- Lemon Press
- Posts
- 😵💫 Хууль гууль болсоор
😵💫 Хууль гууль болсоор
Монголын хуулийн хэрэгжилтийн индекс | Америкийн орон сууцны зээлийн хүүгийн өсөлт | Grand Bull Awards 2023
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнөөдөр “Дэлхийн оргилуун дарсны өдөр” гэнэ шүү. Ядаж байхад Баасан гараг юм аа. Юутай ч ажлаа оргилуун дарс шиг эрч хүчтэйгээр дуусгачхаад орой юм бодвол бодоорой. 😝🍾
*Нэг өдрийн өөрчлөлт
KOR: Өмнөд Солонгосын эдийн засаг III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 1.4% өслөө.
MSE: Гэрэлт ассэймоор капитал ҮЦК ХХК-ийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлэв.
MLSP: Өнгөрсөн 9-р сарын байдлаар нийт тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчдын тоо 678,509-д хүрчээ.
🔻 Хуулийн хэрэгжилт муу
2023 онд Монгол Хуулийн хэрэгжилтийн индексээс 0.53 оноо авч 142 оноос 64-т жагсав. Харамсалтай нь бид 5 жил дараалан ухарч байна даа. 😔
Танилцъя: Тус тайланг World Justice Project-с гаргадаг бөгөөд товчхондоо хуулийн хэрэгжилт сайн улсад ЭЗ тэр хэрээрээ хөгждөг номтой аж. Индекс 8 индикатор, 44 үзүүлэлтээс бүрддэг. Тэгвэл Монгол ингэж ухрахад ямар үзүүлэлт нөлөөлснийг харъя.
Авлига ах
Төр дэх авлигын байдлыг илэрхийлдэг онооноос бид 0.42 оноо авсан нь нийт оноо буурахад хамгийн ихээр нөлөөлөв. Тэр дундаа,
ЗГ: Төрийн худалдан авах ажиллагаа болон гэрээг нээлттэй, өрсөлдөөнт тендерээр шалгаруулж авах зэрэг шалгууртай энэ үзүүлэлтээс бид 0.39 оноо авчээ. Энэ нь дэлхийн ЗГ-уудын дунджаас 0.11 оноогоор доогуур үзүүлэлт бөгөөд ЗГ-т авлига их байна аа л гэсэн үг.
Шившиг! УИХ ч мөн адил 1 оноо авахаас 0.15 оноо авсан. Ээ хөөрхий! Тэгэхээр хууль тогтоомжийг өөрсдөдөө ашигтай байлгахын тулд хахууль өгөх болон эрх мэдлээ урвуулан ашиглахаас буцдаггүй гэдгийг дэлхий даяар мэддэг байх нь.
Ганц ногоон
Хүн амын аюулгүй байдлыг хэр хангаж байгааг илтгэдэг индикатор ганцаархнаа 0.76 оноо авч ногооноороо үлдэв. Гэхдээ ямарваа нэгэн дайны эрсдэл, террорист ажиллагаа болдоггүй улсын хувьд бүтэн 1 оноогоо л авмаар юм. 🤷🏻♂️
Яагаад байр хойшлоод байна?
Авлига хэмээх тодорхойлолтой ногоон автобуснуудаас эхлээд хороолол, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс гээд л асуултын хариулт сүүлийн хэдэн жил бидний нүдэнд ил гарсан. Гэвч аль нэгнийх нь асуудал бүрэн шийдэгдээгүй л байна.
Эцэст нь, авлигын индексээр өнгөрсөн онд 33 оноотойгоор 116-т жагссан. Энэ онд өмнөхөөсөө олон авлигын шинжтэй хэргүүд гарсан тул энэ жил бүр ухраад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх вий дээ.
💥 Meta-н галзуурсан ашиг
🕊️ Тэнгэрт дүүлэх ипотекийн зээлийн хүү
Америкийн 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн дундаж хүү 2000 оны 8-р сараас хойших хамгийн дээд түвшин буюу 8%-д хүрээд байна. Энэ өндөр хүү Америкчуудын амьдралд яаж нөлөөлөх бол?
🔍 Шалтаг, шалтгаан
ХНС инфляцын эсрэг тэмцэж бодлогын хүүгээ удаа дараа нэмсэн болон эдийн засаг хэцүүхэн байгаа нь ипотекийн зээлийн хүүг 7 хоногийн өмнөхөөс л гэхэд 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэв.
Хүү өсвөл, борлуулалт ⬇️: Мэдээжийн хэрэг ипотекийн зээлийн хүү өсвөл орон сууцны борлуулалт буурна. Хэн л өндөр хүүтэй зээл авахыг хүсэх вэ дээ. Тиймдээ ч өнгөрсөн 2-р сард ипотекийн зээлийн хүү 6% байхад Америк даяарх орон сууцны борлуулалт 4.6 сая ширхэг байсан бол одоо 3.9 сая ширхэг болтлоо буураад байна.
Нэг Америкийн амьдралд нэжгээд өөрчлөлт
Ипотекийн зээлийн хүүгийн өсөлт нь шинэ зээлдэгчийн болон тохируулж болох хүүтэй орон сууцны зээлийн сарын төлбөрийг нэмэгдүүлж, хоолойд тулгана. Энэ нь өрхийн төсвийг хүндрүүлж, орон сууцны хүртээмжийг бууруулах юм. Ингэснээр,
Худалдан авах чадвар = муу: Ипотекийн зээлийн өндөр төлбөр нь хэрэглээний зардлын хэв маягт нөлөөлж зардал, хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгийг багасгах магадлалтай. Тэгэхээр орон сууцны зээлтэй, зээл авах хүмүүсийн хадгаламж, хэрэглээ, хөрөнгө оруулалт буурна л гэсэн үг. Эдгээр хүмүүсийн орлого нэмэгдэхгүй бол байртай ч өмнөхөөсөө ядуу болох нь.
Удаашруулна: Түүнчлэн зээлийн хүүгийн огцом өсөлт нь орон сууцны зах зээлийг удаашруулах замаар орон сууцны үнийг буулгаснаар орон сууц өмчлөгчдийн хөрөнгийн дүнд нөлөөлж болзошгүй.
🤯 Та төсөөл
Монголын хувьд бол ипотекийн зээлийн хүү тогтмол буюу 6%. Гэтэл Америкт бол энэ жилийн эхэнд л 6.48% байснаа одоо 8% болтлоо өсөж байна. Энэ нь Монголынхоос 2 нэгж хувиар л илүү юм шиг боловч долларын 8%-ийн хүү гээд бодоорой. Тэгэхээр Америкт орон сууц дунджаар $410,200 гэж бодоход үүний хүүд жилдээ ₮113.2 саяыг төлнө. Манайд бол байр авчихаар мөнгө байгаа биз дээ. Гэтэл бид ипотекийн зээлийн хүү өндөр гэж гоншигноод л.
Юутай ч цаашид Америкийн 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй орон сууцны зээлийн хүү 2023 оны эцэс гэхэд 6.3%, 2024 оны эцэс гэхэд 5.4% болж буурах төлөвтэй байгаа аж. За тэгээд юу болохыг харж л байя даа.
За, бүгд алгебрын шалгалтдаа, мааарш! Дараах тооны хариуг олоод хажуудах хүнээрээ бас бодуулаад үзээрэй.
🏆 Grand Bull Awards 2023
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй нэтворкинг хийн, салбарын шилдгүүдийг тодруулах Grand Bull Awards 2023 шагнал гардуулах ёслолд оролцохыг урьж байна.
Уг арга хэмжээг МҮЦАЭХ-оос уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглан сүүлийн 5 жилийн ололт амжилтаа хамтдаа дүгнэх томоохон нэтворкинг арга хэмжээ юм.
Сонирхуулахад, арга хэмжээний заалны төлөвлөлт, үдшийн зоог болон урлагийн үзүүлбэр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
За тэгээд, уг салбарыг сонирхдог найзууддаа дамжуулна биз ээ.
📅 Хэзээ: 12 сарын 1-нд
📍Хаана: Шангри-Ла боллрүүм
🔹Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн орлого III улирлын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 47% өсөж ₮150 тэрбумд хүрэв. Үүнд тэдний тээвэрлэсэн ачааны хэмжээ 171% өсөж 777 мянган тн болсон нь голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн компанийн экспортын ачаа тээвэр 371% өссөн бол импортын тээвэрлэлт нь 14% буурчээ.
🔹Golomt Capital Championship-н 32 дахь 7 хоногт оролцогч Goldie дахин тэргүүлж эхэллээ. Түүнчлэн TOП-100 оролцогчийн 75% гаруй нь Америкт, 16% нь Азид голлон хөрөнгө оруулжээ. Үргэлжлүүлээд, тэдний ХО-ын багцыг харвал 30.4% нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүнд оруулсан байна.
🔹Ариг Банкны III улирлын ашиг өмнөх жилийн мөн үеэс 241.9% өсөж ₮17 тэрбум болжээ. Тус ашгийн өсөлтөд хүүгийн цэвэр орлого 85.3% өсөж ₮14.3 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлөв. Харин чанаргүй зээлийн харьцаа 8.4% байгаа бол хүүгийн цэвэр орлогын харьцаа жилийн өмнөхөөс 0.4 нэгж хувиар нэмэгдэн 4% болсон байна.
🔹Хөгжлийн банкны 7.25%-ийн хүүтэй $500 саяын бонд бүрэн төлөгдөж дууслаа. Сонирхуулахад, өнгөрсөн 7 хоногт Fitch Ratings агентлаг Хөгжлийн банкны дефолт зэрэглэлийг B гэж үнэлсэн юм. Энэ нь тэдний тус бонд болон өөр нэгэн бондын эргэн төлөх хугацаа ойртсонтой холбоотой байв.
Өвөл барилгын ажил үргэлжлэх боломжтой юу?
Монголын цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 365 өдрийн ердөө талд нь л барилга барих боломжтой аж. Тэгвэл үлдсэн өдрүүдэд нь яах уу?
Хүйтэн цаг уурын бетон гэж байна аа, хө
Цаг агаар 3 өдөр дараалан +5℃ байвал хүйтэн цаг уур эхэллээ гэж үздэг. Тэгэхээр барилгын салбарын “Өвөл” намрын эхэн үед ч эхлэх боломжтой. Харин энэ цаг үед барилгын ажлыг үргэлжлүүлэхэд хүйтэн цаг уурын бетон чухал үүрэг гүйцэтгэнэ.
Юу гэсэн үг вэ? Бетоныг хүйтэнд тэсвэртэй болгохын тулд нэмэлт ашиглах, цементийн агууламжийг нэмэгдүүлэх зэргээр бат бэхээ авах хугацааг нь хурдасгасан бетоныг л хүйтэн цаг уурын бетон гээд байгаа юм. Хүйтэн цаг агаарт бетоны бат бэхийг авхуулахын тулд нэмэлт орцоос гадна төслийн талбай дээрх арчилгаа, стандартыг ягштал мөрдөх нь чухал.
Ач холбогдол
Хүйтэн цаг уурын нөхцөлийн бетон ашигласнаар барилгын төсөл тасралтгүй үргэлжилж, борлуулалтаа эрт эхлүүлж төсөл зогсох эрсдэл багасах юм. Ингэснээр тухайн барилгын төслийн хэрэгжих цаг хугацаа хэмнэгдэж, зардал буурна гэсэн үг. Сонирхуулахад, Shangri-La Mall-г бүх цаг уурын нөхцөлд барьж дуусгасан гэнэ.
Барилгын төсөл дээр ажиллаж байгаа, барилгын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа хэн бүхний анхаарах сэдэв байна шүү, нөхөд өө!
Map: Хятадын шинэ газрын зураг. (JohnnyHaris)
Idea: Энэ онд эрчийг авч буй Halloween-н хувцаслалтууд. (VisualCapitalist)
Laws: Halloween-тай холбоотой хачирхалтай хуулиуд. (TheStandard)
Design: Дараагийн үеийн AirPods ямар загвартай байх вэ? (TheVerge)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply