- Lemon Press
- Posts
- 😬 Google friendzone-дуулав
😬 Google friendzone-дуулав
Логистикийн акулын өсөлт | APU-н тайлан | GCC-н үр дүн
POWERED BY
Morning! Хаа сайгүй зам хааж байна. Санзайн замыг бас хааж ус зайлуулах шугам угсарна гэнэ. Ядаж хотын төвийн замаа наадмын амралтаар хаагаад засварын ажлаа хийж болоогүй л юм байх даа? 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
US: Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголд айлчилна.
MSE: Ард Секюритиз ҮЦК ХХК болон Ардын Тэтгэврийн Данс ХХК хамтран хувьцаа худалдан авах тендер санал зарлалаа.
US: Америкийн Үнэт цаас болон биржийн хорооноос эфериум ETF-г хүлээн зөвшөөрөв.
🚚 Логистикийн акулын өсөлт
Компаниудын хагас жилийн тайлангийн цуваа үргэлжилсээр байна. Өнөөдөр Монголын анхны нээлттэй групп компани болох Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн тайланг тоймлоно. Ашиг, орлого нь юу болсон бол оо?
✨ Салбараас тасарсан өсөлт
Энэ оны эхний хагаст Монгол Улсын тээврийн салбарын орлого жилийн өмнөхөөсөө 25.4% өсөж ₮3.5 их наядад хүрсэн бол Монложистикс Группийн орлого 55% нэмэгдэж ₮141.9 тэрбумд хүрсэн байна. Учир нь тэдний тээвэрлэсэн ачааны хэмжээ жилийн өмнөхөөсөө 12.8% өсөж 570 мянган тн-д хүрсэн аж. Улмаар цэвэр ашиг нь 45.2% нэмэгдэж ₮6.6 тэрбум болжээ.
🔍 Нарийн үзүүлэлтүүд: Цаашлаад, тэдний P/B харьцааг өчигдрийн хаалтын ханшаар тооцоход 1.4, P/E нь 10.1 байгаа бол эздийн өмчийн өгөөж нь (ROE) 13.9% байгаа нь компани хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үр ашигтайгаар ашиглаж буйг илтгэж байна.
Онцлог үйл явдал ➡️ M&A
Үргэлжлүүлээд Монложистикс Холдингийн онцлох ажлуудаас дурдвал, компани 6-р сард хөрөнгө оруулагчидтай харилцах функцээ сайжруулах зорилгоор мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани болох Сapital Мarket Мongolia компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн юм. Харин 7-р сард зарлагдсан хамгийн том үйл явдал бол ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн явдал байлаа.
💸 ₮3.5 тэрбум: Компанийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг харвал, ₮11 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж, ₮6.8 тэрбумыг нь зарцуулсан байна. Үүний 51.6%-ийг Төв Азийн Зам ХХК-ийн нэгтгэлд зарцуулсан аж.
🆙 Улам олуулаа: Нэмээд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг сонирхвол энэ оны эхний хагаст 70 хувьцаа эзэмшигч нэмэгдэж нийт 1,414 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.
❓❔ Цаашид яах вэ?
Компани энэ онд ₮13-₮15 тэрбумын цэвэр ашигтай ажиллах төлөвтэй байна. Энэ төлөвлөгөөгөөр бол цэвэр ашгийн хувь нь жилийн өмнөхөөсөө 1.4 нэгж хувь хүртэл нэмэгдэж 5%-5.5%-д хүрнэ гэсэн үг. Түүнчлэн импорт экспортын ачаа барааг бүхий л хувилбараар тээвэрлэдэг Төв Азийн Зам ХХК-д хөрөнгө оруулснаар Монложистикс группийн борлуулалтын орлого 15%-20% нэмэгдэж цар хүрээ нь тэлэхээр байгаа. Тэгэхээр оны эцсээр нэлээд өссөн дүнтэй тайланг танилцуулах болов уу даа.
🆙 Өсөлт үргэлжилсээр
APU: Энэ оны эхний хагас жилд АПУ ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 25.3% өсөж ₮649 тэрбумд хүрчээ. Учир нь тэдний бүтээгдэхүүний төрөл 26-гаар нэмэгдэж 397 болсон байна. Улмаар татварын дараах цэвэр ашиг мөн үеийнхээс 50% өсөж ₮108 тэрбумд хүрчээ. Түүнчлэн компанийн хөрөнгө оруулалт 26% нэмэгдэж ₮58 тэрбум болсон аж. Сонирхуулахад, АПУ-гийн хувьцааны үнэ он гарсаар 16% буураад байна.
😬 Google friendzone-дуулав
Үүлэн технологийн аюулгүй байдлын Wiz хэмээх стартап Google (GOOG)-н $23 тэрбумын саналаас татгалзлаа. Угтаа тус нэгдэл Google-н түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцэл болох байсан ч Wiz амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчхэв үү, аль эсвэл $23 тэрбумаас өндрөөр үнэлэгдэх компани юм болов уу?
🙂↔️ Wiz: “Найзууд хэвээрээ үлдье Google”!
Wiz-н зах зээлийн одоогийн үнэлгээ $12 тэрбум хэдий ч Google тэдний технологи, ирээдүйн чадавхыг харж $23 тэрбумыг санал болгосон. Гэхдээ Wiz-д $23 тэрбумын хэлцэл, $12 тэрбумаар үнэлэгдэхээс ч өндрөөр үнэлэгдэх боломж байгаа буюу тэд IPO хийх мөрөөдөлтэй. Үүсгэн байгуулагдаад дөрөвхөн жил болж байгаа хэдий ч өнгөрсөн 4 жилд тэдний бүтээсэн технологи, гаргасан амжилт нь зүгээр л солиотой.
