• Lemon Press
  • Posts
  • 👚 Хуучин хувцас? Шинэ моод?

👚 Хуучин хувцас? Шинэ моод?

Монголын крипто зах зээлийн өнгө | Golomt Capital Championship | Хуучин хувцасны зах зээл

POWERED BY

Morning! Lemon Press-н эрхэм уншигч та товхимлоо дуустал нь уншиж байгаа юу? Хамгийн доод хэсэгт манай “Share Lemon Press” булангийн эргэн тойронд юу болж байгааг дурдсан байгаа. Хэрэв та мэдээгүй бол бусад чинь найзаа уриад бэлэг аваад байгаа шүү. 👇

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Бичил 3.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдаж, ₮20 тэрбумыг татан төвлөрүүллээ

GOV: Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан газартай холбоотой зөрчилтэй заалтыг хасах хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

BOM: Монголбанк өнгөрсөн 3-р сард 1.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан аваад байна.

💱 ₮1.3 их наядын виртуал хөрөнгийн арилжаа

Зиа, нэг хэсэг Монголд “Крипто” гэх сэдэв эрчийг авч, амтай болгон л койн, токен гэж шуурсан. Тэгвэл крипто биржүүдийн үйл ажиллагаа хэр урагштай байгаа, хэр их арилжаа хийгдэж байгааг харцгаая. 

  • Тайлан: СЗХ-ноос 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өнгөрсөн оны тайланг танилцууллаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэг нь криптовалютын арилжааны биржүүдийг хэлж буй. 

Хэд юм бэ?

Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай виртуал хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ₮241.9 тэрбум байгаа юм. Тэгэхээр энэ зах зээл нь МХБ (MSE)-ийн ТОП-20 компанийн дундаж зах зээлийн үнэлгээнээс 1.9 дахин жижигхэн гэсэн үг. 

  • Хэр их юм бэ? Харин виртуал хөрөнгийн зах зээлийн өдрийн нийт дундаж арилжаа ₮150.1 сая байгаа аж. Энэ дүн өнгөрсөн оны 6-р сард ₮410 сая байсан гэхээр нэлээд буурчээ. 

  • Санхүү сайн уу? Өнгөрсөн онд өнөө 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч маань нийт ₮5.4 тэрбумын орлого олсон ч үүнээсээ 2.3 дахин их зардал гаргаснаар ₮11 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

Биржүүдээр юу байна?

Цаашлаад арилжаа болон биржүүдийн онцлог руу өнгийе. Өнгөрсөн онд 12 биржээр нийт ₮1.3 их наядын арилжаа хийгдсэн байна. Үүний 89.2%-ийг гадаад арилжаа, 10.8%-ийг дотоод арилжаа бүрдүүлжээ. Дотоодын арилжаа ийм бага байх нь арга ч үгүй дээ. Нэг хэсэг шуугьж байсан дотоодын хэдэн койнуудын үнэ шал шүргэж, хэрэг төвөг үүсээд бөөн юм болсон хойно. Түүнчлэн биржүүд дээр нийт 921 мянган харилцагч бүртгэлтэй байдаг ч 15 мянга нь л идэвхтэй арилжаа хийдэг аж. 

  • Трэнд: Өнгөрсөн оны арилжааг сараар нь харвал 1-р сард хамгийн их буюу ₮246.2 тэрбумын арилжаа хийгдсэн бол үүнээс цааш арилжааны дүн тасралтгүй уруудаж 9-р сар гэхэд ₮48.7 тэрбум болсон байна. Харин оны сүүлийн саруудад овоо сэргэж 12-р сарын арилжааны дүн ₮110.6 тэрбумд хүрчээ. 

  • 4 акул: Түүнчлэн ердөө 4 бирж дээр хийгдсэн арилжаа нийт арилжааны 95.4%-ийг бүрдүүлжээ. Мөн дотоодын арилжааны 42% нь зөвхөн IDAX дээр хийгдсэн аж. Харин Zoos бирж дээр ямар ч арилжаа хийгдээгүй байна. 

Эцэст нь… Заа манай крипто хөрөнгийн биржүүдийн нөхцөл байдал иймэрхүү л байна даа. Дүгнэлтийг танд үлдээе. 

⚙ Томчуудын том төсөл

MSFT: Microsoft болон OpenAI $100 тэрбумын өртөгтэй дата төвийн төсөл дээр ажиллах төлөвтэй байна. Уг төслийг Microsoft санхүүжүүлэх бөгөөд "Stargate" нэртэй AI-тай супер компьютер бий болгох зорилготой аж. Сая сая AI чипээс бүтсэн уг супер компьютер нь 2028 онд танилцуулагдаж магадгүй нь. Технологийн ертөнцийн хөгжил гэрлийн хурднаас ч түргэн байна уу даа.

🐂 Гадаад арилжааны уралдаан

Голомт Капитал ҮЦК-иас 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Golomt Capital Championship 2”  гадаад арилжааны уралдааны бүртгэл эхэллээ. Уг уралдаанд хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөсөн 3 ялагч тодрох ба нийт ₮350 саяын санхүүжилттэй гадаад арилжааны данс ашиглах эрх болон ₮20 саяын эзэн болох юм.

📅 Бүртгэлийн хугацаа: 3 сарын 25-наас 6 сарын 16
🎯 Үргэлжлэх хугацаа:  4 сарын 1-нээс 12 сарын 20

Гэснээс бидний өмнөх GCC-н ялагчтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж сонирхоорой.

👚 Хуучин хувцас? Шинэ моод?

Хуучин нь ул болж шинэ нь зул болдог гээд нэг үг байдаг даа. Тэгсэн цаана чинь хуучин эдлэл, тэр тусмаа хуучин хувцасны зах зээл энэ үгийг хэрэглээнээс халахаар байна даа. Юу гэсэн үг вэ гэхээр… 👇 

Трэнд эргэх цаг дор 

Өнгөрсөн онд дэлхийн хуучин эдлэлийн зах зээл $197 тэрбумд хүрч 2021 онтой харьцуулахад 28% өссөн аж. Түүгээр ч зогсохгүй жил ирэх тусам энэ зах зээл эрчимтэй тэлсээр 4 жилийн дараа гэхэд $350 тэрбумаар үнэлэгдэх төлөвтэй байна. За бүр 2023 онд Америкт хуучин хувцасны зах зээл шинэ хувцасныхтай харьцуулахад 7 дахин хурдацтай өсөөд амжив. 

  • Бодъё: Дэлхийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох чипийн зах зээл өнгөрсөн онд $520 тэрбумаар үнэлэгдэж байсан. Харин хуучин хувцасны зах зээл $350 тэрбумаар үнэлэгдэнэ гэхээр үнэхээр нүсэр болохоор байгаа биз?

Даавуу сэмэрсэн тэмцэл

Хувцас үйлдвэрлэлийн салбар бол эрчим хүч, ХАА-н салбарын араас 3-т орох хамгийн их хог хаягдал үйлдвэрлэдэг салбар. Тус салбар жил бүр 93 тэрбум м3 ус ашигладаг бөгөөд энэ нь дэлхий дээрх 5 сая хүний 1 жилийн усны хэрэглээг хангах хэмжээний ус гээд бодоод үз. Ядаж байхад тэдгээр хувцасны 84% нь хог хаягдал болдог гэхээр тунчиг асуудалтай салбар. Харин хуучин эдлэл тэр тусмаа хуучин хувцас худалдан авах нь нэг талдаа санхүүгээ бодсон шийдвэр байж болох ч нөгөө талаараа хүмүүсийн байгаль дэлхийгээ хайрлаж буй хайрын хэлэмж болчихсон гэлтэй.

Харин Монголд

Монголд ч хуучин хувцас өмсөх нь трэнд болж өдгөө нэлээд олон дэлгүүр тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түлхүү Z үеийнхэн хүний хуучин хувцас өмсөх нь хийморь сүлдэнд нөлөөлдөг гэх мухар сүсгээс салж, эх дэлхийгээ хайрласан ухаалаг шийдвэр ч байж болдог гэдгийг үлгэрлэж буй нь магтууштай. 

Төгсгөлд нь… 10 өмсөөд л чанараа алддаг “Fast fashion”-н хажууд хуучин хувцасны бизнес хүмүүст чанартай хувцсыг 3 үе дамжсан ч эдэлж хэрэглэж болдог гэх санааг түгээж буй. Дээрээс нь шүүгээндээ цөөн хувцастай байвал өглөө бэлэн болоод гарах цагийг тань ч хэмнэнэ. Тэгээд бод^2. 😉

📚 Чанартай, хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд

Залуусаа! Боловсролын тэгш бус байдлыг бууруулахад өөрсдийн мэдлэг, ур чадвараараа хувь нэмэр оруулмаар байна уу? 🧑‍🏫

Тийм бол хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшиж, хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхээр зорьж буй Teach for Mongolia Fellowship хөтөлбөрт хамтрагдахыг урьж байна.

Уг хөтөлбөр нь салбар салбарын залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, 2 жилийн хугацаатай хөдөө орон нутаг дахь багшийн дутагдалтай ЕБС-уудад үндсэн багшаар ажиллах боломжийг олгох ба 5 долоо хоногийн турш “Зуны хөтөлбөр”-т хамрагдан арга зүйн дэмжлэг зөвлөгөө авах юм.

За тэгээд боловсролын салбарт хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй бол 4 сарын 15-наас өмнө амжиж хөтөлөрт бүртгүүлээрэй.

Yahoo Finance

🔹Өнгөрсөн улиралд 2,000 өрхөд ₮230 тэрбумын ипотекийн зээл олгожээ. Тус дүнгийн 65%-ийг Улаанбаатарын 1,200 өрхөд олгоод буй. Сонирхуулахад, энэ онд 6,400 өрх ₮802.6 тэрбумын дүн бүхий зээлийн хүсэлтийг банкнуудад өгчээ. 

🔹Америк болон Японы ЗГ чип болон түүнтэй холбогдох стратегийн бүтээгдэхүүнд татаас олгох шинэ дүрмийг тохиролцоно. Энэ нь татаасны дайнаас зайлсхийх, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, бусад холбоотон улсуудад чиглэсэн олон улсын дүрэм байх юм. Тус 2 улсын тэргүүнүүд 4 сарын 10-нд уулзаж хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна.

🔹Их Британийн банк HSBC (HSBC) АСЕАН-н өсөлтийн сан хэмээх $1 тэрбумын санг байгууллаа. Тус сан нь Зүүн Өмнөд Ази дахь дижитал банк болон ББСБ-ыг дэмжих зорилготой сан юм. Үүнээс гадна тус банк Сингапурын зах зээлд төвлөрсөн $150 саяын венчур өрийн санг байгуулснаа ч мэдээлэв. 

🔹Үерийн эрсдэлтэй бүсэд усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн 18 байгууламж барина. Тус ажлыг Японы ЗГ-ын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлэх $1.8 саяын өртөгтэй төслийн хүрээнд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн төсөлд 3 үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажил ч багтаж буй. 

Алдааг олоорой. 🔎 

А. Хуучин эдлэлийн зах зээлийн үнэлгээ 4 жилийн дараа гэхэд $350 тэрбумд хүрнэ. 👚
B. Бичил 3.0 ХБҮЦ анхдагч зах зээлийн захиалгаас ₮20 тэрбумыг босгов. 🤑
C. Голомт Капитал ҮЦК-ийн гадаад арилжааны уралдааны бүртгэл ирэх Даваа гарагт хаагдана. 📅

  • Айн? Microsoft Teams болон Office-г салгана. (CNBC)

  • Унш: Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв Монголын анхны хиймэл оюун ухаант лабораторийг нэвтрүүлнэ. (LemonPress

  • Мэд: Сингапур крипто арилжаачдад зориулан мөнгө угаалтын эсрэг бодлогоо чангатгаж байна.  (NikkeiAsia)

  • Өө хөөрхий: Google Podcast-д баяртай гэж хэлээрэй. (Mint)

👀 Share Lemon Press-н эргэн тойронд юу болов? 

Өглөө бүр 07:00 цагт чанасан кофе, шарсан өндөгтэй тань зэрэгцэн хүргэдэг имэйл товхимол маань Share Lemon Press булантай болсоноос хойш unique referral-р дамжин 1,270 имэйл бүртгүүллээ. Үүнээс 700 нь хэдийн Lemon Press-н үнэнч уншигч, сонсогч болжээ. Түүнчлэн 30 стикер, 16 даавуун тор, 10 аяга, 4 футволк лимонуудад маань очоод буй.

Гэснээс хараахан мерчээ авч амжаагүй бол бидэнтэй холбогдоод манай оффисоор зочлоорой. 😎

Аан тийм хуурамч имэйл бүртгүүлэвэл бид амархан мэдчихнэ шүү!

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь С буюу Голомт Капитал ҮЦК-ийн гадаад арилжааны уралдааны бүртгэл ирэх Даваа гарагт биш 6 сарын 14-нд хаагдана шүү.