• Lemon Press
  • Posts
  • 👋 Сайн уу? GPT-4o байна 

👋 Сайн уу? GPT-4o байна 

APU-н хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл | 90°-н өсөлт | Путины анхны гадаад айлчлал

POWERED BY

Hey! Зундаа бэлэн үү? Playtime-даа бэлэн үү? Бид Lemon #101 контентынхоо ээлжит дугаараар Playtime дээр хөгжим сонсохоос өөр юу хийж болох талаар хүргэж байна. ЭНД дарж үзээрэй. 🍋🎸

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: “Эм Жи Эл Акуа” ХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжааны явц эхний өдрөө 72%-д хүрлээ

GOV: Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

RUS: Владимир Путин ЗГ-ын шинэ бүрэлдэхүүнийг баталлаа

📝 АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу! 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын эхэнд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан хурлаар хэлэлцэх 4 гол асуудал болон хурлын дэгийг танилцуулав. Дараа нь АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээж үг хэллээ. 

Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг

Нийт хувьцаа эзэмшигчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье ээ. Өнөөдөр АПУ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг Ариунсан дарга маань түрүүн тодорхой танилцуулсан. Энэ слайд дээр нарийвчилж 4 асуудлыг хэлэлцэхээр оруулсан байгаа. Ингээд АПУ компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг та бүхэндээ танилцуулъя. 

⚙ Дижитал үе & Дижитал шийдэл

Нэг цаг үед банканд очерлож хамаг тог ус, кабелийн мөнгөө төлдөг байж билээ. Ингэж дурсаж ярих өдөр ирэх юм чинээ яаж санах вэ дээ. 😅 Сүүлийн үед дижитал шийдлүүд улам бүр л нэмэгдэж байна. Эдгээр нь бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар тоймлоё. 

Уг үндэс
Дижиталчлал хурдсаж байгаагийн гол үндэс нь бид бүхний интернэт болон дата хэрэглээ билээ. Угаас 2015 оноос хойш нийт интернэт хэрэглэгчдийн давхардсан тоо 1.6 дахин нэмэгдэж 4.4 саяд хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор харилцаа холбоо болон банк санхүүгийн байгууллагуудын дижитал, финтек шийдлүүд ч нэмэгдсэн. 

  • Дижитал тэлэлт: Түүнчлэн Монголын дижитал худалдааны зах зээл мөн өссөөр 2028 он гэхэд зах зээлийн хэмжээ нь $1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь интернэтийн хэрэглээ болон дижитал платформуудын хөгжил, үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой билээ. 

Шинэ үе & шинэ шийдэл
Үүгээр ч зогсохгүй харилцаа холбооны салбарынхан ч дижитал шийдлүүдийг олноор нэвтрүүлсэн. Улмаар бид утсандаа нэгж авах гэж дэлгүүр гарах, интернэтийн төлбөрөө хийх гэж ямар нэгэн салбар руу зорьж очихоо больж Юнителийн платформ руу ороод л дижиталаар төлдөг болсон билээ. Мөн банкны салбарт ч шинэ салхи орж Монголын анхны необанк болох М Банк ч зах зээлд хүч түрэн орж ирсэн.

  • Танд дуулгах урамшуулал: Тус банк финтек болон харилцаа холбооны хамтын ажиллагааг сайжруулахаар Юнител Групптэй хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд Юнител болон Юнивишнийн үйлчилгээний төлбөрөө М банк-аар төлөөд ₮100,000 тутамд бэлэг авах урамшуулал зарласан аж. Хэрэглэгч бидэнд бол алдаж болохгүй боломж биз дээ? 😜

Эцэст нь… Дижитал бүтээгдэхүүн, шийдлүүд нэмэгдэхийн хэрээр амьдрал илүү амар болж байна даа. Олон ч боломж, урамшуулал нээгдэж байна.

 Сонгуулийн тогтолцоо хэрхэн өөрчлөгдөв? 

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар бид 76 бус 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Тэгэхээр хэрхэн сонгоно гэсэн үг билээ?

Мажоритар + Хувь тэнцүүлэх = Холимог 

Энэ удаагийн сонгуульд орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 буюу нийт 13 тойрогтой байхаар тогтсон билээ. Тойргуудын задаргааг ЭНД дарж хараарай. 

Холимог тогтолцоо

Дээрх 13 бүсчилсэн тойргоос мажоритар буюу олонхын саналаар 78 гишүүнийг сонгох аж. Жишээлбэл, та Архангай аймгийн иргэн байлаа гэхэд хангайн бүсийн 1-р тойргийн мандатын тоогоор буюу нийт 9 нэр дэвшигчийг сонгох юм. 2-рт та сонгуульд оролцож буй 23 нам, 2 эвслээс зөвхөн 1-ийг нь сонгоно. Ингэснээр үлдсэн 48 суудлыг иргэдээс олон санал авсан тэдгээр намууд намын жагсаалтаар сонгож УИХ-д оруулна гэсэн үг.  

Нээлттэй байх нь давуу талтай

Хувь тэнцүүлсэн тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хуваадаг. Дээр дурдсанчлан бид намд санал өгөхөөс гадна нэр дэвшигчдэд санал өгөхөөр байгаа. Тэгэхээр энэ нь нээлттэй жагсаалт болох бөгөөд хамгийн их санал авсан нэр дэвшигч нь тухайн намаас парламентын гишүүн болно. Энэ нь хаалттайгаасаа илүү эрүүл байх талтай ажээ.

Анхаар! Тэгэхээр сонгуулийн саналын хуудас 2 хэсгээс бүрдэх бөгөөд нэр дэвшигчдээ сонгоод намаа сонголгүй орхивол саналын хуудас тань хүчингүй болох нигууртай шүү! 

⤴️ 90°-н өсөлт

GME: GameStop-н хувьцаа 60% өсөж $48.7-т хүрлээ. Тэдний хувьцааны үнэ гэнэт өссөн нь Ковид-19-ийн үеэр мийм койнуудын халуурлыг үүсгэсэн гэгдэх Америкийн хөрөнгө оруулагч Кит Патрик Гилл 3 жилийн дараа анх удаа цахим ертөнцөд эргэн ирсэнтэй холбоотой. Улмаар түүний жиргээний дараа компанийн хувьцааны ханш Даваа гарагт даруй 110% өсөөд авсан. Сонирхуулахад, түүний 2021 онд GameStop-н хувьцаан дээр шинжилгээнээс болж компанийн хувьцаа түүхэн дээд түвшин болох $81-т хүрч байв.

👋 Сайн уу? GPT-4o байна 

Технологийн хорхойтнууд болон хиймэл оюун ухаант хэлний загвар (LLM) сонирхогч нартаа зориулаад ChatGPT болон Gemini-н шинэчлэлийг тоймлон хүргэж байна. Анхаарна байгаа. 

GPT-4o: Галзуу юм бэ? 

OpenAI 3 хоногийн өмнө ChatGPT-н 4 дэх үе болох GPT-4o-г танилцуулж AI-н ноён оргил гэдгээ батлан харуулав. Тухайлбал, GPT-4о өмнөх хувилбаруудаа бодвол ямар ч мэдээлэл хайсан холбогдох линкийг нь харуулдаг болсон нь хамгийн онцгой шинэчлэл байлаа. Цаашлаад, өмнөхөө бодвол асуултад пан гээд л хариулахын оронд хөөрхөн бясалгаж байгаад хариулдаг болсон байна лээ шүү. Ер нь л амьдралтай улам ойртсон шинэчлэлүүдийг багтаасан харагдав. 

  • Тайлбарлаад өгье! Жишээ нь, шинэчлэгдсэн хувилбар дээр хэрэглэгч өөр хэл дээрх хоолны цэсийн зургийг оруулбал түүнийг нь орчуулахын сацуу тухайн хоолны үүх түүх, ач холбогдлын талаар мэдээллийг ч өгөх аж. GPT-4o-н гайхамшиг үүгээр дуусахгүй бөгөөд Voice Mode-н тусламжтайгаар хэрэглэгч тус чатботтой дүрсээ харж харилцах, ямар нэг тэмцээний шууд дамжуулалтын үеэр дүрмийг нь тайлбарлуулах боломжтой болсон нь зүгээр солиотой^2. 

  • Үнэгүй туршаад үз! Гэснээс GPT-4о хэрэглэгчдийн 80 мессежинд 3 цаг тутамд үнэгүй хариулж ид шидээ гайхуулж байгаа. Тэгэхээр төлбөртэй хэрэглэх хэмжээний үнэ цэнтэй байна уу, үгүй юуг нь туршиж үзээд шийдэх нь байна шүү. 

Gemini минь яав? 

Gemini-н тухайд 1.5 Pro буюу төлбөртэй хувилбараа нэлээн сайжруулж дэлхийн хамгийн урт буюу 1 сая жетоныг боловсруулах боломжтой болсон гэнэ. Гэснээс тус 2 AI-р 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн таамаглал гаргуулахад Gemini илүү сайжраад хариулъя гэсэн бол GPT-4o намуудын өмнөх сонгуулийн үр дүнд суурилсан таамаглалыг гаргасан. Ингэхдээ, 

  • Давамгайлал: GPT-4o Монгол Ардын Намыг ирэх 4 жил ч үргэлжлүүлэн эрх барих төлөвтэй байгаа бөгөөд үүний шалтгааныг дотоод зохион байгуулалт нь хүчирхэг, сонгуулийн сурталчилгааны стратеги сайтай хэмээсэн юм. 

  • Магадлал: Харин Ардчилсан намыг дотоод бүтцээ өөрчилж залуужих тал дээр багагүй хүчин чармайлт гаргасан учраас өнгөрсөн сонгуулиудтай харьцуулахад амжилтаа ахиулж магадгүй гэв. Сонгуулийн дараа л GPT-4o-н таамаг хэр бодитой байсныг харъя даа. 

Эцэст нь… Тэртээ 1950 онд компьютерын шинжлэх ухааны эцэг гэгддэг ​Алан Тьюринг машинууд сэтгэж чадах уу, гэх асуултыг дэвшүүлж байв. Өдгөө энэ асуултад тийм гэж хариулах хэмжээнд л AI-ууд хөгжиж байна даа, Бурмаа минь.

1 кг ноолуур = ₮150,800
Өнгөрсөн 4-р сард 1 кг цагаан ноолуурын үнэ өмнөх оноосоо 26.5% өсөж ₮150,800 болжээ
Хөвсгөл хамгийн үнэтэй
Ингэхдээ цагаан ноолуурын 1 кг-н үнэ Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу ₮166,000 байсан бол, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу ₮120,000 байсан аж. 
2 м шир = ₮3,700 
Харин үхрийн 2 м-ээс дээш урттай шир 21% буурч ₮3,700 болоод буй.

Аl Jazeera

🔹Владимир Путин Ерөнхийлөгчөөр ахин сонгогдсоны дараах анхны гадаад айлчлалаа Хятадад хийж байна. Тус айлчлал өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Сонирхуулахад, түүний айчлалын өмнөхөн Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин ч анхны айлчлалаараа Европын 3 улс руу, тухайлбал, Франц, Серби, Унгарт айлчилсан билээ. 

🔹Дотоодын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны I улиралд ₮14.2 их наядад хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.1% өссөн үзүүлэлт юм. Борлуулалтын орлогын 21.3%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 78.7%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.  

🔹Төгрөгийн хадгаламж 4-р сарын эцэст ₮18.7 их наяд болж өмнөх оны мөн үеэс 37.6% өсжээ. Тус хадгаламжийн ₮15.8 их наяд нь иргэдийн, ₮2.9 их наяд нь ААНБ-ын хадгаламж байна. Харин валютын хадгаламж ₮4.4 их наяд болж өмнөх оны мөн үеэс 18.5% буурсан аж. 

🔹Сонгуулийн үеэрх хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготой“Асуу” чатбот ашиглалтад орлоо. Тус платформоос хэрэглэгчид эргэлзэж байгаа зүйлээ асуухад хиймэл оюуны тусламжтайгаар байгаа дата мэдээллийг боловсруулаад тохирох хариултыг өгөх аж. Одоогоор хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн 15 байгууллага уг платформд  нэгдсэн байна.

  • Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

⚒️ Илүү аюулгүй, илүү ухаалаг

Уул уурхайн салбарт орчин үеийн дэвшилтэт технологиуд нэвтэрч буй. Ямар технологиуд яаж ажиллаж байгааг хүргэе. 

Ухаалаг уул уурхай

Уул уурхайн томоохон компаниуд үр ашиг, аюулгүй, тогтвортой байдлаа нэмэгдүүлэхийн тулд робот техник, дрон, UAV зэрэг дэвшилтэт технологийг ашигладаг. Угаас ухаалаг уул уурхайн дэлхийн зах зээлийн хэмжээ 2023 онд $12.9 тэрбумд хүрсэн бөгөөд 2032 он гэхэд $49 тэрбумаар хэмжигдэхээр байгаа юм. 

  • Алсын зайнаас: Энэ ч утгаараа LiDAR мэдрэгчээр тоноглогдсон дронууд уул уурхайн талбайн 3D зураглалыг хийдэг болсон. Дрон нь геологийн нарийвчилсан мэдээлэл цуглуулснаар ашигт малтмалын хайгуулын процессыг хөнгөвчилж олборлолтын үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөхөд тусалдаг аж. 

Автоматжуулалт

Түүнчлэн автономит ачааны машин, өрөм, ачигчийг уул уурхайд улам ихээр ашиглаж буй. Rio Tinto (RIO) л гэхэд бие даасан тээврийн систем (AHS)-тэй бөгөөд жолоочгүй ачааны машин ажиллуулж байгаа. Тодруулбал, тус компанийн хамгийн дэвшилтэт Гудай-Дарри уурхайд 231 тн-н даацтай CAT 793F гэх жолоочгүй ачааны аварга машинууд ажилладаг билээ. 

Эцэст нь… Аж үйлдвэр үргэлжлэн хөгжихийн хэрээр эдгээр дэвшилтэт шийдлүүд улам бүр түгээмэл болж, уул уурхайн ирээдүйг илүү үр ашигтай, тогтвортой байдалд чиглүүлэх төлөвтэй байна даа. 

  • Унш: Цөмийн эрчим хүчний тухай амлалт барууныхныг Монголд авчирна гэнэ. (TIME)

  • Сонирх: Баячуудын зовлон. (CNBC)

  • Мэд: Ардчилсан зарчим, сайн засаглалын эрэлд. (TheDiplomat)

  • Анхаараарай: Санхүүгийн Зохицуулах Хорооноос сонгон шалгаруулалтад урьж байна. (FRC)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.