• Lemon Press
  • Posts
  • 🌏 H1 тойм: Гадаад харилцаа 

🌏 H1 тойм: Гадаад харилцаа 

MLG-н тэлэлт | Шинэ УИХ-ын дарга | BOGD-н ногдол ашиг

POWERED BY

Morning! НӨАТ-ын буцаан олголтоо хүлээж байгаа хүмүүс байна уу? II улирлын баримтуудаа энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авах нь байна шүү. Гэснээс ядаж ганц удаа азтан болчих юм сан. 😅

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Гранд систем ХК (LOT)-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдрөөс эхэллээ.  

SCO: Казакстаны Астана хотод эхэлж буй ШХАБ-ын 24 дэх дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

BOM: Монголбанк өнгөрсөн 6-р сард 1.7 тн үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 7.8 тн үнэт металл худалдан авчээ

🚚 Монложистикс Холдинг ХК-ийн тэлэлт

Монголын анхны нээлттэй групп компани болох Монложистикс Холдинг (MLG) ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэлээ. 

💪 Өргөжилт: 9+1

Монложистикс Холдингийн хувьд 9 компанийг удирдаж буй. Эдгээр 9 компанийн 5 компанийг 100%, үлдсэн 4 компанийн 50%-иас дээш хувийг эзэмшдэг. Тэгвэл тэд одоо 2012 онд ТЭСО Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан, суудлын авто машины импортын тээврийн зах зээлийн томоохон тоглогч Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэж хүчээ нэмээд байна. 

  • Юу болох вэ? Ер нь бол суудлын автомашины зах зээл нь нийт импортын 20%-ийг дангаараа бүрдүүлдэг. Уг зах зээл нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө 105% өссөн байна. Тэгэхээр транзит тээврээр мэргэшсэн Монложистикс Холдингийн хувьд Төв Азийн Зам ХХК-ийг өөртөө нэгтгэснээр энэ зах зээл рүү хүч түрэн орох нь ээ. 

  • Онцлог байна уу? Төв Азийн Зам ХХК нь суудлын автомашины зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй суудлын автомашины лизингийн үйлчилгээнд инновацыг шингээн “Translease” үйлчилгээг салбартаа нэвтрүүлжээ. 

Цаашид яах вэ? 

Монложистикс Холдинг Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэх ажлыг 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн тооцохоор хэлэлцээр хийсэн аж. Тэгэхээр Монложистикс Группийн 2024 оны нэгтгэл санхүүгийн тайланд Төв Азийн Зам ХХК-ийн гүйцэтгэл бүтэн дүнгээр нэгтгэгдэж орно гэсэн үг. Улмаар Монложистикс Холдингийн борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15% нэмэгдэх хүлээлттэй байгаа аж. 

  • Боломж: Түүнчлэн Монложистикс Холдинг нь үндэсний ТОП-уудын нэг ТЭСО Групптэй бизнес хамтрагч болсноор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж буй юм. 

Эцэст нь… Монложистикс Холдингийн энэхүү нэгтгэл нь тэдний цар хүрээг тэлснээр илүү том зах зээл рүү нэвтэрч байна. Мөн нөгөө талд тэдний хөрөнгө оруулагчдын хувьд Монложистикс Холдингийн 9 охин компанийн ашгаас хувь хүртэх боломжтой байсан бол одоо энэ тоо нэгээр нэмэгдлээ.

💰 Хагас жилийн ногдол ашиг 

BOGD: Богд банк 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаарх цэвэр ашгийнхаа 25% буюу ₮3.8 тэрбумыг ногдол ашиг болгон тараана. Улмаар нэгж хувьцаанд ₮3-ийн ногдол ашиг тараах бөгөөд өчигдрийн хаалтын ханшаар тооцоход ногдол ашгийн өгөөж нь 3.7%-тай байна. Энэ нь 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийн өгөөжөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Компани ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийг шийдвэр гаргасан өдрөөрөө буюу 7 сарын 2-ны өдрөөр тогтоосон аж. Ногдол ашгийг Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш 60 хоногийн дотор хуваарилах юм. 

🌏 H1 тойм: Гадаад харилцаа 

2024 он талдаа орлоо. Энэ оны эхний хагаст Монголд айлчилсан төрийн болон ЗГ-ын тэргүүнүүдийг эргэн нэг санацгаая. Гадаад харилцаагаар маань сонин сайхан юу байна? 

🛬 Газардав

Шинэ оны айлчлалын салхийг Германы Ерөнхийлөгч хагалж 2 орон дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойг угтуулан айлчлав. Улмаар Герман болон Монгол түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж тус улс Европын орнуудаас Монголын анхны стратегийн түнш болсон. Түншлэлээ ахиулна аа гэдэг чинь дагаад олон салбарт хамтран ажиллана аа л гэсэн үг

  • 11 жилийн дараа: Үргэлжлүүлээд 4-р сард Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд анх удаа айлчлав. Түүний айлчлалаас онцлох зүйл нь Их Британи Монголтой газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлж, ГХЭ-ээ хэнтэй хуваалцахаа сайн тунгаах хэрэгтэй шүү гээд захиад амжсан даа

  • Сонгуулийн өмнөх 2: Сонгуулийн өмнөхөн Беларусь болон Лаосын Ерөнхийлөгч нар 4 хоногийн зайтай Монголд хүрэлцэн ирсэн. Нэг нь 2 орны харилцаанд ямар нэгэн хүндрэл, үл ойлголцол байдаггүйг онцолж, нөгөө нь харилцаагаа бэхжүүлж хэтийн хамтралаа ярилцаад мордсон доо. 

🛫 Хөөрөв

2024 оны эхний хагас жилд УИХ-ын сонгууль болох гээд УИХ, ЗГ, Гадаад харилцааны тэргүүний түвшний гадаад айлчлал хийгээгүй. Гэсэн ч саяхан Ерөнхийлөгч маань Узбекстанд айлчлал хийн айлчлалаас чихэнд чимэгтэй олон үр дүн гарсан. 

🔜 Удахгүй ирэх

Ирэх 8-р сараас эхлээд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Словены Ерөнхийлөгч нар мөн Монголд хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа. Японы Ерөнхий сайдын хувьд үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш анх удаа Монголд ирэх гэж байна. Өнгөрсөн жил Японоос Монголд суух шинэ Элчин сайд томилогдсон, энэ удаад Абэ Шинзоогийн дараа томилогдсон шинэ Ерөнхий сайд ирэх нь ээ. 

  • Цаашлаад, энэ жил Швейцар болон Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа тул дээд хэмжээний айлчлал хийх магадлалтай байгаа

Эцэст нь… Эдгээр айлчлалаас бодит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт яригдсан айлчлалуудыг онцлоход Германы Ерөнхийлөгчийн айлчлалаар €2 саяын тусламж, ₮300 саяын хөгжлийн санхүүжилт авахаар болж 2 төсөл хэрэгжихээр болсон бол саяхан Ерөнхийлөгчийн Узбекстан дахь айлчлалаар Нура оношилгооны төв, Монгол Базальт ХК (MBW) тэргүүтэй Монгол компаниуд тус улсын зах зээл рүү гарсан зэрэг ололт амжилттайгаар энэ оны эхний хагасыг үдэж байна. 

✈️ Аялалтай бонд

Бондод хөрөнгө оруулж, хүссэн улс руугаа аялбал ямар вэ? 🧳

Тэгвэл Апекс Капиталын “Аялалтай бонд” урамшуулалт хөтөлбөрийг сонирхуулж байна.

  • Ямар хөтөлбөр вэ? гэхээр бондын ₮10 саяын хөрөнгө оруулалт тутамд 1 сугалааны эрхтэй болж, iTrip компаниар хүссэн улс руугаа аялах 3 азтаны 1 болох болон ₮2.5 саяын үнэ бүхий Ipoint оноо хожих боломжтой юм.

Мөн хадгаламжаас 40%-50%-иар илүү өгөөжтэй ба хүүгийн эргэн төлөлт, бондын хугацааг өөрт тохирох нөхцөлөөр сонгож хөрөнгө оруулах боломжтой гэнэ шүү.

За тэгээд хөрөнгө оруулангаа аялаад байх нь дээ! 😎

📅 Үргэлжлэх хугацаа: 7 сарын 1-нээс 9 сарын 1
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Giphy

🍋 Монгол өчигдөр 1 өдөрт хамгийн олон буюу 5,174 жуулчин хүлээн авав. Энэ нь он гарснаас хойших хамгийн олон жуулчин хүлээн авсан өдөр болсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 314,148 жуулчин Монголд ирээд байна. Сонирхуулахад, өнгөрсөн оны 7-р сарын дунд үед 4,485 жуулчин ирж байсан нь 1 өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байсан аж.

🍋 Хятадын төв банк ЗГ-ын бондоо зээлээр худалдаж авна. Саяхан Хятадын ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.18% болон буурч 3 жилийн доод түвшинд хүрсэн. Улмаар төв банкнаас ЗГ-ын бондыг хоёрдогч зах зээл дээр худалдах, худалдан авах замаар өгөөжийг нь нэмэгдүүлэхээр зорьж буй. Тэд одоогоор $210 тэрбумын дүн бүхий бондыг эзэмшиж байгаа.

🍋 УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдлоо. УИХ-ын даргыг сонгох санал хураалт явуулахад 121 гишүүн дэмжиж, 5 гишүүн татгалзсан байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонхын суудал авсан тул тус намын бүлгээс УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн юм. 

🍋 Ард Кредит ББСБ ХК (ADB) Эйч Ви Эл Эл ХХК-иас ₮337.8 саяын үнийн дүн бүхий хувьцаагаа эргүүлэн худалдаж авна. Тодруулбал, Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-өөс 3.2 сая ширхэг хувьцааг 1 бүрийг нь ₮104-өөр худалдан авахаар шийдвэрлэжээ. Улмаар хувьцааг эргүүлэн худалдаж авах ажлыг 10 хоногт багтаан зохион байгуулах аж.    


Алдааг олоорой! 🔎

A. Манай улс өчигдөр хамгийн олон буюу 4,485 жуулчин хүлээн авчээ. 
B. Ард Кредит ББСБ ХК ₮337.8 саяын үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авна. 
C. Богд банк цэвэр ашгийнхаа 25% буюу ₮3.8 тэрбумыг ногдол ашиг болгон тараана.

  • Таатай: Амьдрахад хамгийн таатай хотууд. (TheEconomist

  • Төлбөртэй: Фүжи ууланд авирахад ¥2 мянгын хураамж төлнө. (Reuters)

  • Хамаарал: Эвслийн Засгийн газрыг хэн дэмжиж, хэн эсэргүүцэв? (GoGo)

  • Хуримтлал: Цар тахлаас хойш мөнгөө тогтмол хуримтлуулах трэндтэй болсон Хятадын залуус. (CNBC)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь A буюу манай улс өчигдөр хамгийн олон жуулчин буюу 4,485 биш 5,174 жуулчин хүлээж авсан шүү. 

Reply

or to participate.