4 жилийн төлөвлөгөөнд эхний 1 жилд бүтээн байгуулалт, сүүлийн 3 жилд арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж олон нийтэд хүлээлгэн өгөхөөр тусгасан аж.

🎋 Паркийн бүтэц

Шинэ цэцэрлэгт хүрээлэн нь нэвтрэх 5 орц гарцтай бөгөөд нийслэлийн зүрхэнд байршилтай гэдэг утгаараа зураг төсөл нь иргэдийн зорчих хөдөлгөөн, нэвтрэлтийг дэмжихээр зурагдсан байна. Энэ ч утгаараа нарны зам дагуух хөдөлгөөнийг нэвтрүүлэх зорилгоор “Нарны хаалга”-тайгаар бүтээжээ

  • 🛣️ Өргөн чөлөө: Түүнчлэн паркийн өргөн чөлөө нь ногоон орон зайны хамгийн өргөн хэсэг буюу 7 м өргөнтэй аж. Үүнээс гадна агч, хус модны цэцэрлэг, ногоон театр, хүүхдийн тоглоомын болон скэйтбордын зориулалтын талбай, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм, хэд хэдэн ариун цэврийн байгууламж зэрэг иж бүрэн тохижилт хийжээ. 

  • 🏡 Ногоон: Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 40 мянга гаруй мод бутыг үе шаттай тарьж, талбайн 80%-ийг зүлэгжүүлсэн тул нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна. 

Эцэст нь… Рио Тинто Монголын байгуулсан энэхүү байгууламж нь нийслэлийн иргэдийн амар тайван байдал, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахаас гадна орчны бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулахаар байна даа.

📈 Нэг өдрийн өсөлт

MLG: Монложистикс Холдинг ХК Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг худалдан авч буйгаа зарласны дараа хувьцааны үнэ нь 1 өдрийн дотор 7.7% өсөж ₮182-т хүрлээ. Ингэснээр Монложистикс Холдинг ХК 10 компанийг удирддаг болж буй. Төв Азийн Зам ХХК нь ТЭСО Группийн охин компани бөгөөд тус нэгдлийн ачаар MLG-н борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15% нэмэгдэх хүлээлттэй байна.

⛏️ H1 тойм: Уул уурхайн бүтээгдэхүүний бирж

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр нийт 341 арилжаа явагдсанаас 189 буюу 55%-ийг нь нүүрсний арилжаа эзэлж байна

🆙 Ахиц 

Хагас жилийн байдлаар тус бирж дээр нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүний арилжаа хийгдээд буй. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд биржээр 299 удаагийн арилжаа хийгдэж 15.6 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдаж байсан бол энэ оны хагаст хэдийнээ 15.6 сая тн бүтээгдэхүүний арилжаа хийгджээ. 

  • Нийт арилжаа хэд хүрэв? Энэ оны эхний хагаст хийгдсэн нүүрсний арилжааны дүнг харвал юаниар хийгдсэн нь ¥2.9 тэрбум, доллароор хийгдсэн нь $1.3 тэрбумд хүрчээ. Харин нүүрснээс бусад бүтээгдэхүүний арилжаа $1.4 тэрбумд хүрсэн байна.

Нүүрс: 95% ➡️ 55% 

Биржийн арилжааг тэргүүлж буй нүүрсний нийт арилжаанд эзлэх хэмжээ өнгөрсөн онд 95% байсан бол өдгөө 55% болоод буй. Гэхдээ энэ нь нүүрсний арилжаа буурсан хэрэг бус харин арилжааны сагсанд төмрийн хүдрийн эзлэх хэмжээ өнгөрсөн онд 4.3% байснаас 43.6% болж нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, он гарснаас хойш төмрийн хүдэр, баяжмалын 149 арилжаа явагдаж 983 мянган тн буюу $71.6 саяын дүн бүхий арилжаа хийгдсэн байна. Харин зэсийн 2, хайлуур жоншны 1 арилжаа хийгдээд буй. 

  • Шинэхэн: Биржээр зэс арилждаг болоод 4 сар, хайлуур жонш арилждаг болоод 3 сарын хугацаа өнгөрч байна. 

  • Эрэлт: Зэсийн эхний арилжаа 4 сарын 29-нд явагдаж 6,000 тн зэсийн 2 удаагийн арилжааны дүн $11.9 саяд хүрсэн. Зэсийн арилжаа нэмэгдээд ирвэл биржийн арилжааны дүн геометр өсөлтөөр өснө дөө. 

  • Оролцогч талууд: Өдгөө биржийн арилжаанд Тавантолгой (TTL) ХК, Эрдэнэс Тавантолгой (ЭТТ), Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, МАК ХХК, Энержи Ресурс ХХК тэргүүтэй 8 компани оролцож байгаа бөгөөд Энержи Ресурс ХХК хамгийн идэвхтэй буюу 152 удаагийн арилжаанд, Монголросцветмет 85 удаагийнхад тус тус ороод буй. Цаашлаад бүртгэлтэй 6 ҮЦК брокероор ажиллаж буй

Эцэст нь… Яг жилийн өмнө МХБ ХК (MSE) уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зөвшөөрлөө авч байсан. Одоогийн трэндээр бол 2024 оны нүүрсний арилжаа өнгөрсөн оноосоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй дэг шүү.  

Эмэгтэй: 32
Энэ удаагийн УИХ түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй
Санхүүгийн 40
Мэргэжил боловсролын хувьд инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, ЭЗ, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн 8, багш 8, эмч 5, сэтгүүлч 5, улс төр судлаач 4, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. 
27/73
Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу гишүүн 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай. 

🔢 Хүн бүр зээлийн оноотой боллоо

БүрэнОНОО зээлжих зэрэглэлийн оноо нь зээл, төлбөр тооцоо болон орлого гээд хувь хүний 40 орчим түүхэн мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюуны дэвшилтэт аргыг ашиглаж санхүүгийн зан төлөвийг бүрэн илэрхийлэх зорилготой юм.

Таны зээлжих зэрэглэлийг 300-999 хооронд оноогоор хэмжих ба өндөр оноо нь илүү найдвартай, санхүүгийн сахилга баттайг илэрхийлж буй. Ингэснээр санхүүдээ хариуцлагатай ханддаг хүмүүст ирээдүйд олон боломжийг бий болох аж. Жишээ нь:

  • Илүү таатай нөхцөлөөр зээл авах,

  • Орон сууц, автомашины зээлд хялбар хамрагдах,

  • Лизингээр бараа бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй авах гэх мэт. 

🎁 Гэснээс Burenscore апп нээлтээ тохиолдуулан оноогоо эхний удаа үнэгүй шалгах боломжийг олгож байгаа гэнэ шүү.

🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.

Giphy

🍋 Tesla II улиралд 443,956 автомашин зах зээлд нийлүүлж шинжээчдийн хүлээлтийг давлаа. Улмаар хувьцааны үнэ нь өчигдөр 10% өсөж $231-т хүрэв. Тэдний II улиралд нийлүүлсэн автомашины тоо өмнөх улирлаасаа 57 мянгаар илүү байгаа ч өнгөрсөн оны мөн үеэс 22 мянгаар буурчээ.  

🍋 УИХ-ын дэд даргаар АН-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сонгов. Ингэснээр МАН, АН-ын төлөөлөл УИХ-ыг удирдахаар болж байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг улираан сонгосон бол ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томилжээ.

🍋 Улаанбаатар төмөр зам ХНН энэ оны эхний хагас жилд 16.4 сая тн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3% өссөн үзүүлэлт юм. Эхний хагас жилд импортын 1.9 сая тн, экспортын 5.5 сая тн, орон нутгийн 6.4 сая тн, дамжин өнгөрөх 2.6 сая тн ачааг тус тус тээвэрлэсэн байна. 

🍋 НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. Харин НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилов. Мөн HЗД-ын 1-р орлогчоор Н.Мандуулыг томилоод буй.

  • Санхүүгийн ахлах шинжээч / SCC: Санхүүгийн төсөвлөлт, шинжилгээний чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай, форекс арилжааны талаар мэдлэгтэй, санхүүгийн нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох чадвартай хүнийг хайж байна шүү. 👉 (Link) 

  • Billing engineer / CallPro: Дата инженер, программ хангамжийн инженерийн бакалавр зэрэгтэй, байгууллагын төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэхтэй холбоотой ажлыг 1-ээс доошгүй жил хийсэн туршлагатай, CallPro-д ажиллах чин хүсэлтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)

  • Бичиг хэрэг, хяналтын ажилтан / SCC: Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, харилцааны болон бичиг баримт боловсруулах ур чадвартай, MS Office-н программуудыг бүрэн эзэмшсэн, бичих, төлөвлөх дуртай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Хамгаалалт: Яагаад Японы шинэ мөнгөн тэмдэгтүүдэд холограм технологи ашиглах болов? (Reuters)

  • Хөрөнгө: Дэлхийн 6 дахь баян хүн Microsoft-н CEO асан Стив Баллмер. (Fortune

  • Сөрөг: AI-н нөлөөгөөр Google-н хүлэмжийн хийн ялгаруулалт сүүлийн 5 жилийн хугацаанд 48% өсжээ. (TheVerge)

  • Судалгаа: Америкийн 10 сонгогч тутмын 7 нь хэнд санал өгөхөө хэдийнээ шийдсэн гэнэ. (TheHill)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.