⏩ Хурдтай бойжиж байгаа: Тодруулбал, 3 жилийн дотор компанийн жилийн орлого $100 саяыг давж, зах зээлийн үнэлгээ нь $10 тэрбумд хүрсэн. Иймдээ ч технологийн салбарын галзуу өсөлттэй стартап гэгдэж байгаа.
🤩 Эрэлттэй: Цаашлаад Wiz-н тоглоомын талбар бол технологийн акулуудын эрчтэй анхаарах болсон үүлэн технологийн аюулгүй байдал. Үгүй тэгээд технологийн акулууд маань үүлэн технологийн ширүүхэн өрсөлдөөн рүү шумбан орсон гэдгийг Google-н өмнө нь хэнд ч тавьж байгаагүй найраа Wiz-д тавьснаас харагдаж байгаа биз дээ?
🆚 Харьцуулъя: Google-н Google Cloud, Amazon (AMZN)-н AWS, Microsoft (MSFT)-н Azure-г харьцуулбал үүлэн технологийн зах зээлд Amazon, Microsoft нийлээд 55%-ийг эзэлдэг. Гэтэл Google тус зах зээлийн ердөө 11%-ийг л эзэлдэг гэхээр одоогоор өрсөлдөөнөөс хол.
Түүнчлэн тэд өнгөрсөн 5-р сард $1 тэрбумын хөрөнгө оруулалт босгосон төдийгүй Америкийн ТОП-100 компанийн 40%-тай нь хамтран ажилладаг гэж байгаа. Сүрхий байгаа биз?
💑 Нөгөө талд: Хос хосоороо
Wiz болон Google-н нэгдлийн талаар ярьсных дэлхий даяар компаниуд хэр их нэгдэн нийлэх хэлцэл хийж буйг сонирхъё. Энэ оны эхний хагас жилд компаниудын хийсэн нэгдэх хэлцэл сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрээд буй. Тодруулбал, $10 тэрбумаас дээш дүнтэй 17 хэлцэл хийгдсэний хамгийн том нь газрын тосны луугаруудынх.
Юутай ч, Wiz Google-н $23 тэрбумд үгүй гээд хэлчихлээ. Тус компанийн үүсгэн байгуулагч том компанийн нэг хэсэг биш өөрсдийн төлөвлөгөө, мөрөөдлөөр цаашид ажиллаж IPO хийх ажилдаа анхаарахаа мэдэгдсэн. Тэд бол овоо хараандаа авах сонирхолтой компани шүү. Сураг ажиг тавьж байгаарай.
TheDailyBeast
🍋 Даваа гаргийн орой Камала Харрис Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийг баталгаажуулах босго үзүүлэлтэд хүрч 1,976 төлөөлөгчийн саналыг авчээ. Тэрээр мөн сонгуулийн сурталчилгааны хандивт 1 өдрийн дотор $81 саяыг цуглуулж рекорд тогтоосон аж.
🍋 Google (GOOG)-н толгой компани Alphabet-н II улирлын тайланд орлого 14%-ийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Ингэснээр тус компанийн орлого 4 улирал дараалж 2 оронтой тоогоор өсөж буй юм. Уг өсөлтөд үүлэн тооцооллын үйлчилгээ эрэлттэй байгаа болон сурталчилгааны зах зээлийн тэлэлт голлон нөлөөлжээ.
🍋 Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)-ийн банкны кластер буюу Ард Кредит ББСБ, Ард Актив ХЗХ, Ард Лизинг компанийн нийт хөрөнгө энэ оны II улиралд ₮184.8 саяд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44.5% өссөн үзүүлэлт юм. Харин зээлийн багц ₮125.5 саяд хүрч мөн үеэс 83.6%, хадгаламж ₮117.5 саяд хүрч мөн үеэс 55.7% өсжээ. Банкны кластерт 70.7 мянган зээлдэгчтэй.
🍋 Golomt Capital Championship-н ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 16 дахь 7 хоногт хуримтлагдсан дүнгээр 150.79%-тай байна. Харин нийт харилцагчийн өгөөж -3.26%-тай гарчээ. Түүнчлэн оролцогчдын багц дахь хамгийн өндөр өсөлттэй байсан хувьцаагаар Grayscale (GBTC), Steppe Gold (STGO.TO), Baoshan Iron and Steel (600019.SS) тодорчээ.
Алдааг олоорой! 🔎
A. Wiz-н зах зээлийн одоогийн үнэлгээ $23 тэрбум.
B. Энэ оны эхний хагаст Монгол Улсын тээврийн салбарын орлого ₮3.5 их наядад хүрчээ.
C. АПУ ХК-ийн энэ оны эхний хагасын цэвэр борлуулалтын орлого ₮649 тэрбум.
Турш: Slack-н гар утасны апп-д нэмэгдсэн iOS хувилбарын шинэ нэмэлтүүд. (TheVerge)
Унш: Crowdstrike-н технологийн доголдол Хятадад бага нөлөөлсөн шалтгаан. (CNBC)
Сонирх: Open AI-н CEO Сэм Алтманы санхүүжүүлсэн судалгааны үр дүн. (BusinessInsider)
Мэд: Шивээсний талаар шинэ судалгаанд юу өгүүлэв? (CNN)
Зөв хариулт нь A буюу Wiz-н зах зээлийн одоогийн үнэлгээ $23 тэрбум биш $12 тэрбум шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply