- Lemon Press
- Posts
- 👻 Аймшгийн түүх: Монголын крипто
👻 Аймшгийн түүх: Монголын крипто
Чипийн ертөнцийн шинэ тулаан | Шинжээчдийг болгож тавьсан нь | Google-н монопол
POWERED BY
Аймшгийн баяр айсуй! Бид Halloween-г угтаж товхимлоо чимэглэлээ. Таныг аймшигт түүх хүлээж байна. Тухлан сууж уншина уу! 🎃👻
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол болон Узбекистан Олон улсын автотээврийн харилцааны тухай болон Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулна.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
👻👻 Крипто 👻👻
Эртээ урьдын цагт биш ээ, 2021 онд юмсанжээ. Энэ онд наадмын дараа намар байсангүй, өвөл ч болсонгүй. Харин их халуурал болсон юм.
Их халуурал 🥵
2021 онд Монголд нийт 41 койн нүд цавчих хугацаанд гарч дэлхийг эргүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Түүнд нь Монголчууд бид нийлээд нийтдээ ₮475.4 тэрбумыг өгсөн байдаг юм. Биржийн хоёрдогч арилжааг тооцохгүйгээр шүү дээ. Цаг сайхан байж дээ. Эндээс л аймшгийн түүх эхэлсэн юм.
Аймшиг 👻
Тэгвэл Монгол койнуудын үнэ одоо хэд хүрснийг мэдэж байна уу? Хэдийг жишээ болгож одоогийн үнийг нь IEO үнэтэй нь харьцуулж үзье. IEO гэх гурван үсгийг санаж байгаа биз дээ? 😉
IHC: ₮0.3 (IEO) → ₮0.1 (Одоо)
CHB: ₮30 (IEO) → ₮14.1 (Одоо)
SPC: ₮0.2 (IEO) → ₮0.14 (Одоо)
MNFT: ₮0.3 (IEO) → ₮0.05 (Одоо)
CRX: ₮15 (IEO) → ₮0.73 (Одоо)
ELFC: ₮0.3 (IEO) → ₮0.01 (Одоо)
Арай гайгүй одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй койнууд нь ийм байна. Ихэнх нь байхгүй болсон гэхэд буруудахгүй.
Төгсгөл: 2022 оны 2-р сарын 25-нд криптог зохицуулах хууль батлагдсанаар крипто халууралд эцсийн цэгийг тавьсан билээ.
Эцэст нь, койн гаргагчид маань сайхан цагийг хүлээ гэсээр, цагдаа нь шалгаж байгаа гэсээр, зохицуулагчид нь чимээгүй байсаар харин мөнгөө оруулсан та л хохироод үлдсэн аймшигт нэгэн ийм түүх оршвой. Сайхан цаг ирэх болтугай.
💸 Шинжээчдийг болгож тавьсан нь
AMZN: Amazon-н III улирлын орлого өмнөх жилийн мөн үеэс 13% өсөж $143.1 тэрбумд хүрлээ. Улмаар компани $9.9 тэрбумын ашигтай ажиллаж шинжээчдийн таамгийг давуулан биелүүлэв. Үүнд Amazon Web Service-н орлого 12% өсөж $23.1 тэрбум, зар сурталчилгааны орлого 26% өсөж $12.1 тэрбумыг халаасалсан нь нөлөөлжээ. Уг тайлангийн араас Amazon-н хувьцааны үнэ 6.8% өсөөд байна.
⚔ Чипийн ертөнцийн шинэ тулаан
Америк, Хятадын чипийн дайн хутга шөвөг дээрээ тулж Хятад чипийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох галли, германий экспортыг хязгаарласан билээ. Одоо тэгээд зарим түүхий эдийг оролцуулахгүйгээр чип үйлдвэрлэнэ гэж байх уу? 🤔
Аль аль талдаа хэцүү еэ
Технологийн 44 салбарын 37-д нь Хятад тэргүүлдэг бол Америк ердөө 7 салбарт нь л тэргүүлж буй. Хятад чипийн үйлдвэрлэлээрээ гавьдаггүй ч түүхий эдийнх нь хамгийн том нийлүүлэгч. Тэгэхээр нэг талаас Америк Хятадыг дарчих гээд, нөгөө талаас Хятад чаддаг юмаараа боож байгаа хэрэг.
Хятад улаанаар эргэв: Америк Хятадын AI салбарт ашиглах боломжтой хамгийн сүүлийн үеийн технологиудыг хорьсноор Хятадын CSI Semiconductor Index 1.4%, STAR Chip Index 1.2%, AI хөгжүүлэгч компаниудыг хянадаг индекс мөн 1.8% буурсан түүхтэй.
Эргэлзээтэй ирээдүй: Харин Америкийн хувьд Хятадад экспортын хориг тавьснаар хагас дамжуулагчийн экосистемд хохирол учруулах эрсдэлтэй болоод буй. Nvidia (NVDA) л гэхэд A800 болон H800 өндөр зэрэглэлийн AI чипээ Хятадад нийлүүлэхээ больсноор орлого нь 25% буурах юм.
Шинэ санаа, шинэ бүтээл
Хятадын дайснууд Америкаар тогтохгүй. Япон, Нидерланд хоёр ч Хятадад чипийн экспортын хязгаарлалт тавьсан. Япон Хятадад хориг тавьчхаад түүхий эдийн хамааралтай байхаас зайлсхийж байгаа бололтой. Кобальтгүй лити-ион батарей үйлдвэрлээд эхэлж. Тэгэхээр цаашид EV батарей кобальтгүйгээр үйлдвэрлэгдэх нь үү дээ.
Монгол ялах уу, хожих уу?
Томчууд Хятадаас түүхий эдийн хувьд хараат бус болохыг хичээж байгаа нь газрын ховор элементийн нөөцтэй жижиг орнуудын хувьд бол алга ташим мэдээ. Манайх чинь уг нь газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй, үүгээрээ дэлхийд эхний 15-д ордог гээд байгаа. Тэгэхээр хайгуул болон олборлолтын ажлаа эрчимжүүлчихвэл зэс, нүүрснээс гадна дахиад нэг мөлжих ястай болж байгаа юм. За тэгээд Nvidia-д түүхий эд нийлүүлдэг болчихвол жинхэнэ гал, гал.
Жил жилийн төсвийн зарлага, тэр дундаа урсгал зардлын хэмжээ гэж нэг аймшгийн тоо байна аа…
2020: ₮10.8 их наяд
2021: ₮12.8 их наяд
2022: ₮14.2 их наяд
2023 (тодотгол): ₮16.9 их наяд
2024 (төсөл): ₮21.3 их наяд
Ерөнхийдөө нийт төсвийн зарлагын 70%-80%-ийг урсгал зардалд урсгасаар иржээ. Ирэх оны төсвийн төслийн зардлыг нэг сайн тогтож харахгүй бол олсон орлогоо буруу зарцуулаад байж бас болохгүй шүү, тийм ээ?
Татарчууд болон сонгодог хөгжим сонирхогчдоо анхаарлаа нааш нь. 📣
Татар хамтлаг симфони оркестртой хамтарсан анхны тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод,
Бороо,
Ганцаараа,
Нөлөөллөөс дээгүүрт,
Хайрыг хүндэл зэрэг тэдний 30 гаруй уран бүтээлүүд сонгодог хөгжимтэй хүрэх гэнэ.
За тэгээд, чавхдаст, үлээвэр, цохивор хөгжмийн гайхалтай аялгуунд Татар хамтлагийн хит дуунууд хэрхэн хослохыг хүрэлцэн ирж үзээрэй.
📅 Хэзээ: 11 сарын 10-нд
📍 Хаана: UG Arena
🔹Intel (INTC)-н хувьцааны үнэ өнгөрсөн Баасан гарагт 8% өсөв. Үүнд компьютерын зах зээл ирээдүйд өснө гэсэн таамаглал нөлөөлсөн байна. Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ $11 тэрбумаар нэмэгдэж, өрсөлдөгч Advanced Micro Devices (AMD) компанийн хувьцааны үнэ 2.2% өсжээ.
🔹Binance-н Чанпэн Жаогийн хөрөнгө $12 тэрбумаар буурч $17.2 тэрбумд хүрсэн байна. Учир нь The Bloomberg Billionaires Index Binance-н орлогын төсөөллийг 38% багасгасан ажээ. Сонирхуулахад, тус индекс Binance-н орлогыг тооцоолохдоо Coingecko, Coinpaprika-н мэдээллийг ашигласан байна.
🔹Бодь Даатгал (BODI)-ийн ашиг III улирлын байдлаар ₮14.5 саяд хүрэв. Энэ оны II улиралд ₮1.1 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэд III улиралд даатгалын үйл ажиллагааны ашгаа ₮6.1 тэрбумд хүргэснээр ашигтай ажиллажээ. Улмаар хуримтлагдсан ашиг нь ₮2 тэрбум болсон аж.
🔹Google (GOOG) 2021 онд хайлтын системийн гол тоглогч болгохын тулд $26.3 тэрбумыг зарцуулжээ. Энэхүү тоо Америкийн Хууль зүйн яамны Google-н монополын эсрэг шүүх ажиллагааны үеэр ил болсон юм. Сонирхуулахад, 2021 онд Safari-н үндсэн хайлтын систем болохын тулд Apple (AAPL)-д $18 тэрбумыг төлжээ.
Сонин хачин: Стриминг үйлчилгээний үнийн хөөргөдөл юу болж байна? (TheVerge)
Эрүүл мэнд: Улаанбаатарын ундны усны аюулгүй байдал. (TheDiplomat)
Платформ: X-н шинэ Premium+ болон Basic-тай танилц. (TechCrunch)
Кино: Оскарт түрүүлэхэд улирал хамаатай гэнэ үү? (Variety)
Даваа: BYD (1211.HK) III улирлын орлогоо тайлагнана.
Мягмар: Европын хэрэглээний үнийн индекс зарлагдана.
Лхагва: PayPal (PYPL) ч тайлангаа танилцуулах товтой байна.
Баасан: Эцэст нь Berkshire (BRK-B) өнгөрсөн улиралд хэр ажилласныг мэдэх нь дээ.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply