- Lemon Press
- Posts
- 💸 GOV-н бонд
💸 GOV-н бонд
FB-т улс төрчдийн төлсөн мөнгө | GOV-н хувьцаа эзэмшигчдийн хурал | MCS Coca-Cola-н тогтвортой байдлын тайлан
POWERED BY
Ээе манайхаан! Энэ Бямба гарагт бүх нийтээр мод тарих өдөр шүү. Хүрзээ аваад марш! 🌳
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Ирэх 3 сард том банкнууд ААН-ийн зээлийн эрэлт нэлээд, иргэдийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
POL: УИХ-ын Тамгын газар Азийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
CHN: Хятадын гадаад валютын нөөц өнгөрсөн 4-р сард өмнөх сараасаа 1.4% буурч $3.2 их наядад хүрчээ.
📝 GOV: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл
LP Transcript-н ээлжит дугаараар Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
Хурлаас онцлох нь
Говь ХК 2023 онд ₮256 тэрбумын цэвэр борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх жилээс 32% өссөн үзүүлэлт юм. 2024 оны хувьд ₮275 тэрбумын борлуулалт хийж борлуулалтаа 7% өсгөхөөр зорьж ажиллаж байна. Түүнчлэн компани 2024 онд ₮12.6 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ.
Компанийн үйлдвэрлэлийн хувьд 2023 онд 1 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь түүхэн үйл явдал байв. Энэ дүнг өмнөх жилтэй харьцуулахад 23%-ийн өсөлттэй байсан юм. 2024 оны хувьд харьцангуй тогтвортой байж 1 сая гаруй ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгаа аж.
Тэдний үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, хурлаар гарсан шийдвэр, ногдол ашгийн тухай болон хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн асуусан сонирхолтой асуулт хариултыг манай вэбсайтаас уншаарай.
📄 Ногдол ашгийн цуваа
СЗХ-ноос ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд 4 сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусгасан байх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэдэн компани, хэр их хэмжээний ногдол ашиг тараав?
39 ➡️ 23
Энэ оны 2 сарын 21-ний байдлаар 39 ХК нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 23 ХК ₮297.9 тэрбумын ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ олгоод байна.
Анхаар: Компаниуд ихэвчлэн ҮЦТХТ-өөр жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг тараадаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдынхыг өөрсдөө олгодог. Богд банк (BOGD) л гэхэд 2023 оны II хагаст ₮170.5 саяын ногдол ашгийг ҮЦТХТ-өөр дамжуулсан бол ₮3.3 тэрбумыг өөрсдөө тараажээ. Энэ нийтлэлд зөвхөн ҮЦТХТ-өөр дамжуулсан ногдол ашгийг дурдсан гэдгийг анхаараарай.
👑 ХААН бол ХААН
Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 32 ХК-ийн нийт ногдол ашгийн үнийн дүнгийн 50.6%-ийг ХААН Банк (KHAN)-ны ногдол ашиг бүрдүүлж байсан бол ҮЦТХТ-өөр дамжин тараагдсан 23 ХК-ийн ногдол ашгийн 79.6%-ийг мөн л ХААН Банкны ногдол ашиг бүрдүүлэв. Тэдний ₮271 тэрбумын ногдол ашгийг 29 мянган хувьцаа эзэмшигч хүртсэн гэхээр дажгүй шүү.
Хоцрогсод: Уг нь бол СЗХ-ноос гаргасан шийдвэрээр ХК-иуд ногдол ашгаа 4 сарын 30-ны дотор хуваарилж дуусгах ёстой. Гэвч 5 компанийн ҮЦТХТ-өөр дамжуулсан ногдол ашиг 5 сар гарснаас хойш олгогджээ. Зарим нь одоо болтол ногдол ашгаа хуваарилаагүй л явна.
Эцэст нь… Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл маань хөгжөөд харьцангуй олон компани ногдол ашиг хуваарилдаг болоод байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү их хувьцаа худалдаж авах эсвэл өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж олгох замаар зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж буй нь сайшаалтай.
💸 GOV-н бонд
🎯 TEDxUlaanbaatar-н илтгэгчид зарлагдлаа
"Ignite" сэдвийн хүрээнд залууст урам зориг, бүтээлч санааг түгээхээр зохион байгуулагдаж буй TEDxUlaanbaatar 2024 арга хэмжээний илтгэгчид зарлагдлаа. Илтгэгдчээс сонирхуулахад,
МУ-ын Соёлын элч, жүжигчин, Монгол Хаан жүжгийн продюсер А.Баярцэцэг,
Комедиан, маркетер, контент бүртээгч А.Баярмаа
Идэвхтэн байгаль хамгаалагч, нийгмийн энтрепренер Ч. Батцэцэг гээд ажиллаж буй салбар бүртээ хийж бүтээсэн зүйлтэй 14 илтгэгчид хүрэлцэн ирж өөрсдийн сонирхолтой түүхийг хуваалцах юм.
Илтгэгчдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
📅 Хэзээ: 5 сарын 19
📌 Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
🔎 Facebook-т хэн хамгийн их мөнгө төлж байна?
Бөмбөрцгийн хүн амын бараг тэн хагас нь энэ онд сонгуульд оролцоно гэж байгаа. Тэгэхээр цахим орчин, тэр дундаа Facebook сүлжээ сонгуулийн мэдээллийн талбар болох нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор Meta (META) ч арга хэмжээ аваад эхэлсэн байна. Яаж?
Meta-н зохицуулалт
Сонгуулийн үеэр AI ашиглан худал мэдээлэл тарааж буй хүмүүстэй тэмцэхэд Meta, Microsoft (MSFT), Google (GOOG) зэрэг технологийн томоохон компаниуд хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн Meta зар сурталчилгааны бодлогодоо улс төрийн агуулгатай мэдээллийг сурталчлахыг хориглох болсон юм.
Ad Library: Хэдий Meta хатуу бодлого баримталсан ч сонгууль дөхсөн энэ үед тэдний бодлогыг улс төрчид үг дуугүй дагана гэдэг юу л бол. Яг ингэнэ гэж үзсэн тус компани Facebook дээр “Ad Library” тохируулгыг нэмж, тухайн байршуулсан сурталчилгааг архивлах замаар өгөгдлийн сан үүсгэдэг аж. Тухайн хаягаар орвол хэн, ямар хэмжээний бүүст хийсэн, хэр хандалт авсан гэх мэт олон төрлийн мэдээллийг харах боломжтой юм.
Монголоос хэд вэ хө?
Meta Ad Library report-с 2020 оны 8-р сараас хойш Facebook-т хамгийн их мөнгө зарцуулсан Монголын ТОП-10 улс төрчийг харахад нийт $115 мянгыг зарцуулсан үзүүлэлттэй байна. Эдгээр 10 улс төрчийн жагсаалтыг Энхбаярын Батшугар гэсэн цахим хуудас сурталчилгаандаа $30 мянгыг зарцуулснаар тэргүүлжээ. Түүний араас Жамбалын Ганбаатар, Бөхчулууны Пүрэвдорж гэсэн цахим хаягууд тус бүр $16 мянгыг, ХҮН намынх $14 мянгыг зарцуулснаар удаалж буй.
Эцэст нь … Сонгууль дөхөх тусам улс төрчдийн сурталчилгаанд зарцуулах мөнгө уул овоо шиг нэмэгдэх нь тодорхой. Ямар сайндаа л “Cонгууль дөхөхөөр сошиал медиа жорлон болдог” гэсэн үг гарах вэ дээ. Харин бид цахим орчинд хүлээж авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй, няхуур хандаж сурахгүй бол ч…
Америкийн баячуудыг хэр сайн мэддэгийг тань нэг шалгаадахъя. Доорх хүмүүс аль муж улсын хамгийн баян хүн бэ гэдгийг таагаарай. Товхимлоо тогтмол уншдаг бол мэдэх л ёстой доо 😉
Уоррен Баффет
Фил Найт
Абигэйл Жонсон
Стив Кохен
Дан Гилберт
🍋 YouTube суваг эхлүүлэхэд заавал үнэтэй төхөөрөмж шаардлагагүй
Зиак лимонуудаа, Lemonade цувралынхаа ээлжит дугаарыг үзэж амжаагүй бол ЭНД дараарай. 🔗
Өнгөрсөн 7 хоногийн дугаарт маань бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм буюу YouTuber @BuriiUniversity оролцож, YouTube сувгаас мөнгө олдог туршлага, санхүүгээ удирдах арга барил, ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн төлөвлөж, зохицуулдаг талаараа хуваалцсан юм.
Сонирхуулахад, түүний хувьд үндсэн цалин, контент сурталчилгааны орлого, YouTube спонсор, Instagram спонсор, орчуулга хийх болон илтгэгч, хөтлөгч хийх гээд орлогын 6 эх үүсвэртэй гэнэ шүү.
👀 Дараагийн зочин хэн байх бол. Stay tuned!
SmartCompany
🔹Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн данс нээгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34%-д ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрөх нөхцөл бүрдэж буй. Сонирхуулахад, тус дансанд ЗГ-аас ₮500 тэрбумыг шилжүүлж орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулах гэнэ.
🔹Мах, махан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 4-р сард өнгөрсөн жилээсээ 8% өссөн байна. Тус өсөлтөд үхрийн махны үнэ 8%, хонь, ямааны махны үнэ 6.7%, адууны махны үнэ 4.2% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Гэснээс талх, гурил, будааны бүлгийн үнэ тус сард 12.9% өссөн байна шүү.
🔹Golomt Capital Championship-н 5 дахь 7 хоногт тэргүүн байрын оролцогчийн өгөөж 34.46%-тай байлаа. Цаашлаад, ТОП-10 оролцогчийн хувьд дундаж өгөөж нь 26.77% байсан юм. Сонирхуулахад, оролцогчид Азийн зах зээлд түлхүү хөрөнгө оруулсан бөгөөд нийт багцын 61% нь Ази, 25.6% нь Хойд Америкийн хувьцаанаас бүрдсэн байна.
🔹Энэ оны эхний улиралд барилгын өртөг 2023 оны мөн үеэс 2.3% өсөж 251 болжээ. Үүнд орон сууцны барилгын өртгийн индекс өмнөх оноос 3% өссөн нь голлон нөлөөлсөн юм. Харин орон сууцны барилгын өртөг өсөхөд материалын өртөг 3.9%, цалингийн зардал 4.5% өссөн нь ихээхэн нөлөөлсөн байна.
🌱 MSC Coca-Cola-н тогтвортой байдлын тайлан
Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр өнөөдөр бид MCS Coca-Cola-н тогтвортой байдлын тайланг тоймлох гэж байна. Энэ удаад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох тус компанийн ус ашиглалт болон хуванцрын хэрэглээг онцолж байна.
Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл
MCS Coca-Cola өдгөө 21 брэндийн 160 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сав баглаа, боодол, үйлдвэрээс агуулах, агуулахаас дэлгүүрүүд рүү түгээлт хийх гээд энэ том үйлдвэрлэлийн ард маш олон процесс явдаг нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор компани байгаль, орчин, нийгэм, засаглалын чиглэлд,
Ус: Өнгөрсөн оны байдлаар компанийн 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах усны хэмжээ өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 17% буурч 2.19 л-т хүрсэн аж. Цаашлаад, тэд үйлдвэрлэлийн хаягдал усаа цэвэршүүлснээр жилд 180,000 тн буюу олимпын стандартад нийцсэн 72 усан санг дүүргэх хэмжээний усыг цэвэршүүлээд буй.
Хог хаягдал: MCS Coca-Cola TML хэмээх хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажилладаг бөгөөд хуванцар хог хаягдлынхаа 40%-ийг дахин боловсруулж буй. Хуванцар гэснээс тэд ундаа, уснуудынхаа савны жинг 2014 оноос эхлэн бууруулсаар өдгөө нийт 387 тн, өнгөрсөн онд 48 тн хуванцрыг хэмнээд буй.
Эцэст нь… Компани 2030 он гэхэд үйлдвэрлэлийнхээ усны дахин ашиглалтыг 100%, хуванцрын цуглуулалтыг 100%, үүнийхээ дахин ашиглалтыг 50%-д хүргэх зорилттой ажиллаж буй. Юу гэсэн үг вэ гэхээр, бидний уух дуртай MCS Coca-Cola–н ундаа, уснууд байгаль орчинд ээлттэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн жишээ болох бүтээгдэхүүн болно оо л гэсэн үг юм.
Харьцуулалт: Сүүлийн 30 жилд Америк залуусын худалдан авалт хэрхэн өөрчлөгдөв? (Insider)
Туршилт: Neuralink-н хүний тархинд чип суулгах анхны туршилтын өвчтөний биеийн байдал хэр байна даа. (WSJ)
IPO: HD Hyundai Marine Solution-н галзуу IPO. (TheKoreaTimes)
Сонс: Сонгуульд заавал оролцохын учир. (LemonPress)
Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй.
Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉 |
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writer: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply